Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 715

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Г-ын Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910020370680 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хажуугаар шахлаа гэх шалтгаанаар хохирогч Г.Т-тай маргалдаж түүний биед “дагз ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, тархины дух дэлбэнгийн хатуу хальсан доорх бага хэмжээний цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус хуралт, дагзны хуйханд няцарсан шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Б: “...2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ах Л.Эрдэнэчулууны хамт ажил ярих гээд уулзсан, орой нь Минт бааранд орсон, текний хажууд пиво уугаад сууж байхад хохирогч гэх залуу том шилтэй виски барьчихаад дайраад байсан, би наана чинь хүн сууж байна гэхэд гараад ир, хоёулаа үзье, зодолдьё гээд байсан. Намайг татаж чангаагаад байхаар нь би эхлээд хувцасны өрөөнд нуугдсан. Хохирогч намайг сугадаад гарч зодолдъё гээд байхаар нь би зугтаасан. Харин гурав дахь удаад нь би ахдаа гарлаа гэж хэлчихээд баарнаас гараад машинаа халаагаад байж байтал хохирогч гарч ирээд “чи надад хэлэлгүй гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд надаар тамхи асаалгачихаад намайг нэг удаа мөргөсөн тул би түүнийг түлхээд нэг удаа цохитол хохирогч уначихаар нь би хамгаалагч дуудчихаад явчихсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 18-ны орой 01 цагийн үед “Минт” бааранд орсон, бааранд ороод бид гурав 1 литрийн виски хоёрыг уугаад би тасарсан. Тэгээд өглөө сэрэхдээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хажууд ганцаараа сэрсэн. Тэр үед миний хамар хавдаад цус гарчихсан, толгой ар дагз хэсэгт хагараад цус гарчихсан байдалтай, үл таних хүн зүгээр үү гээд сэрээсэн. Тэгээд босоод шууд гэртээ хариад, гар утсаа үзэхэд байхгүй байсан. Гэрийнхээ утаснаас хамт явсан хоёр найзруугаа залгаад юу болсон талаар асуухад Минтээс гарах гэтэл чамайг хайгаад олоогүй, гар утас руу чинь залгахад холбогдохгүй байсан гэж хэлсэн. Тэгээд гэртээ амарч байгаад орой ээлжийн ажилтай байсан учраас ажилдаа явсан. Маргааш өглөө нь ажлаасаа буугаад найз Батсүхийн эмнэлэг дээр дусал залгуулсан. Тархи хөдөлсөн юм байна гэж бодоод хараагүйчүүдийн бариачид очиж толгойгоо бариулаад толгойн өвдөлт намдахгүй байхаар нь маргааш өглөө нь буюу 2019 оны 8 дугаар сарын 20-нд Батсүхийн эмнэлэг дээр очиж компьютер томографикийн зураг авахуулаад тархины суурь яс цууралттай, цус хуралттай байна, яаралтай хэвтрийн дэглэм барь гээд шууд тэр өдрөө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт хэвтэж эмчлүүлсэн. Би маш их согтолттой байсан, сайн санахгүй байна. Би гомдолтой байна, эмчилгээний зардал болон гар утасны мөнгөө нэхэмжилмээр байна...” /хх-ийн 23-26, 27-28/ гэсэн,

 

Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 18-ны орой “Минт” бааранд дүү Б-ын хамт орсон. Би тухайн үед ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдэхгүй байна. Дотор Б нэг хүнтэй ойртоод юм яриад байх шиг байсан, маргалдсан үгүйг сайн мэдэхгүй байна. Гадаа болсон асуудлыг хараагүй, би тэр үед дотор сууж байсан. Би дотор Быг хүлээж байгаад өөдөөс нь гараад очтол Б надад би сая гадаа нэг залуутай маргалдаад удчихлаа гэж хэлсэн...” /хх-ийн 32-33/ гэсэн,

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 18-ны шөнө 1 цаг өнгөрч байхад О, Т бид гурав “Минт” бааранд орж Теккила нэртэй архи авч гурвуулаа хувааж уусан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Тэгээд О-ийн гэрт унтаж байхад өглөө 8 цаг өнгөрөөгөөд Т гэрийнхээ утаснаас залгаад “би утсаа алдчихаж, толгой хөндүүр байна, хүнд зодуулчихсан юм шиг байна” гэхээр нь би “гайгүй юу, бие нь яаж байна” гэж ярьж байгаад утсаа салгасан. ...2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад манай ажил дээр Т ирж уулзахаар нь үзлэг хийж эмчилгээ бичиж өгөөд, гэрт нь хүргэж өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед Тын толгойн томографикийн зургийг нь авахуулаад харсан чинь тархинд нь цус хурсан, духны дэлбэнд няцрал үүссэн байсан. Мөн зүүн талын дагзны хэсгийн гавал цуурсан байсан. Тэгэхээр нь яаралтай гэрийнхэнд нь хэлж Гуравдугаар эмнэлэг рүү явуулсан чинь ор байхгүй гээд гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Т надад хэлэхдээ “Гэмтлийн эмнэлгийн ойролцоох 9 давхрын орцны гадна талд хамраас нь цус гарчихсан, хувцас руугаа бөөлжсөн байдалтай сэрээд төв замруу ороод такси бариад явсан” гэж утсаар хэлсэн...” /хх-ийн 34-36/ гэсэн,

 

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед гэртээ ороход манай нөхөр унтаж байсан, сэрэхээр нь харахад хамар нь, хацар нь хавдсан, баруун хүзүү хэсэг нь хөхөрсөн, баруун чихний ард мөн адил хөхрөлттэй, маш том цус хурсан, дух болон хамар дээр халцарсан байдалтай байсан. Олигтой юм ярьж чадаагүй ажилдаа явлаа гээд яараад гараад явсан. Тэр өдөр хоол идэж чадахгүй бөөлжиж байгаад гараад явсан. Тэрнээс өөр ил харагдах шарх сорви байгаагүй, мөн дагзны хойно шалбарсан байсан. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 05 цаг 09 минутын үед найз Б-ийн утаснаас О гэж найз нь залгаад Г.Т хаана байна вэ, гэртээ харьсан уу, холбогдсон уу, утас нь холбогдохгүй байна гээд ярихаар нь ажил дээрээ байгаа байх гэж хэлээд тасалсан...” /хх-ийн 37-40/ гэсэн,

 

Гэрч М.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би Минт баарны гадаа хаалган дээр зогсож байхад Н гэх манай баарны гаднаас хүн авч таксинд явдаг ах ирээд танай хажууханд хүн ухаан алдаад  уначихсан байна гэж хэлэхээр нь би очсон. Ойролцоогоор шөнийн 3 цаг 40 минутын үед очиход газар уначихсан хажуу тийшээ харсан, ухаан алдсан байдалтай байсан. Хажууд нь нэг хүн гарыг нь барьчихсан байсан ба хажууд нь байсан залуу би танихгүй, эмч гээд эмнэлгийн анхны тусламж үзүүлж байна гээд зогсож байхаар нь станцаар Мөнх-Эрдэнэ рүү баарны гадна нэг хүн ухаан алдсан байна, яах вэ гэхэд сэрэхээр байна уу?, яг яасан байна?, болохгүй бол түргэн тусламж дууд, би удахгүй гарлаа гэхээр нь би түргэн тусламж дуудсан. Г.Тын хажууд байсан эмч гэх залуу хар футволктой 25-27 орчим насны дунд зэргийн нуруутай залуу байсан. Тухайн үед түргэн тусламж иртэл байсан шиг санагдаж байна. Г.Т-ыг цохисон гэх залууг хараагүй. Намайг очиход тусламж үзүүлж байсан залуу, эмч гэх залуугаас өөр хүн байгаагүй...” /41-42/ гэсэн,

 

Гэрч З.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 19-ний шөнө 3 цагийн үед хамгаалагч Ууганбаяр станцаар гадаа хүн ухаан алдчихлаа гэхээр нь за би одоо гарлаа гэж хэлээд гараад очиход 30 орчим насны залуу газар хэвтсэн байсан. Үл таних залуу гарыг нь барьчихсан байсан. Тэгээд Ууганбаяр түргэн тусламж дуудаад түргэн тусламж ирэхээр нь Ууганбаяр бид хоёр гарнаас нь сугадаад түргэний машинд суулгаж өгөөд явуулсан...” /47-48/ гэсэн,

 

Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед “Минт” бааранд орж Тэкилла гэх нэртэй 0,75 граммын уух зүйл нэг бүтнийг нь хувааж уугаад дахиад уухдаа талыг ууцгааж бүжиглэж байгаад 03-04 цагийн орчимд тамхилчихаад орж ирэхэд Т байхгүй байхаар нь бааранд хайгаад олоогүй, утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд баар хаах үед Тыг хайхаар гарахад гадаа байгаагүй ба Батсүх миний араас гарч ирэхээр нь Т олдохгүй болохоор нь ярих байх, гэртээ харьсан байлгүй гэж бодоод Б бид хоёр манайх руу явсан. Тэгээд маргааш өдөр 12-13 цагийн орчимд Т өөрийн гэрийн утаснаасаа залгаад “юу болсон бэ, би хорооллын эцэст хүнд зодуулчихсан сэрлээ, миний утас хаана байна? та хоёр авсан уу” гэхээр нь мэдэхгүй ээ, чамд өөрт чинь байсан биздээ гэж хэлсэн. Биеийг нь асуухад толгой хүчтэй цохисон байна. Би саяхан гэртээ ирлээ гэж хэлсэн. Би Тын дугаар луу залгахад дуудахгүй байсан, утасны эзэн байна, энэ дугаар луу яриач, мөнгө төлөөд утсаа авъя гэж мессеж бичээд үлдээхэд ямар ч хариу ирээгүй. Т ямар нэг толгойн хууч өвчин болон гэмтэл авч байсан зүйл байхгүй...” /43-44/ гэсэн,

 

Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Тын биеийн байдал тухайн үед хүндэвтэр, гавал тархины гэмтэлтэй байсан. Тархины хаван буулгах аннивиатик, тархины няцралыг шимэгдүүлэх эмчилгээг хийсэн. Манай эмнэлэгт байхдаа хагалгаанд оролгүй цус шимэгдүүлэх эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Манай эмнэлгээс гарахдаа биеийн байдал дээрдсэн бөгөөд тархиндаа гэмтэл авсан, мэдрэлийн эмчийн хяналтанд байсан бөгөөд манай эмнэлгийн гавал тархины тасагт эмчилгээ хийлгэж байгаад гуравдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн...” /45-46/ гэсэн,

 

Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх гэмтлээс дагз ясны хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагз ясны хугарал, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх бага хэмжээний цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус хуралт, дагзны хуйханд няцрал шарх зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх уялдаа хамааралтай нэг гэмтэл юм. Тухайлбал дагзаар арагш унах үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь дагзаар арагш боржур мөргөхөд үүсэх боломжтой. Баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Хохирогчийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд юм...” /53-54, 60-61/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 18-ны орой Э ахтай уулзаад “Минт” бааранд орсон ба бид хоёр баарны голд байрлах текний хэсэгт юм яриад нэг нэг пиво уугаад сууж байхад үл таних залуу том шилтэй виски барьчихсан хажуугаар чихээд байхаар нь наана чинь хүн сууж байна ш дээ гэхэд, чи миний хаана суудгыг заадаг хэн бэ, пизда чинь гэхээр нь цаашаа яваа хөгшөөн, өөр газарт суу гэж хэлэхэд миний өөдөөс согтуурхаад гаръя, хоёулаа үзэлцье гээд хэрүүл хийгээд яваад байсан. ...Тэгээд бид хоёр тамхи татаад зогсож байхад намайг мөргөх гээд байхаар нь түлхээд баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа цохиход үл таних залуу хойшоо бөгсөөрөө суугаад нуруугаараа саваад арагшаа унасан. Тэгээд би яваад өгсөн...” /хх-ийн 121-123/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9  дүгээр сарын 06-ны өдрийн №10269 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Т-ын биед дагз ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, тархины дух дэлбэнгийн хатуу хальсан доорх бага хэмжээний цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус хуралт, дагзны хуйханд няцарсан шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай туд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /хх-ийн 51/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №4856 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “VID_20190823_205939.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь хяналтын төхөөрөмжийн дэлгэцэнд тоглуулагдаж байгаа дүрс бичлэгийг дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан хуулбарлан бичсэн байх тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй...” /хх-ийн 58-59/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 2-3/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /4-5/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /6-11/,

- Камерын бичлэгтэй сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /15-20/,

- Өвчний түүх /хх-ийн 65-73, 105-115/,

- Хохирлын баримт /хх-ийн 74-104/,

- Шүүгдэгч Г.Б-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 128/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 129/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 130/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 131/, дансны хуулга /хх-ийн 132-141/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 157-158, 159-171/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” гэх бааранд 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “хажуугаар шахлаа” гэх шалтгаанаар Г.Ттай маргалдаж түүний биед “дагз ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, тархины дух дэлбэнгийн хатуу хальсан доорх бага хэмжээний цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус хуралт, дагзны хуйханд няцарсан шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Т /хх-ийн 23-26, 27-28/, гэрч Л.Э /хх-ийн 32-33/, Б.Б /хх-ийн 34-36/, М.У /41-42/, З.М /хх-ийн 47-48/, Ж.О /хх-ийн 43-44/, Л.Д /45-46/, шинжээч эмч Ц.Бадрал /53-54, 60-61/ нарын болон шүүгдэгч Г.Б /хх-ийн 121-123/-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №10269 дугаартай дүгнэлт /хх-ийн 51/ дүгнэлт, өргөдөл /хх-ийн 2-3/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /4-5/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /6-11/, камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /15-20/, өвчний түүх /хх-ийн 65-73, 105-115/, хохирлын баримт /хх-ийн 74-104/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд “дагз ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, тархины дух дэлбэнгийн хатуу хальсан доорх бага хэмжээний цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус хуралт, дагзны хуйханд няцарсан шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б нь хохирогчид 10,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч Г.Т “...Би Баас 10,000,000 төгрөг авсан, үлдэглэл 10,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн сар бүр 500,000 төгрөг авахаар гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Одоо миний бие Бт ямар нэгэн гомдол саналгүй байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” /хх-ийн 191/ гэсэн хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүйн дээр шүүгдэгч, хохирогч нарын хохирол төлбөр төлөх талаар тохиролцсоныг буруутгах боломжгүй юм. 

 

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Бт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Уг торгуулийн ялыг шүүгдэгчийн ажил эрхэлдэг байдал, хохирогчид сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон зэргийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй.

 

Эрүүгийн 1910020370680 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Бт оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь хохирогч Г.Тт эмчилгээний зардалтай холбоотой хохиролд 10,000,000 /арван сая/ төгрөг төлснийг дурдаж, эрүүгийн 1910020370680 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1910020370680 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн 1910020370680 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.Т гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч Г.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР