Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 119/2020/0025/З |
Дугаар | 221/МА2021/0321 |
Огноо | 2021-06-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0321
2021 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2021/0321 | Улаанбаатар хот |
ОААНам,
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ө, Орхон аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Г
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч ОААНамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Э, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Э.Т, гуравдагч этгээд Ц.А, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд П.П, Д.М, М.Т, Б.О, Д.М, В.А, Б.М, Д.У, С.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, ОААНам, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ө, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Г нарын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.8, 23.9, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Г давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх ОААНам, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Г нарын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй шийдвэр болсон тул дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь энэхүү захиргааны маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутад товлосон бөгөөд миний бие энэхүү шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг авч хэлэлцсэн, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Орхон аймаг Ардчилсан намын дарга Ц.Б нарын гаргасан хүсэлтийг авч хэлэлцээгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, мөн энэ хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-т “Нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч, шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх, мөн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй. Шүүх энэхүү хууль ёсны эрхүүдийг эдлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
2. Анхан шатны шүүх материаллаг хуулийг буруу хэрэглэсэн тухайд.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх” гэж төрийн эрх бүхий байгууллага аливаа шийдвэр /үйл ажиллагаа/ гаргахдаа баримтлах зарчмуудыг тус тус заасан байхад шүүх хуулийн зарчмыг тогтоосон хэм хэмжээг хэрэглээгүй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т “Захиргааны акт бичгээр гарах тохиолдолд захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж тус тус заасан. Маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдийг үндэслэсэн байх бөгөөд эдгээр заалтууд нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгчдийг томилох бүрэн эрхтэй гэдгийг тусгаж чадаагүй.
Тухайлбал мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” заалт нь анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудал, Тэргүүлэгчдийн тоог заасан болохоос биш аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Тэргүүлэгчдийг томилох эрхтэй гэдгийг нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээ биш. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт нь бичгээр гаргах захиргааны актад тавигддаг хууль зүйн үндэслэлийг заах, хуульд үндэслэх гэсэн шаардлагуудыг хангаагүй байхад шүүх энэхүү асуудлыг зөрчсөн талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн боловч түүнийгээ тайлбарлаагүй нь хууль хэрэглээний зөрчил гэж харагдаж байна.
Мөн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан 08/04 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн журам”-ын 2.2.1 дэх хэсэгт “Нам эвслийн бүлэг нь өөрт ногдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд жил бүр эргэлтэд оруулах зарчим баримтлан нэр дэвшүүлж болох бөгөөд тухайн саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж санал хураалгаж шийдвэрлэнэ” гэж зааснаар “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэгт оногдох тэргүүлэгчдийн тоо байх ёстой” гэж харагдаж байхад шүүх энэхүү журмыг баримтлалгүйгээр шийдсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд нэхэмжлэгч нарын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг эдлүүлэхгүйгээр ноцтой зөрчил гаргасан, мөн хууль хэрэглээний алдаа гаргаж нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчсөн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэж заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч ОААНамын дарга Ц.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Э нар давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй шийдвэр болсон тул дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд.
1.1 Анхан шатны шүүх энэхүү захиргааны маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутад товлосон бөгөөд миний бие энэхүү шүүх хуралдаанд биечлэн оролцож, “... шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох боломжоор хангаж өгнө үү” хэмээн хүсэлт тавьсан боловч шүүгч миний тавьсан хүсэлтийг авч хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулсан. Мөн шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг авч хэлэлцсэн, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг авч хэлэлцээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 20 дугаар зүйлийн 20.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх, мөн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй. Шүүх энэхүү хууль ёсны эрхүүдийг эдлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
1.2 Анхан шатны шүүх нь энэхүү захиргааны маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарласан. Тухайн үед “... Улсын онцгой комиссоос Улаанбаатар хотын эрсдэлийн түвшинг улбар шар түвшинд шилжүүлж Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох, хавтас хэрэгтэй танилцах боломжоор хангаж өгнө үү” хэмээн нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшилж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон боловч Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 17-ны хүртэл хязгаарласан.
Тус захирамжийн 3.7-д зааснаар Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тэвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан/ тээвэрлэгчдийг ПГУ шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргахаар зохицуулсан.
Өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Улаанбаатар хотоос гарч, шүүх хуралдаанд оролцох боломжтойгоор зохицуулсан зохицуулалт байхгүй. Мөн Орхон аймгийн Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр захирамж гарган Орхон аймгаас гарах, орох хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хязгаарласан. Энэхүү зорчих эрхийг хязгаарласантай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “... шүүх хуралдаанд биечлэн оролцох, мөн хавтаст хэрэгтэй танилцах боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн цахим хаяг болох [email protected] хаяг руу илгээсэн.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг авч хэлэлцсэн, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хэлэлцээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3-д заасан шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх, мөн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй. Шүүх энэхүү хууль ёсны эрхүүдийг эдлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.
2. Анхан шатны шүүх материаллаг хуулийг буруу хэрэглэсэн тухайд.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуулийн зарчмыг тогтоосон хэм хэмжээг хэрэглээгүй.
Маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдийг үндэслэсэн байх бөгөөд эдгээр заалтууд нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгчдийг томилох бүрэн эрхтэй гэдгийг тусгаж чадаагүй. Тухайлбал мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалт нь анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудал, Тэргүүлэгчдийн тоог заасан болохоос биш аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Тэргүүлэгчдийг томилох эрхтэй гэдгийг нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээ биш. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт нь бичгээр гаргах захиргааны актад тавигддаг хууль зүйн үндэслэлийг заах, хуульд үндэслэх гэсэн шаардлагуудыг хангаагүй байхад шүүх энэхүү асуудлыг зөрчсөн талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн боловч түүнийгээ тайлбарлаагүй нь хууль хэрэглээний зөрчил гэж харагдаж байна.
Мөн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан 08/04 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн журам”-ын 2.2.1-д “Нам эвслийн бүлэг нь өөрт ногдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд жил бүр эргэлтэд оруулах зарчим баримтлан нэр дэвшүүлж болох бөгөөд тухайн саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж санал хураалгаж шийдвэрлэнэ” гэж зааснаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахь Ардчилсан намын бүлэгт оногдох тэргүүлэгчдийн тоо байх ёстой гэж харагдаж байхад шүүх энэхүү журмыг баримтлалгүйгээр шийдсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд нэхэмжлэгч нарын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг эдлүүлэхгүйгээр ноцтой зөрчил гаргасан, мөн хууль хэрэглээний алдаа гаргаж нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчсөн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч У.Х давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09 ний өдрийн 08 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд.
Анхан шатны шүүх шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутад товлосон. Өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргасан.
Монгол Улсын хэмжээнд Коронавирусын халдвар тархалтыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 цаг 00 минутаас 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг 00 минут хүртэл хугацаанд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар хязгаарлалт тогтоосон. Тус захирамжийн 3.7-д зааснаар Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчдийг ПГУ шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргахаар зохицуулсан. Мөн Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/170 дугаар захирамж гарч, захирамжийн 2 дахь заалтад Орхон аймагт ирэх, аймгаас гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон.
Өмгөөлөгч миний бие Орхон аймагт шүүх хуралдаанд оролцох гэсэн үндэслэлээр Улаанбаатар хотоос Орхон аймаг болох орон нутагт зорчих боломжгүй нөхцөл байдал үүсч, хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан хүндэтгэн үзэх шалтгаанд шүүх хуралдаанд оролцох гэсэн шалтгаан ороогүй байгааг анхан шатны шүүх анхаарч, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг зөрчиж, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.
2. Анхан шатны шүүх материаллаг хуулийг буруу хэрэглэсэн тухайд.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нараас маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3-т тус тус заасныг зөрчсөн талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу хуульд үндэслээгүй, 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зэрэг хуульд заасан зарчмыг зөрчсөн хууль бус захиргааны акт” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан. Гэвч шүүх 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг баримталсан эсэхийг бүрэн хянаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Захиргааны үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх тусгай зарчим баримтална гэж үүрэг болгосон заалттай. Тус зарчмын тухайд эрх зүйт төрийн салшгүй хэсэг. Захиргааны үйл ажиллагаанд шүүхийн хяналт тавих нь зайлшгүй хэрэгцээ шаардлага юм. Гагцхүү тийм замаар захиргаа хуульд захирагдах баталгаа хангагдана. Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх гэдэг нь “Хууль дээдлэх буюу бусдын эрхийг хөндсөн аливаа шийдвэр нь заавал хуулийн үндэслэлтэй байх, гагцхүү хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах буюу захиргааны бүхий л шийдвэр эрх зүйн зөрчилгүй байх” ёстой. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2–т “Захиргааны акт бичгээр гарах тохиолдолд захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолд баримталсан зүйл заалтыг хуулийн үндэслэл бүхий байгаа эсэхийг анхаарч үзээгүй, түүнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт. Тус заалт нь Тэргүүлэгчдийн тоог заасан болохоос биш аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Тэргүүлэгчдийг томилох эрхтэй гэдгийг нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээ биш. Хууль бусаар байгуулагдсан тэргүүлэгчдийн хурлаас хууль бус шийдвэр гарах боломжтой нөхцөл байдал үүссэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийт 35 төлөөлөгч сонгогдсоноос Ардчилсан намаас 12 төлөөлөгч сонгогдсон, тухайн 12 төлөөлөгчөөс Хурлын Тэргүүлэгчид 4-5 төлөөлөгч сонгогдох эрхийг олгоогүй. Тус эрхийг хэрэгжүүлэх боломж бололцоо олгоогүй гэж маргаж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон дуу, дүрсний бичлэг бүхий СД-г шинжлэн судлахад хариуцагч Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.М-аас Ардчилсан намаас сонгогдсон 12 төлөөлөгчөөс 11 төлөөлөгчийг Хурлын Тэргүүлэгчид нэрээ дэвшүүлж, сонгогдох эрхтэй талаар тайлбарлаж, энэ талаар нээлттэй эрх олгосон байх тул нэхэмжлэгч нарын хурлын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх боломж, бололцоо олгоогүй гэх шаардлага, тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөрчигдсөн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдөхөөс сэргийлэх, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход чиглэгддэг нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилготой.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1-д заасны дагуу хурал үйл ажиллагааныхаа зарчимд энэхүү заалтыг удирдлага болгож баримтлах ёстой. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн зарчмуудыг тус тус заасан байхад баримтлаагүйд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага нь хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэж маргаж буй үйл баримт, захиргааны актын хууль зүйн үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхыг шаарддаг.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нараас “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д зааснаар анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохоор тодорхой хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ОААНамын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ОА/01 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр У.Хийг оролцуулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, хэргийн материал, нөлөөллийн мэдүүлэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2020 оны 116 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэлбэр сонгох тухай” баримт зэргийг танилцуулж, баталгаажуулаагүй атлаа “... Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Журам батлах тухай” 45 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагааг хязгаарлаагүй, тус захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсноос хойш 94 хоногийн хугацаанд холбогдох журмын дагуу хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнээд түүний 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзэхээр байна.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Ковид-19 цар тахлын улмаас нийслэлд 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг хүртэл хязгаарлалт тогтоохдоо өмгөөллийн үйл ажиллагааг хязгаарлаагүй ч Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн эрүүл мэнд, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай болон орон нутагтаа буцаж байгаа иргэдийг ПГУ шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргахаар заасан.
Шүүх “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 94 хоногийн хугацаанд холбогдох журмын дагуу хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэргээр үйлчлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах үүргээ биелүүлээгүй” гэх үйлдлийг зөвтгөөгүй бөгөөд анхан шатны шүүх үүссэн нөхцөл байдлаас хамааран ийнхүү хязгаарлалтын хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу явуулах боломжтой байсан эсэхийг анхаарч үзэлгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болохоор тодорхой хуульчилсан, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нараас хууль зүйн мэдлэг дутуу, өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтэй тухайгаа удаа дараа илэрхийлсээр байхад Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.
Нэгэнт дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул маргааны үйл баримт, давж заалдах гомдлын үндэслэлийг хянаж, дүгнэлт хийх шаардлагагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН