| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0011/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Л.С
Хохирогч Б.Б
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г аймгийн С сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хувиараа хөдөлмөр эрхлэх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Б овогт Д.М-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Д.М 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр оройн 17 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Монгол Улсын хил буюу Авто замын шалган нэвтрүүлэх түр боомтын талбайд иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодсоны улмаас үүдэн хоёр шүдний булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний ташуу хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр орой хил дээр ирээд ариутгалын мөнгө тушааж бичиг авах гээд байж байтал Б нилээн халамцуу ирээд урдуур дайрсан, жолооч нар яасан ширүүн явнаа, зодох нь гээд л тоглоом хийгээд өнгөрсөн. Дараа нь хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид машинаа үзүүлэх ёстой байсан, Н хуваарилагдсан байхаар нь хайж байгаад шалгуулах гэтэл Б бас машинаа шалгуулах таарсан, Б жаахан согтуурхаад шүлсээ үсчүүлээд эвгүй харьцахаар нь өөрөөсөө холдуулах гээд л нүүр рүү нь цохьчихсон, гэтэл шүд уначихлаа гэсэн. Миний үйлдлээс болж Б-н шүд унасныг хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт баримт байхгүй боловч би Б-д 4,000,000 төгрөг өгөхөөр бид хоорондоо тохиролцсон, одоо нэг сар буйлаа эмчлүүлээд, дараа нь шүдээ хийлгэнэ гэсэн тэр үед нь 4,000,000 төгрөг төлнө. Гэм буруугийн талаар маргаан байхгүй “ гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Бид хоорондоо машин шалгуулах дараалалаас болж таарамжгүй болсон, их маргалдсан зүйл байхгүй, миний нүүр рүү цохьчихсон чинь үүдэн 2 шүд унасан байсан. М эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг өгөхөөр тохирсон, өөр хэлэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би улс хооронд хүний Истана машинаар ачаа тээврийн ажил хийдэг. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөн Эрээн хотын чөлөөт бүс рүү орж ачаа ачсан. Би өөрөө машингүй явж байсан. Манай 1 дүү, 1 найз машинтай явж байсан ба би дагаж явсан. Орой 17:40 цагийн үед Монгол улсын хил дээр ирээд Хилийн мэргэжлийн хяналтын албанд машинаа шалгуулаад байж байтал М хажуугаас Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчийг авч явах гээд байсан. Би 2 машин шалгуулж байсан ба Хил хаачих гээд нилээн яаруу байсан тул Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчийг явуулахгүй, машинаа шалгуулж дуусгах гэсэн. Энэнээс болоод бид 2 маргасан. М бас улс хооронд машин барьж явдаг хүн л дээ. Тэгээд бас хил хаачих гээд сандаргаад миний машиныг шалгаж дуусаагүй байхад дундаас нь Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчийг авч явах гээд байсан байх. Ингээд маргаж байтал М шууд миний уруул руу гараараа 1 удаа цохиод авсан. Аман дотор нэг юм сул хөдлөхөөр нь үзтэл шүд уначихсан байсан. Бид 2 хүнээр салгуулахаар зодолдоогүй. М намайг ердөө ганц л удаа цохисон. ... Миний үүдэн 2 шүд унаад, 1 шүд хугарсан байсан. Одоохондоо бага зэргийн янгинаж өвдөж байна. М-т гомдолтой байна. Шүдээ эмчлүүлчихмээр байна. Хуулийн дагуу л шийдүүлнэ дээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/
Гэрч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдрийн 18 цагийн л орчим болов уу,... Д-н машиныг шалгаж байхад М, Б 2 маргаад байх шиг байсан. Машины нөгөө талд л даа, хоорондоо нэг нэгнээ гуйсан түүсэн ч гэх шиг сайн сонсогдоогүй. Тэгээд удаагүй Б нь өө шүд рүү цохичихлоо, чи мөнгөтэй болоод намайг цохиж байгаа юм байна энэ тэр гээд эхэлсэн. Тэр үед бараг харанхуй болчихсон байсан. Б-г харахад амаа гараараа дарчихсан, амнаас нь цус гарчихсан, цустай шүлс хаяад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
2019 оны 12 сарын 18-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн “ Б.Б-н үүдэн дээд шүд хоёр шүдний булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний ташуу хугарал, дээд уруулын дотор салстанд язарсан шарх, дээд уруулын гадна талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3.Б.Б-н биед учирсан гэмтлүүдийн үүдэн дээд хоёр шүдний булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний ташуу хугарал нь дан дангараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам” ын 4.11.2 болон 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулын гадна талын зулгаралт, дээд уруулын дотор салстанд язарсан шарх гэмтэл нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Хөнгөн гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/14 тоот дүгнэлт /хх-ийн 23-24/
Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 31/
Шүүгдэгч Д.М нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41/
Хохирогч Б.Б, шүүгдэгч Д.М нарын шүүхэд гаргасан “ М миний бие нь хохирогч Б-тэй эвлэрч, хохирол төлбөрийг төлөх асуудал дээр ярилцаж тохироод шүд хийлгэх, эмчлгээний зардалд 4,000,000 төгрөг төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэсэн өргөдөл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр оройн 17 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх түр боомтын талбайд хохирогч Б.Б-тэй тааралдаж, тээврийн хэрэгслээ мэргэжлийн хяналтанд хамруулах дараалалаас болж хоорондын таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисоны улмаас үүдэн дээд шүд хоёр шүдний булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний ташуу хугарал бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.2 болон 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Гаваасүрэн нь 2019 оны 12 сарын 23-ны өдөр 04/14 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10/, шинжээчийн 2019 оны 12 сарын 23-ны өдөр гаргасан 04/14 тоот дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.М-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруу, Замын-Үүд сум, Эрээн хотын хооронд хувиараа хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулдаг нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.М-н хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд учирсан хохир уршигийг эмчлүүлэхэд гарах зардлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд бөгөөд тэрээр хэрэгт эмчилгээний талаар баримт байхгүй хэдий боловч 4,000,000 төгрөгийг төлж барагдуулах талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг, хохирогч энэ талаар ямар нэг маргаан гаргаагүй тул шүүгдэгчээс 4,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.М-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.М-с 4,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-т олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.М нь 700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц