| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0037/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Г-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Б суманд терсен, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 11 сарын хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123' дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл Б овогт М.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монгол улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн Авто шалган нэвтрүүлэх түр боомтоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгүүдэд зааснаар хязгаарласан бараа болох 105.9 кг амьтны гаралтай мах бүхий зүйлийг ... улсын дугаартай “УАЗ 31512" маркийн тээврийн хэрэгслийн рамны доогуур олсоор бэхлэн нууж, зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр бүгдийг нь мэдүүлсэн. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.
Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 13 цаг 10 минутын үед авто замын шалган нэвтрүүлэх гарах талын гадаа хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байхад шар өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтын талбайд шалгуулахаар орж ирэхээр нь уг машинд үзлэг хийхэд тухайн машины доод хэсэгт раммны сууриас ногоон өнгийн шуудайтай эд зүйлийг эрээн өнгийн уяагаар бэхэлж нуусан байсан. Уг тээврийн хэрэгслийн жолоочийг талбайгаа чөлөөлж тухайн эд зүйлийг буулга гэхэд тухайн жолооч нь тавьсан шаардлага эсэргүүцэж шалгуулахаас зайлсхийсэн. Жолоочийн нэрийг асуухад нэр усаа хэлэхээс татгалзаж зугтаахыг оролдсон болно. Шуудайтай хөлдөөсөн ястай мах байсан. Монгол улсын хилээр аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлтэй байж түүхийгээр нь биш хагас боловсруулан хүнс хөдөө аж ахуй яамнаас тусгай зөвшөөрөлтэй, Монгол улсын хүнсний тухай хуулиар зохицуулагддаг, тийм учраас хувь хүн дангаараа гаргахыг хориглодог, уг мах бүхий зүйл нь Монгол улсын хилээр гарч болохгүй хязгаарласан бараа материалын төрөлд ордог учир хориглоно..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Гэрч Н.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ю.Г гэж хүний нэр дээр байгаа, гэхдээ 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээгээр худалдаж авсан, түүнээс хойш миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болсон. Албан ёсоор нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа. М.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 24-нд манай гэрт өглөө орж ирээд найздаа нэг өдөр машинаа өгчих би дүүдээ бариулаад урагшаа БНХАУ-ын Эрээн хот орчихоод ирье гэж хэлээд аваад явсан. Тэгтэл М.Г хилээр мах авч яваад баригдсан байсан. Түүнээс хойш би машинаа аваагүй байна. Одоо хэрэг шийдвэрлэгдээд дуусвал машинаа авна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/
Шинжээч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...миний гаргасан дүгнэлтээр тухайн тээвэрлэж явсан гэх мах бүхий зүйл нь таван хошуу малын төрөлд багтана, уг мах бүхий зүйл нь таван хошуу малын бог малын мах байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Яллагдагч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний байх ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн доод талын раммны хэсэгт ямааны 100 гаруй кг махыг бэхлээд Монгол улсын хилээр нэвтэрч байгаад гаалийн байцаагчид баригдсан. Би зөрчил гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарахаар нь урагшаа гаргаж мөнгө болгож ашиг олох зорилготой байсан юм...хууль бус үйлдэл хийсэн миний буруу..." гэх мэдүүлэг /хх-ийн 132-133/,
Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 27/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/.
Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 24/
А ХХК-ний эд зүйлийн үнэлгээ хх-ийн /32-34, 39-41/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-44/,
Шүүгдэгч М.Г-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б овогт М.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монгол улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн Авто шалган нэвтрүүлэх түр боомтоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгүүдэд зааснаар хязгаарласан бараа болох 105.9 кг амьтны гаралтай мах бүхий зүйлийг “..." улсын дугаартай “УАЗ 31512" маркийн тээврийн хэрэгслийн рамны доогуур олсоор бэхлэн нууж, зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
2020 оны 01 сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг “ Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол...” гэж өөрчлөн найруулсан байна.
Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно” гэж заасан бөгөөд ГЕГ-ын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэгцээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2.3-д мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг зорчигчийн хувийн хэрэгцээний эд зүйлд хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд хувь хүн малын мах Улсын хилээр гаргахыг хориглосон бөгөөд зөвхөн Улсын бүртгэлтэй хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Улсын хилээр гаргахаар зохицуулжээ.
Шүүгдэгч М.Г-н Улсын хилээр хууль бусаар гаргасан 105.9 кг амьтны гаралтай буюу ямааны мах нь Улсын хилээр гаргахыг хязгаарласан бараанд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Г-н Улсын хилээр хууль бусаар гаргасан 105.9 кг амьтны гаралтай буюу ямааны мах нь гэмт хэрэгт тооцохгүй болсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Г-н Улсын хилээр 105.9 ямааны мах гаргахдаа ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай “УАЗ-31512" маркийн авто машиныг эзэмшигч Н.Р-д буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан 105,9 кг ямааны мах нь Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 27/-ээр “уг мах нь шинэлэг байдлаа алдсан,хүнсний бус савлагаатай, гадны бохирдолт ихтэй байна. Иймд эрүүл ахуйн шаардлага хангахгүй учир хүсэнд ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан тул устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 4, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт М.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Замын-Үүд сум дахь Гаалийн агуулахад хадгалагдаж байгаа 423,600 төгрөгийн үнэлгээтэй,105,9 кг ямааны махыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч М.Г-н Улсын хилээр 105,9 кг ямааны мах гаргасан тээврийн хэрэгсэл болох 69-40 ДГА улсын дугаартай “УАЗ-31512" маркийн авто машиныг эзэмшигч Н.Р-д буцаан олгосугай.
4. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц