| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0025/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймаг, И сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, хэрэгт холбогдохдоо С ХХК-д гагнуурчин ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, И овогт М.Х-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч М.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг ... дүгээр байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ү.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 01 сарын 18-ны орой найз Б-нд эхнэр М-тай муудаж, гэрийнх нь тамбарт толгой руу нь 2 удаа цохьсон, бас 19-нд 131 дүгээр байрны орцны гадаа гэрийн түлхүүр булаацалдаж, өгөхгүй байхаар нь толгой руу нь цохиж, бас өшиглөсөн. Шүүх эмнэллгийн дүгнэлттэй танилцсан, зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, прокурорын ялын саналтай санал нэг байна, 1,400,000 төгрөгийн цалин авдаг бас зээл төлдөг байдлыг харгалзан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байгааг харгалзан үзнэ үү “ гэсэн мэдүүлэг
Хохирогч Ү.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний нөхөр М.Х Өмнөговь аймагт уурхайд ажилладаг бөгөөд ажил нь 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Х ер нь ажлаас бууж ирсэн үедээ архийг байнга шахуу уучихдаг. Уухаараа гэртээ хэрүүл маргаан байнга биш ч гэсэн хааяа, хааяа хийдэг. Эрүүлдээ бол ямар ч хэрүүл маргаан гаргадаггүй, дуугүй л байдаг. Хэрүүл хийх шалтгаан нь хардалт, мөнгө төгрөг, гэр бүлд болдог ойр зуурын асуудал байдаг. Х надад л уурлахаас хүүхдүүддээ нэг их хатуурхаад байдаггүй. 2020 оны 01 дүгээр сарын 17-нд Х ажлаасаа бууж гэртээ ирсэн. Х 2020 оны 01 дүгээр сарын 18-нд гадуур найз нартайгаа архи уугаад явж байна гэсэн ба намайг дуудаж гэртээ хүргүүлсэн. Тэгээд би орой нь найз Б-нд О-н хамт пиво уугаад сууж байхад нөхөр Х надруу залгаад хүрээд ирсэн. Х бид нартай юм ярьж суунгаа пиво уусан. Тэгээд архи уулаа, болиорой энэ тэр гэж хэлснээс болоод Х бид 2 маргасан. Х Б-с гарахдаа намайг дуудсан. Гараад үүдний тамбарт уулзаж маргалдсан. Тэгтэл Х миний нүүрлүү баруун гараараа 2 удаа цохичихоод гараад явчихсан. Би нүүрээ дараад доошоо суугаад үлдсэн. Тэр өдөртөө би Б-нд хоносон. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хадам ээж М миний гар утас руу 18 цагийн үед залгаад нөхөр, 2 хүүхэд чинь хөдөө яваад ирлээ, гэрийн чинь түлхүүр байдаггүй, гэрийн чинь гадаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн гадаа хүрээд очтол тэд машин дотор сууж байсан. 2 хүүхдээ автал Х бууж ирээд гэрийн түлхүүр өг гэсэн. Би өгөхгүй гээд маргалдсан. Энэ үед хүүхдүүд болон хадам ээж машиндаа үлдсэн. Х бид 2 байрны орцны гадаа очиж маргасан ба Х надаас түлхүүр авах гэж зууралдаж байгаад миний толгой руу 1 удаа цохиод, гэдэс рүү 2-3 удаа өшиглөөд намайг үлдээгээд яваад өгсөн. Би гэрлүүгээ гүйгээд орсон. Тэр үед Х бас бага зэргийн согтолттой байсан. ... Миний хувьд Х-г гэр бүлийн хүчирхийлэгч гэж үзэхгүй байна. Гэр бүлийн асуудлаа шийдэхдээ согтуудаа буруу аргаар шийдэх гэж үзсэн нь түүний буруу. Урьд нь ингэдэггүй байсан, сая л хүч хэрэглэж надад гар хүрлээ. ... Надад шүүх эмнэлэгийн дүгнэлтэд заасан гэмтлүүд учирсан. Нөхөр М.Х-д гаргах гомдол санал байхгүй, хохирол нэхэмжлэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “М.Х, Ү.М нарыг танина. М-тай ажлын шугамаар 2015 онд танилцаад тэрнээс хойш нөхөрлөж байгаа. Х-г болохоор М-н нөхөр учраас таньдаг. Х-тэй дотно биш ч зүгээр л танилын харьцаатай байдаг. М-тай бол дотно найз. Би М.Х, Ү.М нарыг бол үндсэндээ 2015 оноос хойш мэддэг болсон. Гэр орноор нь орж гардаг. Х болохоор хөдөө ажилдаг тул ихэнхдээ гэртээ байдаггүй. М.Х, Ү.М 2 зүгээр л зан харьцаа зайтай байдаг. Аль аль нь ажил төрөлдөө сайн гэж би хувьдаа ойлгодог. Эднийх 2 охинтой, хүүхдүүд нь хүмүүжил сайтай, авъяастай охидууд байдаг. Х хааяа нэг архи уучихдаг юм шиг санагддаг. Гэртээ хэрүүл маргаан хийгээд байдаг зүйл анзаарагддаггүй. М.Х, Ү.М хоёрын амьдрал бол нийгмийн энгийн л нэг дутагдах гачигдах зүйлгүй байдаг. Х эрүүл саруул үедээ их л дуу цөөтэй, бараг дугардаггүй. Согтуудаа ямар байдгийг бол мэдэхгүй. Би М-г хэвийн амьдралтай энгийн л нэг айл гэж ойлгодог. Зүгээр л гэр бүлд байдаг жижиг маргаан байдаг. Х-г агсам согтуу тавьж, зодож нүдлээ гэж ёстой сонсож байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “М.Х, Ү.М нар хоорондоо зүгээр л энгийн харьцаатай байдаг. Х ах хөдөө ажилладаг, амрахаараа гэртээ ирдэг. Х ах архи уух сонирхолтой, амрахаараа архи уучихсан байгаа харагддаг. Уухаараа их яриа, хөгжилтэй болдог. Эрүүл үедээ барагтай л бол дуугардаггүй. ... Х ахын найз нар нь жаахан архи уудаг хүмүүс байдаг тэд нар нь л Х ахыг уруу татаад байдаг юм болов уу гэж би боддог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
Хохирогч Ү.М-н эмнэлгийн магадлагааны хуулбар /хх-ийн 26-27/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 22-ний өдрийн “1. Ү.М-н биед баруун нүдний дээд зовхинд, баруун нүдний склерт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацар эрүүнд цус хуралт, хэвлийн зүүн доод талд цус хуралт, баруун шууны дотор доод талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх гэмтлүүд нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/24 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/
Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43/
Шүүгдэгч М.Х нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55/
Хохирогч Ү.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нөхөр М.Х-д зодуулж биед хөнгөн гэмтэл авсан. М.Х бид 2 учир зүйгээ олж одоо миний биеийн байдал эдгэж хэвийн болсон. Иймд нөхөр Х-д миний зүгээс ямар нэгэн гомдолгүй, хохиролдоо нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Х нь архи ууж, согтуурсан үедээ 2020 оны 01 сарын 18-ны өдрийн орой цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг ... дугаар байранд оршин суух Б-н гэрийн тамбарт хохирогч Ү.М-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, мөн 2020 оны 01 сарын 19-ний орой тус сумын 1 дүгээр багт байрлах ... дүгээр байрны гадаа хохирогч Ү.М-н нүүр болон хэвлий орчимд нь 2-3 удаа цохиж, түүний биед нь баруун нүдний дээд зовхинд, баруун нүдний склерт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацар эрүүнд цус хуралт, хэвлийн зүүн доод талд цус хуралт, баруун шууны дотор доод талд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулсан үйл баримт болсон байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 04/24 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.Х-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ү.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/, хохирогч Ү.М-н эмнэлгийн магадлагааны хуулбар /хх-ийн 26-27/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 04/24 тоот дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Х-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Ү.М нь “...Х-д миний зүгээс ямар нэгэн гомдолгүй, хохиролдоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч М.Х нь бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Х-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин орлого, зээл төлдөг зэрэг хувийн байдлыг харгалзан уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт М.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Х-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Х нь 800,000 төгрөгийн торгох ялыг шүүхэс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц