Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 148/2016/00084/И |
Дугаар | 18 |
Огноо | 2016-09-21 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 18
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Оюунцэцэг
Г.Давааренчин
Оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Ренчинханд
Хариуцагчийн төлөөлөгч Э.Наранбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 413 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ренчинхандын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “гэм хорын хохирол 3.336.800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Ренчинханд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие нь “Холбоо толгой” ХХК-д 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сахиулын ажлыг хийж байсан юм. Тухайн үед тус компани нь миний ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан учраас шүүхэд хандсан ба Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Мөн тус шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 404 дугаартай шийдвэр гарч, Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Од” салбарт үсчнээр ажилласан 3 жил 6 сар 30 хоногийг тогтоож өгсөн. Гэтэл Нийгмийн даатгалын газраас миний тэтгэврийг тогтоохгүй байсаар 4 жилийн хугацаанд намайг хохироолоо. Одоо би тэтгэврийн зөрүү нэхэмжилж байна. Би олон хүүхэдтэй, 50 нас хүрсэн гэдгээрээ 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тэтгэвэртээ гарах ёстой байтал гараагүй.
Иймд 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх тэтгэврийн зөрүү 3.336.800 төгрөгийг нэхэмжилж байна.
Тухайн үед манай байгууллагын нягтлан миний цалин дээрээс нийгмийн даатгалын шимтгэл авдаг байсан. 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл шилжүүлж байсан баримт байдаг. Тэгэхээр миний хувьд энэ байдлыг дүгнэхдээ нийгмийн даатгалын байгууллага өөрөө хууль зөрчиж ажилласан гэж үзэж байна. Яагаад гэвэл сар бүр ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа нь тодорхой харагдаж байгаа. Хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл сар бүр орж ирэхгүй бол нийгмийн даатгал яагаад шимтгэл орж ирэхгүй байгаа талаар хяналт тавих эрх нь байгаа. Нийгмийн даатгалын байгууллагын үндсэн үүрэг нь тухайн байгууллага ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн, төсөв бүрдүүлэх үйл ажиллагааг хангаж ажиллах үндсэн гол үүрэгтэй.
Би 2010 онд 4 хүүхэдтэй гэж хуулиараа тэтгэвэрт гарах ёстой байсан. Гэтэл 2014 он хүрч тэтгэвэрт гарсан нь тэтгэврийн хохирол гэж бодож байна. Хэрвээ би 4 хүүхэдтэй гээд тэтгэвэрт гарсан бол энэ хэмжээний мөнгийг авах байсан. Хэрвээ би тухайн үед тогтоолгоод мөнгөө авсан бол амьдралаа залгуулаад явж байх байсан. Миний хувьд тэтгэвэрт орох эрх болон авах эрх минь зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг минь ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тэтгэвэр тогтоосон гэж ярьж байна. Тухайн үед манай хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Байгалмаа нь Америкийн нэгдсэн улс руу ажлаар явах гээд виз нь гарчихсан байхад энэ асуудалтай холбоотойгоор манай даргад холбогдуулан Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэчихсэн, виз нь хойшлох гээд байсан учраас Д.Ренчинхандыг “нөхөн даатгалд орох боломжтой юм чинь хамруулчих” гээд нөхөн даатгалд хамруулсан. Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нөхөн даатгал хэрэгжиж эхэлсэн. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Хяналтын байцаагч нар энэ хүний тэтгэврийг буруу тогтоосон гээд би одоо цалингаасаа төлж байгаа. Надад бас акт тогтоосон.
…Тухайн үеийн манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагсадын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож, уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно” гэж заасан байдаг.
Мөн нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байдаг.
Манайх Ренчинханд гуайн тэтгэврийг тогтоосондоо буруутаад байгаа. Уг нь нэхэмжлэгчийн тэтгэврийг 55 нас хүрэхэд нь тогтоох ёстой байсан. Харин 4 хүүхэдтэйгээр тэтгэвэрт гаргахад 20 жилээр гаргах ёстой байтал 3 жилийн ажилласан хугацааг нь дутаад байсан. Шимтгэл төлөлтийн хувьд бол шимтгэл төлөхгүй байгаа байгууллага л хариуцлага хүлээх ёстой.
Манай байгууллага тухайн аж ахуй нэгжид шимтгэлээ төлөөгүй бол ямар нэгэн акт, торгууль тавьдаг.
“Холбоо толгой” гэх байгууллага бол ерөөсөө нийгмийн даатгал төлөөгүй байсан. 2000 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлдөг. Д.Ренчинханд гуайн хувьд ажилласан гэдгээ шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Гэтэл энэ хүний шимтгэлийг байгууллага нь 11 хувь, өөрөө 10 хувиа хийж шимтгэл нь 500 гаруй төгрөг орох ёстой байсан. Энэ хүн бол өөрийнхөө аваад хэрэглэсэн шимтгэлийн мөнгийг төлөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд байгууллагын оруулсан 11 хувийн шимтгэлийг буцаагаад авсан.
“Холбоо толгой” ХХК-аас төлсөн шимтгэлийн 248000 төгрөгийг болон 10 жил ажилласан хугацааны шимтгэл 78.120 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө өргөдөл бичээд авсан тул нэхэмжлэгчийн гол шаардлага болох өмнөх ажилласан жилийн мөнгийг өгөх боломжгүй байна...” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаартай шийдвэрээр:
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 3.174.930 төгрөг гаргуулан Д.Ренчинхандад олгож, нэхэмжлэлээс үлдэх 161.870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 68500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.174.930 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 65.749 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Ренчинханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Байгууллагын ажилчдын цалингаас нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө шууд татаж байршуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй учраас дунд нь бид хохирч байна. Хуулиараа би 20 жил ажилласан тэгээд тэтгэвэрт гарах ёстой, миний ажиллаж байсан байгууллага нийгмийн даатгалд бүртгэлтэй байгууллага, хэрвээ уг байгууллага ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй бол хуульд заасны дагуу нийгмийн даатгал шаардах эрхтэй. Гэтэл нийгмийн даатал энэ үүргээ биелүүлээгүй учраас буруутай гэж би үзэж байна...”гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...“Од” хувиараа эрхлэх хоршоо нь 1992-1994 оны хооронд байсан байгууллага юм. Нийгмийн даатгалын шимтгэлээ шилжүүлэхдээ ажилчдын нэрсээр нь биш, бөөнөөр нь мөнгөн дүнгээ шилжүүлдэг байсан, Мөн нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацаа нь 1992 оноос 1993 оны хооронд буюу 7 сар л шимтгэл төлсөн, ингэж төлөхдөө яг хүн хүнээрээ төлөөгүй, бөөнд нь төлсөн.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна...” гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Үндэслэх нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн зохих дүгнэлтийг хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Ренчинханд нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гэм хорын хохирол 3.336.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шимтгэл нөхөн төлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн 1991 оны 07 сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Од” салбарт ажиллаж байсан 03 жил 06 сарын хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй болж, тэтгэвэр авах эрхээ алдсан гэжээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Од” ХЭАА нь тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль болон Засгийн газрын 1991 оны 166 дугаар тогтоолын дагуу ажилчдад олгосон цалингийн сангаасаа 13.5 хувиар тооцож, 1991 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд шимтгэл төлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тотоогдсон хэдий ч түүнээс хойш 1995 он хүртэл хугацаанд ямар шалтгаан нөхцөл байдлын улмаас шимтгэл төлөөгүй талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
“Од” ХЭАА нь ажилчдад олгосон цалингийн сангаасаа тооцон авсан шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Д.Ренчинханд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.
Ийнхүү нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөд хариуцагч байгууллагын ямар гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хэрхэн гэм хохирол учирсан, өөрөөр хэлбэл тухайн байгууллага хуулийг хэрхэн зөрчсөн үйлдэл, эс үйлдэл тэдгээрийн хооронд шалтгаант холбоотой эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,.. түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна гэж үзлээ.
Харин хариуцагчийн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “..Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө...” гэж заасан тул нэхэмжлэгч Д.Ренчинхандад учирсан хохирлыг түүний ажил олгогч хариуцах ёстой гэсэн нэхэмжлэлийн татгалзал хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.Ренчинхандын Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 02-ны өдрийн 413 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг:
“...1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д тус тус зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 1681 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
Г.ДАВААРЕНЧИН