Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Л.С

Хохирогчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Замын-Үүд сум Эрээн хотын хооронд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хувиараа эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 141 дүгээр байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Н-г  зодож  эрүүл мэндэд нь   хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  2019 оны 12 дугаар сарын 24-ний орой гэртээ харих гэж байхад Н над руу залгаад танай гадаа байна, гараад ирээч, эхнэртэйгээ муудсан, сэтгэл санаа тавгүй байна, архи ууя гэсэн. Ингээд би дүү Ш-тэй явж байгаад орцны үүдэнд уулзаад Н-н авсан архинаас уусан. Н Ж-н хамт байсан. Ингээд бид цагаан дөрвөлж авто засварын газар оччихоод тэндээс Ө-р хүргүүлэх гээд явсан, эхлээд Ш, Ж нарыг буулгаад Н-н байрны гадаа ирээд буулгах гэсэн чинь утсаа оролдоод буухгүй байсан, би датагүй болсон байна шүү дээ гэхэд намайг ядуу гэж хэллээ гээд миний өөдөөс салаавч гаргасан, ингээд бид муудсан. Би Н-г яг хаана нь яаж цохьсон гэдгээ мэдэхгүй байна, Н-н шүд унасан, хэнгэрэг цоорсон нь миний үйлдлээс болсон гэдэгтэй маргахгүй байна. Хохирогчид эмчилгээний зардалд эхлээд 563,000 төгрөг өгсөн. Дараа нь эмнэлэгт үзүүлсэн, явсан зардалд мөнгө нэхэмжилсэн байсан. Тэгээд Н-тай ярьж тохиролцоод 5,000,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 23-ны дотор төлж барагдуулахаар болсон. Энэ 5,000,000 төгрөгт сүүлд явж үзүүлсэн зардал багтаж байгаа. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хохирогчид хохирол төлөх учраас улсын яллагчийн санал болгосон торгуулийг оногдуулж өгнө үү “  гэсэн мэдүүлэг

Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20:30 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4-р баг 141-р байрны гадаа буюу гэрийнхээ гадаа найз Ц.Б-д зодуулж биедээ гэмтэл авсан тул цагдаад хандсан. Тэр өдрийн 11 цагаас оройн 18 цаг хүртэл би танилындаа шалтгаангүйгээр архи ууж байгаад 18 цаг өнгөрөөгөөд Б-н 135-р байрны гадаа ирж Б-г утсаар дуудсан. Б өөрийнхөө дүү Ш-г дагуулж гарч ирээд, би дэлгүүрээс 1 шил 0.75 гр-ын С архи авсан Тэрийгээ Ж-н машинд сууж байгаад Б бид 2 хуваан уусан Ж, Ш 2 уугаагүй. Ш-г гэртээ орж бай гэж оруулаад, Б бид 2 Ж-н машиныг тавиулсан. “Ц”-өөс наашаа Б бид 2 таксидсан. Б-г гэрт буулгаж өгөх гэхэд эхлээд намайг гэрт хүргэж өгье гээд манай байрны гадаа ирсэн. Би утсаараа оролдоод суугаад байсан ба сүүлдээ Б намайг пизда минь гэртээ ор л доо гэхээр нь би чи намайг пизда гэлээ гээд салаавч гаргасан. Тэрнээс болоод бид 2 маргасан. Б намайг машинаас татаж буулгаад гараараа миний нүүр лүү 1 удаа цохиод унагасан. Газар унасан байхад миний нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн. Маргаан бол жаахан зүйл дээрээс болсон. Би уугаад л гэртээ орох нь тодорхой шүү дээ, тэгтэл буу гээд хөөгөөд байснаас л болж маргаан эхэлсэн. Миний хөмсөг сэтэрч, уруул язарсан, баруун дээд шүднээс 2 шүд унасан. Бас зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэсэн. Ц.Б-д гомдолтой байна. Эмчилгээний бүх төлбөрийг төлөөд эмчилгээ хийлгэчихвэл гомдол алга” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/

Гэрч П.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 12 дугаар сарын 24-нд орой бүрэнхий болж байх үед Ц.Н, Ц.Б, Б-н дүү, Ж буюу Н нар манай гражид ирсэн. Н нь нилээн согтуу, нөгөө 3 нь бараг эрүүл шахуу байсан. Намайг ажлаа хийгээд байж байхад Ц.Н, Ц.Б, Н 3 гэрт хүргээд өгөөч гэсэн. Намайг эрүүл болохоор Н-ы Приус машиныг бариулсан. Бас Б-н дүү нь гээд залуу байсан. Тэгээд Б-н дүү нь 135-р байрны гадаа буусан. Дараа нь Н “Б” дэлгүүр дээр буусан. Тэгээд 141-р байрны гадаа очсон. Н-н байр нь гэсэн. Б миний хажууд, Н хойд сандал дээр сууж явсан. “Б” дэлгүүрийн гаднаас эхлээд тэр 2 зүгээр явж байгаад сүүлдээ хэрүүл болж эхэлсэн. Ер нь бол Б Н-н хор шарыг малтаад байсан. Н-г юм ярихаар Б нь үгийг нь мушгиж доош хийгээд дээрэнгүй хандаад байсан. Үүнээс болоод тэр 2 нилээн хэрэлдсэн ба би залхаад утсаа оролдоод өөр тийшээ хараад суучихсан. Тэр 2-ын хэрүүлийг тоогоогүй. Тэгтэл Б машинаас буугаад хойд хаалга онгойлгож машин дотор ороод Н-н дээр нь гараад гараараа нүүр лүү нь цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад Б-г хойноос нь татаж буулгасан. Тэгэхэд Н-н хамар амнаас нь цус гарчихсан байсан. Би тэр 2-ыг ээлжилж хорьсон ч надад дийлдэхгүй бие бие рүүгээ дайраад байсан ба тэр 2 зууралдаж байгаад Н газар унасан. Н-г босч байхад нь Б нүүр лүү нь 1 удаа өшиглөөд авсан. Би ахиад тэр 2-ыг салгасан. Тэгээд зодолдохоо больцгоосон. Шүд уначихлаа энэ тэр гээд шүдийг нь хайж байхад сүүлд Н-н эхнэр гэрээсээ гарч ирсэн. Миний мэдэх зүйл энэ л байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/

2019 оны 12 сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-14/

Амбулаторт хийгдсэн мэс ажилбарын хяналтын хуудсаны хуулбар /хх-ийн 15/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-ийн 16-18/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 30-ны өдрийн “1. Ц.Н-н баруун хөмсөгний дотор булан болон баруун нүдний гадна буланд шарх, баруун дээд 1,2-р шүдний булгаралт, зүүн чихний хэнгэрэгний цооролт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын гадна талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Ц.Н-н биед учирсан гэмтлүүдийн баруун хөмсөгний дотор булан болон баруун нүдний гадна буланд шарх, баруун дээд 1,2-р шүдний булгаралт, зүүн чихний хэнгэрэгний цооролт, баруун нүдний дээд доод Зовхинд цус хуралт нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, дээд уруулын гадна талын зулгаралт гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар Гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/19 тоот дүгнэлт /хх-ийн 23-24/

Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42/

Шүүгдэгч Ц.Б нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 53/

Хохирогч Ц.Н-н цагдаагийн хэлтэст гаргасан хохирлын тооцоо, баримт /хх-ийн 55-68/

Шүүгдэгч Ц.Б-н хохирол 563,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 73/

Шүүгдэгч Ц.Б, хохирогч Ц.Н-н шүүхэд гаргасан “Б миний бие нь хохирогч Ц.Н-тай эвлэрч,  хохирогчийн шүдээ эмчлүүлж, хиймэл шүд  хийлгэх төлбөрт 5,000,000 төгрөг өгөхөөр ярилцаж тохиролцсон болно.  Хохирлын төлбөр 5,000,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 23-ны өдөр  бүрэн  төлж барагдуулж дуусгахаа илэрхийлж байна” гэж тус, тусын гарын үзгээ зурж баталгаажуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 сарын 24-ний орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 141 дүгээр байрны гадаа хохирогч Ц.Н-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн нүүр рүү нь өшиглөж, баруун хөмсөгний дотор булан болон баруун нүдний гадна буланд шарх, баруун дээд 1,2-р шүдний булгаралт, зүүн чихний хэнгэрэгний цооролт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт  бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч Ц.Н-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2019 оны 12 сарын 30-ны өдөр 04/19 тоот дүгнэлтийг гаргасан байх ба  уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6/, гэрч П.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9/, шинжээчийн 2019 оны 12 сарын 30-ны өдөр гаргасан 04/19 тоот дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруу, Замын-Үүд сум, Эрээн хотын хооронд хувиараа хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулдаг нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.Б-н хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд учирсан хохир уршигийг эмчлүүлэхэд гарах зардлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд бөгөөд тэрээр хэрэгт эмчилгээний талаар баримт байхгүй хэдий боловч 5,000,000 төгрөгийг төлж барагдуулах талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг, хохирогч энэ талаар ямар нэг маргаан гаргаагүй тул шүүгдэгчээс 5,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Н-т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. Хохирогч Ц.Н нь шүүхийн шатанд эмнэлэгт үзүүлсэн болон замын зардлын 196,000 төгрөгийн баримт өгсөн бөгөөд энэ нь 5,000,000 төгрөг багтсан талаар хохирогчийн өмгөөлөгч С.Э тайлбарласан болно.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, хохирогчоос шүүхийн шатанд ирүүлсэн З гэсэн бичигтэй СD-г хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.3-1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг  дурдаж, З гэсэн бичигтэй СD-г хохирогч Ц.Н-т буцаан олгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Н-т олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Б нь 700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч  нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              А.Ц