Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01087

 

М.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00097 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 680 дугаар магадлалтай,

М.Ч-ын нэхэмжлэлтэй

БК ТӨААТҮГ-т холбогдох,  

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Ч-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...БК ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторид 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн шинжээчээр ажилласан. Анх хүний нөөц, удирдлагын менежертэй хөдөлмөрийн гэрээг байгуулж, улмаар жил бүр шинэчилж байсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хүний нөөц, удирдлагын менежер н.Долгорсүрэн Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технилогич Т.Дэлгэрдалай хүүхэд асрах чөлөө авсан тул чамайг оронд нь ажиллуулах боллоо гэснээр тус цехэд ажилласан. Тус цехэд ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс ээлжийн амралт авч, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа очиход цехийн эрхлэгч ...одоохондоо ажилгүй байна, сул зогсолтын мөнгөө аваад амарч бай. 9 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилдаа ороорой гэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа очиход Хүний нөөц, удирдлагын менежер н.Долгорсүрэн нь Т.Дэлгэрдалай ажилдаа орох хүсэлт өгсөн тул ажлаа хүлээлгэж өг гэснээр ажлаа хүлээлцсэн. Тухайн үед н.Долгорсүрэн чамаас гадна хүмүүс байгаа, та нар нөөцөд байж бай, үйлдвэрлэл эхлэхээр шийдье, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Ц.Өлзийтогтох та нарыг ажилд томилно гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захирлын нарийн бичиг н.Уранчимэгтэй ярихад ...чиний халагдах тушаал гарсан.. гэсэн бөгөөд мөн өдөртөө захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалын хуулбаруудыг авч, ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн. Ингээд Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авахаар очиход ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт өгөх хугацаа дууссан гээд хүлээж аваагүй. Намайг 2016 оны 4 дүгээр сард Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд ажиллуулахдаа Чанар хяналт, шинжилгээний лобараторийн шинжээчийн ажлаас чөлөөлснийг мэдэгдээгүй, хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулаагүй. Тушаалууд үндэслэлгүй гарсан, тушаалтай танилцуулаагүй хууль зөрчсөн тул БК ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 9 сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд БК ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторид шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч БК ТӨААТҮГ-ын шүүхэд гаргасан тайлбартаа: М.Ч-ыг 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чанарын хяналт, шинжилгээний лабораторт шинжээчээр түр томилон ажиллуулсан. Нэгэнт анхнаасаа байнгын орон тоон дээр, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаасаа чөлөө авсан хүний оронд түр хугацаагаар ажилласан тул тухайн хүн ажилдаа орох тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ мэдэж байсан. М.Ч- нь 2012-2016 он хүртэл урьд ажиллаж байсан хүмүүсийн орон тоон дээр түр хугацаагаар ажилласан бөгөөд тухайн орон тооны жинхэлсэн ажилчид буцаад орох тохиолдолд ажлын байрыг буцаан өгдөг тул 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон М.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Гэвч байгууллагын удирдлага М.Ч-ын амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, жирэмсний амралт авсан Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технологич Т.Дэлгэрдалайгийн оронд түр хугацаагаар ажилд авч, мөн өдрөө буюу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тушаал гаргасан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 1 жил гэж заасан бөгөөд Т.Дэлгэрдалайгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж, ажилдаа орох болсон тул М.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн. М.Ч- нь 2015 онд үйлдвэрийн онцгой объектоос хаяг, шошго байхгүй био бэлдмэлүүдийг хулгайлан гарч байхдаа цагдаагийн албан хаагчид баригдаж, шалгагдаж, хулгай хийсэн нь нотлогдож, арга хэмжээ авсан боловч түүний амьдрал ахуйг бодож түр ажиллуулж байсан. 2015 онд Чанар, хэмжилт шинжилгээний лабораторид шинжээчийн албан тушаалд М.Ч-ыг томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ байгууллагын архивт байхгүй боловч М.Ч-ыг 2015 онд Чанар, хэмжилт шинжилгээний лабораторид шинжээчээр ажиллаж байсан талаар маргадаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00097 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч БК ТӨААТҮГ-д холбогдох, БК ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүг мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 680 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагаас холбогдох баримтуудыг гаргуулан авч, хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүгчийн захирамжийн дагуу холбогдох баримтуудыг нотариатаар батлуулан өгсөн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон  үндэслэлдээ “...нотлох баримтуудын хуулбар хувийг нотариатчаар гэрчлүүлэн шүүхэд гарган өгсөн, ...шүүх уг алдааг залруулалгүйгээр нотлох баримтуудыг хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу” гэжээ.

Тус шүүхийн энэхүү дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, улмаар хариуцагч нотлох баримтын зөвшөөрөгдсөн хэлбэрийг зөрчсөн гэх агуулгатай байна.

Хэргийн 23-24, 37-77 дугаар талд авагдсан бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэх шаардлагыг зөрчөөгүй байна. Эдгээр нотлох баримтын хуулбарууд үнэн зөв болохыг нотариатч гэрчилж, тамга тэмдэгээрээ баталгаажуулсан байх бөгөөд энэ баримтад хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарагдсан нь нотариатчийн үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Магадлалд заасан үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, энэ талаархи хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.Ч- нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд тус шүүх хуульд нийцээгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байх тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч М.Ч- БК ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалуудыг эс зөвшөөрч, тус газрын Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “...хүүхэд асрах чөлөөтэй ажилтан ажилдаа эргэж орсноор нэхэмжлэгчийн түр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон...”  гэж маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгч М.Ч-ыг Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчээр түр ажиллуулах тухай БК ТӨААТҮГ-ын захирлын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 342 тоот тушаал, үндсэн ажилтнаар томилсон 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаар тушаал, ажлаас халж, орны хүн иртэл үргэлжлүүлэн ажиллуулах тухай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/145 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлын байрнаас чөлөөлсөн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94 тоот тушаал, мөн өдрийн Т.Дэлгэрдалайн оронд түр ажиллуулах Б/95 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаал болон 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “түр ажиллуулах” тухай хөдөлмөрийн гэрээ тус тус авагджээ.

Нэхэмжлэгч, 2015 оны ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасныг, шүүх хангаж шийдвэрлэсэн хэдий ч тухайн гэрээ архивын ажилтны буруугаас үрэгдсэн болох талаар хариуцагч тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ, “...Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчээр үндсэн ажилтнаар томилсон 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаар тушаал болон 2014, 2015 онуудад байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад Т.Дэлгэрдалай жирэмсний амралттай учир түүний эрхэлж байсан Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технологичийн ажлыг түр хариуцуулсан, энэ үед өмнөх ажлаас халж, түр томилсон гэх тушаал, шийдвэр гаргаагүй, танилцуулаагүй, Т.Дэлгэрдалайг ажилдаа эргэн орсны дараа, урьд гүйцэтгэж байсан ажлаа хийх гэтэл ажил түр зогссон, хүлээ гэсэн, улмаар өмнөх ажлаас халсан тухай, өөр ажилд түр томилсон болон түр ажлын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай 2016.04.27-ны Б/94, Б/95, 2016.09.12-ны Б/161 тоот тушаалуудыг 2016.10.12-ны өдөр хүлээлгэн өгсөн” гэж тайлбарлажээ.

Хариуцагч байгууллага М.Ч-ыг анхнаасаа бусдын оронд түр ажиллаж байсан гэж маргасан байна.

Хариуцагч дээрх тушаалуудыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн цаг хугацааны талаар маргаагүй, нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандсан байх тул   Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн нотлох баримтаар гаргасан М.Ч-ыг ажлаас халж, орны хүн иртэл үргэлжлүүлэн ажиллуулах тухай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/145 тоот тушаал, мөн 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн түр гэх хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч үгүйсгэсэн бөгөөд эдгээр баримтын хууль зүйн үндэслэл тодорхой бусаас, эргэлзээтэй байна. Тухайлбал, өмнө эрхэлж байсан ажлын байранд ямар үндэслэлээр түр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулснаа хариуцагч нотлоогүй байна.

Хариуцагч БК ТӨААТҮГ-ын нэхэмжлэгч М.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн ажлаас чөлөөлсөн Б/94 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дах хэсэг буюу ажил олгогч санаачилсан, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг буюу талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай эрх зүйн өөр өөр үр дагаварыг үүсгэсэн хуулийн хэм хэмжээг баримталсан боловч чухам ямар үндэслэлээр “хөдөлмөрийн гэрээг цуцалж, эсхүл дуусгавар болгож” байгааг тодорхой заагаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, тодорхой үндэслэл, шалтгаан байгаа бол талууд тохиролцож гэрээг хугацаатай байгуулж болохыг заажээ.

Үүнээс гадна тухайн зүйлд ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж болохыг тодорхойлсон байна.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч М.Ч-ыг анхнаасаа Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчээр бусдын оронд ажиллаж байсныг нотлоогүй, өөрөөр хэлбэл энэ талаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, зохих шийдвэр гаргасан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М.Ч-ыг үндсэн ажилтнаар томилсон 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаар тушаалын дагуу ...шинжээчээр ажиллаж байсан гэж үзнэ.

Эдгээрээс дүгнэхэд ажил олгогч М.Ч-ыг ажлаас халсан нь хууль зөрчсөн байх тул түүнийг Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 11.308.852 төгрөг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хуульд шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан. Шүүх дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох” журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундаж нэг сарын 537.966 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл /21 сар, ажлын 10 хоног/ бодож тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 680 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00097 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар М.Ч-ыг  БК ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11.308.852 төгрөг гаргуулж, уг цалинд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...дурдсугай.” гэснийг “...дурьдаж, хариуцагчаас 195.892 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ