Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 714

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Ц Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903004280237 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1966 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймаг, Бууцагаан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эко гэр” цэцэрлэгт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 39 дүгээр гудамж, 462 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ц Г /РД: 000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г-ийн үйлдсэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М: “...Хэрэг гарсан өдөр би Сэлэнгэ аймагт ажлаар явж байсан. Манай хүүхэд сагсан бөмбөгийн дугуйланд явдаг. Манай гэр цэцэрлэгт хүрээлэнгийн ард байдаг. Манай хүүхэд хэрэг гарсан өдөр гэрээсээ гараад автобусны буудлын ойролцоо явган хүний гарцан дээр явж байгаад машинд мөргүүлсэн гэсэн. Би хүүхэддээ “явган хүний гарцаар гарч бай, машин ирж байгааг харж бай” гэж байнга хэлдэг, манай хүүхэд дандаа тухайн явган хүний гарцаар гардаг байсан. Шүүгдэгчийн машин зүүн зүгээс ирж байсан, манай хүүхэд хоёр талаас ирж байгаа машинд гараараа дохио өгсөн байдаг. Автобус зогсоол дээрээс хүнээ авчихаад явсан байдаг. Би хүүхэддээ явган хүний гарцан дээр явган хүн давуу эрхтэй гэж хэлдэг байсан. Манай хүүхэд гараараа дохио өгөхөд тухайн машиныг зогсох байх гэж бодсон байх. Шүүгдэгчийн жолоодож явсан машин арай том машин, Э-ий эгэм хугарсан, 2-3 хавирга цууралттай гэсэн гэмтэл тогтоогдсон байгаа. Шүүгдэгч хамт эмнэлгээр явъя гэхэд надтай ширүүн харьцаж байсан. Ирж уулз гэхээр ирдэггүй байсан ба олон удаа дуудахад ирж уулзсан. Шүүгдэгч миний буруу гэж хэлсэн. Хүүхэд маань эмнэлэгт үзүүлэхдээ шүүгдэгчийг дагуулж явсан. Хамгийн сүүлд зураг авахуулахад хугарал нь эдгэрсэн байна, санаа зоволтгүй гэж хэлснээс хойш шүүгдэгч Г дахин бид нартай холбогдоогүй. Сард ганц удаа ч болов Эий бие нь яаж байна гэж асууж болох байсан ч сэтгэл гаргаж асууж байгаагүй, утсаа ч авдаггүй байсан. Хоёр эгч нь очиход танай дүүгийн буруу гэж загнасан гэсэн. Г хийсэн хэрэгтээ гэмшсэн асуудал байхгүй. Хэрэг гарсан өдөр нартай байсан ба бороо, цас ороогүй байхад хүн мөргөж гэмтээсэн байдаг. Осол гарсан зам бол ачаалал ихтэй зам биш. Шүүгдэгч хохиролд 684,000 төгрөг төлсөн. Шүүгдэгч 7 дугаар сараас хойш ганц ч удаа яриагүй тул гомдолтой байна. Одоогоор хүүхэддээ адууны бэлдмэл уулгаж байгаа. Гийн үйлдлийн улмаас манай хүүхдэд гэмтэл учирсан тул маш их гомдолтой байна. Манай хүүхдийн зүүн эгэмний яс нь овойсон байгаа, хааяа даарахаар өвддөг. Манай хүүхэд өнөөдөр зүгээр боловч ирээдүйд ямар зовиур, шаналал үүсэхийг хэлж мэдэхгүй байна. Аваарын хэрэг өнөөдөр зүгээр юм шиг боловч ирээдүйд гарах хохирол нь хүнд байдаг талтай. Манай зүгээс ирээдүйд гарах зардлыг нэхэмжилмээр байна. Би цаашид гарах эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг нэхэмжилнэ....” гэв.

Шүүгдэгч Ц.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, миний зүгээс хохирогчид мөнгө өгөөгүй, манай байгууллага хохирогчид мөнгө өгсөн, би байгууллагадаа цалингаасаа мөнгийг суутгуулж байгаа...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би гомдолтой байна, хүүхдээ эрүүл саруул болгож, бүх эмчилгээг хийлгэмээр байна. Хохирлын баримтаа гаргаж өгнө, цаашдаа ямар хор уршиг гардаг юм, ирээдүйд гарах хохирлыг шийдвэрлүүлнэ. Манай хүүгийн осолд орсон газарт буюу Ривер гарден хотхонд төрсөн эгч нь амьдардаг. Манай хүү тэр газарт сагсны дугуйланд явдаг, байнга тухайн замаар явдаг. Байнга явган хүний гарцаар гарч сурсан хүүхэд. Манай хүүхэд эмнэлэгт эмчлүүлээгүй, гэрээр эмчилгээ хийлгэсэн. Манай зүгээс эмчилгээний зардал гаргаагүй, жолоочийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа. Одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Шинжилгээний хариугаа харж байгаад болно, дараагийн асуудлыг эмчилгээний хариугаар шийднэ...” /хх-ийн 18-20/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед Ривер гарден хотхоны хойд талд байх “Их Монгол плаза” төвд байх сагсан бөмбөгийн дугуйланд хичээллэж дуусаад эгч Дэнсмаагийн гэр рүү буюу Ривер гарден хотхон руу орох гээд явган хүний гарцаар гарч байтал машин ирээд мөргөсөн. Би тухайн үед хөгжим сонсож яваагүй, өөрийн дүү Хүлээгүүтэй утсаар яриад явж байгаад гарцаар гарахдаа машин ирж байгаа эсэхийг нягталж харахад тэр машин нэлээн зайтай байсан. Ойролцоогоор 100 гаруй метрийн зайд явж байхаар нь гарцаар гарч эхэлсэн. Мөн нөгөө урсгалаас автобус ирж байхаар нь гараа өргөөд зогсоорой гээд автобусанд хандаад дохио өгтөл автобус зогсохоор нь алхаж байтал сонин сигналдах чимээ сонсогдох шиг болсон, зүүн тийш хартал машин ойрхон байсан, тэгээд л мөргөсөн. Мөргүүлээд газарт хэвтэж байтал жолооч эрэгтэй бууж ирсэн. Намайг тайвшруулсан, дараа нь түргэн тусламж ирээд намайг үзээд эмнэлгийн машинд суулгасан. Тэр үед цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийж эхэлсэн. Тухайн үед замын хөдөлгөөн бага, ямар ч машин байхгүй байсан. Зам эвдрэлгүй, цаг агаар тогтуун байсан...” /хх-ийн 21/ гэсэн,

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тоёото алпарьд загварын 90-75 УНЯ улсын дугаартай автомашин нь манай цэцэрлэгийн эзэмшлийнх, тухайн осол хэрэг болох үед манай ажлын газрын жолооч Ц.Г нь жолоодож явсан. Цэцэрлэгээс хохирогчид эмнэлэгт үзүүлэх зардал 700,000 төгрөг төлсөн байгаа, мөн манай жолооч жолоочийн хариуцлагын даатгалтай, хохирогчид хохирлыг барагдуулна...” /хх-ийн 27/ гэсэн,

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед хотхоны арын замаар ажил руугаа жолооч Гийн хамт явж байсан, бид хоёр Ривер гарден хотхоны арын замаар явж байхад явган хүний гарц дээр нэг хүүхэд зогсож байсан. Тэрээр чихэндээ чихэвчтэй, баруун гараараа гар утсаар ярьчихсан зогсож байсан. Жолооч тэр залууд ойртож ирэхдээ хурдаа хассан, тэгтэл тэр хүү зам гарах шинжгүй байхаар нь жолооч зогсоогүй хажуугаар нь гарах гээд явж байтал хүүхэд гэнэт л явган хүний гарц руу гүйгээд ороод ирсэн, жолооч тоормосолсон боловч хүүхдийг мөргөсөн. Би өөрийн утаснаас 103 руу залгаж ослын талаар мэдэгдсэн, удаагүй түргэн тусламж ирээд, эмч хүүхдийг үзээд машиндаа суулгасан тэр үед цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байсан.           Тухайн үед замын хөдөлгөөн дунд зэргийн байсан, зам эвдрэлгүй халтиргаа гулгаагүй, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” /хх-ийн 30/ гэсэн,

 

Шинжээч Э.Мөнхсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэргийн материалтай танилцлаа. Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ нь 12.8 мм байсан, стандарт хэмжээ нь 0.5 мм байдаг, 12.8 мм байгаа нь уг автомашины урд талын хоёр дугуй гадагшаа тэлсэн байна гэсэн үг. Энэ автомашин хурд ихтэй явснаас зорчих хэсгийн гадаргуу нойтон, халтиргаатай нөхцөлд хүрдний жолоодлого алдагдах байдлаар нөлөөлнө. Тухайн нөхцөлд автомашины хурдтай явсан эсэхээс шалтгаална, яг яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй байна...” /хх-ийн 32/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Ривер гарден хотхоны хойд талын замд зүүнээс баруун тийш 1 дүгээр эгнээгээр 20-30 км цагийн хурдтай явж байтал гарц дээр хүүхэд утсаар яриад зогсож байсан, би хажуугаар нь гарах гээд явж байтал хүүхэд гарцаар гарч эхэлсэн, би хүүхдийг хараад тоормосоо гишгэсэн боловч зогсож амжилгүй хүүхдийг автомашины баруун урд талын гэрэл хэсгээрээ мөргөсөн. Надтай цуг явж байсан манай менежер Майцэцэг нь осол хэргийн талаар 103, 102-т дуудлага өгсөн, удаагүй 103 ирээд эмч хүүхдийг үзээд машиндаа суулгасан, тэр үед цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Замын хөдөлгөөн дунд зэргийн байсан, зам эвдрэлгүй халтиргаа гулгаагүй, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” /хх-ийн 31/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №5208 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Э-ий биед зүүн эгэмний зөрөөгүй далд хугарал, зүүн талын 2 дугаар хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. М.Эий биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 34/ гэсэн,

 

“Авто тээврийн үндэсний төв” Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: “...ТОҮОТА Alphard загварын, хар өнгөтэй, Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн, 90-75 УНЯ улсын дугаартай АТН100023223 арлын дугаартай, баруун гар талдаа жолооны хүрдтэй, автомашиныг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1740 цагаас 1810 цаг хүртэл МNS54598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөгө болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: зүүн урд крыло урд хэсгээрээ бага зэргийн хонхойсон, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,8мм , арын 2-р оврын гэрэл асахгүй, урд дугуйн тоормосны урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,8кН, баруун талдаа 4,8кН, зөрүү нь 20,83% зэрэг гэмтэл байна. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,8мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,8кН, баруун талдаа 4,8кН, зөрүү нь 20,83% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,7кН, баруун талдаа 3,5 кН зөрүү нь 5,41% (стандарт <30%). Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 23100 сб, Баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 14300 сд, (стандарт 10.000-225.000 cd) байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 9-мм-9мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1 мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. ТОҮОТА Alphard маркийн 90-75 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон тогтоолоо. Цагдаагийн албан хаагч болон жолооч хамт авч ирэв.

1. Alphard маркийн 90-75 УНЯ дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Зүүн урд крило урд хэсгээрээ бага зэргийн хонхойсон, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,8мм , урд дугуйн тоормосны, хүч зүүн талдаа 3,8кН, баруун талдаа 4,8кН, зөрүү нь 20,83% , арын 2 оврын гэрэл асахгүй зэрэг гэмтэл байна.

3. Зүүн урд крило урд хэсгээрээ бага зэргийн хонхойсон, арын 2 оврын гэрэл асахгүй зэрэг гэмтэл нь осолд нөлөөлөх боломжгүй, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,8кН, баруун талдаа 4,8кН, зөрүү нь 20,83%, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,8мм байгаа нь осолд нөлөөлөх боломжтой.

4. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,8кН, баруун талдаа 4,8кН, зөрүү нь 20,83% байгаа нь тоормосны зам уртсах байдлаар нөлөөлж болзошгүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,8мм байгаа нь жолоодлого алдагдах байдлаар нөлөөлж болно.

5. Уг тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн ABS системтэй.

6. Тоормосны систем нь хэвийн бус ажиллагаатай энэ гэмтлийг хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй...” /хх-ийн 39-42/ гэсэн дүгнэлтүүд,

 

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн магадалгаанд “...1. ТОҮОТА Alphard маркийн 90-75 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон..., “16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн зуултуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч М.Ээ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.  Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

4. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов...” /хх-ийн 43/ гэсэн,

- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6-7/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-16/,

- Шүүгдэгч Ц.Гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56/, жолоочийн лавлагаа /хх-ийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны арын замд Тоёота Алпард загварын 90-75 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч М.Ээг мөргөж эрүүл мэндэд нь зүүн эгэмний зөрүүгүй далд хугарал, зүүн талын 2 дугаар хавирганы цууралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч М.Ээгийн “...Би тухайн үед Ривер гарден хотхоны хойд талд байх “Их Монгол плаза” төвд байх сагсан бөмбөгийн дугуйланд хичээллэж дуусаад эгч Дэнсмаагийн гэр рүү буюу Ривер гарден хотхон руу орох гээд явган хүний гарцаар гарч байтал машин ирээд мөргөсөн. Тухайн үед замын хөдөлгөөн бага, ямар ч машин байхгүй байсан. Зам эвдрэлгүй, цаг агаар тогтуун байсан...” /хх-ийн 21/ гэсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мын “...Би гомдолтой байна, хүүхдээ эрүүл саруул болгож, бүх эмчилгээг хийлгэмээр байна, хохирлын баримтаа гаргаж өгнө, цаашдаа ямар хор уршиг гардаг юм, тэрийг мэдэхгүй байна, ирээдүйд гарах хохирлыг шийдвэрлүүлнэ...” /хх-ийн 18-20/ гэсэн, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаагийн “...Тоёото алпард загварын тээврийн хэрэгсэл нь манай цэцэрлэгийн эзэмшлийнх, тухайн осол хэрэг болох үед манай ажлын газрын жолооч Ц.Г нь жолоодож явсан. Цэцэрлэгээс хохирогчид эмнэлэгт үзүүлэх зардал 700,000 төгрөг төлсөн, мөн манай жолооч жолоочийн хариуцлагын даатгалтай, хохирогчид хохирлыг барагдуулна...” /хх-ийн 27/ гэсэн, гэрч Б.Майцэцэгийн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед хотхоны арын зам дээр ажил руугаа жолооч Гийн хамт явж байсан, бид хоёр Ривер гарден хотхоны арын замаар явж байхад явган хүний гарцан дээр нэг хүүхэд зогсож байсан. Тэрээр чихэндээ чихэвчтэй, баруун гараараа гар утсаар ярьчихсан зогсож байсан. Жолооч тэр залууд ойртож ирэхдээ хурдаа хассан, тэгтэл тэр хүү зам гарах шинжгүй байхаар нь жолооч зогсоогүй хажуугаар нь гарах гээд явж байтал хүүхэд гэнэт л явган хүний гарц руу гүйгээд ороод ирсэн, жолооч тоормосолсон боловч хүүхдийг мөргөсөн...” /хх-ийн 30/ гэсэн, шинжээч эмч Э.Мөнхсайханы “...Би хэргийн материалтай танилцлаа. Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ нь 12.8 мм байсан, стандарт хэмжээ нь 0.5 мм байдаг, 12.8 мм байгаа нь уг автомашины урд талын хоёр дугуй гадагшаа тэлсэн байна гэсэн үг. Энэ автомашин хурд ихтэй явснаас зорчих хэсгийн гадаргуу нойтон, халтиргаатай нөхцөлд хүрдний жолоодлого алдагдах байдлаар нөлөөлнө. Тухайн нөхцөлд бол автомашины хурдтай явсан эсэхээс шалтгаална, яг яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй...” /хх-ийн 32/ гэсэн, шүүгдэгч Ц.Гийн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Ривер гарден хотхоны хойд талын замд зүүнээс баруун тийш 1 дүгээр эгнээгээр 20-30 км цагийн хурдтай явж байтал гарц дээр хүүхэд утсаар яриад зогсож байсан, би хажуугаар нь гарах гэхэ хүүхэд гарцаар гарч эхэлсэн, би хүүхдийг хараад тоормосоо гишгэсэн боловч зогсож амжилгүй хүүхдийг автомашины баруун урд талын гэрэл хэсгээрээ мөргөсөн...” /хх-ийн 31/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №5208 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Эий биед зүүн эгэмний зөрөөгүй далд хугарал, зүүн талын 2 дугаар хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. М.Эий биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 34/ гэсэн,

“Авто тээврийн үндэсний төв” Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: “...1. Alphard маркийн 90-75 УНЯ дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Зүүн урд крило урд хэсгээрээ бага зэргийн хонхойсон, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,8мм , урд дугуйн тоормосны, хүч зүүн талдаа 3,8кН, баруун талдаа 4,8кН, зөрүү нь 20,83% , арын 2 оврын гэрэл асахгүй зэрэг гэмтэл байна. 3. Зүүн урд крило урд хэсгээрээ бага зэргийн хонхойсон, арын 2 оврын гэрэл асахгүй зэрэг гэмтэл нь осолд нөлөөлөх боломжгүй, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,8кН, баруун талдаа 4,8кН, зөрүү нь 20,83%, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,8мм байгаа нь осолд нөлөөлөх боломжтой. 4. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,8кН, баруун талдаа 4,8кН, зөрүү нь 20,83% байгаа нь тоормосны зам уртсах байдлаар нөлөөлж болзошгүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,8мм байгаа нь жолоодлого алдагдах байдлаар нөлөөлж болно. 5. Уг тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн ABS системтэй. 6. Тоормосны систем нь хэвийн бус ажиллагаатай энэ гэмтлийг хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй...” /хх-ийн 39-42/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6-7/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-16/ гэсэн дүгнэлтүүд,

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн “...1. ТОҮОТА Alphard маркийн 90-75 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон..., “16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн зуултуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч М.Ээ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.  Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. 4. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов...” /хх-ийн 43/ гэсэн магадлагаа зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Ээгийн эрүүл мэндэд зүүн эгэмний зөрүүгүй далд хугарал, зүүн талын 2 дугаар хавирганы цууралт бүхий хүндэвтэр хохирол учирсан /хх-ийн 34/, насанд хүрээгүй хохирогч М.Ээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Манай зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаагүй, жолоочийн зүгээс эмнэлгээр хамт явж хүүхдийг үзүүлэх гээд тухайн үед шаардлагатай арга хэмжээг авч байсан, эмчилгээтэй холбоотой 700,000 төгрөгийг төлсөн, өөрөөр эмчилгээний зардалтай холбоотой мөнгө өгөөгүй. Манай зүгээс Ц.Гийн утас руу залгахад утсаа авахгүй, ямар нэгэн байдлаар хүүхдийн эрүүл мэндийн байдлыг асуугаагүй, манай хүүхэд өнөөдөр зүгээр боловч ирээдүйд ямар зовиур, шаналал үүсэхийг хэлж мэдэхгүй байна. Аваарын хэрэг өнөөдөр зүгээр юм шиг боловч ирээдүйд гарах хохирол нь хүнд байдаг талтай. Манай зүгээс ирээдүйд гарах зардлыг нэхэмжилмээр байна. Би цаашид гарах эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг нэхэмжилнэ...” /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Ц.Г нь эмчилгээний зардалд 700,000 төгрөг /хх-ийн 27, 85/-ийг шүүхийн шатанд төлсөн болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Ц.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар төлбөр төлөөгүй, иргэний хариуцагч “Эко гэр” цэцэрлэг байгууллага төлж барагдуулсан /хх-ийн 27/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гомдолтой гэснийг болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1903004280237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт жолоочийн №211596 дугаартай үнэмлэх хураагдаж ирүүлснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Х овогт Ц Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Гийг 1200 /мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан  1200 /мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Г торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Эко гэр” цэцэрлэг нь хохирол төлбөрт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М-т 700,000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч М.Ээ, түүний хууль ёсны төлөөлөгч П.М нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн 1903004280237 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1903004280237 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Ц Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №00000 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ц.Гт буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                              Д.АЛТАНЖИГҮҮР