Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 0248

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: 1965 онд Архангай аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Худгийн хоолой гэх газар оршин суух Боржигон овогт Д******* /РД:МЙ-/-ийн нэхэмжлэлтэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

         Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 1984 оноос ногоо ялгагчийн ажил хийж байгаад 1985 оны 7 дугаар сард ажлаасаа гарсан. Тэгээд Дархан хотын Хөтөл хороонд шилжин ирээд 1985 оны 8 дугаар сараас Хөтөл хорооны 19 дүгээр цэцэрлэгт дунд бага ангийн хүмүүжүүлэгчээр 1987 оны 03 дугаар сарыг хүртэл ажиллаад 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Н.Батзоригийг төрүүлсэн юм. 1988 оны 03 дугаар сард буцаад Сэлэнгэ аймгийн  Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногоо ялгагчаар ажилд орж 1991 оны 08 дугаар сарыг дуустал ажилласан. Миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн учир олон хүүхэдтэй эх гэдгээр тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн анги тарж үгүй болсон, одоо үйл ажиллагаа явуулдаггүй тул хөдөлмөрийн дэвтэрээ нөхөн бичүүлэх боломжгүй болоод шүүхэд хандсан. Иймд  миний Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Дархан хотын Хөтөл хорооны 19 дүгээр цэцэрлэгт  ажилласан 8 жилийн хугацааг тогтоож өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

         Нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч  ******* нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногоо ялгагчаар, 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Дархан хотын Хөтөл хорооны 19 дүгээр цэцэрлэгт дунд, бага ангийн хүмүүжүүлэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногоо ялгагчаар тус тус ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1983 оны 1 сараас 1985 оны 07 дугаар сар, 1990 оны 10-12 сар, 1991 оны 03 дугаар саруудад цалин авч байсныг нотолсон цалингийн түүвэр, Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай *******ийг ногоо ялгагчаар ажилд авсан  тушаалын хуулбар,  1985 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай, *******т ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Хөтөл хорооны 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1985 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай, *******ийг 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажилд авсан тушаалын хуулбар, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *******т 30 хувийн нэмэгдэл цалин олгох тухай тушаалын хуулбар, 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай, *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, иргэн В.Лхагважав, Ж.Жаргалдалай, П.Бумчин нарын тодорхойлолт, 1984 оны 1 дүгээр сараас 1985 оны 05 дугаар сарыг дуустал гишүүний татвар төлсөнийг нотолсон ¹263786 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн Номинцэцэгийн Батзоригийн төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 24 дүгээр цэцэрлэгийн 1985 оны 8-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-3 саруудад цалин авч байсныг нотолсон цалингийн түүвэр, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1984 оны 2 сар, 1985 оны 1,2, 3, 6 сар, 1989 оны 10, 11, 12 сар, 1990 оны 1, 2, 3, 4, 5, 9, 10, 11 сар, 1991 оны 3 саруудын цалингийн тооцооны хүснэгтүүд, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд болон гэрч Д.Лхагважав, Ж.Жаргалдалай нарын мэдүүлгүүдээр  нотлогдож байна.

            Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн бөгөөд түүний ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаалын хуулбар архивт хадгалагдаагүй болох нь Сэлэнгэ аймгийн Төрийн архивын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 406 дугаар тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 624 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногоо ялгагчаар, 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Дархан хотын Хөтөл хорооны 19 дүгээр цэцэрлэгт дунд, бага ангийн хүмүүжүүлэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногоо ялгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох нь зүйтэй бөгөөд ажиллаж эхэлсэн болон дууссан хугацааг  ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, цалингийн түүвэр, хүснэгтэд бичигдсэн хугацаагаар тооцож тогтоосон болно.

          Харин нэхэмжлэгч ******* нь 1988 оны 03 дугаар сараас 1989 оны 10 дугаар сар, 1991 оны 03 дугаар сараас 1991 оны 08 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногоо ялгагчаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байна.

            Хэдийгээр гэрч  Д.Лхагважав, Ж.Жаргалдалай нар гэрчлэн мэдүүлж байгаа ч энэ талаар ямар ч бичгийн нотлох баримт байхгүй байх тул тус хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч *******ийн 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл  ажиллаж байсан газар нь хуучин Дархан хотын харъяа 19 дүгээр цэцэрлэг гэсэн нэршилтэй байсан бөгөөд одоо шинээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 24 дүгээр цэцэрлэг болон өөрчлөгдсөн тул шүүхийн шийдвэрт хуучин нэршлээр нь тэмдэглэн тогтоосон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон             

ТОГТООХ нь:

         1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Д*******ийг Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногоо ялгагчаар, 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Дархан хотын Хөтөл хорооны 19 дүгээр цэцэрлэгт дунд, бага ангийн хүмүүжүүлэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногоо ялгагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож, үлдэх 1988 оны 03 дугаар сараас 1989 оны 10 дугаар сар, 1991 оны 03 дугаар сараас 1991 оны 08 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногоо ялгагчаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР