| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0105/э |
| Дугаар | 0108 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 0108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Н.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т-д холбогдох эрүүгийн 2025000000105 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 02 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-5-55 хүргэн ах Х.Х хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 02 сарын 29-ний өдөр манай төрсөн дүү О-гийн нөхөр Т аавын гэрт ирээд 2019 оны өвөл дүүг Солонгос улс руу явах үед зээлүүлсэн 9 сая төгрөгийг надаас нэхээд эхнэрийнхээ хамт 4, 5 сард Турк улс руу явах гэж байгаа надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би анхнаасаа дүү Д-тэй тохирсон Д-гээс нэхэх хэрэгтэй гэсэн. Би Т 4, 5 сараас өмнө мөнгө өгөх боломгүй байна. Эхний ээлжинд ямар нэгэн аргаар Турк улс руу явах 1 хүний зардлын мөнгийг олж өгнө гэж хэлсэн чинь эхнэрээ аваад ирнэ гэж хэлээд гараад явсан. 16 цагийн орчим эхнэртэйгээ хамт орж ирсэн ба би дүү О-тай тусдаа уулзах хэрэгтэй байна, өрөөнөөс түр гарч бай гээд 2 удаа эвээр хэлсэн чинь чадахгүй би авах ёстой мөнгөө авна гээд өөдөөс орилохоор нь би бас босч ирээд орилоод гар зайл гэсэн чинь миний уруул руу гараа зангидаж байгаад нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 4-5 хуудас/
Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 02 сарын 29-ний өдөр гэртээ хүү Х, зээ охин А нарын хамт сууж байхад гаднаас хүргэн ганцаараа орж ирээд Солонгос улсад байгаа бага хүү Д-д зээлсэн 9.000.000 төгрөгнөөс өгөх боломж байна уу? бид нар Турк улс руу явах гээд байна гэж хэлсэн. Х, Т-д хандаж бид нар мөнгөний боломжгүй байна, та нар Турк явах гэж яараад яах юм бэ? гэж хэлсэн. Монголд мөнгө төгрөгний ажил олдохгүй байна гэж хэлэхэд Х чи эхнэрээ аваад ир чамтай ярьдагаа ярьчихлаа гэж хэлсэн. Х, Т-д хандаж чи цаанаа байж бай, би дүүтэйгээ юм ярина гэж хэлэхэд Т та нар юугаа ярьдаг юм бэ? би мөнгө авмаар байна гэж хэлснээс болж маргаан үүссэн. Х босч ирээд чамайг гарч бай гэж байна, би дүүтэйгээ ярьмаар байна гэж хэлэхэд Т гарахгүй гэж хэлэхэд Х, Т-г түлхээд гэрээс гаргах гэхэд Т хэрэлдээд гарахгүй байсан. Х уурлаад Т-г гэрээс гар гээд цээж рүү нь түлхэхэд Т, Х-гийн ам хэсэг рүү гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх 9-10 хуудас/
Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай нөхөр бид хоёр 2019 онд Турк улсад байхдаа миний төрсөн дүү Д-г Солонгос улсад суралцахад нь 9.000.000 төгрөг зээлсэн. Эргүүлээд манай гэр бүлд 10.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Нөхөр бид 2 Монгол улсад ирээд мөнгө төгрөгний боломжгүй болж эхэлсэн. 2020 оны 02 сарын 29-нд нөхөр Т ирээд хадам аав Х, ах Х нар чамайг дуудаад ир гэсэн гэж хэлсэн. Нөхөр бид 2 аавын гэрт ирэхэд Х ах Т-г өөр өрөөнд ороод сууж бай, бид 3 хоорондоо ярих юм байна гэж хэлэхэд нөхөр маань уурлаад маргаан үүссэн. Х ах Т-ыг цээж хэсэг рүү нь мөргөхөд аав Т-ыг зайл гээд хэл амаар доромжилсон. Тэр үед Т уурлаад Х ахын уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Х ах ширээн дээр байсан булууны ясыг аваад манай нөхрийг цохих гэхэд нь аав бид 2 болиулсан гэсэн мэдүүлэг /хх 11 хуудас/
2020 оны 03 сарын 04-ний өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 243 дугаартай: Х.Х биед дээд болон доод уруулын дотор тал, доод уруулын гадна талд язарсан шарх, хэвлийд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уруулын язарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Уг гэмтэл нь 2020 оны 02 сарын 29-ний өдөр үүссэн байж болно гэх дүгнэлт /хх 14-15 хуудас/
-Яллагдагч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эхнэрийн бага дүү Д 2019 онд Солонгос улсад суралцах гэхэд төлбөр байхгүй гээд надаас хурдан буцаагаад өгнө гэж 9.000.000 төгрөг зээлж авсан. Анх мөнгө зээлэхдээ хадам аав Х, ах Х нар зээлээч бид нар мөнгийг нь барагдуулна гэж хэлээд авсан. 2020 оны 02 сарын 29-ний өдөр хадам аавынд очоод зээлсэн мөнгөө авъя, эхнэр хүүхдээ аваад Турк улс руу явах гээд байгаа юм гэсэн чинь эхнэрээ аваад хүрээд ир хамт уулзъя гэсэн. Эхнэрээ аваад хадам аавынд ирсэн чинь эхнэрийг дуудаад цаашаа аваад явахаар нь би дагаж ороод буйдан дээр суусан чинь Х ах намайг чи гарч бай гэж хэлсэн. Би яахаараа гардаг юм, одоо хөөж байгаа юм уу? гэсэн чинь Х ах босч ирээд миний нүүр рүү түлхээд мөргөөд зайл гээд толгой руу нэг цохисон чинь хадам аав хүрч ирээд миний дал хэсэг рүү цохисон. Би уурандаа Х ахын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход амнаас нь цус гарсан. Х ах ширээн дээр байсан булууны яс аваад миний дагз руу нэг удаа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, Х ахыг нэг удаа цохисондоо гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх 22-23 хуудас/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 25 хуудас/
-Н.Т яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21, 22-23 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 02 сарын 29-ний өдөр хадам ах Х.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 02 сарын 29-ний өдөр хүргэн ах Х.Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Х-ийн “...би авах ёстой мөнгөө авна гээд өөдөөс орилохоор нь би бас босч ирээд орилоод гар зайл гэсэн чинь миний уруул руу гараа зангидаж байгаад нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 4-5 хуудас/, гэрч Х.Х, Х.О нарын мэдүүлэг, хохирогчийн биед уруулын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 243 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Х.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Т нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.