Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1370

 

Хэргийн индекс: 135/2016/01194/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, *** тоотод оршин суух, Б*** Ц*** / регистрийн дугаар:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, *** тоотод оршин суух, Т*** А*** /регистрийн дугаар ***/-д холбогдох,

" 4,000,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний  бие нь А.А***тэй зээлийн гэрээг бичгээр хийж 3,000,000 төгрөгийг зээлсэн мөн О***д зээлдүүлсэн 3,000,000 төгрөгийг А.А***ид дамжуулан өгсөн байсан. 6,000,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг өгсөн гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардсан боловч элдэв шалтаг тоочин гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа тул хариуцагч А.А***ээс 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч А.А*** нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“...А.А*** миний бие иргэн С.Ц***гийн гаргасан 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч С.Ц***гаас О***гээр дамжуулж 2,000,000 төгрөг, өөрийн биеэр 1,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тухайн үед зээлийн гэрээ хийлгүй, нийтдээ 3,000,000  төгрөг зээлсэн.
2015 оны 10 сард тохиролцсон 10 хувийн хүү болох 300,000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд түүнээс хойш 2015 оны 11 сарын 16-нд 200,000 төгрөг 2015 оны 11 сарын 17-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 19-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 20-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 21-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 24-нд 200,000  төгрөг, 2015 оны 11 сарын 27-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 29-нд 150,000 төгрөг, 2016 оны 05 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 07 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг тус тус төлж, нийт 2,350,000 төгрөг төлсөн. 
Үүнээс 2,000,000 төгрөгийг эргүүлэн авснаа хүлээн зөвшөөрч байгааг нэхэмжлэлд дурдсан байна. Мөн нэхэмжлэгч С.Ц***гийн хүү лангуунаас ирж 150,000 төгрөгийн үнэ бүхий саарал куртка 250,000 төгрөгийн үнэ бүхий намрын гутлыг, мөн С.Ц*** нь өөрөө 150,000 төгрөгийн гутлыг зээлийн төлбөрөөс хасуулж авсан болно. Нийт 2,950,000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна.Харин нэхэмжлэлд дурдсанчлан 6,000,000 төгрөг аваагүй, Зөвхөн дээр дурдсаны дагуу 3,000,000 төгрөг авсан тул үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд шүүх 6,000,000 төгрөгийг огт зээлээгүй, 2,950,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг эргэн төлснийг нэхэмжлэгч өөрөө нотолсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 
ҮНДЭСЛЭХ НЬ:

    Нэхэмжлэгч С.Ц*** нь “...хариуцагч А.А***ид 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөн түүнд 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлж, нийт 6,000,000 төгрөг өгсөн. Хариуцагч А.А*** нь надад 1,700,000 төгрөгийг өгсөн. Үлдэх 4,300,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байна. Хүү нэхэмжлээгүй болно” гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргасан болно.
    Хариуцагч А.А*** нь “...С.Ц***гаас 3,000,000 төгрөг зээлсэн. Түүнд 2,950,000 төгрөгийг төлсөн. 6,000,000 төгрөг аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 
Нэхэмжлэгч С.Ц*** нь хариуцагч А.А***ид 3,000,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сард зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрч Ш.О***гийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хариуцагч А.А***ийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичсэн "3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлсэн нь үнэн болно” гэсэн баримтыг үндэслэн нэхэмжлэгч С.Ц*** нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин 3,000,000 төгрөгийг хариуцагч А.А***ид зээлдүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч талаас  “дахин С.Ц***тай зээлийн гэрээ хийж, 3,000,000 төгрөг аваагүй, өмнө авсан зээл 3,000,000 төгрөгийн хүүгийн талаар тохиролцож бичиг хийж өгсөн” гэж маргадаг болно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”, 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Ц*** нь хариуцагч А.А***ид 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул зохигчдын хооронд дээрх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ц*** нь “хариуцагч А.А***ээс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, А.А***ийн худалдагчаас нь бэлнээр 500,000 төгрөг, лангуунаас нь 150,000 төгрөгийн үнэтэй куртик,  150,000 төгрөгийн үнэтэй гутал, нийт 1,700,000 төгрөгийг авсан” гэсэн тайлбарыг, 
Хариуцагч А.А*** нь “2015 оны 11 сарын 16-нд 200,000 төгрөг 2015 оны 11 сарын 17-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 19-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 20-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 21-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 24-нд 200,000  төгрөг, 2015 оны 11 сарын 27-нд 200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 29-нд 150,000 төгрөг, 2016 оны 05 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 07 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг тус тус төлж, нийт 2,350,000 төгрөг төлсөн” гэсэн тайлбарыг гаргасан болно.
Хариуцагч тал зээл төлбөрт 2,350,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу зээлийн төлбөрт 1,700,000 төгрөгийг хариуцагч А.А*** нь төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч С.Ц*** нь зээлийн хүүний талаар шаардлага гаргаагүй болно.
Иймд хариуцагч А.А*** нь С.Ц***гаас 2015 оны 06 дугаар сард зээлсэн 3,000,000 төгрөгөөс 1,700,000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагчаас үлдэх 1,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ц***д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч А.А***ээс 1,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ц***д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А***ээс улсын тэмдэгтийн хураамж 35,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ц***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА