Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 0245

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг, Хэрх намаг гудамж 84 тоотод оршин суух Боржигон овогт ******* /РД:МИ-/  улсад ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, гэрч Д.Уртнасан, Ц.Энхзаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1982 оны 03 сарын 01-нээс 1987 оны 8 сарын 01-нийг хүртэл Сэлэнгэ аймаг Сант сумын сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагчаар 5 жил тасралтгүй ажилласан юм. Одоог хүртэл Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх тосгоны эмнэлэгт ажиллаж байна. Улсад нийт 36 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас 1982 оны 03 сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Сант сумын сум дундын эмнэлэгт ажилласан тушаал олдохгүй өнөөг хүртэл хохирч явна.Иймээс 1982 оны 03 сарын 01-нээс 1987 оны 08 сарын 01-нийг хүртлэх 5 жил 5 сарын ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуйд 1962 онд төрсөн. Тэгээд 1979 онд Анагаах ухааны дунд сургуульд ороод 1981 тус сургуулийн төгссөн. Тэгээд сургуулиа төгсөөд Энхтал гээд 2 дугаар тасаг байхад дүн бүртгэгч бага эмчээр эрүүл мэндийн газраас хувиарлагдаад 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Цагаан толгой сангийн аж ахуйн 5 сумыг хариуцсан Сум дундын эмнэлэг гэж байхад ээлжийн сувилагчаар орж ажилласан. Тэгээд 1987 оны 03 дугаар сарын 01-нд өөрийн амьдралын байдлаасаа болоод манай Зүүнхараа сангийн аж ахуй руу шилжих болоод 1987 оны 08 дугаар сарын 01-нд Зүүн хараагийн Мандал сум гэж байсан одоо бол Хэрэх тосгон гэж байхад би 08 дугаар сарын 15 нд шилжиж очоод их эмчийн салбарт ээлжийн сувилагчаар одоог хүртэл ажиллаж байгаа. Одоо би Зүүнхараагийн сангийн аж ахуйд тасралтгүй 30 жил, 1987 оны 08 дугаар сарын 15-наас одоог хүртэл ажиллаж байгаа. Би одоо он гараад 2017 оны 03 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах болсон байгаа. Тэгээд шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгох болсон гэжээ.

Шүүх хуралдаанд Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Сэлэнгэ аймгийн төрийн архивын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 379 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмнэлэхний хуулбар, гэрч Ц.Энхзаяа, Д.Уртнасан, А.Хандсүрэн нарын тодорхойлолт, *******ын 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сант сумын дундын эмнэлэгийн даргын 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Сант сумын сум дундын больницын даргын 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,  Сант сумын дундын эмнэлэгийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,  Сант сумын дундын эмнэлэгийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн  28 дугаартай чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Сант сумын сум дундын больницын даргын 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, болон хавсралт зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

              Иргэн ******* нь 1982 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-нийг  хүртэл Сант сумын сум дундын эмнэлэгт  сувилагчаар 05 жил 05 сар ажилласан хугацааг сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгээс үзэхэд:

 Иргэн ******* нь 1982 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-нийг  хүртэл Сант сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар 05 жил 05 сар ажилласан  нь  гэрч  Д.Уртнасангийн “Би Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуйн Сум дундын эмнэлэгт  1976 оны 12 сараас эхлэн ажиллаж байсан. Ундрах бол 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл  Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн Сангийн аж ахуйн Сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагчаар  ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Энхзаяагийн “Би Сэлэнгэ аймгийн Цагаан толгой Сангийн аж ахуйн Сум дундын эмнэлэгт 1982 оноос 1987 оныг хүртэл асрагчаар ажиллаж байсан.Ундрах тус эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг *******ын 1979 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Сант сум дунд эмнэлэгийн даргын 1985 оны 05 сарын 25-ний өдрийн ¹14 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Сант сум дундын больницын даргын 1985 оны 08 сарын 27-ний өдрийн нярай хүүхдээ асрах 3 сарын цалинтай чөлөө олгох тухай тушаал, Сант сум дундын эмнэлэгийн даргын 1986 оны 01 сарын 25-ний өдрийн ¹1 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Сант сум дундын эмнэлэгийн даргын 1983 оны 11 сарын 01-ний өдрийн ¹28 тоот чөлөө олгох тухай тушаал, Сант сум дундын больницын даргын 1986 оны 06 сарын 25-ний өдрийн ¹21 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтанд ******* гэж  дурдагдсан, *******ын  ¹437769 тоот Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд 1982 оноос 1987 оныг дуустал  гишүүний татварыг цалин хөлснөөсөө төлсөн байдлыг  баталгаажуулсан байдал  зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

             Иймд иргэн *******ыг Сант сумын сум дундын эмнэлэгт 1982 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-нийг  хүртэл сувилагчаар  05 жил 05 сар ажилласан хугацааг сэргээн тогтоож  шийдвэрлэлээ.           

             Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.        

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Чойжоогийн Ундрахыг Сант сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар  1982 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 05 жил 05 сар улсад ажилласан хугацааг сэргээн тогтоосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  ******* нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА