| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0043/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т
Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.М-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Багахангай дүүрэгт ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл-6, ээж, 2 дүү, ахын хамт амьдардаг, Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар 3,400,000 төгрөгний торгох ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл Б овогт Ч.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цаг 00 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Төв талбай” дээр иргэн Д.Л-г ... улсын дугаартай Альпард маркийн тээврийн хэрэгсэлд унтаж байхад нь жолоодон авч явж, улмаар “А” захын үүдэнд аваачиж, түүний эд хөрөнгө болох “Самсунг Галакси эс 8” маркийн гар утас 1 ширхэг, бэлнээр 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй гэжээ.
Шүүгдэгч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний эрүү өвдөөд байсан тул ... шөнийн цэнгээний газраас 02 цагийн орчимд гараад эмнэлэг орох гээд Замын-Үүд сумын төв талбай руу алхаж очоод такси барих гэтэл талбай дээр такси байгаагүй бөгөөд талбайн гол хэсэгт Тоёота альпарт маркийн автомашин асаалттай байсан. Би тэр машин дээр очоод хаалгыг нь онгойлгоход жолоочийн хажуу талын суудалд нэг хүн унтаж байсан. Би жолооч талын хаалгыг нээж орж суугаад тээврийн хэрэгслийг жолоодоод төв талбай дээрээс хөдөлсөн. Хөдлөөд “А” нэртэй захын урд явж байхад жолоочийн хажуу талын суудал дээр унтаж байсан залуу сэрээд машины жолоог урд талд миний өвөр дээр хэвтээд машины түлхүүрээ аваад машинаас буусан. Би бас машинаас буухдаа голын хайрцагны дээд талд байсан Самсунг эс 8 маркийн гар утас, нөгөө хэвтэж байсан залуугийн суудал дээр байсан мөнгийг авч буугаад шууд зугтаасан. Нөгөө залуу миний гараас хөөгөөд гүйцэхгүй буцаад яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/
Хохирогч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 11 сарын 22-ний өдрийн шөнө 02 цагийн орчимд Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын вокзалын талбай буюу төв талбайд өөрийн Тоёото Альпард маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу тал буюу зүүн талын суудлыг хойш налуулан унтаж байсан. Унтаж байгаад гэнэт сэрсэн чинь Замын-Үүд сумын А захын урд талын зам дээр миний машиныг үл таних /М/ жолоодож явахаар нь би сэрээд чи хэн бэ? гэж асуухад чи дуудлагын жолооч дуудсан биз дээ гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ? зогс гэж хэлээд би жолоо барьж явсан хүний урдуур тонгойгоод машиныхаа түлхүүрийг сугалж авахад машин унтраад зогссон. Тэгээд би машинаас буухад жолоо барьж явсан залуу машинаас гараад зугатаасан. Би хойноос нь гүйгээд гүйцээгүй. Эргэж ирээд машинд суусан чинь голын хайрцагны дээд талд ил тавьсан байсан Самсунг Эс-8 загварын хар өнгийн гар утас алга болсон. Мөн унтаж байсан суудал дээр байсан 290,000 төгрөг алга болсон байсан. ...Надад бэлэн мөнгө 290,000 төгрөг, гар утасны 370,000 төгрөг, нийт 660,000 төгрөгний хохирол учирсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй, би хэргийн материалтай танилцсан. Хол байдаг тул шүүх хуралд оролцох боломжгүй гэжээ . /хх-ийн 11-12, 33-34/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-06/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09/
“А“ ХХК-ний ТХҮ-819/0114 дугаартай гар утсанд хийсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 20/
Хохирлын тооцоо гаргасан тэмдэглэл /хх-ийн 35 /
Нийслэлийн Багахангай дүүргийн 2-р хорооны шүүгдэгчийн ам бүл, оршин суугаа хаягын тодрохойлолт /хх-ийн 38/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б овогт Ч.М нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цаг 00 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Төв талбай” дээр хохирогч Д.Л-г ... улсын дугаартай Альпард маркийн тээврийн хэрэгсэлд унтаж байхад нь жолоодон авч явж, улмаар “А” захын үүдэнд аваачиж, түүний эд хөрөнгө болох “Самсунг Галакси эс 8” маркийн гар утас 1 ширхэг, бэлнээр 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авчээ.
Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.М бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Унтаж байгаад гэнэт сэрсэн чинь Замын-Үүд сумын А захын урд талын зам дээр миний машиныг үл таних /М/ жолоодож явахаар нь би сэрээд чи хэн бэ? гэж асуухад чи дуудлагын жолооч дуудсан биз дээ гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ? зогс гэж хэлээд би жолоо барьж явсан хүний урдуур тонгойгоод машиныхаа түлхүүрийг сугалж авахад машин унтраад зогссон. Тэгээд би машинаас буухад жолоо барьж явсан залуу машинаас гараад зугатаасан. Би хойноос нь гүйгээд гүйцээгүй. Эргэж ирээд машинд суусан чинь голын хайрцагны дээд талд ил тавьсан байсан Самсунг Эс-8 загварын хар өнгийн гар утас, мөн унтаж байсан суудал дээр байсан 290,000 төгрөг алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-06/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09/, “А“ ХХК-ний ТХҮ-819/0114 дугаартай гар утсанд хийсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 20/, хохирлын тооцоо гаргасан тэмдэглэл /хх-ийн 35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.М нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж бусдад 660,000 төгрөгний хохирол учруулсан, гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Л нь “надад бэлэн мөнгө 290,000 төгрөг, гар утасны 370,000 төгрөг, нийт 660,000 төгрөгний хохирол учирсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Ч.М-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.М-д ял оногдуулахдаа анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын шинж чанар арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2-р зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.М-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц