| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01150/И |
| Дугаар | 1332 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01150/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ******дүгээр баг, *** тоотод оршин суух, М*** Ц*** /регистрийн дугаар *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** банкны Дархан салбарт холбогдох
“ 3,456,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие Б.Ц*** нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *** банкны Ухаалаг банк үйлчилгээг ашиглан мөнгө шилжүүлэхдээ данс андууран *** дансруу 3,456,000 төгрөг барааны мөнгө гэж шилжүүлсэн болно. Уг данс эзэмшигч нь нас барсан хүний данс / *** банкнаас мэдээлэл өгсөн / тул *** банкаар уг мөнгийг данснаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *** банкны Дархан салбар шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“.... Харилцагч Б.Ц*** нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *** тоот данснаас харилцагч Х*** гийн *** тоот дансанд 3,456,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Бидний зүгээс Б.Ц*** , Х*** нарын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдсэн эсэхийг мэдэх боломжгүй, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т зааснаар харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийх боломжгүй байна.
Нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч данс андуурч шилжүүлсэн гэх мөнгийг Б.Ц*** гийн дансруу буцаан шилжүүлэхэд Х*** гийн өв залгамжлагчийн эрх зөрчигдөж болзошгүй юм.
Х*** гийн өв залгамжлагчийг шүүхийн журмаар олж тогтоон өв залгамжлагч уг мөнгөний талаар маргахгүй, энэ мөнгийг Б.Ц*** д олгохыг зөвшөөрч бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд манай банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч мөнгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц*** нь хариуцагч *** банкны Дархан салбарт холбогдуулан *** банкны гар утасны апплейкшн ашиглан данс андуурч хийсэн 3,456,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд “...өөрийн *** тоот данснаас *** тоот дансанд 3,456,000 төгрөгийг мобайл банк ашиглан андуурч гүйлгээ хийсэн тул гүйлгээг буцааж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Нэхэмжлэгч Б.Ц*** нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн *** тоот данснаас Х*** гийн эзэмшлийн *** тоот дансанд 3,456,000 төгрөгийг *** банкны мобайл банкны үйлчилгээг ашиглан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, шилжүүлгийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
*** банкин дахь *** тоот данс эзэмшигч Х*** нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Ц*** нь *** банкны мобайл банкны үйлчилгээг ашиглан *** тоот данс руу 3,456,000 төгрөгийг шилжүүлэхдээ данс эзэмшигчийн нэр А*** , гүйлгээний утга Батхишигийн барааны үнэ 60 хайрцаг гэсэн мэдээллийг оруулсан байхад *** банкны мобайл банк үйлчилгээ нь Б.Ц*** гийн дээрх хүсэлтийг хүлээн авч, мөнгөн гүйлгээг хийхдээ данс эзэмшигчийн нэр А*** гэж зөрүүтэй байдлыг анхааралгүй уг гүйлгээг хийсэн байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ц*** нь *** банкны мобайл банкны үйлчилгээг ашиглахдаа дансны дугаарыг буруу бичиж илгээсэн, *** банк дансны дугаар, данс эзэмшигчийн нэр зөрүүтэй байдлыг анхааралгүй шижлүүлэг хийсэн буруутай байх тул нэхэмжлэгчийн Б.Ц*** гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *** банкин дахь *** тоот данснаас 3,456,000 төгрөгийг гаргуулж, буцаан *** данс руу гүйлгээ хийхийг *** банкинд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар *** банкин дахь *** тоот данснаас 3,456,000 төгрөгийг гаргуулан Б.Ц*** гийн эзэмшлийн *** данс руу буцаан гүйлгээ хийхийг *** банкинд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА