| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0754/Э |
| Дугаар | 745 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 745
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч С.М, нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц өвгөн овогт С-гийн Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910020800844 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 10 дугаар гудамж, 416 тоотод байх өөрийн гэртээ эхнэр М.З-г чамаас бэлгийн замын халдварт өвчин авсан байна гэж гараараа нүүр, бие рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, нуруу, дээд, доод мөчид цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхийн шатанд нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 30-ны орой ажлаа тараад 23 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр М ганцаараа байхаар нь би хоолоо идчихээд унтах гэтэл манай нөхөр би бэлгийн замын өвчин авсан юм шиг байна, чамаас авсан юм шүү гэхээр нь яалаа гэж тийм юм байхав дээ, маргааш хоёулаа эмнэлэг орж үзүүлье гэж хэлээд унтах гэсэн чинь манай нөхөр намайг унтуулахгүй, алгадаад, үсдээд зодож гэрээс гаргахгүй байхаар нь унтаж байгаад өглөө эртхэн босоод цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр М намайг 5-аас 10 удаа алгадаад үсдэж, мод барьж байгаад миний дух, дагз хэсэг рүү олон удаа цохисон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 9-10, 20-21/ гэсэн,
Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Булган аймагт ажилтай явж байгаад гэртээ ирсэн, би энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Харин гэртээ ирээд эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орсон, 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд шээхээр өвдөөд, орой болохоор бэлэг эрхтнээс идээ гойжоод байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 30-ны орой эхнэртээ “би өөр хүнтэй ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд ороогүй, чамтай унтаад өвчин авчихлаа” гэж хэлэхэд надад “би яаж мэдэх юм, би зүгээр байна” гээд байхаар нь би өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй болохоор уур хүрээд нүүрэнд нь 5-6 удаа алгадаад, нуруу, дал хэсэгт нь гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд энэ талаар ярьж хэрэлдэж байгаад унтацгаасан. Тэгээд би 9 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлэгт үзүүлэхэд намайг гонре өвчинтэй байна гэсэн, манай эхнэр 9 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн өвчингүй гэж гарсан. Одоо би эхнэртэйгээ эвлэрсэн хамт амьдарч байгаа...” /хх-ийн 10-11/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №10588 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.З-гийн биед зүүн нүдний дээд зовхи, нуруу, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 08/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /11, 45-46/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 41-44/,
- Шүүгдэгч С.М-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 48/, гэрч В.Цэцэгсайханы мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.М нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 10 дугаар гудамжний 416 тоот өөрийн гэртээ эхнэр М.Зг “чамаас бэлгийн замын халдварт өвчин авсан” гэх шалтгаанаар нүүр, бие рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, нуруу, дээд, доод мөчид цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Згийн “...2019 оны 8 дугаар сарын 30-ны орой ажлаа тараад 23 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр М ганцаараа байсан, би хоолоо идчихээд унтах гэтэл манай нөхөр чамаас би бэлгийн замын өвчин авсан байна гэхээр нь яалаа гэж тийм юм байхав, маргааш хамт эмнэлэг орж үзүүлье гэж хэлээд унтах гэхэд манай нөхөр намайг унтуулахгүй, алгадаад, үсдээд гэрээс гаргахгүй байхаар нь унтаж байгаад өглөө эртхэн босоод цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр М намайг 5-аас 10 удаа алгадаж, үсдэж, мод барьж байгаад миний дух, дагз хэсэгт цохисон...” /хх-ийн 9-10, 20-21/ гэсэн, шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн “...Би 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Булган аймагт ажилтай явж байгаад гэртээ ирсэн, энэ хугацаанд би ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Харин гэртээ ирээд эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орсон, 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд шээхээр өвдөөд, орой нь бэлэг эрхтнээс идээ гойжоод байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 30-ны орой эхнэртээ “би өөр хүнтэй ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд ороогүй, чамтай унтаад өвчин авчихлаа” гэхэд надад “би яаж мэдэх юм, би зүгээр байна” гээд байхаар нь би өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй болохоор уур хүрээд нүүрэнд нь 5-6 удаа алгаад нуруу, дал хэсэгт нь гараараа 3-4 удаа цохисон...” /хх-ийн 10-11/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №10588 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.З-гийн биед зүүн нүдний дээд зовхи, нуруу, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт, өргөдөл /хх-ийн 08/, аюулын зэргийн үнэлгээний маягт /11, 45-46/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 41-44/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч С.М-г өөрийн эхнэрийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Згийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхи, нуруу, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 57/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч С.М тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910020800844 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.З гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт С-гийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.М-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.М оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910020800844 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.З гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР