| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0118/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 27.9.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Д.П
Улсын яллагч Б.Д
Шинжээч М.Г
Шүүгдэгч Д.А
Шүүгдэгч Д.Б
Шүүгдэгч Б ХХК-ний төлөөлөгч Д.Б
Шүүгдэгч Д.А-н өмгөөлөгч Г.Т
Шүүгдэгч Д.Б, Б ХХК нарын өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Б ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн ... оны ... сарын сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 05 сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл Ш овогт Д.Б,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 5, ээж, 2 дүүгийн хамт амьдрах, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Ж овогт П.А,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч хуулийн этгээд, регистрийн дугаар ..., Улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээтэй, 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ... шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, Б гэсэн оноосон нэртэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байршилтай, “хатуу хучилттай зам барих” үйл ажиллагаа явуулдаг Б хязгаарлагдмал хувьцаат компани нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд авагдсанаар /
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт авто замын байгууламжийн засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-д заасан “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ. а/ Засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” 1.21-д заасан “Засварын ажил/ тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрон гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэх заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.А нь зам тээврийн осол гаргаж иргэн Т.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч П.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2017 оны 09 дүгээр 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай эсрэг урсгалтай, 2 эгнээ зам дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл/жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/” 3.4-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Т.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Б хариуцлагатай хувьцаат компани нь 2017 оны 09 дүгээр 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт авто замын байгууламжийн засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-д заасан “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ. а/ Засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” 1.21-д заасан “Засварын ажил/ тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрон гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэх заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.А нь зам тээврийн осол гаргаж иргэн Т.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны 09 сарын 08-нд Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд Г, Н, Д нарын хамт Замын-Үүд суманд ажилтай явж байсан. Шөнө 01-02 цагийн хооронд Улаанбаатар хотоос хөдлөөд 130 км яваад Б цайны газрын ойролцоо унтаж амраад өглөө 06 цагийн үед сэрээд Замын-Үүд сум руу явсан. Тэгээд ... гэсэн тэмдэглэгээтэй шонгийн хажуугаар өнгөрөхөд тойруу зам эхэлсэн учраас хурдаа нилээн хассан. Хурд хасахаас өмнө 100-110 км цагийн хурдтай явж байсан. 610-611 дүгээр шон дээр ирэхэд том тэрэг зам дээр байгаа харагдахаар нь том тэрэгтэй зөрөх юм байна гэж бодсон. Тэгээд нэлээн ойртоход том тэрэг зам руу шахаад зогссон байсан. Түүнийг өнгөрөөд хоёр зэрэгцээ нүх харагдсан. Тэгээд дөхөөд очиход миний явж байсан урсгалд нүх ухсан байсан. Би 10-20 метрийн зайд харсан. Ингээд тормоз гишгээд нүхээ тойрох гээд амжаагүй байхад дугуй тас гээд дуугарсан, ингээд машины рүлийг дийлээгүй, баруун талруугаа замын хажуу руу онхолдож, 2 бүтэн эргээд 4 дугуйн дээрээ буусан. Цаг агаарын хувьд нартай, дулаан, үзэгдэх орчин хэвийн, бага зэрэг уруу газар байсан. Тухайн үед зам засварын ажил хийгдэж байгаа талаар анхааруулах тэмдэг байгаагүй, хэрэв байсан бол харагдах боломжтой байсан. Миний хувьд жолооны эрхийг хасуулсан байсан. Ер нь бол машинаа хүнээр бариулна гэж бодож байсан юм. Өнгөрсөн хугацаанд тэр нүхийг яагаад хараагүй юм бол гэж дандаа л боддог, өөрийн болгоомжгүй байдлаас болж хүний биед хүнд гэмтэл учруулсандаа их гэмшиж байгаа. Н оюутан учраас байнга явган явах, автобусаар явах боломжгүй байсан байна, эмчилгээ хийгдэж байгаа талаараа надад хэлдэг байсан. Өөрийн зүгээс боломжоороо эмчилгээний мөнгө өгч байсан. Тэгээд сүүлд Н, Н-н найз Г нартай ярилцаж байгаад приус 20 машин лизингээр авч өгсөн. Ингэхдээ 7,200,000 төгрөгийн урьдчилгааг би гаргаж, Г-н нэр дээр зээл гаргуулаад, сар бүрийн зээл төлөлтийг би төлөөд явж байгаа, нэгэнт хүний биед хүнд гэмтэл учруулсан учраас үүргээ ухамсарлаж ийм шийдвэр гаргасан. Н 10,000,000 төгрөг нэхэмжилсэн, миний хувьд машины урьдчилгаа болон бэлнээр өгсөн мөнгө, зээл төлөлт нийлээд 10,591,500 төгрөг төлсөн. Мөн би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон. Би осол болохын өмнө Приус 20 маркийн машиныг линзингээр авсан байсан. Машиныг эвдрэлийг нийт 6,361,000 төгрөгөөр үнэлсэн байгаа тул тал үнийг буюу 3,180,500 төгрөгийг Б ХХК-ний захирал Б-с гаргуулж өгнө үү, мөн биеэ эмчлүүлсэний зардал нэхэмжлэх гэсэн боловч баримт байхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Манай Б компани нь Замын-Үүд Сайншанд чиглэлийн А038 чиглэлийн 80 км авто замын засварын ажлыг 2019 оны 09 сарын 06-ны өдрөөс хийж эхэлсэн юм. Уг хатуу хучилтыг нөхөн ажлыг миний бие хариуцан ахалж ажиллаж байсан. Ингээд 2017 оны 09 сарын 09-ны өдөр 51- дэх км-ээс 10-11 цагийн орчимд зам засварын 4 дэх эвдрэлийн хатуу хучилтыг технологийн дагуу зүсэлт хийж, хөрөөдөж авсан, энэ нь 3,91 м2 газар байсан бөгөөд доошоо 2-3 см хиртээ ухсан юм. Ажил хийж байх үедээ зам арчилалтын ажил хийгдэж байгаа талаар анхааруулах 1.21 гэсэн тэмдэгийг тавьж ажлаа хийсэн. Ингээд бид тухайн хучилтын эвдрэлийг нөхөх хэсгийг бэлэн болгочихоод дараагийн ажил руу явсан энэ үедээ анхааруулах тэмдгийг өөрийн санамсаргүй байдлаас тавихгүй орхисон байсан. Дараагийн ажлыг хийж байх үед осол гарчихлаа гэж бидэнд мэдэгдсэн. Компаний зүгээс аюулгүй ажиллагаа болон ажилд хэрэгцээт бүхий л багаж, техник, тоног төхөөрөмжөөр хангасан байсан. Мөн бид засварын ажил эхлэхийн өмнө анхааруулах самбаруудыг зохих газарт байрлуулсан байсан бөгөөд осол болсон газраас хойхно мөн хурдаа хас, зам засвартай гэсэн анхааруулах самбар тавьсан байсан. Бид зам засварын ажил хийж байхдаа Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 2011 оны тушаалаар батлагдсан нормыг баримталж ажилладаг. Болгоомжгүй байдлаас болж ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Б ХХК-ний төлөөлөгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би тухайн зам тээврийн осол болсон тэр өдөр Улаанбаатар хотод ажиллаж байсан. Осол болсоныг сонсоод орой нь ирсэн. Тухайн зам тээврийн осол болсон нүх маань осол гарахаар хэмжээний байгаагүй. Авто замын засварын ажлыг бол технолгийн дагуу хийж явдаг. Тухайн нүх бол 1-2 см гүнтэй 1 метрийн диаметртэй нүх байсан. Замын ажлыг хийж байхад 1.21 гэсэн тэмдэг тэмдэглэгээг тавих шаардлагатай байдаг. Тэр тэмдэглэгээг манай ажилчид тухайн үедээ тавьж ажилласан. Бид нар фото зургаар авч баталгаажуулсан байгаа. Бид хийж байгаа ажлаа цаг тухай бүрт нь цаг минуттай авч баталгаажуулж, зам тээврийн яаманд хүргүүлдэг. Тэгээд тухайн нүх бол цаанаас ирэхэд харагдахаар байсан, тэр том тэрэг бол нүхнээс зайтай зам шахаад тавьсан байсан гэсэн. Тухайн хэсэг бол тойруу хэсэг байхгүй шулуун хэсэг газар бөгөөд Улаанбаатар талаас ирэхэд бага зэрэг уруу, нүх ухсан байгаа нь харагдахаар байсан. Компаний зүгээс зам засварын ажлыг хийх талаар төлөвлөгөө гаргаж, түүнд заагдсан ажлыг хийх ажилтнуудыг томилж, техник, тоног төхөөрөмжөөр хангасан, зам засварын ажил хийгдэж байгаа талаарх самбарыг жолооч нарт харагдахаар байрлуулсан, мөн холбогдох байгууллагуудад албан бичгээр мэдэгдсэн учраас буруутай гэж бодохгүй байна, шүүх буруутай гэж үзвэл хохирлыг нөхөн төлнө” гэсэн мэдүүлэг
Шинжээч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Бид дүгнэлт гаргахдаа 2018 оны 11 сарын 01-нээс эхэлж мөрдөж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрмийг ашигласан. Авто замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын талаар 2011 оны сайдын тушаалд тэмдэг, тэмдэглэгээ, стандартыг зааж өгсөн байгаа, энэ талаар бол манайх дүгнэлт гаргахгүй. Жолоочийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан, эрхгүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй шүү дээ. Мөн жолооч аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ авах ёстой байсан, хэргийн газрын үзлэг, бүдүүвч зургаас үзэхэд тормосны ул мөр байгаагүй. Иргэн, хуулийн этгээдийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйлийг зөрчсөн, өөрөөр хэлбэл зам засварын ажил хийж байхдаа 1,21 гэсэн тойрон гарах, анхааруулах тэмдгийг тавих ёстой байсан гэж үзсэн. Ер нь эдгээр хүмүүсийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзсэн болохоос гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй” гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7/
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-12/
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 14/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 15/
Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2017 оны 09 сарын 09-ний өдөр 02 цаг болж байх үед А-н ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Н, Г бид нар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хувийн ажлаар явсан. ... А-г жолоо алдаад машин дайвж байх үед нь би сэрсэн. Тэгээд би харахад замын хажууруу ороод 1-2 удаа автомашин эргэсэн байх. Тухайн үед миний бие гайгүй байсан. Харин хойно сууж Г, Н хоёр ухаан алдсан байх шиг байсан. Тэгээд би машинаас буухад замын хажууд зогсож байсан том тэрэгний жолооч ах ирж байсан. Мөн зам дээр автомашинууд зогсож байсан. Тэгээд Н-г тэр том тэрэгний жолооч ах бид хоёр өргөж замын машинаар Замын-Үүд сум руу явуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/
Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Замын-Үүд сумаас Улаанбаатар чиглэлд ачаа тээвэрлэж явж байгаад машины мотор Замын-Үүд сумаас 47 км-с 48 км-н заалтны хооронд цохьчихсон эвдрэлтэй машинаа орхиж явж болохгүй 7 хоног машиндаа хоносон 2017 оны 09 сарын 09-ний өдөр 10 цагийн үед зам засварын хүмүүс замын эвдрэл янзлах гээд хагарсан хэсгийг дөрвөлжилж ухаж байсан миний машины ертөнцийн зүгээр урд талд 10 орчим метр зайнд замын голд ойролцоогоор 1 метрийн хэмжээтэй нүх ухчихаад яваад өгсөн, үүнээс хойш 11 цагийн орчим би машины доор сүүдэрт хэвтэж байтал машины тоормос гишгэх чимээ сонсогдсон тэгтэл хойд чиглэлээс ирж байсан машин замын баруун тал руу орж онхолдож хоёр бүтэн эргээд дугуйн дээрээ буусан би гүйж очоод машин дотор зорчиж явсан 1 эмэгтэй, хоёр залууг замын машинд суулгаж явуулсан ... Осол гаргасан машин дугуйгаараа дайрсан нүхний ойр орчим ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй осол болсон газраас хойд зүгт зам засварын тэмдэг тэмдэглэгээ тавьсан гэж байсан тэр нь осол болсон газраас харагдахгүй байсан. Би машинаа замын ертөнцийн зүгээр зүүн тал руу буюу явж байгаа урсгалынхаа баруун тал руугаа шахаж тавиад ослын тэмдэгийг урд хойноо тавьсан байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч П.Г 2017 оны 09 сарын 25-ны өдрийн “1. Г.Г-н биед цээжний баруун талд 1-р хавирганы өвчүүтэй нийлэх мөгөөрс хэсгээр зөрөөгүй хугарал, баруун уушгины дээд дэлбэнд эдийн няцрал, баруун мөр орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүдийн цээжний баруун талд 1-р хавирганы өвчүүтэй нийлэх мөгөөрс хэсгээр зөрөөгүй хугарал, баруун уушгины дээд дэлбэнд эдийн няцрал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба баруун мөр орчмоор зөөлөн эдийн няцрал “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 314 тоот дүгнэлт /1-р хх-ийн 48/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч П.Г-н 2017 оны 09 сарын 27-ны өдрийн “ 1. Т.Н-н биед сээрний 7-р нугаламын их биеийн шахагдаж бутарсан хугарал, нугасны дарагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын готонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэсэн шинжээчийн 319 тоот дүгнэлт /1хх-ийн 52/
Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2017 оны 11 сарын 03-ны өдрийн ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины эвдрэл, хохиролд 6,361,000 төгрөгийн үнэлгээ тогтоогдов гэсэн 08749800 тоот үнэлгээний тайлан /1-р хх-ийн 54/
Хохирогч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын баримт /1-р хх-ийн 74-105/
Шүүгдэгч П.А нь 2017 оны 07 дугаар сарын 12-нд 8 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан талаарх лавлагаа /1-р хх-ийн 106-107/
... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 108/
2017 оны 09 сарын 09-ний өдрийн Г.Г-г эмнэлэгт хүргэсэн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 112/
2017 оны 09 сарын 09-ний өдрийн Т.Н-г эмнэлэгт хүргэсэн яаралтай тусламжийн хуудас, өвчтөний түүх /1хх-ийн 116, 118-141/
Шүүгдэгч Б ХХК-иас 2019 оны 09 сарын 05-ны өдрийн “Цагдаагийн хэлтэс, Замын-Үүд дэх төлбөр авах нэгж, Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар зэрэгт А10103 дугаартай Замын-Үүд-Сайншанд чиглэлийн улсын чанартай авто замын засвар арчлалтын ажил 2017 оны 09 сарын 06-ны өдрөөс 10 сарын 30-ныг хүртэл хугацаанд хийгдэх тул уг чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгсэлд анхаарал болгоомжтой зорчих санамж өгч, хамтран ажиллана уу “ гэсэн 01/147 дугаартай албан бичгийн хуулбар /хх-ийн 1-р хх-ийн 145-147/
Шүүгдэгч Д.Б-с хэрэгт өгсөн “ Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд “ Жолооч нарыг хурдаа тохируулж явахыг анхааруулсан”, Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд явахад төлбөр хураах нэгжид “ зам засвартай, хурдаа тохируулна уу” гэсэн самбаруудын зураг, мөн зам засварын ажлыг хийж байхад болон хийсэний дараах байдлыг харуулсан зургууд /1-р хх-ийн 148-164/
Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Манай Б ХХК нь 2017 оны 09 сарын 03, 04-ний үед зам засварт гарсан, өдрөө сайн санахгүй байна, тухайн зам дээр дээр гарсаныхаа маргаашнаас эхэлж зам засвартай гэсэн тэмдэг, тэмдэглээг тавьж эхэлсэн “ гэсэн мэдүлэг /1-р хх-ийн 222 хуудасны ар талд/
Гэрч Б.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ тухайн зам дээр гарч зам засварын ажил хийж байх үед 2017 оны 09 сарын 05-ны өдрөөс эхэлж зам засварын ажилд гарч эхлээд зам дээр тэмдэг тэмдэглэгээг хийж эхэлсэн. Тэмдэг тэмдэглэгээг тавихдаа Замын-Үүд сумаас хойш тэмээтэй хаалганы хойд талд зам засварын ажил хийгдэж байгаа тул анхаарал болгоомжтой явна уу гэсэн утгатай үг бичсэн самбарыг байрлуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 223/
Гэрч О.Ө мөрдөн шалагх ажиллагаанд өгсөн “ тухайн хэргийн газар руу явах үед Замын-Үүд сумаас гараад пүүний цаад талд зам засварын ажил хийгдэж байгаа тул та хурдаа тохируулж явна гэсэн бичиглэл бүхий цэнхэр самбар байсан. ...хэргийн газар дээр очиж үзлэг хийх үед аспалтыг ухаж авсан нүхэнд түмбэ байхгүй байсан. Хэргийн газрын үзлэгийг дуусгаад Улаанбаатар чиглэлд самбар байрлуулсан эсэхийг үзэх гээд явахад 2-3 нүх байсан, тэр нүхнүүд дээр нь түмбэ байрлуулсан, мөн зам засвартай гэсэн самбарыг замын хөвөөн дээр зам тээврийн осол болсон гэх газраас цааш 2-3 км-ийн зайд байрлуулсан байсан “гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 228-229/
Шүүгдэгч П.А нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 14/
Хуулийн этгээдийн нэр - Б Хязгаарлагдмал хувьцаат компани, хатуу хучилттай зам барих үйл ажиллагааны чиглэлээр 2003 онд үүсгэн байгуулагдсан, гишүүнчлэлийн тоо 1, хугацаагүй, Д.Б-г захирлаар томилсоныг бүртгэв гэсэн агуулга бүхий бичвэртэй, ... дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 30/
Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийн хуулбар /2-р хх-ийн 31/
Б ХХК-ний захирлын 2015 оны 06 сарын 12-ны өдрийн “Д.Б-г геодизын инженерын ажилд томилсон б/24 тоот тушаал”-ын хуулбар” /2-р хх-ийн 32/
Х банк ХХК-ний 2018 оны 02 сарын 05-ны өдрийн “ П.А-тай холбоотой эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн агуулга бүхий 5074/19 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 35/
Прокурорын 2018 оны 01 сарын 12-ны өдрийн “... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” 5/01 тоот прокурорын тогтоол /2хх-ийн 36-37/
Иргэний нэхэмжлэгч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01 цагийн орчимд би найз охин Н, мөн найз А, Д нарын хамт бүжгийн үдэшлэг, сургалт хийх зорилгоор Замын-Үүд сум руу гарсан. Тухайн үед А-н эзэмшлийн ... улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашинтай Улаанбаатар хотоос гарсан. А машинаа жолоодоод, Д урд талын зорчигчийн суудал дээр, харин Н бид хоёр ард талын суудал дээр сууж явсан. Би хэсэг хугацаанд машиныг жолоодож яваад, жолоогоо А шилжүүлсэн. Гэхдээ хаанаас хаа хүртэл жолоодсоноо сайн санахгүй байна Түүнээс хойш би унтсан. Намайг сэргэхэд миний найз охин Н надаас илүү гэмтчихсэн байсан болохоор тухайн үед миний яг юу юу өвдөж байсныг би одоо санахгүй байна. Шоконд орчихсон байсан. Тэгээд Улаанбаатар хотоос яаралтай тусламжийн машин ирээд Н бид хоёрыг авч явсан. Би осол юунаас болж гарсаныг сайн мэдээгүй. Тухайн үед би унтаж байсан. Би түүнийг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг хараагүй. Шинжээч эмчийн дүгнэлтэн дээр бичигдсэн гэмтлүүд миний биед учирсан. Би Т гэх нэртэй хувийн эмнэлэг 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сард 7 хоногийн хугацаатай Х сувилалын газарт эмчилгээ хийлгэсэн. Би Т нэртэй хувийн эмнэлэгт 7 хоногийн хугацаатай хэвтсэн. Эмчилгээний зардал 431.000 төгрөг, мөн ГССҮТ-д үзүүлэхэд 15.000 төгрөг, Х сувилалын газарт эмчлүүлэхэд 322.000 төгрөгийн зардал гаргасан. Надад Т эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон ГССҮТ-д үзүүлсэн баримт байна. Харин Х сувилалын газарт эмчлүүлсэн баримт байхгүй. Үүнээс гадна хувиараа авсан эм, тарианы зарлага гарсан. Гэхдээ надад баримт алга. Би эмчилгээний мөнгө болох 1.000.000 төгрөгийг Б ХХК-аас нэхэмжилж байна. Энэ мөнгийг барагдуулчихвал надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би уг осол гарах болсон шалтгааныг Б ХХК-ийн буруутай үйлдлээс болсон гэж бодож байгаа тул Б ХХК-аас дээрхи эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Харин А-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 108-109/
Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01 цаг өнгөрч байхад би өөрийн найз залуу Г, найз А, Д нарын хамт А-н ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу гарсан. Машиныг А жолоодож, Д урд талын зорчигчийн суудал дээр, Г бид хоёр ард талын суудал дээр сууж явсан. Бид Улаанбаатар хотоос гараад 2 удаа зогсож унтсан. Үүр цайж байхад Г А-с жолоог шилжүүлэн авч, хэсэг хугацаанд машиныг барьсан. Тэгээд дахин зогсож бие засчихаад А машиныг үргэлжлүүлж жолоодсон. Би хэсэг хугацаанд сэрүүн явж байгаад унтсан. Намайг унтаж байхад А-н “Яанаа” гэх дуу сонсогдоод машин өнхөрсөн. Тухайн үед цаг ойролцоогоор 10 цаг өнгөрч байсан байх. Би тэрүүхэн хугацаанд буюу машин унах үед ухаан алдсан. Тэгээд нэг сэргэхэд миний бие хөдлөхгүй, хөхнөөс дээш хэсэг л мэдээтэй, би урд талын 2 суудлын гол хэсэгт 2 талын суудлыг тохойгоороо түшсэн байдалтай байсан. Тухайн үед миний хажууд сууж явсан Г ухаан алдсан байсан. Эхлээд Д, А хоёр машинаас буугаад Г-г машинаас гаргаж ухаан оруулчихаад, дараа нь намайг машинаас гаргасан. Намайг машинаас гаргангуут миний 2 хөл 2 тийш алцайгаад, ямар ч удирдлагагүй болсон байсан. Би өөрөө анагаахын төгсөх курсын оюутан байсан болохоор нуруу нугас гэмтсэн байна гэдгээ мэдсэн. Тэгээд Д, А хоёрт “намайг хамаагүй хөдөлгөж болохгүй шүү” гэж хэлээд үйлдлийг нь удирдсан. Тухайн үед хажууд том тэрэгний жолооч гэх үл таних ах ирсэн байсан Тэгээд Д, Г бид гурав замын унаанд сууж Замын-Үүд сум руу явсан. Бид нарыг эмнэлэг рүү явж байх хооронд өөдөөс яаралтай тусламжийн автомашин ирсэн тул бид нар эмнэлгийн машинд шилжин сууж, эмнэлэгт хүргэгдсэн. Би Замын цагдаагийн албанаас гаргасан дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би уг замын ослыг гарахад А-н ч буруутай, мөн Б ХХК-ны ч буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Би эмчилгээний зардлаа Б ХХК-аас нэхэмжилж байна. Учир нь замын хучлагыг хуулсан тэр нүх байгаагүй бол зам тээврийн осол гарахгүй байсан гэж бодож байна. Тийм болохоор А-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин Б ХХК-аас эмчилгээний зардал 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг барагдуулчихвал гомдол санал байхгүй. Би урьд нь 5.511.872 төгрөгийн хохирлын тооцоо гаргуулсан. Үүнээс баримттай 3.961.872, баримтгүй 1.550.000 төгрөгийн тооцоо байгаа. Үүнээс хойш дахин эмчилгээний зардлуудыг хувиасаа төлсөн. 2018 оны 04 дүгээр сард Х сувилалын газарт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн 322.000, Ц эмнэлэгт 30 хоног эмчлүүлсэн 390.000 төгрөг, үзлэгийн мөнгө 40.000 төгрөг, Замын-Үүд сум руу галт тэргээр ирсэн зардал 32.600, буцах зардал 32.600 төгрөгүүд буюу нийт 817.200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Үүнээс баримттай 272.600, баримтгүй 544.600 төгрөг байна. Би зарим эм тариа, таяг, суултуурын мөнгө зэргийг оролцуулаагүй. Одоогийн байдлаар надаас 6.329.072 төгрөгийн зардал гарсан. Миний биед учирсан гэмтэл нь цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай тул би нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 110-111/
Хохирогч Т.Н-н гаргасан хохирлын баримт /2-р хх-ийн 114/
Иргэний нэхэмжлэгч Г.Г-с гаргасан хохирлын баримт /1-р хх-ийн 116/
Шүүгдэгч Д.Б нь урьд шийтгэлтэй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 130/
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зам засварын ажил эхлэхийн өмнө Б-д аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн чиглэлээрх зааварчилгыг хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцсан ажилтан өгсөн. Миний хувьд төсөв, график, тоо хэмжээний талаар л зааварчилгаа өгсөн. Харин өдөр тутмын үйл ажиллагаанд бидний зүгээс зааварчилгаа өгдөггүй. Манай байгууллагын дотоод журамд ерөнхий заварчилгааг хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцсан ажилтан, өдөр тутмын зааварчилгааг талбай хариуцсан ажилтан өгнө гээд заачихсан байгаа” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 133/
Иргэний хариуцагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Уг зам тээврийн осолд А-г буруутай гэж үзэж байгаа тул хохирлыг 100 хувь барагдуулахгүй. Манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шүүх шийдвэрлэх байх” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 136/
Б ХХК-ний дотоод журам /3-р хх-ийн 118-128/
2017 оны 03 сарын 13-ны өдрийн “Замын сангийн хөрөнгөөр 2017 онд гүйцэтгэх авто замын засвар, арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээ”-ний хуулбар /3-р хх-ийн 89-94/
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “ 1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4. Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна. гэж заасны дагуу шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхэд техникийн шинжээч нар хариулах боломжгүй.
2. T.Prius 20 маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);
3. Жолооч Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэж заасныг “хавтаст хэргийн 000018 дугаар хуудсын ар тал, 000029 дугаар нүүрт жолооч П.А-н мэдүүлэгт, зам дээр ухсан нүхийг хараад тойрч гарах үйлдэл хийсэн” тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Б ХХК, болон Б ХХК-ий инженер Д.Б нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.4. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ:
а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 /засварын ажил/ тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн 452 дугаар дүгнэлт /4-р хх-ийн 23/
Шүүгдэгч П.А-н өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “ шүүгдэгч П.А-н Г банк ХХК дахь ... дугаар бүхий дансны хуулга 7 хуудас, Н ХХК, Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ” ,
Хохирогчийн Т.Н шүүхэд гаргасан “ А-тай байнга холбоотой байсан бөгөөд 2019 онд нөхөн сэргээх эмнэлэгт хэвтүүлж бүх зардлыг төлсөн, мөн 2019 оны 09 сарын 02-нд Н ББСБ-аар дамжуулан 7,200,000 төгрөгийн урьдчилгаа төлж, Г.Г-н нэр дээр зээл авч, Приус 20 машин авч өгсөн, А нь өөрөө зээлийг бүрэн төлж дуусгаж, миний нэр дээр шилжүүлж өгөхөө амалсан. Ингэснээр П.А хохирлоо барагдуулсан, гомдолгүй гэж хэлмээр байна, харин Б ХХК-ны зүгээс авто ослын дараа нэг ч удаа холбогдож биеийн байдлыг асууж, хохирол барагдуулах талаар яриагүй, миний нэхэмжилсэн мөнгийг гаргуулж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна “ гэсэн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн нь үндэслэлтэй, харин шүүгдэгч Б ХХК, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна. Учир нь:
Хавтаст хэрэгт авагдсанаар шүүгдэгч Д.А нь 2017 оны 09 сарын 09-ний өдөр 11 цагийн үед ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Замын-Үүд сум орохоор явах үедээ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт буюу Замын-Үүд сумаас хойш 47 км газарт зам засварын ажил хийгдэж байсан зам дээр осол гарган, зорчих хэсгийнхээ баруун тал руу онхолдож, машинд зорчиж явсан хохирогч Д.Н-н эрүүл мэндэд хүнд гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Г-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Шинжээчийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 452 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч П.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “ Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл “, 3.4-д “ Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.”, 12.3-д “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн байгаа нь түүнийг замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, бусдын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэж үндэслэл болж байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хохирол, хор уршигийг учруулсан байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Д.Б нь Б ХХК-д инженерээр ажиллаж байхдаа 2017 оны 09 сарын 09-ны өдөр өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт буюу Замын-Үүд сумаас 47 км газарт тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт 3,91 м2 замын хатуу хучилтыг хуулж, 2-3 см орчим ухах ажлыг гүйцэтгэж, нөхөх ажлыг хийлгүй орхихдоо зам засварын ажил хийж байгаа талаар анхааруулах болон түүнийг тойрон гарах чиг заасан тэмдгийг байрлуулаагүй байсны улмаас шүүгдэгч П.А нь зам тээврийн осол гаргаж, бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан,
шүүгдэгч Б ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамтай 2017 оны 03 сарын 13-ны өдөр “Замын сангийн хөрөнгөөр 2017 онд гүйцэтгэх авто замын засвар, арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хоорондын гэрээ”-г байгуулан Сайншанд-Замын Үүд чиглэлийн хатуу хучилттай 80 км зам засварын ажлыг гүйцэтгэж байсан үйл баримт болсон байна.
Шинжээчийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 452 дугаартай дүгнэлтээр “Б ХХК, болон Б ХХК-ний инженер Д.Б нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.4-д заасан “ Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 /засварын ажил/ тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах “ гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд заасан “ замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих “ гэмт хэргийн гол шинж нь авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих” - ийг шаардах бөгөөд гэмт хэргийн дээрх гол шинжийг агуулсан байхын тул гэм буруутайд этгээд нь Монгол Улсад мөрдлөг болгон ажиллах стандартыг зөрчсөн байх юм. Шүүгдэгч Д.Б, Б ХХК нар нь зам засварын ажил хийхдээ мөрдлөг болгон ажиллах Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 216 дугаар тушаал, түүний хавсралтанд зааснаар ажил, үүргээ гүйцэтгээгүй, техникийн шаардлага, стандарт нормыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд Б зам ХХК, Д.Б нарыг Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-д заасныг буюу 1.21 тэмдэг байрлуулах гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байгаа боловч энэ нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болохгүй юм. Өөрөөр хэлбэл авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтыг нэн түрүүнд жолооч хангаж явах үүрэгтэй бөгөөд энэхүү үүрэг нь шүүгдэгч П.А-д байсан ба тэрээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тохиолдлын шинжтэй ямар ч, аюул саад бий болсон нөхцөлд зогсоох арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй байгаа нь ослын үндсэн шалтгаан болох юм.
Харин шүүгдэгч Д.Б-н хувьд замын хатуу хучилтыг хуулж ухаж авах, нөхөх ажлыг хийхэд бэлтгэх явцдаа зохих тэмдэг, тэмдэглээг байрлуулсан боловч нөхөөгүй орхихдоо 1.21 гэсэн тэмдгийг байрлуулаагүй орхисон байгаа нь замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг мөрдөж ажиллаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм, хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Шинжээчийн 452 дугаартай дүгнэлтээс үзэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-д заасан 1.21 тэмдгийг байрлуулан ажиллах субьект нь иргэн, хуулийн этгээд хоёрын аль нь байсан талаар зааглаж гаргаж чадаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байгаагаас үзэхэд шүүгдэгч нарыг 2-уулаа буруутай гэж үзэх боломжгүй байна. Учир нь зам засварын ажлыг ахлан гүйцэтгэж байсан эрх бүхий хүн нь шүүгдэгч Д.Б байсан, тэрээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх, ажил гүйцэтгэх явцдаа холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах үүргээ биелүүлээгүй байгаа нь дээрх дүрмийн заалтыг зөрчсөн гэж үндэслэлтэй юм.
Харин Б ХХК нь зам засварын ажил эхлэхийн өмнө ажил гүйцэтгэгч нарт төлөвлөгөө гаргаж өгсөн, зам засварын ажилд хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмжөөр хангасан, жолооч нарыг хурдаа тохируулж явахыг анхааруулах самбарыг зам засварын ажил эхлэх газраас байршуулсан, холбогдох байгууллагуудад зам засварын ажил хийгдэх гэж байгаа талаар албан бичиг хүргүүлсэн зэрэг хийгдвэл зохих ажлыг гүйцэтгэсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 145-147 дугаар хуудсанд авагдсан албан бичгүүд, 148-164 дүгээр хуудсанд авагдсан “ Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд “ Жолооч нарыг хурдаа тохируулж явахыг анхааруулсан”, Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд явахад төлбөр хураах нэгжид “ зам засвартай, хурдаа тохируулна уу” гэсэн самбаруудын зураг, мөн зам засварын ажлыг хийж байхад болон хийсэний дараах байдлыг харуулсан зураг, гэрч О.Ө /1-р хх-ийн 228/, гэрч О.Э /1-р хх-ийн 222/, гэрч Б.Ү /1-р хх-ийн 223/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогддог. Иймд дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч Б ХХК-г Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-д заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжээчийн 452 дугаартай дүгнэлтийг үнэлсэн, Эрүүгийн хуулийн 27.9 дүгээр зүйлийн 1-д заасныг шалгасан зэргээс дүгнэвэл шүүгдэгч Б ХХК нь зам засварын ажил хийхдээ Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан “ нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор,
шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д “ шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм, хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.А, Д.Б нарын үйлдсэн хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-12/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 15/, гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/, гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч П.Г-н 2017 оны 09 сарын 25-ны өдрийн “ Г.Г-н биед хөнгөн гэмтэл учирсан ”агуулга бүхий гэсэн 314 тоот дүгнэлт /1-р хх-ийн 48/, мөн шинжээч эмчийн 2017 оны 09 сарын 27-ны өдрийн “ Т.Н-н биед сээрний 7-р нугаламын их биеийн шахагдаж бутарсан хугарал, нугасны дарагдал бүхий хүнд гэмтэл учирсан “ гэсэн агуулга бүхий 319 тоот дүгнэлт /1хх-ийн 52/, шүүгдэгч П.А нь 2017 оны 07 дугаар сарын 12-нд 8 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан талаарх лавлагаа /1-р хх-ийн 106-107/, иргэний нэхэмжлэгч Г.Г-н /2-р хх-ийн 108-109/, хохирогч Т.Н-н /2-р хх-ийн 110-11/, гэрч Б.О-н /2-р хх-ийн 133/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 452 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол болон битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар:
Хохирогч Т.Н нь буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 10,000,000 төгрөг гаргуулахаар,
Иргэний нэхэмжлэгч Г.Г нь эчмилгээний зардалд 1,000,000 төгрөгийг Б ХХК-иас гаргуулахаар,
шүүгдэгч П.А нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсоныхоо хувьд Б ХХК-ниас Приус 20 тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд тогтоогдсон үнэлгээ болох 6,361,000 төгрөгийн 50 хувийг гаргуулахаар тус тус нэхэмжилдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1.-д “ ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд,...аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас Т.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шууд хохиролд тооцох юм.
Хэдийгээр шүүхээс Д.Б, П.А нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзсэн боловч шүүгдэгч Д.Б-н хувьд Б ХХК-д ажиллаж байхдаа бусдад хор, хохирол учруулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу хохирлыг иргэний хариуцагч Б ХХК-ны төлөөлөгч Д.Б нь шүүгдэгч П.А-н хамт хариуцах нь зүйтэй байна.
Б ХХК-ний захирал Д.Б-г мөрдөн шалгах ажиллагааны явцад 2-р хх-ийн 136 дугаар хуудсанд иргэний хариуцагчаар тогтоож, мэдүүлэг авсан байна.
-Хохирогч Т.Н нь эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд энэ талаарх баримт хэрэгт бүрэн авагдаагүй боловч шүүгдэгч П.А нь өөрийн санаачлагаар Приус 20 тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөр болох 7,200,000 төгрөг төлж, Н ХХК-иас Г.Г-н нэр дээр зээлийн гэрээ байгуулан үлдэх 9,000,000 төгрөгийг төлж машин авч өгсөн, зээлийн гэрээний үүргийг хариуцан төлж байгаа, мөн эмчилгээ сувилгааны төлбөр төлсөн талаар бичсэн хохирогч Т.Н-н шүүхэд өгсөн баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т-н шүүх хуралдаанд өгсөн Г банк ХХК дахь ... дугаар бүхий дансны хуулга зэргээс үзэхэд шүүгдэгч П.А нь нийтдээ 10,591,000 төгрөгийг хохирогч Т.Н-д төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч П.А-г хохирогч Т.Н-н нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэгэнт шүүгдэгч П.А нь хохирогч Т.Н-н хохирлыг бүрэн барагдуулсан тул Б ХХК нь энэ хохирлыг хамт хариуцах үүрэгтэйн хувьд шүүгдэгч П.А-с хохирогч Т.Н-д төлсөн хохирлын 50 хувь буюу 5,295,500 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж, шүүгдэгч П.А-д олгох нь зүйтэй байна.
-Иргэний хариуцагч Г.Г нь эмчилгээний зардалд нийтдээ 1,000,000 төгрөг нэхэмжилдэг боловч хэрэг Т эмнэлэгт эмчилүүлсэн 431.000 төгрөг, ГССҮТ-д үзүүлсэн 15.000 төгрөгний баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй тул нотлох баримтын хэмжээнд буюу 466,000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
-Харин шүүгдэгч П.А-н иргэний хариуцагч Б ХХК-иас ... улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон 6,361,000 төгрөгийн 50 хувь буюу 3,180,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь: шүүгдэгчийн хувьд зам тээврийн осол болох гол шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн, өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг бусдаас гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Энэ хэрэгт ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг прокурорын тогтоолоор битүүмжилсэн байдаг бөгөөд уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь Х банктай гэрээ байгуулан зээлээр худалдан авсан, Х банкны өмчлөлд байдаг талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэг бөгөөд Х банкны зүгээс хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй гэдгээ мэдэгдсэн талаарх 2018 оны 02 сарын 05-ний өдрийн 5074/19 дугаартай албан бичиг хэрэгт хавсаргагдсан байна. Иймд уг тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч П.А-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.А, Д.Б нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүхээс шүүгдэгч Д.-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн бөгөөд уг зүйл, хэсэг нь эрх хасах ял оногдуулах ялын төрөлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хэсэх ял гэнэ”, мөн зүйлийн 2-д “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Б-н гэмт хэрэг үйлдэх үед эрхэлж байсан ажилтай холбогдуулан геодизийн инженерээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг эрх зүйн удирдлага болгосон бөгөөд шүүгдэгч П.А, Д.Б нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримталж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд ирсэн эд мөрийн баримтгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Ж овогт П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Ш овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм, хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч П.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-г инженерээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих нэг оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
5. Шүүгдэгч П.А, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч П.А-д буцаан олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч Б ХХК-ний төлөөлөгч Д.Б-с 5,295,500 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч П.А-д, 466,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Г-д тус тус олгож, шүүгдэгч Д.А-н нэхэмжлэлийн шаардлага болох 3,180,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, П.А нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б ХХК-ний төлөөлөгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргйилэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц