Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 749

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Г.Б, Э.М, Э.Х нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Дэлгэрмаа,

шүүгдэгч Э.М /цахим сүлжээгээр/,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М, Э.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Б, Э.М, Э.Х нарт холбогдох 201725030871 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................. овогт .................н ................., 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................./,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлсэн,

- 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан.

2. ................. овогт .................ы ................., 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................./,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан.

3. .................овогт .................ын ................., 1987 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, одоо Буянт-Ухаа 2 дугаар хороолол 1015 дугаар байрны 42 тоотод түр оршин суух, /регистрийн дугаар: ................./,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 3 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон.

уг ялыг Өршөөл үзүүлэх комисс 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 3272 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, үлдэх 1 сар 3 хоногийн ялыг биечлэн эдэлж, 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг ялыг Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

1. Г.Б, Э.М нар нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Окей-32” дэн буудлын 7 номерийн өрөөнд үйлчлүүлж байсан Л.П, Л.Ц нарын эд зүйлийг хулгайлж 487.000 төгрөгийн,

- 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д.Октябрийн эзэмшлийн “Окей-32” дэн буудлаас эд зүйл хулгайлж 320.000 төгрөгийн,

2 Г.Б, Э.М, Э.Х нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 3 дугаар гудамж, 2 тоотод суух .................гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Б, Э.М, Э.Х нарт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нарыг бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн 79 хоног, Э.Мийн 79 хоног, Э.Хгийн 4 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нараас 807.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 269.000 төгрөгийг гаргуулан хохирогч .................т 320.000 төгрөг, хохирогч Л.Цд 245.000 төгрөг, хохирогч Л.Пд 242.000 төгрөгийг тус тус гаргуулан олгож,

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Г.Б Э.М хоёртой Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд амьдрах өөрийн төрсөн дүү болох .................гийн гэрээс гарч яваад тааралдсан. Тааралдах үед Г.Б “ажилд орно, бичиг баримтаа буудалд барьцаанд тавьсан” гэж байсан. Тэгээд “Сонгинохайрхан 26 дугаар хороонд манай найз байдаг, надад мөнгө өгөх ёстой” гэж хэлсэн. Тэгээд “найзын гэр рүү хамт ороод ирье” гэж хэлэхээр нь би “танихгүй юм чинь би ороод яах юм бэ чи ороод найзтайгаа уулзчаад ир” гээд Мөнхгэрэл бид хоёр үлдсэн. Г.Б гарч ирэхдээ зурагт авч гарч ирсэн. Би “юун зурагт вэ” гэхэд Г.Б “найз маань мөнгөгүй байна. Энэ зурагтийг ломбарданд тавиад бичиг баримтаа ав гэж хэлсэн” гэж надад хэлсэн. Э.Мийн үнэмлэхний лавлагаагаар ломбарданд 100.000 төгрөгөөр тавьж такситай ханын материалын Дүүхээ худалдааны төвийн ойролцоо буусан. Г.Б, Э.М хоёр дэлгүүрт орж 1 шил архи, ундаа, тамхи авч бичиг баримтаа авна усанд орно гээд тэр буудал руу очиж буудлийн эзэнтэй Г.Б утсаар ярьсан. “Гадуур ажилтай байна очоод өгнө гэж байна гэнээ” гэж Г.Б хэлсэн. Бид 3 буудалд орж, авсан 1 шил архиа уусан. Би согтоод унтсан тэр 2 буудлын доод талд байдаг халуун усанд орохоор гарсан байсан. Тэр үед цагдаа нар бид нарыг барьсан. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэст очиж би Г.Бэс “юу болоод байна, хулгайн зурагт байсан юм уу” гэхэд “тиймээ би та хоёрт худлаа ярьсан юмаа” гэж хэлсэн. Г.Б, Э.М нар надтай танилцах үед эрэн сурвалжлагдаж байсан юм байна дээ. Тэр хоёр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Окей” буудлаас хулгай хийж 807.000 төгрөгийн хохирол учруулсан байсан. Хохирол төлбөрийг хүн тус бүрд 3 хувааж нэг хүнд 269.000 мянган төгрөг оногдуулсан байна. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болсон шүүх хуралдаанаар намайг “бусдад төлөх төлбөр байхгүй, 2 жилийн хорих ял” гэсэн. Би тэр хоёртой 2017 оны 5 дугаар сард танилцсан. Гэтэл Г.Б, Э.М нарын гэрч “Окей” буудалд “гурвуулаа гарч явсан” гэж мэдүүлэг өгсөн байна. Г.Б, Э.М нар энэ хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн байдаг. Намайг “2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл бүлэглэж хулгай хийсэн” гэж үзсэн. Би тэр хоёртой 2017 оны 5 дугаар сард танилцсан байхад “бүлэглэн давтан үйлдлээр хулгайн хэрэг үйлдсэн” гэж үзсэн. Надад бусдад төлөх төлбөр байхгүй. Миний хэлсэн бичсэн зүйл үнэн зөв, надад хулгайн эд зүйл борлуулсан гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хурал дээр Г.Б болсон бүх зүйлийг ярьсан. Г.Б “би Э.Х, Э.М нарт тэр айл руу орохдоо найз маань байдаг гэж худлаа ярьж орсон, зурагт өгөөд бичиг баримтаа авна надад мөнгө өгөх ёстой гэж худлаа ярьж хулгай хийх гэж орсон” гэж хэлж байхад шүүх Г.Бат-Эрдэнийн хэлсэн үгийг авч хэлэлцэлгүй 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Би урьд өмнө нь алдаа гаргаж ял шийтгүүлж байсан. Алдаагаа ухамсарлаж ажил хийж байсан. Энэ хэрэгт холбогдоод батлан даалтад байх хугацаандаа Налайхад цемэнтний үйлдвэрт ажилж байсан. Ломбарднаас зурагтийг авч буцаан өгч, ломбарданд учирсан хохирол болох 100.000 төгрөгийг барагдуулсан. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байна. Би эцэг, эх, 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Эцэг минь хөлгүй, хэвтэрт байдаг. Эх минь тэтгэвэрт байдаг. Би Дархан-Уул аймагт цайны газарт тогоочоор ажиллаж байсан. Миний эх намайг энд хоригдож байхад нүд нь юм харахгүй болж хагалгаанд орсон. Хоёр хүүхэд, хэвтэрт байгаа аавыг асрах хүнгүй амьдрал маш хүнд байна. Миний амьдрал маш хүнд байсан. Нөхөр маань хүүг 4 настай, охин гараад нялх биетэй байхад салаад өөр хүнтэй сууж амьдрал тогтоворгүй болсон. Хоёр хүүхдээ тэжээхийн тулд өндөр цалинтай ажил олж хийхээр 3 дугаар сарын 15-ны өдөр хотод орж ирсэн. Зарын дагуу ажилд орж үйлчлэгчээр ажиллаж байсан. Гэтэл ажлаа хийж байхад хамтран амьдарж байсан Г.Б согтуу “Самсунг Галакси Эс 4” загварын гар утас хулгайлан авч ирэхэд нь би “чи болиоч” гэсэн. Намайг элдэв бусаар хэлж, хэл амаар доромжлон, зодож дарамтлаад байхаар нь би айсандаа дагаж явсан. Замдаа Э.Х “найзынхаа гэрээс мөнгө авна” гэж яриад орсон. Гарч ирэхдээ нэг зурагт барьж ирсэн. Тэр зурагтаа замдаа миний бичиг баримтаар ломбарданд тавьсан. Хулгайлсан гэдгийг нь би мэдээгүй явж байгаад ийм байдалд хүрсэн. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулах болно. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан Э.М, Г.Б, Э.Х нарын үйлдсэн гэмт хэрэгт прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн ял шийтгэсэн. Энэ ял нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хөнгөн хууль хэрэглэсэн учраас анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заадах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б, Э.М нарыг “2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Окей-32” дэн буудлын 7 номерийн өрөөнд үйлчлүүлж байсан Л.П, Л.Ц нарын эд зүйлийг хулгайлж 487.000 төгрөгийн, мөн түр хугацаагаар ажиллаж байсан иргэн .................ийн эзэмшлийн “Окей-32” дэн буудлаас эд зүйл хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан”,

шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нарыг “бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 3 дугаар гудамж, 2 тоотод суух .................гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хэргийг хянах явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг даган мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан шинэ, хуучин Эрүүгийн хуулийн зүйлчлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлага үүсчээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж,

шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус тодорхой заасан бөгөөд уг заалтын агуулга нь аливаа этгээдэд хууль буцаан хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхийн өмнө нийгэмд аюултай үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж тодорхойлох шаардлагатай болохыг харуулж байна.

 

Гэтэл Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийг шууд буцаан хэрэглэж шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нарыг “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн тэдний үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх хууль хэрэглээний энэхүү алдааг засуулахгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч              Г.Б, Э.М, Э.Х нарыг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо “...бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн прокурорын яллах дүгнэлтээс хальж, хүндрүүлэн дүгнэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хууль үйлчлэх цаг хугацааны талаарх Эрүүгийн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөх боломжгүй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч нарын урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолуудыг хавтаст хэрэгт хуулбарлан хавсаргаагүй, прокурорын яллах дүгнэлтэд энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б, Э.М, Э.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    Ц.ОЧ