| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0034/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Л.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ хил хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор /2002/ оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл Х овогт Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд малын эм, эмнэлгийн хэрэгслийн төрөлд багтах Oxytocin гэсэн бичиглэлтэй 40 хайрцаг, Iron гэсэн бичиглэлтэй 20 хайрцаг, Benzylpenicillin гэсэн бичиглэлтэй 60 хайрцаг, нэг удаагийн тариур 5 граммын 200 ширхэг, 10 граммын 320 ширхэгийг малын эм, тарианууд болон малын нэг удаагийн тариуруудыг зохих зөвшөөрөлгүйгээр, импортлосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлт миний үйлдсэн хэрэгтээ тохирч байх тул би дахин мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Гэрч Б.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн өдөр нөхөр маань өглөө эрт түрүүлж гараад өөрийн ... улсын дугаартай машиндаа ачаа ачсан байсан. Би ачаа барааг нь харахад орны матрасууд, хайрцагтай зүйлүүд байсан. Ингээд тэр өдрийн 17 цагийн орчимд хил дээр ирэхэд Гаалийн Улсын байцаагч нөхрийн маань машины ачаа барааг шалгаж байгаа харагдсан. Гаалийн байцаагч машинд байсан хайрцагтай зүйлүүдийг задлахад 4 ширхэг хайрцагнаас нь эм тариа, бусад хайрцагнаас нь ахуйн бараа гарч ирсэн. Ингээд тэр өдөртөө машинтайгаа гаалийн хашаанд саатуулагдсан гэх мэдүүлэг. / хх-ийн 20/
Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ”... Тухайн өдрийн 17 цаг болж байхад ... улсын дугаартай Истана маркийн авто машин хяналт шалгалтын талбай дээр ирсэн. Би тухайн авто машинд Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч С-н хамт үзлэг шалгалт хийхэд орны матрас, хайрцагтай зүйлүүд байсан. Ингээд ачаа, барааг буулгаад хайрцагнуудыг нээж харахад ачаануудын хамгийн доод талын эгнээнд байсан 4 хайрцагт малын тариа, шиприц зэрэг зүйлүүд илэрсэн тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж, уг ачаа барааг хураан авсан гэх мэдүүүлэг. / хх-ийн 24/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 07-08/
Гаалийн үзлэг шалгалт хийх үеийн фото зураг /хх-ийн 10/
Эд мөрийн баримтыг хураан авч хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал / хх-ийн 13/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал / хх-ийн 16/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 17-18/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 02 сарын 04-ний өдрийн Прокурорын тогтоол / хх-ийн 76/
А ХХК-ны ... улсын дугаартай Истана маркийн авто машиныг 3,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хх-ийн 26-28/
А ХХК-ны малын тариа, шиприцийг нийт 2,060,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 31-34/
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 2019 оны 12 сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт / хх-ийн 39-40/
Тээврийн хэрэгслийн лавлагаа / хх-ийн 57/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 69/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 63/
Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 65/
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгсэлээр малын эм, эмнэлгийн хэрэгслийн төрөлд багтах Oxytocin гэсэн бичиглэлтэй 40 хайрцаг, Iron гэсэн бичиглэлтэй 20 хайрцаг, Benzylpenicillin гэсэн бичиглэлтэй 60 хайрцаг тариа, 5 граммын 200 ширхэг, 10 граммын 320 ширхэг нэг удаагийн тариуруудыг зохих зөвшөөрөлгүйгээр, Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ.
Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д заасан эм, эмийн түүхий эдийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр нөхөр маань өглөө эрт түрүүлж гараад өөрийн ... улсын дугаартай машиндаа ачаа ачсан байсан. Би ачаа барааг нь харахад орны матрасууд, хайрцагтай зүйлүүд байсан. Ингээд тэр өдрийн 17 цагийн орчимд хил дээр ирэхэд Гаалийн Улсын байцаагч нөхрийн маань машины ачаа барааг шалгаж байгаа харагдсан. Гаалийн байцаагч машинд байсан хайрцагтай зүйлүүдийг задлахад 4 ширхэг хайрцагнаас нь эм тариа, бусад хайрцагнаас нь ахуйн бараа гарч ирсэн. Ингээд тэр өдөртөө машинтайгаа гаалийн хашаанд саатуулагдсан гэх мэдүүлэг / хх-ийн 20/, гэрч П.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдрийн 17 цаг болж байхад ... улсын дугаартай Истана маркийн авто машин хяналт шалгалтын талбай дээр ирсэн. Би тухайн авто машинд Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч С-н хамт үзлэг шалгалт хийхэд орны матрас, хайрцагтай зүйлүүд байсан. Ингээд ачаа, барааг буулгаад хайрцагнуудыг нээж харахад ачаануудын хамгийн доод талын эгнээнд байсан 4 хайрцагт малын тариа, шиприц зэрэг зүйлүүд илэрсэн тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж, уг ачаа барааг хураан авсан гэх мэдүүүлэг / хх-ийн 24/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 07-08/, Гаалийн үзлэг шалгалт хийх үеийн фото зураг /хх-ийн 10/, эд мөрийн баримтыг хураан авч хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал / хх-ийн 13/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал / хх-ийн 16/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 17-18/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 02 сарын 04-ний өдрийн Прокурорын тогтоол / хх-ийн 76/, А ХХК-ны ... улсын дугаартай Истана маркийн авто машиныг 3,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хх-ийн 26-28/, А ХХК-ны малын тариа, шиприцийг нийт 2,060,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 31-34/, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 2019 оны 12 сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт / хх-ийн 39-40/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахай сэдэлтээр, бараан дунд нуун далдлах аргаар үйлдсэн, гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “малын эм, эмнэлгийн хэрэгсэл, импортлох тусгай зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Б.Б-н Улсын хилээр оруулж ирсэн малын тариа, эмнэлгийн хэрэгсэл нь тусгай зөвшөөрлөөр Улсын хилээр оруулж ирэх барааны жагсаалтанд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч Б.Б нь уг барааг зохих зөвшөөрөлгүй оруулж ирсэн тул хууль бусаар Улсын хилээр оруулж ирүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр шүүгдэгч Б.Б-н Улсын хилээр хууль бусаар оруулж ирүүлсэн улаан өнгийн хайрцагтай / IRON 10 INJ/ 20 ширхэг тариаг 136,000 төгрөгөөр, цагаан хайрцагтай гахай, тахианы зурагтай 60 ширхэг тариаг 1,368,000 төгрөгөөр, OXYTOCIN INJECTION нэртэй 40 ширхэг тариаг 460,000 төгрөгөөр, 200 ширхэг 5 граммын шиприцийг 28,000 төгрөгөөр, 320 ширхэг 10 граммын шиприцийг 68,800 төгрөгөөр нийт 2,060,800 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 2,060,800 төгрөг гэж үзэж болохоор байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчийг малын эм тариаг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, Улсын хилээр импортлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Oxytocin гэсэн бичиглэлтэй 40 хайрцаг, Iron гэсэн бичиглэлтэй 20 хайрцаг, Benzylpenicillin гэсэн бичиглэлтэй 60 хайрцаг тариа, 5 граммын 200 ширхэг, 10 граммын 320 ширхэг нэг удаагийн тариуруудыг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 2019 оны 12 сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт/ хх-ийн 39-40/-ээр “Уг бараа нь Монгол Улсын малын эмийн бүртгэлийн жагсаалтанд олон улсын нэршлээрээ байдаг боловч тээвэрлэлтийн горим, хаяг шошгийн зөрчилтэй тул цаашид ашиглах боломжгүй, устгах шаардлагатай” гэсэн тул эдгээр тариа, эмнэлгийн хэрэгслүүдийг устгахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 2.000.000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай, Истана маркийн автомашин нь шүүгдэгч Б.Б-н өөрийн өмчлөлийн машин мөн болох нь тээврийн хэргслийн лавлагаа /хх-ийн 57/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69/ шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож, 3.000.000 төгрөгний үнэ бүхий ... улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгчийн иргэний баримт бичиг ирээгүй болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал болон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтайгаар ирүүлсэн тул прокурорын санал болгосон ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн шинж байдал, хувийн зан төлөв зэргийг харгалзан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 3,000,000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай, Истана маркийн авто машиныг хурааж, улсын орлого болгосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгний үнэ бүхий, ... улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Oxytocin гэсэн бичиглэлтэй 40 хайрцаг, Iron гэсэн бичиглэлтэй 20 хайрцаг, Benzylpenicillin гэсэн бичиглэлтэй 60 хайрцагтай тариа, 5 граммын 200 ширхэг, 10 граммын 320 ширхэг нэг удаагийн тариур зэргийг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б-д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц