| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0741/Э |
| Дугаар | 733 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 733
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эсэн /томилолтоор/, шүүгдэгч Д.М, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ын М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910025160835 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр инвенст” ХХК-д ажлаа хийж байгаад иргэн Ч.Этой цавуугаа авчирч өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 28-нд Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд байрлах “Тэнгэр Инвест” ХХК-д ажлаа хийж байгаад ажлын залуу М-д ажил үүргийн хувиар тавих ёстой шаардлага тавьтал чи муу ямар том болчихсон бацаан бэ гээд миний нүүрэн тус газар хоёр удаа цохиж завьж хэсгийг сэтэлсэн, би тухайн өдөр Гэмтлийн эмнэлэг орж оёдол хийлгэсэн. Би ахлах операторчин гэж ажилладаг болохоор шаардлага тавих ёстой хүн мөн. Хувиасаа эм тарианы мөнгө 100,000 төгрөгийн зүйл авсан боловч баримтаа хаясан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” /хх-ийн 5-7/ гэсэн,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр Инвест” ХХК-д ажил дээрээ ажлаа хийж байтал манай ажлын залуу болох М, Э хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Би тухайн үед тэр хоёроос 30 алхамын наана ажлаа хийж байсан, тэгтэл М Э-ын нүүрэн тус газар нэг удаа цохисон, би очоод тэр хоёрыг салгасан. Тухайн үед яг юунаас болсныг нь мэдээгүй, дараа нь сонсоход барьцалдуулагч цавуу авчирч өгсөнгүй гэж маргалдсанаас болж Э-ыг М нэг удаа цохисон гэсэн...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 10 дугаар 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр Инвест” ХХК-д ажлаа хийж байгаад хамт ажилладаг Э гэх залуутай барьцалдуулагч гэх цавуунаас болж үл ойлголцон маргалдаж улмаар нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд тухайн үед Э яаж байгаа юм бэ гэж хэлээд яваад өгсөн...” /хх-ийн 10-11/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №13170 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ч.Э-ын биед зүүн завьжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 02/,
- Шүүгдэгч Д.М-гын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 29/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, дансны хуулга /хх-ийн 35-41/, гэрч Г.О-ийн мэдүүлэг /хх-ийн 42-43/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр инвенст” ХХК-д ажлаа хийж байгаад иргэн Ч.Этой “цавуугаа авчирч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн завьжинд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Эын “...2019 оны 10 дугаар сарын 28-нд Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд байрлах “Тэнгэр Инвест” ХХК-д ажлаа хийж байгаад ажлын залуу Мд ажил үүргийн хувиараар тавих ёстой шаардлага тавихад чи муу ямар том болчихсон бацаан бэ гээд миний нүүрэнд хоёр удаа цохиж, завьж хэсгийг сэтэлсэн, би тухайн өдөр Гэмтлийн эмнэлэгт оёдол хийлгэсэн. Би ахлах операторчин гэж ажилладаг болохоор шаардлага тавих ёстой хүн мөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” /хх-ийн 5-7/ гэсэн, гэрч Б.Санжаагийн “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Тэнгэр Инвест” ХХК-д ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажлын залуу болох М, Э хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Би тухайн үед тэр хоёроос 30 алхмын наана ажлаа хийж байсан, тэгтэл М Эын нүүрэнд нэг удаа цохисон, би очоод тэр хоёрыг салгасан...” /хх-ийн 12-13/ гэсэн, шүүгдэгч Д.Мөнхтулгын “...Би 2019 оны 10 дугаар 28-ны өдөр “Тэнгэр Инвест” ХХК-д ажлаа хийж байгаад хамт ажилладаг Эрдэнэ гэх залуутай барьцалдуулагч гэх цавуунаас болж үл ойлголцон маргалдаж улмаар нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгээд тухайн үед Э яаж байгаа юм бэ гэж хэлээд явсан...” /хх-ийн 10-11/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №13170 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ч.Эын биед зүүн завьжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт, өргөдөл /хх-ийн 02/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Эын эрүүл мэндэд зүүн завьжинд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Би Мтай эвлэрсэн, надад 100,000 төгрөг өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 49/ гэсэн хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910025160835 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Мд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910025160835 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР