Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2016/01970/И |
Дугаар | 001/ХТ2018/01090 |
Огноо | 2018-06-26 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2018/01090
З.Т-, Ч.М- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00056 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 630 дугаар магадлалтай,
З.Т-, Ч.М- нарын нэхэмжлэлтэй
ИНЕГ-т холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27.706.079 төгрөг, урамшуулалд 500.000 төгрөг, нийт 28.206.079 төгрөг гаргуулан З.Т-д, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29.605.575 төгрөг, урамшуулалд 500.000 төгрөг, нийт 30.105.575 төгрөг гаргуулан Ч.М-д тус тус олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Т-, нэхэмжлэгч Ч.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Д.Э, Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч З.Т-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч тухайн бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хэлбэрийн төдий бүтцийн нэгжүүдийн нэрийг өөрчилсөн бөгөөд хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа. Хууль эрх зүйн газар нь ИНЕГ-ын удирдлагад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн чиг үүрэгтэй ба би энэхүү арга хэмжээнүүдийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Дээр дурдсан сайдын тушаалаар бүтцийг шинэчлэн батлахдаа Хууль, эрх зүйн газрыг үгүй болгосон боловч хууль эрх зүйн асуудал, хяналт-шинжилгээ хийх чиг үүрэг нь Захиргаа удирдлагын газарт шилжин харин дотоод аудитын чиг үүргийг хариуцсан бие даасан алба бий болгосон. Миний бие ИНЕГ-т дотоод аудитын ажлыг удирдан зохион байгуулах хугацаандаа энэ чиглэлээр аливаа зөрчил дутагдалгүй хэвийн ажиллаж, энэ чиглэлээр өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн холбогдох сургалтад хамрагдан ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллаж байсан. Гэтэл миний эрхэлж байсан ажлыг хэдэн хэсэгт хуваан зарим чиг үүргийг тусад нь гарган тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй өөрийнхөө найзыг томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар аудитын албыг зөвхөн сайдын хэмжээнд яамны бүтэц байгуулах байтал агентлаг нь албыг өөрчлөн зохион байгуулсан. Монгол Улсын хэмжээнд 438 дугаар тушаалаар баталсан Дотоод аудитын дүрмийн 4.3, 4.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. ИНЕГ-ын даргын Ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслээгүй, мөн хуулийн 40.5, 42.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хууль бус тушаал болсон. Захиргааны удирдлагын газарт шилжүүлсэн тушаалыг нөхөж хийсэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын талаар авч хэлэлцүүлэх арга хэмжээний тухай тушаал гаргаад 2016 оны А/728 дугаарын тушаалын 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн орон тоо хасагдсан нэр бүхий ажилтнуудыг захиргаа удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлэх тушаал гаргасан. 6 хүний энэ тушаалыг нөхөж гаргасан. 2016 оны А/728 тоот тушаалаар ИНЕГ-ын орон тоог шинэчлэн баталсан. А/174 тушаалын доод талд дугаарлагч байдаг энэ нь 081992 гэсэн байхад сүүлд дахин энэ тушаалыг 081994 гэж нөхөж гаргажээ. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тухайн бүтцийн ерөнхий зохион байгуулалтын дагуу ИНЕГ-ын энэхүү чиг үүрэгт үндэслэлээ баталсан журмын дагуу Зам, тээврийн сайд бүтцийн өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэтэл батлагдаагүй бүтцийн дагуу өөрчлөлт ороогүй байхад орон тоог батлаад байгаа нь үндэслэлгүй. 2016-07-27-ны 04 тоот тогтоолоор 106 орон тоотойгоор баталсан. ИНЕГ нь өмнө энэ орон тоотой батлагдсан байсан одоо ч энэ орон тоо хэвээрээ байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 27.706.079 төгрөг, урамшуулалд 500.000 төгрөг, нийт 28.206.079 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үүү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт иргэний нисэхийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 7 сард Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, ИНЕГ-ын дарга өөрчлөгдөн томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулснаар Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, нэр нь Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс болгон өөрчилсөн. Миний эрхэлж байсан ажлын чиг үүрэг, газрын 11 орон тоо хэвээр хадгалагдаж, 10 мэргэжилтэн нь тус тусын ажлаа чиг үүргийн дагуу хийсээр байтал тухайн албан тушаалд өөр хүн томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. ИНЕГ-ын даргын Ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалт үндэслээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хууль бус тушаал юм. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 29.605.575 төгрөг, урамшуулалд 500.000 төгрөг, нийт 30.105.575 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт: ИНЕГ бол Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нөгөө талаар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн 2 статустай, нарийвчилсан зохицуулалтаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль үйлчилдэг тул энэ хуулийг үндэслээд Б/174 дүгээр тушаал гарсан. Зам тээврийн хөгжлийн яамны сайд нь Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчилж баталсан. Энэ бүтцээр Хууль эрх зүйн газар байхгүй болсон, Агаарын бодлого, зохицуулалтын хэлтэс өөрчлөгдсөн. Энэ тушаалыг үндэслэн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 тоот тушаалаар агентлагийн орон тоо шинэчлэн батлагдаж, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаар зохион байгуулалтын арга хэмжээ авах буюу бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан ажилтнуудад ажлын байр санал болгохыг А/729 тоот тушаалаар Захиргаа, удирдлагын газарт даалгасан тушаал хүчин төгөлдөр байгаа. А/729 тоот тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга орон тоо хасагдсан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан арга хэмжээ авахаар уулзалт хийх санал тавьсан ч нэхэмжлэгч нар хүлээж аваагүй Захиргаа, удирдлагын газрын даргатай уулзахаас татгалзсан. Нэгэнт албан тушаал нь байхгүй болсон, өөр ажил санал болгох хүсэлтийг хүлээж аваагүй учраас нэхэмжлэгч З.Т-д 1 сарын өмнө мэдэгдэх хуудсаа албан ёсоор гардуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Б/174 тоот тушаал нь бүх ажилтнуудаа чөлөөлөөд буцаагаад томилсон. Энэ тушаалд ороогүй хүмүүс захиргааны мэдэлд үлдсэн буюу өөр ажил санал болгохоор үлдсэн хүмүүс юм. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нарт хуучин эрхэлж байсан ажлынхаа цалинг авч өөр ажил санал болгохоор үлдээсэн. Б/235 тоот тушаалаар Ч.М-д 12.000.000 төгрөг, З.Т-д 12.040.000 төгрөг олгогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг ч ажилгүй хугацааны байсан мөнгөө 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжлээгүй, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжилж байгаа нь ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын цалин бүтэн, 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх цалин, 6 сарын ажилгүй байсан хугацааны тэтгэмжээ авсан, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө нэхэмжилж байгаа агуулгатайгаа зөрчилдөж байна. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ч.М-д шуудангаар мэдэгдэх хуудас гардуулсан. Ч.М-гийн хувьд адил Сургалтын төвд ажиллах өөр ажил санал болгосон ч хүлээн зөвшөөрөөгүй, З.Т- дарга хүлээн авч Чингис Хаан Олон Улсын нисэх буудлын Хууль эрх зүйн газрын даргад ажиллахыг санал болгосон тухай албан ёсоор тодруулга өгч, хэлж байсан. Түр чөлөөлсөн хугацаанд тохиролцоонд хүрээгүй учраас хуулийн дагуу мэдэгдэх хуудас өгч гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00056 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар ИНЕГ-т холбогдох, З.Т-, Д.Мөнхтуяа нарын ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, З.Т-гийн Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 27.706.079 төгрөг, урамшуулалд 500.000 төгрөг, нийт 28.206.079 төгрөг гаргуулах, Д.Мөнхтуяагийн Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 29.605.575 төгрөг, урамшуулалд 500.000 төгрөг, нийт 30.105.575 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, нэхэмжлэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тушаалын хувьд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүй дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 630 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...ИНЕГ- нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тул эрх зүйн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Засгийн газрын агөнтлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар өдөр тутмын үйл ажиллагаа зохицуулдаг. Тиймээс Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйийн 7.1.1. “...Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” үүрэг хүлээдэг. Энэхүү үүргээ биелүүлэх үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан тушаалыг хэрэгжүүлж Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 дугаар тушаал гаргаж агентлагийн орон тоог баталсан. Уг тушаалын 2 дахь хэсэгт “тус агентлагийн орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Захиргаа, удирдлагын газарт үүрэг болгосон. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 11 дүгэар сарын 04-ний өдрийн А/729 дүгээр тушаал гарсан. Уг тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан ажилтнуудыг Захиргаа удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлж, ажлын цагийг бүртгэхгүйгээр 11, 12 дугаар сарын цалинг бүтнээр нь олгож байсан. Энэхүү А/729 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийи 36 дугаар зүйлийн 36.2-т эааснаар ажил олгогч нь ажлын байр цомхотгогдсон тохиолдолд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биөлүүлэх эохион байгуулалтын арга хэмжээ авах тушаал байсан. Захиргаа удирдлагын газрын дарга нэхэмжлэгч нарыг дуудаж ажлын байр санал болгох гэсэн боловч нэхэмжлэгч нар шалтгаангүйгээр уулзахаас татгалзсан. Тиймээс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 36 мииутад нэхэмжлэгч З.Т-д, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 25 минутад нэхэмжлэгч Ч.М-д тус тус мэдэгдэх хуудас гардуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн Б/236 дугаар тушаалаар З.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 12.455.568 төгрөг, Ч.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар цуцалж 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 13.538.658 төгрөгийг тус тус олгосон. Мөн 2016 оны 11, 12 дугаар сарын цалинг нь олгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа тус газрын даргын зөвлөлийн гишүүд ярилцаж байгаад “З.Т-, Ч.М-" нарын нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 2016 оны үр дүнгийн урамшуулалт цалин болох 500.000 төгрөгийг олгоё, тэд 2016 оны 12 дугаар сарын тал хүртэл ажилласан нь үнэн” гэж шийдвэр гаргаад мөн 500.000 төгрөг нөхөн олгосон. Гэтэл нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016 онд бүрэн ажилласан тул “үр дүнгийн урамшуулалт цалин 500.000 төгрөгөө авна, ажилгүй байсан хугацааны цалингаа 2017 оны 01 дүгээр сараас эхэлж нэхэмжилж байна гэх мэтээр нэхэмжлэлийн агуулгаа тодорхойлсон” атал давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Б/235, Б/236 дугаар тушаалаар цуцалсан байгааг анзаарахгүй буруу дүгнэлт хийсэн. Үүний нэг баталгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл З.Т-, Ч.М- нарыг Б/174 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөөгүй болохыг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “ажил хүлээлцсэн баримт” нотолно. Ч.М-, З.Т- нар нь ажлаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын 9 дэх талд “Хариуцагч байгууллагын бүтцийг шинээр батлагдахаас өмнө ИНЕГ- нь нийт хэдэн орон тоотой байсан талаар баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд шинээр бий болсон бүтэцтэй харьцуулан дүгнэлт хийх боломжгүй" гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчөөгүй байна.
З.Т-, Ч.М- нар ИНЕГ-т холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ, өмнө нь гүйцэтгэж байсан З.Т-гийн Хууль эрх зүйн газар, Ч.М-гийн Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, хамтын ажиллагааны газрын нэршил өөрчлөгдснөөс бус тухайн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэсэн үндэслэл заасан байна.
Ажил олгогчийн “...газрын бүтцэд өөрчлөлт орж, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажилтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх...” 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 тоот тушаал, эсхүл “...орон тоо хасагдсантай холбогдуулан ..хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 тоот тушаалын алинаар нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхийг зохигч маргасан байна.
Хууль эрх зүйн газар, Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, хамтын ажиллагааны газрын зохион байгуулалтын бүтцэд байгаа нэгжийн чиг үүргийг тодорхойлон орон тооны бүтцийг баталсан 2015 оны А/593 дугаар тушаал хэрэгт авагдаагүйгээс өмнөх болон шинэ бүтэц орон тоог харьцуулан дүгнэх боломжгүйг магадлалд заажээ.
Дээрх байдлаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хууль тайлбарлан хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 630 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ