Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Л.С

Хохирогч Б.П

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г аймаг, Ш сумын харъяат, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н овогт Б.А-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00:20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  2 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  3.7, 11.1, 12.3-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.П-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  Тэр өдрийн орой хүүхдийн бие өвдөж, халуураад түргэн дуудсан чинь ирэхгүй гэсэн. Тэгээд эмийн сан явах болоход хүү маань ааваасаа салахгүй уйлаад байхаар нь би хөдөлгөөн бага байгаа байх гэж бодоод машинаа жолоодоод эмийн сан явсан. Ингээд буцаад ирж байхдаа П-г мөргөсөн. Тухайн үед айгаад нөхөртөө орж хэлсэн. Машин барих эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож хүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хэрэгт 1 сая гаруй төгрөгийн хохирлын баримт байсан, гэхдээ би нийтдээ 2,295,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү “ гэсэн  мэдүүлэг

Хохирогч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Баруун гар, хөл хугарсан. Тухайн үед хагалгаанд орж хадуулсан. Нэг жил дараа очиж дахиж хагалгаанд орж хадаасаа авахуулна, хүнд юм өргөж болохгүй гэсэн. Хохирогчийн зүгээс 2,295,000 төгрөгийг манай ээжийн дансаар шилжүүлж өгсөн. Миний хувьд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажил хийхгүй, хойшдоо хэдий хүртэл хугацаанд ажилгүй байхыг хэлж мэдэхгүй байна. Иймд хойшид ажилгүй байсан  хугацааны зардал 10,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хэргийн хувьд гомдол, саналгүй гэв. “ гэсэн мэдүүлэг

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн3-4/

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-9/

Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тээврийн гудамж болон БОС-ын гудамжний голд баруунаас зүүн тийшээ явж байхад хөх цэнхэр өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл миний урд талаас гарч ирээд би баруун гар талын хашаа руугаа шахаад алхах үед тээврийн хэрэгсэл урдаас чиглэж ирээд зүүн талаараа миний баруун талын хөл рүү мөргөж би хойшоо саваад газар унасан. Мөн нөгөө тээврийн хэрэгсэл миний урд талаар гараад хойд талын айлын хашааг мөргөөд зогссон. Тэгээд нөгөө тээврийн хэрэгсэл мөргөсөн хашаанаас хойшоо ухраад баруун талын хашаа руу явж ороод машин дотроос нэг эмэгтэй хүн гарч ирээд хашаан дотор байсан гэр лүү гүйгээд орсон. Тухайн үед миний баруун талын хөл болон гар өвдөөд миний гар утас дуугараад байсан боловч хүрч чадахгүй байсан. Тэгээд 2-3 минутын дараа нөгөө хашаан дотор байсан айлаас нэг эрэгтэй хүн гарч ирээд над дээр ирж яасан бэ юу болсон талаар асуухаар нь нэг тээврийн хэрэгсэл намайг мөргөчихөөд яваад өглөө миний гар утсыг аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд миний гар утсыг нөгөө хүн авч өгөөд би найз М, таньдаг ах С нарын гар утас руу залгаж дуудсан. Тэгээд 5-6 минутын дараа дуудсан хоёр хүн ирээд намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн. ...Миний баруун талын гар бугуйн хэсгээр хугарсан, баруун талын хөл шагайны дээд талаар хугарсан гэмтэл учирсан “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай төрсөн хүүхдийн бие өвдөөд халуураад эмнэлэгт дуудлага өгсөн боловч эмнэлэгт ирж үзүүлэх шаардлагатай гэж хариу хэлсэн. Тэгээд хүүхэд надаас салахгүй уйлаад байхаар нь 00 цаг 20 минутын орчимд манай эхнэр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай ИСТ маркийн тээврийн хэрэгслийг унаж эмийн сан орохоор явсан. Тэгээд 10-20 минутын дараа манай эхнэр гаднаас уйлсан сандарсан байдалтай орж ирээд би гэр лүү орох замд хүн машинаар мөрөгчих шиг болсон гэж хэлээд би гэрээс хувцасгүй гарч гүйгээд тухайн газарт очиход нэг залуу газар хэвтсэн байхаар нь зүгээр үү, босож чадах нуу түргэн дуудах гэж асуухад миний гар утас хаана байна манай ах руу залгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тухайн залуугийн гар утсаар ах болон найз руу нь залгаж холбоо бариулсан. Тэгээд би гадаа хүйтэн байсан тул гэртээ орж хувцас өмсөөд ирэх талаар хэлээд гэрт орж хувцас өмсөөд гараад ирэхэд тухайн залуугийн найз, ах гэх хоёр хүн машинтай ирсэн байсан. Тэгээд нөгөө мөргүүлсэн гэх залуу машинд нь суулгаж өгөөд эмнэлэг рүү явуулсан. Тэгээд тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай эхнэр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн манай эхнэр архи согтууруулах ундаа уудаггүй. Манай хадам ээжийн нэр дээр байдаг боловч манай эхнэрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Манай хадам ээж БНСУлс руу явахдаа шилжүүлэг хийж өнгө гэж хэлээд амжихгүй яваад өгсөн. Манай эхнэр ганцаараа явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас тараад гэртээ байж байхад 00 цаг 10-20 минутын орчимд миний гар утас руу нэг газар хамт ажилдаг Б.П залгаад би Тээврийн гудамжинд зам тээврийн осолд орсон талаар ярьсан. Тэгээд би гэрээс гараад Тээврийн гудамжинд ирэхэд Б.П газар хэвтсэн би машинд дайруулсан босож чадахгүй байна гэж хэлсэн. Мөн бид хоёртой хамт ажилладаг С гэх ах машинтайгаа ирээд Б.П-н хажуу талд байсан залуутай хамт бид гурав П-г машинд суулгаад С ах бид хоёр эмнэлэгт хүргэж өгсөн. Нөгөө залуу тухайн газарт үлдсэн. Б.П архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч Л.Н 2019 оны 12 сарын 06-ны өдрийн “1. Тоёота ист маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7-д зааснаар жолоочид дараах зүйлийг хориглоно /а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн энэ дүрмийн 11 дүгээр бүлгийн Тээврийн хэрэгсэл байрлан явах/ 11.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол Жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. Мөн энэ дүрмийн 12 дугаар бүлгийн Тээврийн хэрэгслийн хурд/-ын 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг асаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

3. Оролцогч нарын мэдүүлэг, ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шинжээчийн гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл хийсэн үзлэг шинжээчийн дүгнэлт зэргийг харахад Тоёота ИСТ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан иргэн Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн Тээврийн хэрэгслийн хурд/-ын 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байна.

4. Иргэн Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

5. Тоёота ист маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. 11.1, 12,3 гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 20/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 16-ний өдрийн “1. Б.П-н биед баруун гарын богтос ясны урд 1/3-т зөрүүтэй хугарал, баруун хөлийн гадна хавчаар ясны далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байна.

3. Б.П-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. 5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэсэн 04/212 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/

2019 оны 11 сарын 14-ний өдрийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар,  амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 41-45/

Хохирогч Б.П-н гаргасан хохирлын баримт /хх-ийн 51-52/

Тоёота Ист маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 76/

Тоёота Ист маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 77-/

Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-89/

Шүүгдэгч Б.А нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00:20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  2 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож яваад хохирогч Б.П-г мөргөж, бие махбодид нь баруун гарын богтос ясны урд 1/3-т зөрүүтэй хугарал, баруун хөлийн гадна хавчаар ясны далд хугарал бүхий гэмтэл учруулсан байх ба шүүгдэгч нь жолооны эрхийн үнэмлэхгүй  байсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалахад хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 04/212 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.П-н биед учирсан гэмтэл нь дан, дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар дүгнэсэн, түүнчлэн шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцох үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д зааснаар жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй байхыг хориглоно,  мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн талаар шинжээч дүгнэлт гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн 2-д “ ...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  хохирол,  хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд эдгээр хуулийн зохицуулалттай уялдуулахад шүүгдэгч Б.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй  үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

Түүний дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.П-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар дүгнэсэн шинжээчийн 04/212 тоот дүгнэлт, түүнчлэн шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7,  12.3-д заасныг зөрчсөний улмаас осол гарсан талаар гаргасан Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч Л.Н-н 2019 оны 12 сарын 06-ны өдрийн дүгнэлт, гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А нь “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах“ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байна.

Хохирол болон битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар:

Шүүгдэгч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд юм. Хохирогч Б.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,203,093 төгрөгийн баримт гаргаж, хэрэгт хавсаргасан байдаг бөгөөд шүүгдэгч Б.А-н хувьд хэргийн баримтанд хязгаарлагдахгүйгээр 2,295,000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин хохирогч нь хойшид ажилгүй байх  хугацааны цалин, орлого 10,000,000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд тэрээр ирээдүйд олох байсан орлогын талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул тэрээр энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар  дахин гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт ... улсын дугаартай ИСТ маркийн тээврийн хэрэгслийг прокурорын тогтоолоор битүүмжилсэн байдаг шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгслийг ээж Д.Б-с 2019 оны 11 сарын 02-нд худалдан авсан, өмчлөлийг шилжүүлж аваагүй болох нь шүүгдэгч болон гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Д.Б цагдаагийн хэлтэст гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “ автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих “ гэмт хэргийн шинжид хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэх шинжүүд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Б.А-н үйлдлийг тухайн зүйлийн аль хүнд зүйл, хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогчийн эрүүл мэндийг эмчлэхтэй холбогдон гарсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өмгөөлөгч С.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий 7.6 дугаар зүйлд заасан журамыг хэрэглэн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримталж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх юм гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй  үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус, тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар  энэ хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай, ИСТ маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-д олгосугай.

5. Хохирогч Б.П нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар  дахин гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч  нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.Ц