Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 734

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт А-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 181002310712 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 12-200 тоотод оршин суух хаягтай, “Мөнхийн түншлэл” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 144 дүгээр магадлалаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 581 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялаа эдлэж байгаа, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт А-ын Ч.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.А-ын гээгдүүлсэн байсан Айфоне 7 плас загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Б.Дөлгөөн, Т.Ад өгчихөөрэй гэж өгөхөд нь Баянаа гэгчид 285,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсаны улмаас бусдад 810,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны эсрэг талд С.Нямсүрэнтэй заамдалцан, ноцолдож байхад нь салгах гэж очсон О.С-г зодож, эрүүл мэнД нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 12 дугаар гудамжны 200 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Ц-ийг хардалтын улмаас үснээс нь зулгааж, ор руу шидэж, нурууг нь хазах зэргээр кодож эрүүл мэнД нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.Ч: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ямар үр дагавартай болохыг ойлгож байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ч, Эрдэнэ нартай уулзаад Чийн машинд архи ууж байгаад Давааг ирэхээр нь тэдний гэр рүү явцгаасан. Даваагийн очсоныхоо дараа утсаа алга болгосноо мэдээд Ч, Даваа, Эрдэнэ нараас асуухад мэдэхгүй гэхээр нь буцаж ирээд Чийн машинд үзэхэд миний утас байхгүй байсан. Тухайн үед утас руу гаа залгаж үзэхэд дуудаад, авахгүй байсан. Тэгээд маргааш нь эгчийнхээ ТҮЦ-нд сууж байхад Ч, Э, Д гурав ирээд утасныхаа гэрийг өгч бай имей кодоор нь хайгаад олоод өгьё гээд хайрцагийг нь аваад явсан. Дараа нь Ч өөрийн фэйсбүүктээ Айфоне-7 загварын гар утас зарна гэсэн байхаар нь асуухад би чиний утсыг олсон, удахгүй өгнө гэж хэлчихээд өгөхгүй байсан...” /1-р хх-ийн 5-7, 8/ гэсэн,

 

Хохирогч О.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед  ...Нямаа эмээтэйгээ утсаар ярьчихаад ирье гээд гудамж руу ороход араас нь Ч очсон. Тэр хоёр юм ярьж байгаад хоорондоо зодолдоод эхлэхээр нь салгах гэхэд Ч намайг үсдээд дарчихсан. Тэгэхээр нь чи ямар сонин залуу вэ, эмэгтэй хүн зодоод байдаг гэхэд намайг хэл амаар доромжлоод эмзэг эрхтэн болон гэдэс рүү өшиглөж, шанаа руу цохисон. Тэгээд найзуудынхаа хамт зугтаахад араас гүйж ирээд намайг мөргөсөн...” /1-р хх-ийн 70-72, 73-44, 75-76/ гэсэн,  

 

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим би өөрийн аижл дээрээ байж байхад манай нөхөр надаа хоол авчирч өгөөд гараад явсан. Тэгээд би ажлаа тараад буцаад гараад явсан. Манай ажлын хүний төрсөн өдөр байсан болохоор ажлын хажууд байдаг ресторанд ороод сууж байтал манай нөхрийн найз гэх залуу орж ирээд таныг гадаа Ч ах дуудаад байна, та гараад ирээч гэж хэлэхээр нь би гарахгүй, та хоёр яв гэж хэлсэн. Ингээд байж байсан чинь манай нөхөр өөрөө орж ирээд хоёулаа гэрлүүгээ явъя гээд байсан.  Тэгэхээр нь би хамт гараад явсан. Замдаа явж байсан чинь машин дотор миний нуруу руу хоёр удаа цохиод толгой руу бас цохиод байсан. Гэрийн гадаа ирээд зогсохоор нь би машинаас буугаад гэртээ ортол хадам ээж манай нөхрийг өмөөрөөд намайг загнаад байхаар нь би хадам ээжтэй маргалдаад зогсож байтал манай нөхөр орж ирээд намайг тэвэрч аваад ор руу шидээд миний нуруунаас хазсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 181-183/ гэсэн,

 

Гэрч Г.Эрдэнэсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ч, Азжаргал нарын хамт Чийн машинд архи ууж байгаад найз Даваагийн гэр рүү явсан. Тухайн үед Ч согтуу байсан учраас машиныг үлдээгээд, Даваагийн машинд бүгд суугаад явсан. Энэ үед Азжаргал утас алга болсон байна гэхээр нь анх байсан газраа очиж үзэхэд байгаагүй. Маргааш нь Ч, Дөлгөөн бид гурав Азжаргалын ТҮЦ-нд очоод утасных нь хайрцагийг авсан. Тэгээд тэр өдрөө бид дөрөв солонгос хоолны газар болон караокед орсон. Тухайн үед Ч тооцоог хийсэн бөгөөд ээжийнхөө мөнгөний гахайг хагалаад бүх мөнгийг нь авчихсан гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Давкагийн машиныг угааж байхад арын суудлын шалавчин доороос Азжаргалын утас олдсон. Тэгээд Давкагийн гэрээс гарч явахдаа Дөлгөөнтэй тааралдахад Чтой уулзаж PC тоглоно гэхээр нь энэ утсыг Чт өгчихөөрэй гээд өгсөн. Дараа нь РС тоглоомын газарт очоод Азжаргалын утсыг олсон талаараа Чт хэлэхэд би Дөлгөөнөөс авчихсан удахгүй өгнө гэж хэлсэн...” /1-р хх-ийн 13-14/ гэсэн,

 

Гэрч Б.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09  дүгээр сарын 19-ний өдөр эмээгийнхээ гэр рүү явж байхдаа Эрдэнэсүрэнтэй тааралдахад надад Айфоне-7 загварын утас өгөөд Азжаргалын утас юм шиг байна, Давкагийн машины шалавчин доороос оллоо, чи Чт өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Ундрам дэлгүүрийн гадаа Чтой уулзаад утсыг нь өгсөн...” /1-р хх-ийн 15, 16/ гэсэн,

 

Гэрч Г.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой Ч намайг зодож байхад Солонго ирээд бид хоёрыг салгах гэхэд Ч Солонгоог мөргөж, нүүр рүү цохиж, үснээс нь зулгаагаад байсан...” /1-р хх-ийн 79-80, 81/ гэсэн,

 

Гэрч Г.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Отгонтөгс, Лхагвасүрэн, Хонгороо, Нямсүрэн, Солонго бид нар Бадмаараг гэх караокед орж дуулчихаад харихаар гарцгаасан. Бид нар Солонгоог хүргэж өгөх гээд Төрийн банкны хажууд явж байхад цагаан өнгийн жижиг машинтай хүмүүс бид нарыг хашаад зогссон. Тэгээд машинаас Сумьяа, Зоригоо, бас нэрийг нь мэдэхгүй 2 залуу бууж ирсэн. Тэд нар манай найзуудтай танилцаад байж байхад Зоригоо нь Лхагвасүрэнгийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон, тэр үед Нямсүрэн гэр рүүгээ утсаар ярихаар гудамж руу ороход араас нь Зоригоо очоод тэр хоёр муудалцаад хоорондоо зодолдсон. Тэгээд би тэр хоёрыг салгах гэж очиход миний хойноос нэг нь татаад би газар унасан. Намайг гудамжны үзүүрт дугуй налаад сууж байхдаа Нямсүрэн, Зоригоо хоёр руу харахад зодолдохоо больцгоосон, хоорондоо маргалдаад зогсож байсан...” /1-р хх-ийн 85/ гэсэн,

 

Гэрч Н.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой ...Зоригоо, Нямаа гэх залуутай хашааны буланд юм яриад зогсож байснаа хоорондоо зодолдсон. Тэгээд би Нямааг салгахад Солонго Зоригоогийн эрхнээс татсан. Зоригоо эрхээ таслуулахгүй гээд урагшаа алхаж байгаад хөл алдаад Солонгоог мөргөчихсөн...” /1-р хх-ийн 88/ гэсэн,

 

Гэрч О.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зүс таних найз Ч тааралдаад манай эхнэрийг очиж авчихаад ирье гэж хэлээд надтай цуг явсан. ...Эхнэр нь машинд суунгуутаа хаачих гэж байгаа юм гэсэн чинь Ч Яармаг орно гээд, тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад өөд өөдөөсөө орилоод байсан. Ч сүүлдээ эхнэрийнхээ үснээс нь зулгаагаад хойш нь дарсан чинь эхнэр нь чи яагаад байгаа юм бэ, хэнийгээ харчихаад ингээд байгаа юм, ажлын хамт олны дэргэд яаж байгаа юм гээд уйлаад байхаар нь би Чийн гарыг татаад тавиулсан чинь дахиад хоорондоо маргалдаад байсан...” /1-р хх-ийн 187-188/ гэсэн,

 

Гэрч А.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны орой хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна, гэртээ байж байтал Ч намайг зодоод байна гээд манай бэр хашгираад ороод ирсэн. Тэгтэл араас нь Ч орж ирээд “ээж унтаж байхад яах гэж орж ирсэн” гээд хэрэлдээд байсан. Тэгээд хоорондоо ноцолдоод байсан, тэгтэл Ч ор руу түлхээд унагасан. Тэгэхээр нь би салгасан...” /1-р хх-ийн 193-194/ гэсэн,

 

Гэрч А.Уянга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал манай төрсөн дүү Ч түүний эхнэр Цэндээ хоёр хоорондоо маргалдаад орж ирээд хоорондоо ноцолдоод байхаар нь ээж бид хоёр салгасан...” /1-р хх-ийн 195-196/ гэсэн,

 

Шүүгдэгч А.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дөлгөөнтэй уулзахад Азжаргалын утсыг Эрдэнээ Давкагийн машинаас олсон байна гээд Айфоне-7 загварын утсыг надад өгсөн. Тухайн үед нь шууд А руу залгаад утсыг чинь олчихсон гэж хэлсэн. Тэгээд РС тоглож байсан чинь ээж ирээд мөнгөний гахайг хагалаад бүх мөнгийг нь авч, үрлээ гэхээр нь би үрээгүй надад байгаа гэж хэлээд тэр өдөртөө Азжаргалын утсыг барьцаанд нь үлдээгээд найз Баянаагаас 250,000 төгрөг зээлчихсэн юм. Дараа нь Азжаргалын утсыг авч өгөх гээд мөнгө олдохгүй байсан.

2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө согтуу байхдаа өмнө нь таньдаг байсан Солонго гэх охин болон түүний найз Нямсүрэн нартай маргалдсан байсан. Би их согтсон байсан учраас юу болсныг сайн санахгүй байна. Намайг Нямсүрэн гэх залуутай муудалцах үед Солонго дундуур орж ирээд мөргүүлсэн юм шиг байна лээ...”,

“...2018 оны 12 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед эхнэрийнхээ ажил дээр хоол аваачиж өгсөн. ...Тэгсэн 22 цаг болж байхад миний авч ирсэн хоолыг идсэн залуу гарч ирээд тамхи татаад зогсож байснаа эхнэр Цийг гарч ирэхэд нь тэврээд үнсэх шиг болсон. Би эхнэрийнхээ ажил руу нь орох гэтэл хаалга нь цоожтой байхаар нь хажууугийн “паб руу нь” орсон чинь тэнд сууж байсан. Би очоод асуудал гаргаж магадгүй гээд Эрдэнэсүрэнг очоод манай эхнэрийг дуудаад ир гээд явуулсан чинь ажлынхан нь Цэндээ согтуу байгаа гаргахгүй, энэ манай паб бид нар үргэлжлүүлнэ гэж хэлсэн байхаар нь гадаа нөхөр нь дуудаад байна гэж хэлүүлсэн чинь нөхрийг нь орж ирж уулз гэж хэлүүлсэн байсан. ...Тэгтэл манай эхнэр гарч ирээд машинд суугаад намайг барьж байсан жижиг цүнхээрээ цохиод байсан, тэгэхээр нь би чи одоо болил доо гээд үснээс зулгаагаад доош нь дарж байснаа, санаж байна нэг мэдсэн чинь гэрийн гадаа ирсэн байсан. Эхнэр чинь орсон чи ороорой гэж хэлсэн тэгэхээр нь гэртээ орсон чинь манай хоёр давхарт гарчихсан ээжтэй маргалдаад зогсож байсан, тэгэхээр нь би барьж аваад ор руу өргөөд нуруунаас хазаад ор руу шидчихсэн тэгээд байж байсан чинь цагдаа ирсэн...” /1-р хх-ийн 46-47, 82-83, 109-110, 133-134, 208-209/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №8087 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.С-ын биед зүүн хацар, хүзүүнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал баруун бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 101-102/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №96 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Цийн биед нуруунд шарх, цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул, зүүн шилбэнд цус хуралт, баруун дээд 2 пугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /1-р хх-ийн 198/ гэсэн дүгнэлтүүд,

 

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 19-20/,

-  Хохирол хүлээн авсан баримт /1-р хх-ийн 37, 2-р хх-ийн 14/,

- Өргөдөл /1-р хх-ийн 176/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /1-р хх-ийн 222-227/,

- Фото зураг /1-р хх-ийн 32-35/,

- Шүүгдэгч А.Ч-ийг ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 23, 211, 2-р хх-ийн 3/, оршин суух хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 25, 26, 212, 2-р хх-ийн 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 24, 113, 213, 2-р хх-ийн 2/, гэрлэлтийн лавлагаа /1-р хх-ийн 214/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /1-р хх-ийн 119-121, 149-151, 216-218, 2-р хх-ийн 10-13, 16-22, 27-32, 38-44/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 214/,

- Ялтныг хорих ангиас шилжүүлэн яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 62/,

- Хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, ялын тооцоо /2-р хх-ийн 63-64/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Чт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Аын гээгдүүлсэн байсан Айфоне 7 плас загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Баянаа гэгчид 285,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсаны улмаас бусдад 810,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны эсрэг талд С.Нямсүрэнтэй заамдалцан, ноцолдож байхад нь салгах гэж очсон О.С-г зодож, эрүүл мэнД нь зүүн хацар, хүзүүнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал баруун бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 12 дугаар гудамжны 200 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Ц-ийгхардалтын улмаас үснээс нь зулгааж, ор руу шидэж, нурууг нь хазах зэргээр зодож эрүүл мэнД нь нуруунд шарх, цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул, зүүн шилбэнд цус хуралт, баруун дээд 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Азжаргал, О.Солонго, Д.Ц, гэрч Г.Эрдэнэсүрэн, Б.Дөлгөөн, Г.Нямсүрэн, Н.Баярсайхан, А.Оюунчимэг, А.Уянга, Г.Мөнх-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, насанд хүрээгүй гэрч Э.Хонгороо, Ц.Лхагвасүрэн, Г.Отгонтөгс нарын болон шүүгдэгч А.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны өдрийн №8087, №96 дугаартай дүгнэлтүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирол хүлээн авсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

 

Шүүгдэгч А.Ч нь хохирогч О.Солонго, Д.Ц нарыг буюу хоёр хүнийг зодсон бөгөөд хохирогч Д.Ц, шүүгдэгч А.Ч нар нь гэр бүлийн баталгаатай /1-р хх-ийн 214/, гэмт хэрэг гарах үед хамт амьдарч байсан зэрэг нь шүүгдэгч А.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий хүний биед хүч хэрэглэн халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “...хоёр хүнийг..., гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэнД хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч О.Солонгын эрүүл мэнД биед зүүн хацар, хүзүүнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал баруун бугалга, баруун ташаанд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Цийн эрүүл мэнД нуруунд шарх, цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул, зүүн шилбэнд цус хуралт, баруун дээд 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан, мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ад 810,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах  ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч нартай сайн дураараа эвлэрсэн, хохирогч О.Солонгод эмчилгээний зардал 200,000 төгрөг төлсөн, хохирогч Т.Ад гар утсыг нь буцаан өгсөн, хохирогч Д.Ц “...Бид хоёр эвлэрсэн, сайн сайхан амьдарч байгаа тул энэ асуудлыг хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт ирүүлсэн бөгөөд хохирогч нар цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж, хүсэлт гаргасан тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.          

 

Шүүгдэгч А.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

А.Чийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг 2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна.

Иймд шүүгдэгч А.Чийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу А.Чт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 1810023190712 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.А, О.Солонго, Д.Ц нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч А.Ч нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар энэ хэрэгтээ 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс /2-р хх-ийн 62/ 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 31 хоног цагдан хоригдсоныг, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

А.Ч урьд нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 581 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид эдэлж байсан.

 

Эрүүгийн 1810023190712 дугаартай хэрэгт авагдсан ялын тооцоогоор ялтан А.Ч нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2019/шцт/581 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 11 сар 04 хоногийн хорих ялыг эдэлсэн, 26 хоногийн хорих ял үлдэж байгаа гэсэн ялын тооцоо авагдсан байна. Иймд эдлээгүй үлдсэн хорих ялыг эдлүүлэхээр түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэв. Ял эдлүүлэхтэй холбоотой ялтан хүргүүлэх асуудлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1014 тоот албан бичгээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч А.Чийн энэ хэрэгт цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2019/шцт/581 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 26 хоногийн хорих ялд дүйцүүлэн хасаж тооцож өгнө үү гэсэн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь А.Ч нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2019/шцт/581 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдэлж байсан, түүнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар эрүүгийн 1810023190712 дугаартай хэрэгт буюу өөр хэрэгт яллагдагчаар цагдан хорьсон байхад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд дүйцүүлж хасах хуулийн зохицуулалт үгүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүД заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Д овогт А-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч А-ын Ч-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нь 31 /гучин нэг/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай.  

 

4. Эрүүгийн 1810023190712 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.А, О.С, Д.Ц нар гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

              

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР