Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 110/2021/0019/З |
Дугаар | 221/МА2021/0382 |
Огноо | 2021-07-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0382
2021 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2021/0382 | Улаанбаатар хот |
“Д.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Д.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.1.2, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д.Х” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/320 дугаар албан бичгээр Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээг цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, 1-01/320 дугаартай уг албан бичгийг хүчингүй болгох, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Аймгийн 2020 оны төсвийг тодотгох тухай” 92 дугаартай тогтоолоор Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын төсвийг хассан нь хууль бус болохыг тогтоож, уг тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Е давж заалдах гомдолдоо: “Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах зохицуулалтыг тусгасан бөгөөд 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус заасан.
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөл барих ажлын 250.000.000 төгрөгийн төсөвтэй тендерийг Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зарласан. Уг тендерт “Д.Х” ХХК нь 09 дүгээр сарын 24-ний өдөр тендерийн баримт бичгийг илгээсэн ба тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн. Уг тендерт ганцхан “Д.Х” ХХК оролцсон бөгөөд тендер шалгаруулалтад манай компани шалгарсан. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1-01/938 дугаар албан бичгээр гэрээ байгуулсан. Уг гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн, аймгийн Барилга захиалагчийн албаны дарга, хяналтын инженер зэрэг холбогдох хүмүүст танилцуулж, гарын үсэг зуруулсан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа манай компани нь холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой зохих зөвшөөрлүүдийг хуульд зааснаар эрх бүхий байгууллагуудаас авах ёстой байсан.
Өөрөөр хэлбэл, “Д.Х” ХХК-ийн хувьд хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан байхад аймгийн Засаг дарга Д.Б нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг баталгаажуулан гарын үсэг зурах ёстой байсан боловч үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь төрийн бүтээн байгуулалтад санаатайгаар саад учруулж байгаа бөгөөд холбогдох хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон. Засаг даргын дээрх эс үйлдэхүйн улмаас манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болж улмаар орлого олох боломжгүй болж байна.
Гэрээ байгуулахаас өмнө болон дараа нь захиалагчаас ямар нэгэн байдлаар төсөв нь хасагдсан талаар хэлж байгаагүй. Хариуцагч аймгийн Засаг дарга нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар хууль бусаар цуцалж манай компанийн эрх ашгийг зөрчиж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дур мэдэн төсөвт өөрчлөлт оруулсан талаар хэрэгт нотлох баримт гаргасан атал шүүх энэ талаарх нотлох баримтуудыг хангалттай үнэлж чадаагүй гэж үзэж байна. Гэрээ хийгдээгүй ажлыг хассан гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасан зөвшөөрлүүдийг авч тендерт ялсан байхад төсвийг хасаж байгаа явдал нь Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэхгүй байна. Хуульд зааснаар төсөвт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодотгол хийхдээ дээд шатны байгууллага болон Сангийн яамнаас зөвшөөрөл авахаас гадна эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн саналыг харгалзах ёстой байсан боловч энэ талаар мэдэгдээгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль бус.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процессийн шинжтэй зөрчил гарсан байж болзошгүй. Учир нь тендер худалдан авах ажиллагаатай холбоотой гүйцэтгэгч тал болох захиалагч тал гэсэн 2 тал байдаг. Захиалагч тал тендерийг зохион байгуулахын тулд өөрөө үнэлгээний хороо байгуулсан. Гэрч нь тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй этгээд байх ёстой гэвч хариуцагч нь захиалагч байхад захиалагчийн нэг хэсэг болох Үнэлгээний хороог гэрчээр асуусан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал болсон.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-т тус тус заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч “Д.Х” ХХК-иас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/320 дугаар албан бичгээр “Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээ”-г цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, 1-01/320 дугаартай албан бичгийг хүчингүй болгох, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Аймгийн 2020 оны төсвийг тодотгох тухай” 92 дугаартай тогтоолоор Баяннур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлын төсвийг хассан нь хууль бус болохыг тогтоож, уг тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолоор тус аймгийн 2020 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан, тус жагсаалтын 2.1.19-д 250.000.000 төгрөгийн төсөвтэй, үүнээс 2020 онд санхүүжих төсвийн хэмжээг 50.000.000 төгрөг байхаар Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн барилга багтсан байна.
Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-д зааснаар дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд аймгийн Засаг дарга тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр, 64 дүгээр зүйлийн 64.1.2-т зааснаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэхээр, 34.3.2-т зааснаар тухайн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй тохиолдолд тухайн жилийн төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилтийг түр зогсоож болохоор тус тус хуульчилжээ.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 15 дугаар зүйлд 2020 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг, 17 дугаар зүйлд мөн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээг өөрчлөн баталснаас үзвэл маргаан бүхий 92 дугаартай “Аймгийн 2020 оны төсвийг тодотгох тухай” тогтоолоор холбогдох хууль тогтоомжийг үндэслэн аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийж, дээрх барилгын төсвийг хассан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Нэгэнт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Аймгийн 2020 оны төсвийг тодотгох тухай” 92 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч компанийн оролцсон тендерийн дагуу Баяннуур сумын Цэцэгт багийн бага сургуулийн өргөтгөлийн барилга баригдах боломжгүй болсон тул Баян-Өлгий аймгийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/320 дугаар албан бичгээр “... төсөв хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Д.Х” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202001039 дугаартай гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд уг албан бичгийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэхээргүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, ... мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ”, 42.1.2-т “Захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж тус тус заасан.
Маргаан бүхий тендерийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаж, нэхэмжлэгчийг сонгон шалгаруулж, баталгаажуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг дарга түүний өргөн мэдүүлснээр тухайн аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийсэн, санхүүжилт зогссон болохыг мэдсэн атлаа 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Д.Х” ХХК-тай “Баяннуур сумын сургуулийн барилгын өргөтгөлийн ажлын гэрээ”-г байгуулсны улмаас ийнхүү маргаан гарчээ.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т ““Барилгын ажил гүйцэтгэгч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.6-д “Барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж тус тус зааснаас дүгнэхэд барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдэд хариуцагч Засаг даргаас барилгын ажлын зөвшөөрлийг олгохоор байна.
Иймд нэгэнт төсөв хасагдсан, тендерийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаагүй, гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй буюу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул уг барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах боломжгүй.
Дээр дурдсанаар маргаан бүхий 92 дугаар тогтоол, 1-01/320 дугаар албан бичгүүд нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, зөвшөөрөл олгохгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болоогүй, зөрчигдсөн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол нь сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд явуулах тул нэхэмжлэгчийн “... сонсох ажиллагаа явуулаагүй, санал аваагүй” гэх гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж зааснаар анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тодруулах, бодит нөхцөл байдлыг тогтоохоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/61 дүгээр захирамжаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хорооны гишүүдээс гэрчийн мэдүүлэг авсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.
Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Барилгын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн бөгөөд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН