Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 02

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ч-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд:”У д с” ХХК-ийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга, Увс аймгийн Засаг даргад холбогдох

           Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “У д с” ХХК-д 2006 оны 01 сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гуравдагч этгээдийн “ Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,000436261 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах,2015 оны 12 сарын 14-ний өдрийн Ц.Э, М.М нарын байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн “Ч-У” ХХК-ийн захирал М.М, түүний өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “У Д с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Л.Д,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Ч-У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У Д с" ХХК нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжийг үндэслэн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 36000 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшиж авсан байна. Гэтэл "У Д С" ХХК-ний эзэмшиж авсан дээрх газар нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт хамаардаг. 2002 онд батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний бдрөөс эхлэн хүчин төгөлдөр болон мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д "...аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг..." шийдвэрлэх нь аймгийн Засаг даргын бүрэн эрх байхаар хуульчилсан байна.

       Харин мөн хуулийн 21.4.3-д аймгийн Засаг даргын бүрэн эрхэнд хамаарахаас бусад газарт газар эзэмших, ашиглах эрх олгох нь сумын Засаг даргын бүрэн эрх байхаар хуульчилсан байна. Гэтэл Увс аймгийн Засаг даргын бүрэн эрхэнд хамаарах асуудлаар Улаангом сумын Засаг дарга захирамж гаргаж, газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийг зөрчиж, хуулиар бүрэн эрх олгогдоогүй этгээд газар эзэмших эрх олгосон байна. Өөрөөр хэлбэл Улаангом сумын Засаг дарга нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хууль зөрчин хэрэгжүүлсэн байна. Мөн уг хууль бус захирамжийг үндэслэн "У Д с" ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэж үзэж байна.

           "У Д с" ХХК-ны эзэмшлийн уг газар нь манай компаний мэдэлд байдаг, орон нутгийн өмчийн газрын бүртгэлээрч манай компаний нэр дээр харьяалагдаж явдаг бөгөөд бид газрын төлбөр, татвар зэргийг нь тасралтгүй төлсөөр ирсэн газар юм. "У Д с" ХХК-д хууль бусаар эзэмшүүлснээр бидний хуулиар олгогдсон газар эзэмших эрхийг хууль бусаар хязгаарлаж манай компани газраа хуулийн дагуу зориулалтын дагуу ашиглаж чадахгүй бидний эрх ашиг хохирч байна.

   Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д энэ төрлийн маргаан үүсэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээр заасан байдаг тул дээрх хуулийн заалтын дагуу бид Увс аймгийн Засаг даргад хандаж, хариугаа 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр аваад дараагийн шатны байгууллага болох Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

       Иймд "У Д с" ХХК-д Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмших гэрчилгээ олгосон Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн 01 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг захирамжийг үндэслэн "У Д с" ХХК-д 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгч “Ч-У” ХХК-ийн захирал М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү маргаан бүхий газар дээр байгаа барилга байгууламж нь 1986 онд анх ашиглалтад орсон. Энэхүү байгууламжаас Дулааны станц, Барилга трест, Увс аймгийн төвийг бүхэлд нь хангаж байсан станц. Ардчилсан нийгэм эхлэснээс хойш энэхүү байгууламж маань хоёр станцтай ажиллаж байсан тул зардлаа дийлэхгүйн улмаас түр хугацаанд зогсож байсан түүхтэй байгууллага юм. Мөн энэхүү байгууламжийн хажууд аймгийн төвийн бохир усны станц байрладаг бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Хоёр жилийн өмнөөс "У д с" ХХК нь харуулын байранд цэрэгжсэн харуул хамгаалалт гаргаж тэрхүү станцууд руу оруулахгүй байгаа ба ямар нэгэн гэмтэл эрсдэл гарвал галын машин, сэлбэг хэрэгслийн машин зэргийг нэвтрэх боломжгүй болгосон. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны захирамжийг үндэслэж тэрхүү  маргаан бүхий газрыг өөрсдийн эзэмшлийн газар хэмээн маргаан гаргаж байгаа. Улаангом сумын Засаг даргын захирамжийг харахад ямар нэгэн газар эзэмшүүлэх захирамж байгаагүй. Инженерийн шугам сүлжээ бүхий онцгой бүсэд Улаангом сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх эрх байхгүй. Газрын тухай хуулинд инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр заасныг зөрчсөн. Манай компани нь орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар гэж явдаг ба хувийн компани биш юм. Уг маргаан бүхий газар, барилга байгууламж нь орон нутгийн өмчийн бүртгэлтэй юм. Барилга байгууламжийн үндсэн хөрөнгийн элэгдэл, өртөг зэргийг манай байгууллага албажуулдаг ба газрын татвар төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” Маргаан бүхий захиргааны акт маань 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамж байгаа. Энэхүү захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг үндэслэж гаргасан байдаг. Энэхүү зүйл заалтад “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллага байна” мөн газар эзэмших шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Мөн Улаангом сумын Засаг даргын захирамжийн дараагийн үндэслэлүүд нь ГАзрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 “иргэн аж ахуй нэгж байгууллага нь газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад, газрын харилцаа эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1 “Монгол улсын иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахи журмыг хэрэгжүүлэн”, 34 дүгээр зүйлийн 34.1 “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, тухайн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасныг үндэслэж гаргасан. Иймд Улаангом сумын засаг даргын захирамжаар "У д с" ХХК-д газар эзэмшүүлхээр байсан бол Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.1-ийг үндэслэж гарах ёстой байсан гэж үзэж байна. Энэхүү захирамжид Улаангом сумын 1, 3, 4, 5, 6, 7, 9 дүгээр багийн суурьшлын бүсэд гэр ахуйн зориулалтаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын гэрээний биелэлтийг дүгнэж гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж газрын төлбөрөө жил бүр бүрэн төлж газрын хэмжээ байршлыг өөрчлөхгүйгээр зөв зохистой эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинчлэн баталгаажуулах гэрээнд заасан үүргээ зөрчсөн бол гэрээ цуцлах тухай агуулгатай захирамж юм.

         Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д аймгийн Засаг даргын бүрэн эрхийг зүйлчилж өгсөн байдаг. Гэтэл Улаангом сумын Засаг даргын газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, гэрчилгээ баталгаажуулах тухай захирамжийг үндэслэж инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх гэрчилгээ олгогдсон нь хууль бус юм. “Ч-У” ХХК-ийн эзэмшлийн газар дээр конторын барилга, харуул хамгаалалт гаргаж дотогш нэвтрүүлэхгүй байгаа үйлдэл улмаар ямар нэгэн байгууламжийн шугам сүлжээний гэмтэл доголдол, осол гарсан тохиолдолд гаднаас галын болон засварын сэлбэгийн машин нэвтрэх боломжгүй болгосон нь "Ч-У" ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байгаа юм. Мөн газар эзэмшүүлэх захирамж нь Улаангом сумын газрын даамлын бус Улаангом сумын Засаг дарга Л.М гэж хүний гарын үсэг байдаг ба Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.М гэрчийн мэдүүлэгтээ хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

     Хариуцагч Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийг судлаж үзэхэд “У д с” ХХК-д газар эзэмшүүлэхтэй холбоотой заалт байхгүй бөгөөд хамааралгүй захирамж үндэслэн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал аж ахуйн нэгжтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ гэсэн хуулийн заалт 2005 оны 01 тоот захирамж гарсан өдрөөс эхлэн зөрчигдсөн. Тухайн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх эрх олгохтой холбоотой заалт тус захирамжид байхгүй байтал түүнийг үндэслэн “У д с" ХХК-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Засаг даргын захирамжийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог. Албан ёсны шийдвэргүйгээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь “У д с” ХХК-ийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй юм” гэжээ.

Хариуцагч Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Хариуцагч Улаангом сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн тул надад нэмж гаргах тайлбар байхгүй. Хариу тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

        Гуравдагч этгээд "У д с" ХХК үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2003 онд "У д с" ХХК-ийг хувьчлан авч хууль ёсны өмчлөгч нь болсон. Дулааны станц хувьчлагдан “У д с” ХХК болж өөрчлөн байгуулагдах үед 36000 мкв газар дагалдан ирсэн бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийн дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэн газар эзэмших гэрчилгээг шинэчилэн авч түүн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсоор өмчилсөөр өдийг хүрсэн байдаг.

       Улаангом сумын Засаг даргын зүгээс манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжийн дагуу Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2006 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 0088346 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээний дагуу 36000 мкв газрыг хууль ёсны дагуу эзэмшиж зохих татвар хураамжаа тасралтгүй төлсөөр ирсэн.

Иймд “Ч-У” ХХК-иас Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хэвээр үлдээж өгнө үү”гэжээ.

     Гуравдагч этгээд "У д с" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй олон шалтгаан байна. “Ч-У" ХХК нь өөрийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байдаг. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, мөн хариуцагчаа зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа “Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” гэж тойдорхойлсон байдаг. Татварын байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсанаар энэхүү маргаан бүхий 36000 мкв газрын татварыг 2002 оноос өнөөдрийг хүртэл “У Д С” ХХК төлж байгаа. Гэтэл татварын газраас “Ч-У” ХХК нь 2005 оноос хойш нэг ч удаа газрын татвар төлж байгаагүй гэсэн лавлагаа ирсэн. “У д с” ХХК нь 17 жил тасралтгүй газрын татвараа төлсөн. 2003 онд Увс аймгийн дулааны станц хувьчлагдаж “У д с” ХХК болсон. Энэ үед газар дээр байсан шугам сүлжээ тоног төхөөрөмж нь хувьчлагдсан гэсэн үг юм. Уг цэвэр усны байгууламжууд нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ашиглагдахгүй байсан учир “У д с” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлээс “Ч-У” ХХК-д хандаж уг байгууламжуудыг буулгаж газар чөлөөлж өгөхийг хүсэхэд хариуд нь энэ манай мэдлийн байгууламжууд биш гэдэг хариултыг өгсөн. Нэхэмжлэгч нь Улаангом сумын Засаг даргын 2005 оны1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаж байгаа ба "У-Д с" нь 2005 оноос өмнө буюу 2002 оноос эхлэн газрын татварыг төлж хууль ёсны эзэмшигч нь болсон байдаг. Нэгэнт хууль ёсны эзэмшигч болсон байхад 2005 онд Улаангом сумын Засаг даргын гарын үсэгтэй захирамж гаргуулах шаардлага байхгүй байсан. 2003 онд Газрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн тул 2005 онд газрын гэрчилгээг дахин гаргуулж авсан ба шинээр эзэмшигчээр гаргуулж аваагүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа буруу тодорхойлсон. Газрын гэрчилгээ олгодог байгууллага нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар байтал Улаангом сумын Засаг даргыг хариуцагчаар татаж оруулж ирсэн нь буруу юм. Нэхэмжлэгч тал 2003 оноос хойш уг газрын татварыг хэн төлж байсаныг харах хэрэгтэй. Аймгийн Засаг даргын захирамжаар инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэхээр Газрын тухай хуульд зааж өгсөн хэдий ч үүнд “Сумын Засаг даргын саналыг асууна” гэж заасан байдаг. “Ч-У” ХХК ийн ямар эрх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа вэ? гэдэг нь тодорхойгүй. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 266 дугаартай захирамж гарсан. Энэхүү захирамж нь тухайн шүүх хуралдаанд “Ч-У” ХХК нь гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэхгүй, нотлох баримтаас хассан захирамж байгаа. Энэ захирамж нь хүчин төгөлдөр болсон.

 Гуравдагч этгээдийн зүгээс Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг хуурамч нотлох баримт гаргаж өгч байгаа гэж үзэж байна. 2017 оны 05 дугаар сард “Ч-У” ХХК нь шүүхэд нотлох баримтаа гаргахдаа газар эзэмшүүлэх гэрчилгээ болон иргэн хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлэх гэрээгээ оруулж ирсэн байдаг. Энэ гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэсэн он сартай байсан. Сүүлд Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас гэрээг гаргаж өгөхдөө 2016 оны 12 дугаар сарын 10 болгож өөрчилж оруулж ирсэн байна. Энэ нь шүүхэд эргэлзээ төрүүлж хуурамчаар нотлох баримт үйлдэж байна гэсэн үг юм. “Ч- У” ХХК нь газрын татвараа нэг ч удаа төлөөгүй байхад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь төлсөн мэтээр баримт үйлдсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна. Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамж нь 2003 оны Газрын тухай хуулийг үндэслэсэн байдаг. Хэрэв уг захирамж нь “Ч-У” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн бол 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл 13 жилийн өмнөх сумын Засаг даргын захирамжид гомдол гаргаж байгаа. Мөн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д зааснаар аймгийн Засаг даргын орлогч Б.Ц гэх хүн нь “Ч-У” ХХК-д газар олгох эрхгүй этгээд юм. Өөрөөр хэлбэл Засаг даргыг чөлөөлөгдсөн, огцорсон тохиолдолд тус зүйл заалтаар зохицуулагдаж захирамж гаргадаг байтал Засаг даргыг эзгүй үед Засаг даргын орлогч захирамж гаргаж болно гэсэн зүйл заалт байхгүй. 2011 оноос Монгол улсад мөрдөгдөж эхэлсэн албан бичиг хөтлөлтийн журамд зааснаар хэн нэгнийг орлож гарын үсэг зурах, тамга тэмдэг дарахыг хориглосон байтал Б.Ц нь аймгийн Засаг даргыг орлож гарын үсэг зурсан байдаг. Мөн 2005 оны захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүх хэргийн газрын үзлэг хийхдээ дутуу хийсэн гэж үзэж байгаа ба Д.С гэх хүн 17 жилийн хугацаанд хийсэн бүтээн байгуулалт, байгууламжаа 1200000000 төгрөгөөр /арван хоёр тэрбум төгрөг/ үнэлж байгаа. Хэрэв энэ бүхний эзэмших эрхийг хүчингүй болговол төр хариуцна гэсэн үг юм.  Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хариуцагчаа буруу сонгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

        Гуравдагч этгээд "У Д С" ХХК шүүхэд ирүүүлсэн бие даасан шаардлагадаа: “2003 онд Увс аймгийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр их хэмжээний алдагдалд орсон Улаангомын Дулааны станцыг хувьчлах сонгон шалгаруулалт зарлагдахад "Х т" ХК-ны зүгээс зохих баримтыг бүрдүүлэн оролцож ялалт байгуулсан. Хувьчлалын үр дүнг баталгаажуулсан Увс аймгийн ИТХ-ын шийдвэрээр Улаангом дулааны станц болон түүний хэрэглэгчидтэй холбосон шугам сүлжээ, инженерийн байгууламж, тоног төхөөрөмжийн хууль ёсны өмчлөгч болсон билээ. Дулааны станцыг хувьчилж "У Д С" ХХК болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд урьд дулааны станцад байсан 36000 мкв газар дагалдаж ирсэн бөгөөд шилжүүлж "У д С" ХХК нь хууль ёсны эзэмшигч болсон. "У Д С" ХХК нь Газрын хууль гарсантай холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний Захирамжийн дагуу 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0088436 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ авч 20 жилийн хугацаатай эзэмшиж байна. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын төлбөрөө тогтмол тасралтгүй төлсөөр ирлээ.

Гэтэл 2015 оны 12 сарын 14-ны Увс аймгийн засаг даргын А/722 дугаартай Захирамжийг хууль бусаар гаргуулж, "Ч-У" ХХК-ний 000436261 дугаартай гэрчилгээ, 2015 оны 12 сарын 14-ны ¹08501-2015/00090 дугаартай Ц.Э, М.М нарын байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргийг хууль бусаар байгуулсан байна.

Гэтэл 2015 оны 12 сарын 14-ны Увс аймгийн засаг даргын А/722 дугаартай Захирамжид зурагдсан гарын үсэг нь засаг дарга Д.Ц гарын үсэг биш. Засаг дарга Д.Ц хувьд миний гарын үсэг биш засаг даргын орлогч Б.Ц гэх хүн гарын үсэг зурсан хууль бус Захирамж байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

       Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. 2015 онд Увс аймгийн засаг даргаар Д.Ц нь ажиллаж байсан байхад засаг даргын орлогч Б.Ц гарын үсэг зурсан нь хууль бус юм.

    "Ч-У" ХХК-ны 000436261 дугаартай гэрчилгээ, 2015 оны 12 сарын 14-ны ¹08501-2015/00090 дугаартай Ц.Э, М.М нарын байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үед Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар Ц.Э, "Ч-У" ХХК-ны захирал М.М нар дээрхи албан тушаалд томилогдоогүй байсан. Сүүлдээ Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнийхээ он сарыг өөрчилж албан тоот авчирсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2015 оны 12 сарын 14-ны ¹08501-2015/00090 дугаартай гэрчилгээг Ц.Э өөрийн гараар бичиж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Мөн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2016 оны 11 сарын 28-ны 2563 дугаартай Захирамжаар дээрхи баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эргэлзээтэй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж нотлох баримтаас хассан байна. 2015 оны 12 сарын 14-ны Увс аймгийн засаг даргын А/722 дугаартай Захирамж, Ч-У ХХК-ны 000436261 дугаартай гэрчилгээ, 2015 оны 12 сарын 14-ны ¹08501-2015/00090 дугаартай Ц.Э, М.М нарын байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нь "У Д С" ХХК-ны хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, газрын эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй байхад давхцуулж газар олгосон, хуурамч баримт үйлдсэн, "У Д С" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулахуйц баримтуудыг хууль бусаар үйлдсэн байна. Учир нь дээрх 36000 мкв газарт "У Д С" ХХК-ны 12 барилга байшингийн гэрчилгээг хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд 13 тэрбум 600 сая төгрөгний үл хөдлөх эд хөрөнгө байдаг. Иймд 2015 оны 12 сарын 14-ны Увс аймгийн засаг даргын А/722 дугаартай Захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, "Ч-У" ХХК-ны 000436261 дугаартай гэрчилгээ, 2015 оны 12 сарын 14-ны ¹08501-2015/00090 дугаартай Ц.Э, М.М нарын байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бие даасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, А/722 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 018501201500090 дугаартай Ц.Э, М.М нарын байгуулсан иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд 2003 онд орон нутгийн өмчийн газраас Улаангомын дулааны станцыг хувьчлах санал ирүүлсэн ба ямар тоног төхөөрөмж, шугам сүлжээ хамрагдаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан. 2002 оноос хойш Увс дулааны станц ХХК бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд Дулааны станцад байсан 36000 мкв газар дагалдаж ирсэн талаар баримтууд мөн хавтаст хэрэгт авагдсан. Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай захирамжийн дагуу 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00888436 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ 20 жилийн хугацаатай олгогдсон ба энэ эрх нь одоог хүртэл хүчинтэй байгаа. Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжаар “Ч-У” ХХК-д Увс дулааны станцын эзэмшлийн газрыг давхардуулж олгосон байдаг. Энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг үндэсэлэсэн ба энэхүү зүйл заалт дээр сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасан байдаг. Гэвч Б.Ц нь энэхүү захирамжийг гаргахдаа сумын Засаг даргын саналыг авсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай тогтоолыг үндэслэсэн. Энэхүү тогтоол нь Land meneger программыг нэвтрүүлэх тухай бөгөөд хэн нэгний газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа тогтоол биш байхад энэхүү тогтоолыг үндэслэж “Чандмань-Увс” ХХК-д газар эзэмшүүлсэн байдаг. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар Ц.Э нь томилогдоогүй байсан. М.М нь бас “Ч-У” ХХК-ийн захирлаар томилогдоогүй байсан боловч хоорондоо гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх энэхүү баримтуудыг нотлох баримтаас хассан байдаг. Мөн Б.Ц-ийн мэдүүлэгт “Би Ц- байхгүй үед төрийн албыг тасралтгүй явагдан гэдэг утгаараа 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжид би гарын үсэг зурсан. Тэр гарын үсэг нь миний гарын үсэг мөн юм” гэж мэдүүлсэн байдаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар Засаг дарга чөлөөлөгдсөн, огцорсон зүйл байхгүй байхад Засаг даргын орлогч гарын үсэг зурсан нь хуулийг зөрсөн үйлдэл юм. Шүүх нь нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой гэх зэрэг зарчмыг үндэслэж нотлох баримтад үнэлэж өгөхийг хүсэж байна. Иймд гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, Э.Н нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн Засаг даргыг хариуцагчаар татсан "Увс дулаан станц" ХХК-ны Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Бие даасан шаардлагын үндэслэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Үндэслэлдээ, ....2015 оны 12 сарын 14-ны өдрийн Увс аймгийн Засаг даргын А/722 дугаартай захирамжид зурагдсан гарын үсэг нь Засаг дарга Д.Ц-ийн гарынсэг биш, Засаг даргын орлогч Ц гэх хүн гарын үсэг зурсан хууль бус захирамж байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэжээ. Төрийн ажил залгамж чанартай, тасралтгүй байх зарчмын хүрээнд төрийн ажил хугацаа алдахгүй, иргэн, хуулийн этгээдэд хүнд суртал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулдаг, энэ ч утгаараа тухайн үеийн аймгийн Засаг дарга байсан хүний ажлыг Д.Батсайхан үргэлжлүүлэн авч явж байгаа, албан тушаалаасаа буусан үедээ юу гэж хэлэх нь ямар нэгэн эрх зүйн хувьд үр дагаваргүй, төрийн ажилд иш үндэс болгох боломжгүй. Ийм учраас Д.Цэндсүрэн гэх хүний хууль бус захирамж байна гэж хүлээн зөвшөөрөх асуудал байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. 2015 онд Увс аймгийн Засаг даргаар Д.Цэндсүрэн нь ажиллаж байсан байхад Засаг даргын орлогч Б.Цэцээ гарын үсэг зурсан нь хууль бус юм гэжээ. Дээрх хуулийн заалт нь аймгийн удирдлагын нэг болох Засаг дарга чөлөөлөгдсөн, огцорсон үед түүний бүрэн эрхийг нь эдэлж, хариуцлагыг нь хүлээх гэж шууд утгаар ойлгож болох боловч шинээр Засаг дарга томилогдох хүртэлх хугацаанд эрх үүргийг нь хэн хэрэгжүүлэх, хариуцлагыг нь хэн хүлээх асуудлыг хуульчилсан болохоос Засаг дарга байх үед орлогч гарын үсэг зурж болохгүй гэсэн утгыг агуулаагүй байх ба Засаг дарга, орлогчийн эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан эрх зүйн акт бусад баримт бичиг одоогоор байхгүй. Засаг дарга албан томилолтоор гадаад дотоодод явж байсан, хөдөө орон нутагт 5-аас доошгүй хоногийн хугацаатай ажиллаж байсан бол Төрийн ажил тасралтгүй байх зарчмын дагуу авч үзвэл Засаг даргын орлогч Засаг даргын эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг ухамсарлаж ажиллах ёстой.

Аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ны өдрийн А/722 дугаартай захирамжид үндэслэгдсэн хуулийн заалтууд нь Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарах ба тус бүрт нь авч үзвэл Газрын тухай хуулийн 21.3.2-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж Засаг даргад эрхийг нь олгож хуульчилжээ. Мөн хуулийн 33.1.1 дэх заалтын хувьд тухайн шатны Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргана гэж заасан бөгөөд энэ заалтын хувьд нэг талаас төсөвт байгууллагад газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын онцгой бүрэн эрхийн асуудал, нөгөө талаас энэ заалт нь 21.3.2 дахь заалттай уялдуулан авч үзвэл аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх эрхтэй байхаар заасан нь дээрх хоёр заалтын хувьд харилцан хамааралтайгаар хэрэгжинэ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3-ын "г" заалт нь мөн адил Газрын тухай хуулийн дээрх заалтуудтай нэг утгатай ерөнхий заалт юм. Ийм байхад захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох тухайд илт хууль бус захиргааны актад байх шинжүүдээс нэг ч шинж хамаарахгүй байна. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ны өдрийн А/722 дугаартай захирамж гарсан. 2016 оны 11 сарын 07-нд Чандмань-Увс ХХК-ийн захирал М.Мөнхөө Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт албан тоот явуулсан. Энэхүү тоотыг үндэслэн шинээр томилогдсон захирлын нэрээр гэрээг шинэчилж өгсөн. Гэрээ шинэчлэгдэж байгаа хэдий ч гэрээний дугаар, захирамжийн дугаар, кадастрын зураг, гэрчилгээ өөрчлөгдөхгүй. Зөвхөн захирлын нэр, гэрээг хэвлэж өгсөн өдрийн гэрээний огноо өөрчлөгддөг.

Увс дулааны станц ХХК-ийн Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Бие даасан шаардлагадаа /Жич Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн болно/ гэжээ. Шүүхэд 10 дугаар сарын 31-нд бие даасан шаардлага гаргасан бол аймгийн Засаг даргад 30-нд гомдол гаргаснаар он сар, өдрөө бичсэн боловч 11 дүгээр сарын 03-нд бичиг хэрэгт өгч бүртгэлд оруулжээ. Ийм байхад гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй.

Иймд Увс дулааны станц ХХК-ны гаргасан бие даасан шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн Засаг дарга нь маш их ажлын ачаалалтай ажилладаг. 2011 оноос хэрэгжиж эхлэсэн албан бичиг хөтлөлтийн талаар сайн мэдэж байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар хууль тогтоомж ямар байдалтай хэрэгжиж байгааг харагдуулж байгаа үйлдэл гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод албан томилолтоор явж байгаа тохиолдолд захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээд нийтээс үйл ажиллагааг нь хэрэглэж байдаг. Тийм учраас өдөр тутам иргэн, хуулийн этгээдтэй холбогдсон шийдвэр гаргаж байдаг. Төрийн байгууллагад шийдвэргүйгээр ажил хийдэггүй ба ямар нэгэн шийдвэр гараагүй тохиолдолд олон асуудал дагуулж байдаг. Иймд төрийн ажил тасралтгүй байх ёстой тул Засаг дарга байхгүй гэж төрийн байгууллага зогсонги байдалтай байж болохгүй.

Захирамжид зурагдсан гарын үсгийн тухайд аймгийн Засаг дарга нь орлогч даргадаа гарын үсэг зурж болох талаар хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Засаг даргын орлогч Б.Цэцээ нь төрийн ажлыг тасралтгүй явуулах үүднээс гарын үсэг зурсан байх гэж үзэж байна. Иймд бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Land meneger программ нь газар дээр зөрчилтэй байгаа нэгж талбар, нэгж талбарын мкв-ын зөрүү зэргийг засварлаж үнэн бодит газар дээр байгаа хэмжээгээр оруулж өгдөг программ юм. Мөн Чандмань-Увс ХХК-ийн захирал М.Мөнхөө 2016 онд манай байгууллагад Чандмань-Увс ХХК-ийн газар эзэмших гэрээ, гэрчилгээг гаргаж өгнө үү гэх хүсэлтийн дагуу гэрээ байгуулан гэрчилгээ олгосон. Land meneger гэх программ нь он сарыг автоматаар гаргаж өгдөг ба Засаг даргын захирамжийн огноогоор хэвлэгдсэн тул он сар дээр ямар нэгэн засвар хийдэггүй”гэжээ.

Нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-ийн захирал М.Мөнхөө гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.4.1, 17.4.2, Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4, дэх заалтын дагуу 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аймгийн иргэдийн Төлөлөөгчдийн Хурлаас гарсан тогтоолын дагуу 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Увс аймгийн Засаг даргын А/722 дугаартай захирамж гарсан. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж “Чандмань-Увс” ХХК газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргуулж авсан. уг газрын гэрчилгээ, гэрээ нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар дээр Land meneger программ нэвтэрсэнтэй холбоотой Засаг даргын захирамж гарсан огноогоор анх хэвлэгдэж 2 тал гарын үсэг зурсан бөгөөд дараагаар нь огноог өөрчилж залруулсан байдаг. Иймд “Увс дулааны станц” ХХК-ийн бие даасан шаардлага нь үндэслэлгүй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл гуравдагч этгээдийн бие даасан шаардлагтай холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын төлбөр төлснийг ганцхан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын гзраас гаргаж өгсөн баримтаар нотлохгүй байгаа ба газрын төлбөр төлж байсан “Чандмань-Увс” ХХК-ийн санхүүгийн баримт хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагчаа буруу тодорхойлсон гэж тайлбарлаж байгаа. Энэхүү газар эзэмшүүлэх гэрчилгээг хэн олгосон бэ гэхээр Улаангом сумын Засаг дарга Л.Моломдагва 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжаар олгосон. Иргэний хэргийн шүүхэд гаргаж өгөөд нотлох баримтаас хасагдсан зүйлийг дахин нотлох баримтаар гаргаж өгсөн гэж хэлж байгаа. Иргэний хэрэг маргаан нь одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байдаг. “Увс дулааны станц” ХХК нь 2002 оноос хойш 36000 мкв газрын татварыг төлж байсан ба 2005 оноос хойш захирамжаар татвар төлж байсан гэж хэлсэн. Энэ тал дээр 2002 оноос хойш ямар шийдвэр, гэрээ гэрчилгээгээр газрын татвар төлөөд яваад байсан бэ гэдэг нь эргэлзээтэй. Цэвэр бохир усны байгууламжуудыг 1986 онд Оросын инженерүүд ирж барьсан барилга юм. Энэхүү барилга байгууламж нь 1986 оноос хойш Чандмань-Увс ХХК-ийн данс бүртгэлд байгаа ба хууль ёсны дагуу эзэмшиж ирсэн. Манай талаас гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал маань хүлээн зөвшөөрч байгаа. М.Мөнхөө нь “Чандмань-Увс” ХХК-ийн захирал болоогүй байхад Ц.Энхбаатартай ямар нэгэн гэрээ байгуулах боломжгүй тул гэрээ байгуулаагүй. Манай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул гуравдагч этгээдийн талаас гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх хэдий ч “Чандмань-Увс” ХХК-иас газрын давхцал бүхий маргаантай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан,нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК болон гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-ийн хооронд иргэний хэргийн маргаан үүсч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байгаа зэрэг нөхцлүүдийг харгалзан нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

  1. Нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            Нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК нь шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг захирамжийг үндэслэн “Увс дулааны станц” ХХК-д 2006 оны 01 сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ Увс дулааны станц” ХХК-ийн эзэмшсэн газар нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт хамаардаг бөгөөд аймгийн Засаг даргын шийдвэрээр эзэмших ёстой газрыг сумын Засаг дарга олгосон нь хууль бус бөгөөд тус газрын 19657м2 газар манай компанийн эзэмшлийн газар бөгөөд тус газарт “Чандмань-Увс” ХХК-ийн нөөцөнд авсан цэвэр усны өргөгч станц, усан сангийн байгууламж байгаа, мөн бохир усны насосны станцад манай ажилчид нэвтрэх гарцыг хаагдуулсан” гэж тодорхойлжээ.

            Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын хувьд “Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр захирамжид газар эзэмшүүлэхтэй холбоотой заалт байхгүй байтал түүнийг үндэслэн “ Увс дулааны станц” ХХК-тай гэрээ байгуулж гэрчилгээ олгосон тул “Увс дулааны станц” ХХК-ийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй” гэсэн тайлбар гаргасан байна.

            Хэргийн оролцогчийн нэг болох гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-ийн зүгээс “Дулааны станц хувьчлагдан “Увс дулааны станц” ХХК болж өөрчлөн байгуулагдах үед 36000 метр квадрат газар дагалдан ирсэн бөгөөд Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дугаар захирамжийн дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээр хууль ёсоор эзэмшсэн” гэсэн тайлбарыг гарган маргаж байна.

Маргаан бүхий газрыг буюу Улаангом сумын 12-р багт/хуучин 3-р баг/ байрлах Дулааны станц түүний орчмын газрыг “Увс дулааны станц” ХХК-д 20 жилийн хугацаатай дулааны үйлдвэрлэлийн зориулалтаар 36000м2 газрыг эзэмшүүлэхээр 2006 оны 01 сарын 06-ны өдөр 0088436 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.

            “Увс дулааны станц” ХХК-ийн эзэмшиж буй гэх 36000м2 газрын хэмжээний хувьд хэргийн оролцогчид маргаангүй байгаа ба нэхэмжлэгчийн зүгээс 36000м2 газраас 19657м2 газар нь “Чандмань-Увс” ХХК-ийн эзэмшлийн газар гэж тайлбарлаж байгаа болно.

            Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн бөгөөд “Увс дулааны станц” ХХК-ийн эзэмшиж буй 36000м2 газарт хэрмэн хашаа бүхий Дулааны станцын барилга, байгууламжуудаас гадна давхцалтай гэх хэсгийн буюу 19657м2 газарт “Увс дулааны станц” ХХК-ийн конторын барилга, цэвэр усны станцын барилга, газар доорх усан сангийн 4 байгууламж, харуулын байр, бохир усны насосны станцын барилгын тал хэсэг байршиж байна.

            Цэвэр усны станцын барилга, усан сангийн байгууламжууд, бохир усны насосны станцын барилга нь “Чандмань-Увс” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй талаар холбогдох бүртгэлийн баримтуудыг нэхэмжлэгчээс хэрэгт хавсаргуулсан бөгөөд эдгээр хөрөнгийн эзэмшлийн талаар хэргийн оролцогчид маргаангүй байгаа болно.

            Цэвэр усны станцын барилга, усан сангийн байгууламжууд нь дулааны станц болон барилга үйлдвэрлэлийн баазыг цэвэр усаар хангах зориултаар 1986 онд ашиглалтад орж 1990 оны сүүлээр барилга үйлдвэрлэлийн баазын үйл ажиллагаа зогссон, дулааны станц өөрийн худгийг гаргаж технологийн ус авахгүй болсноор ашиглагдахгүй болж үйл ажиллагаа нь зогссон байна.

Энэ талаар гэрч Л.Батнасан шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ЗХУ-ын тусламжийн хөрөнгөөр цэвэр ус өргөлтийн 3-р станцын барилга байгууламжийг 1986 онд шинээр ашиглалтад оруулсан. Тухайн үед үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний ихээхэн усны хэрэглэгч болох Барилга үйлдвэрлэлийн бааз, Дулааны станцыг ахуйн болон технологийн усаар хангах зорилгоор ус өргөлтийн 3-р станцыг барьсан.1990 оны эцсээр эдийн засгийн шилжилт болсноор барилга үйлдвэрлэлийн бааз задарч үйл ажиллагаа нь зогсож, дулааны станц технологийн усаа авахгүй болж гүн өрмийн худаг гаргаж ажиллуулах болсноор ус өргөлтийн станцыг ажиллуулах боломжгүй болсон. Иймд дээрх барилга, байгууламжийг цэвэр усны эх үүсвэрийн байгууламжийн нөөцөд хадгалах болсон” гэжээ. Гэрч Б.Цэцээ шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Би 1999-2003 оны хооронд Дулааны станцын даргаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд конторын барилгын араар төмөр торон хашаатай байсан. Тэр төмөр торон хашаа нь “Чандмань-Увс” ХХК-ийн цэвэр усны өргөгч станцын хамгаалалтын торон хашаа байсан. Тэр хашаан дотор Дулааны станцын даргаар ажиллаж байсан Мижиджав дарга конторын барилга бариулсан байдаг” гэжээ.

Увс аймгийн Дулааны станцыг 2003 онд хувьчилж байсан байх бөгөөд Увс аймгийн Засаг даргын 2003 оны 07 сарын 08-ны өдрийн 184 дугаартай захирамжаар тендерийн ялагчаар тодорсон Хар тарвагатай ХХК-д өмч хүлээлгэн өгөх комиссыг томилж 2003 оны 07 сарын 08, 14, 28-ны өдрүүдэд Увс аймгийн Дулааны станцын хөрөнгийг шилжүүлсэн актуудыг үйлдэж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 10 сарын 20-ны өдрийн 97 дугаартай тогтоолоор Дулааны станцын өмчлөгчийн эрхийг “Хар тарвагатай “ ХХК-ний /захирал нь Д.Сурмаажав/ мэдэлд шилжүүлсэн байна.

Хувьчлагдсан Увс аймгийн Дулааны станцын үйл ажиллагааг “Увс дулааны станц”ХХК дулаан үйлдвэрлэх,дамжуулах,хуваарилах тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлж байх ба тухайн компанийн зүгээс дулаан үйлдвэрлэлтэй холбогдох барилга байгууламжуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд,“Баялаг-Увс” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургуудыг хэрэгт хавсаргуулсан болно.

Хэргийн оролцогчид “Увс дулааны станц” ХХК-ийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн талаар маргаангүй байгаа болно.

Увс аймгийн Дулааны станц 2003 онд хувьчлагдах үед үйлдэгдсэн Дулааны станцын үндсэн хөрөнгийн үнэлгээний жагсаалтаас үзэхэд Дулааны станцын барилга 1985 онд ашиглалтанд орсон байх ба уг Дулааны станцыг усаар хангах зориулалт бүхий цэвэр усны өргөгч станц, газар доорх усан сангийн байгууламжууд 1986 онд баригдсан байна.

            Мөн дээрх жагсаалтын барилга байгууламж гэх хэсэгт конторын барилга 1998 онд, хэрмэн хашаа 1999 онд ашиглалтад орсон талаар дурдаж, хөрөнгийн жагсаалтын 7-д “зам талбай” гэж бичин, нэгж анхны үнэ 1296064 төгрөгөөр үнэлж хөрөнгөд бүртгэсэн байна. 2003 оны 07 сарын 14-ний өдрийн Дулааны станцын хөрөнгө хүлээлцүүлсэн акт №01-д конторын барилга, хэрмэн хашаа, зам талбай болон бусад эд хөрөнгийг хүлээлцсэн талаар тэмдэглэгджээ.

            “Чандмань-Увс” ХХК болон “Увс дулааны станц” ХХК хоёрын хооронд урьд нь маргаан байгаагүй байсан байх ба харин бохир усны насосны станцад ажиллах ажилчдыг “Увс дулааны станц” ХХК-ийн зүгээс нэвтрүүлэхгүй болсноос газрын маргаан эхэлсэн талаар “Чандмань-Увс” ХХК-ийн захирал М.Мөнхөө шүүх хуралдаанд тайлбар гаргасан болно.

            “Чандмань-Увс” ХХК-ийн зүгээс 2010.09.14-ний өдрийн 120 мөн 2015 оны 04 сарын 24-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавт цэвэр усны өргөгч станц, усан сангийн байгууламж байрлах газрыг чөлөөлж өгөхийг хүсч байжээ.

            Мөн “Чандмань-Увс” ХХК-ийн зүгээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын нэр дээр 2015 оны 07 сарын 10-ны өдрийн 64 дугаартай албан бичгээр “Дулааны станц нь тус компаниас 2008-2014 оны орон сууцны дулааны төлбөр 483.772.659 төгрөг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа. Дээрх мөнгийг манай компани төлөх ямар ч боломжгүй юм. Иймд Дулааны станцын контор байрлаж байгаа газар нь манай компанийн мэдлийн ашиглагдахгүй байгаа газар юм. Энэ газрыг авна гэсэн хүсэлт тавиад байгаа тул дээрх мөнгөнд нь тооцож уг газрыг шилжүүлэх саналтай байна“ гэсэн хүсэлтийг тавьж байсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2015 оны 08 сарын 26-ны өдрийн 251 дугаартай албан бичгээр “усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийн газрыг Дулааны станц ХХК-ийн өрөнд шилжүүлэх шаардлагагүй юм. Өргөгч станц болон усан сангийн зориулалт бүхий 5 байгууламжийн байрлаж буй газрыг баталгаажуулж кадастр гаргуулан газрын гэрчилгээ авч гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ үү” гэсэн хариуг өгч байсан байна.

            Ийнхүү Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжаар Улаангом сумын 12-р багийн нутагт “Чандмань-Увс” ХХК-д барилга байгууламжийн зориулалтаар 19657м 2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

            “Увс дулааны станц” ХХК-ийн хувьд 2006 оны 01 сарын 06-ны өдрийн 0088436 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 36000м2 газрыг 20 жилийн хугацаатай дулааны үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, 2006 оны 01 сарын 06-ны өдөр Увс дулааны станц ХХК-д газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, газар эзэмших баталгаат хэмжээг тогтоосон актаар нийт талбайн хэмжээг 36127,2м 2 болохыг тогтоосон байх ба хэрэгт             2009 оны 01 сарын 22-ны өдрийн огноотой Увс аймгийн Газрын албаны гаргасан “Увс дулааны станц” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг авагдсан байна.

            “Увс дулааны станц” ХХК-д газар эзэмшүүлсэн гэрчилгээг олгохдоо Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот шийдвэрийг үндэслэжээ.

            Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамж нь газар эзэмших гэрээг дүгнэж гэрчилгээг баталгаажуулах тухай буюу      “Сумын 1,3,4,5,6,7,9-р багийн суурьшлын бүсэд гэр бүлийн зориулалтаар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын гэрээний биелэлтийг дүгнэж, газрын төлбөрөө жил бүр хугацаанд нь бүрэн төлж, газрын хэмжээ байршлыг өөрчлөхгүйгээр зөв зохистой эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ,гэрчилгээг шинэчлэн баталгаажуулахыг газрын даамал нарт даалгасан“ агуулга бүхий байна.

            Тухайн үед буюу 2005-2006 онд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Моломдагва шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Нийт газар эзэмшиж байгаа иргэдийнхээ газар эзэмшиж байгаа гэрчилгээг шинэчлэн баталгаажуулахаар 2005 оны 1 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамж гарч байсан. Тухайн үед газрын даамлууд газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг судлан газрын хэмжилт хийн бичиг баримт боловсруулан надад танилцуулан захирамж,гэрчилгээнд гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн үед 2005 оны 1 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх асуудлыг манай даамлууд шийдвэрлэж байсан.”Увс дулааны станц” ХХК-ийн хувьд тусад нь газар эзэмшүүлсэн захирамж гарч байгаагүй” гэж мэдүүлсэн байна.

Увс дулааны станц ХХК-д эзэмшүүлсэн газрын хувьд дулааны шугам, бохир усны шугам сүлжээ бүхий газар болох нь Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шүүхэд ирүүлсэн дулааны станц орчмын газар доорх инженерийн шугам сүлжээний зургаар тогтоогдож байна.

Газрын төлбөрийн хувьд “Чандмань-Увс” ХХК нь 19675 м2 газрын төлбөрийг 2016 оныг дуустал төлж байсан нь үнэн болох талаар Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 359 дугаартай албан  бичгээр тодорхойлсон байх боловч Увс аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 1/03 дугаартай албан бичгээр “Чандмань-Увс” ХХК-ийн 19675м2 газарт холбогдох байгууллагаас ногдол ирүүлээгүй байгаа ба тус газрын төлбөр төлж байгаагүй байна” гэсэн лавлагааг шүүхэд ирүүлжээ.

            Увс аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 1/204 дугаартай албан бичгээр “Увс дулааны станц” ХХК нь 2002 оноос хойш 36000м2 газрын төлбөрийг тасралтгүй төлж ирсэн талаар тодорхойлсон байгаа болно.

            Хот суурины ус хангамж,ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д төвлөрсөн ус хангамж гэж ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх зориулалт бүхий шугам сүлжээ,барилга байгууламжийг ашиглан хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг, 3.1.4-д ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг ойлгохоор заасан ба 17.4-д ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Усны тухай хуульд заасан байдлаар тогтооно гэж зохицуулжээ.

            Иймд маргаан бүхий газарт байрлах цэвэр усны станц, усан сангийн байгууламжууд урьд нь Дулааны станц,барилга үйлдвэрлэлийн баазыг цэвэр усаар хангах зориулалтаар ашиглагдаж байсан, 1995 оноос хойш буюу Дулааны станцыг хувьчлахаас өмнө ашиглалтгүй болж, ус хангамжийн үйл ажиллагаа явагдахгүй болсон, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоосон болон улс, аймгийн нөөцөнд авсан талаарх шийдвэргүй байх тул нэхэмжлэгчийн “цэвэр усны эх үүсвэрийн байгууламж улсын нөөцөнд байгаа, хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй байж уг бүсийн газрыг “Чандмань-Увс” ХХК эзэмших ёстой” гэсэн тайлбарыг үндэслэн гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

            Маргаан бүхий газарт байрлаж буй бохир усны насосны станцын хувьд одоо ашиглагдаж байгаа обьект байх бөгөөд Хот суурины ус хангамж,ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д хотын доторх бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах,татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвастай байна гэж заасан байна.

            Дээрх нөхцөл байдал болон хуулийн зохицуулалтаас дүгнэхэд “Чандмань-Увс” ХХК нь давхцал бүхий 19675 м2 газрыг эзэмших эрхтэй талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хуульд заасан субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Увс дулааны станц” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрхэн олгогдсон, хууль зөрчсөн эсэх талаар дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн “Увс дулааны станц” ХХК-д Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн гэх тайлбарыг үндэслэж “Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамж, “Увс дулааны станц” ХХК-д газар эзэмшүүлсэн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Харин одоо ашиглагдаж байгаа бохир усны насосны станцын байгууламжийн хамгаалалтын зурвасын талаар Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Газрын тухай хуульд заасан бүрэн эрхээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга хэрэгжүүлэн ажиллах тохиолдолд энэхүү шийдвэр нөлөөлөхгүй болно.

            Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн нэг болох бохир усны насосны станцыг ашиглахад буюу ажилтнууд  обьектод нэвтрэхэд шаардлагатай гарцыг “Увс дулааны станц” ХХК-ийн зүгээс бий болгохгүй байгаатай холбоотой маргааны талаар иргэний хэргийн шүүхэд хандах боломжтойг тэмдэглэв.

            Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

            Гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК нь 2017 оны 10 сарын 31-ний өдөр Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Чандмань-Увс” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000436261 дугаартай гэрчилгээ, 2015 оны 12 сарын 14-ний дөрийн 08501-2015/00090 дугаартай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргийг хүчингүй болгуулах бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын илт хууль бус болохыг тогтоолгох хэсгийг өөрчлөн Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамж, гэрээ гэрчилгээг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн болно.

            Гуравдагч этгээд нь бие даасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Аймгийн Засаг даргын 2015 оны А/722 дугаартай захирамжид засаг даргын орлогч гарын үсэг зурсан,хууль бус захирамж үндэслэсэн “Чандмань-Увс”ХХК-д олгосон гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ нь “Увс дулааны станц”ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад газар давхцуулан олгосон, гэрээ 2015 онд байгуулагдсан нь хууль бус“ гэж тодорхойлжээ.

            Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Төрийн ажил залгамж чанартай тул Засаг даргын орлогч захирамжинд гарын үсэг зурсан, Газрын тухай хуулийн 21.3.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд “Чандмань-Увс”ХХК-д газар эзэмшүүлсэн“ гэсэн тайлбарыг гаргажээ.

            “Чандмань-Увс” ХХК-ийн хувьд “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолын дагуу 2015 оны А/722 дугаартай аймгийн Засаг даргын захирамж гарсан.Захирамж үндэслэн гэрчилгээ,кадастрын зургийг 2016 оны 11 сарын 10-ны өдөр гаргуулж авсан.”Ланд менежер” программ нэвтэрсэнтэй холбоотой гэрээ хэвлэгдэхдээ захирамжийн огноотой хэвлэгдэж дараагаар нь огноог залруулсан байдаг” гэсэн тайлбар гаргасан болно.

            Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “г” дахь, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 09-ний өдрийн А/136 тоот тогтоолыг тус тус үндэслэн Улаангом сумын 12-р багийн нутагт “Чандмань-Увс” ХХК-д барилга байгууламжийн зориулалтаар 19657м 2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

            Увс аймгийн иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/136 тоот тогтоол нь “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” агуулага бүхий байх бөгөөд “Чандмань-Увс” ХХК-ийн газар эзэмшилтэй холбоотой асуудал тусгагдаагүй байна.

            Увс аймгийн Засаг даргын 2015 оны А/722 дугаартай захирамжийг үндэслэн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас “Чандмань-Увс” ХХК-д 19675м2 газрыг төрийн захиргааны байгууллагын зориулалтаар эзэмшүүлэхээр 2016 оны 11 сарын 10-ны өдөр 000436261 дугаартай төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2016 оны 11 сарын 10-ны өдөр 08501-2015/00090 дугаартай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

            Хэрэгт 2015 оны 12 сарын 14 өдөр гэсэн огноо бүхий 08501-2015/00090 дугаартай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ авагдсан байх бөгөөд энэ нь огнооны хувьд алдаатай гэрээ болох нь 2016 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ нь “Лэнд менежер” программаас хэвлэгдэхдээ 2015 оны 12 сарын 14 буюу аймгийн Засаг даргын захирамж гарсан өдрийн огноотой адил огноотой хэвлэгдсэн алдаатай байсныг залруулсан талаарх Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2016.12.13-ны өдрийн 444 дугаартай албан бичиг, “Чандмань-Увс” ХХК-ийн зүгээс 2016.11.07-ны өдрийн 130 дугаартай албан бичгээр газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргаж өгөх тухай хүсэлтийг Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт гаргаж байсан зэргээр тогтоогджээ.

            Мөн Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжид Увс аймгийн Засаг дарга биш Засаг даргын орлогч гарын үсэг зурсан байх бөгөөд тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Цэцээ шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Тухайн захирамжид зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна.Аймгийн Засаг даргын эзгүй үед Засаг даргын орлогчийн хувьд зарим захирамжид би гарын үсэг зурдаг байсан“ гэжээ.

            Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасны дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээхээр заасан байгаа тул  Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжид аймгийн Засаг дарга эзгүй үед Засаг даргын орлогч гарын үсэг зурж бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь буруу болсон байна.

            Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас “Чандмань-Увс”ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний төрлийг сонгож,захирамжаар олгогдсон газрын зориулалтыг өөрчлөн Төрийн захиргааны байгууллагын зориулалтаар олгосон байгаа нь буруу болсныг тэмдэглэв.

Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжаар “Чандмань-Увс” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “Увс дулааны станц” ХХК нь 2006 оноос хойш 36000м2  газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн байгаа байдлыг анхаарч судлахгүйгээр буюу газар эзэмших гэрээ, гэрчилгээнд өөрчлөлт оруулахгүйгээр “Чандмань-Увс” ХХК-д 19657м2 газрыг давхцуулан олгосоноор “Увс дулааны станц” ХХК-ийн эрхийг хөндсөн байна.

Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ,хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нь дагалдаж шийдвэрлэгдсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамж, “Чандмань-Увс” ХХК-д газар эзэмшүүлэх 00436261 дугаартай эрхийн гэрчилгээ, 2016 оны 11 сарын 10-ны өдөр 08501-2015/00090 дугаартай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээдэд олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.3.1, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-ийн “ Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Увс дулааны станц” ХХК-д 2006 оны 01 сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-ийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамж,2016 оны 11 сарын 10-ны өдрийн  000436261 дугаартай “Чандмань-Увс” ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээ, 2016 оны 11 сарын 10-ны өдрийн “Чандмань-Увс” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг тус тус  хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК, гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-иас тус тус улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200  / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан “Увс дулааны станц” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

,

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ