| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0030/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Л.С
Орчуулагч М.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т
Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Өвөр монголын өөртөө засах орны Улаан хотын харъяат, эрэгтэй, ... настай, яс үндэс монгол, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Ховд аймаг Цэцэг сум, Хөшөөт багийн Х уурхайн ажилчдын байранд түр оршин суух, Х уурхайд ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар Хөх хот чиглэлийн суудлын галт тэрэгний ... дугаар вагоны ... дугаар суудалд зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Өргөн төмөр замын 1 дэх гаалийн хяналтын бүсийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлалт тогтоосон бараа болох 100.55 грамм жинтэй байгалийн мана чулууг зохих зөвшөөрөлгүй улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Уурхайдаа ажиллаж байхдаа нутгийн нэг айлд тус болсон юм, тэгээд тэр чулууг хүн надад өгсөн юм, яг ямар чулуу гэдгийг мэдээгүй. Тэгээд хилээр авч гарах гэж байгаад гаалийн байцаагчид шалгуулахад хилээр гаргаж болохгүй гээд хурааж авсан, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг
Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлын хуваарийн дагуу Улаанбаатар-Хөх хот чиглэлийн суудлын ... дугаар вагоны ... дугаар купенд зорчигчийн ачаа тээшийг шалган БНХАУ-ын иргэн Ц гэх хүний гар тээш болон чемоданд үзлэг шалгалт хийх явцад чемоданы ар талын хэсгээс гялгар ууттай эд зүйл байсныг задалж үзэхэд байгалийн чулуу 1 ширхэг, амьтны гаралтай шагай 10, соёо 12 ширхэг байсныг илрүүлсэн ямар эд зүйл болох талаар БНХАУ-ын иргэн Ц-ээс асуухад тухайн хүн нь Өвөрмонгол хүн байсан бөгөөд Монгол хэлээр ярьж байсан ба захаас худалдаж авсан, хамт явж байсан хүний юм байгаа юм, надад орхисон байна би мэдэхгүй авч явсан” гэх зэргээр тайлбарлаж байсан. Тухайн эд зүйлийн талаар гаальд мэдүүлээгүй байсан, мэдүүлсэн байсан ч улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй, өөрийнхөө ачаа барааг шалгуулахаас зайлсхийсэн нуусан хаасан зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/
Гэрч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2019 оны 11 дүгээр сарын 02-ны 08:35 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын өртөөнд очсон, тэгээд 30 орчим минут зогсоод хилийн шалгалт орж ирсэн. Тэгээд ...-р купей рүү гаалийн шалгагч эмэгтэй орж ирээд зорчигч иргэдийг шалгасан, гаалийн байцаагч эмэгтэй атга шиг жижиг гялгар ууттай зүйл гаргаж ирээд ширээн дээр тавиад цааш шалгалт үргэлжлүүлж дуусаад утсаар мэдэгдээд зорчигчийг аваад буусан. 20 минутын дараа зорчигч БНХАУ-ын иргэнийг буулгахаар болсон гээд авч явсан чемодантай эд зүйлсийг нь аваад буусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/
Гэрч Ө.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Гаалийн мэдүүлгийн хуудсыг бид нар зөвхөн Монгол улсын иргэдэд тараадаг гаалийн байцаагч нар шалгалтаар өөрсдөө ирж шалгалт хийхдээ гадаад улсын иргэдээс мэдүүлгээ авч шалгалтаа хийдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Гаалийн тухай хуулийн 55-р зүйлд заасны дагуу зорчигч нь авч яваа эд зүйлсийг амаар болон бичгээр мэдүүлдэг. Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн ялгаа байхгүй Монгол улсын хилээр нэвтрэхдээ Гаалийн мэдүүлгийг буюу декларацийг гаалийн байцаагч тарааж бөглүүлсний дараа шалгалтыг эхэлдэг. Мөн гаалийн тов мэдүүлгийг бөглөөгүй учраас зорчигчоос амаар асууж гаалийн шалгалтыг эхлүүлдэг. Уг хуулинд заасны дагуу гаалийн товч мэдүүлэг буюу деклараци тарааж авч яваа эд зүйлс хилээр гаргахыг хориглосон барааг мэдүүлэх боломжоор хангадаг, мөн амаар асууж хилээр гаргахыг хориглосон бараа байгаа эсэхийг асууж гаалийн мэдүүлэгт мэдүүлэх боломжоор хангадаг" гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/
Эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн44/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн47-48/
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн “ соёо, шагай нь нохойных” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52/
Стандарт хэмжил зүйн газрын улсын байцаагчийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг 100.55 грамм жинтэй бор шаргал өнгөтэй байгалийн байдлаараа байгаа чулуун нь мана чулуу болохыг тодорхойлов.
2. Шинжилгээнд ирүүлсэн мана чулууг гоёл чимэглэлийн зориулалтаар шууд болон түүхий эд болгон ашиглаж болно.
3. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үнэт металлийн сорьц тогтоох баталгаажуулах эрдэнийн чулуу тодорхойлох , тэдгээрийг бүртгэх журам”-ын Эрдэнийн чулууны ангилалаар мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтана” гэсэн 012 тоот дүгнэлт /хх-ийн 58/
Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ний 2020 оны 01 сарын 23-ны өдрийн “ Бор шаргал өнгийн байгалийн байдлаараа 105 грамм чулуу 15,000 төгрөгийн үнэтэй “ гэсэн №тз20-003 тоот тайлан /хх-ийн 64-65/
М ХХК-ний “ БНХАУ-ын иргэн Ц паспортын дугаар: .../ нь тус компанийн Х уурхайд 2015 оны 05 сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ба Уурхайд ажилладаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 87/
Шүүгдэгч Ц нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар Хөх хот чиглэлийн суудлын галт тэргээр Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ 100.55 грамм жинтэй байгалийн байдлаараа байгаа чулуу авч явсаныг гаалийн хяналт, шалгалтаар илрүүлсэн үйл баримт болсон байна.
Хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан Стандарт хэмжил зүйн газрын улсын байцаагчийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгчийн хилээр нэвтрүүлсэн 100,55 грамм жинтэй чулуу нь мана чулуу болохыг тодорхойлсон, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үнэт металлийн сорьц тогтоох баталгаажуулах эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын Эрдэнийн чулууны ангилалаар мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг болох нь тогтоогдсон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг” ашигт малтмал гэж үзэхээр тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгчийн хилээр нэвтрүүлсэн байгалийн төрцөөрөө байсан мана чулуу нь дээрх тодорхойлолтод хамаарах юм. Шинжээчийн дүгнэлтээр мана чулууг эрдэнийн чулууны ангилалд хамаардаг талаар дүгнэсэн байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 4-д зааснаар эрдэнийн чулууг зөвхөн ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч нь Монгол банкаар дамжуулан экспортонд гаргах эрхтэй байна. Гэтэл шүүгдэгч нь ашигт малтмалын ямар нэг зөвшөөрөл эзэмшигч этгээд биш байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Л.С /хх-ийн 31-32, 34/, гэрч У.Э /хх-ийн 35-36/ гэрч Ө.Ж /хх-ийн 38-39/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Стандарт хэмжил зүйн газрын улсын байцаагчийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 012 тоот дүгнэлт /хх-ийн 58/ / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон гэж үзэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар нохойн шагай 8 ширхэг, нохойн соёо 10 ширхэг хураагдсан байх бөгөөд уг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг цаашид ашиглах боломжтой эсэх тал дээр дүгнэлт гаргаагүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, харин 100.5 грамм мана чулууг гоёл чимэглэлийн зориулалтаар шууд болон түүхий эд болгон ашиглаж болох талаар дүгнэлт гарсан тул улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан 8 ширхэг нохойн шагай, 10 ширхэг нохойн соёог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15,000 төгрөгийн үнэ бүхий 100,5 грамм мана чулууг улсын болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц нь 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц