| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0300/Э |
| Дугаар | 0331 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 0331
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч А.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А....т холбогдох эрүүгийн 2008 00595 0322 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-ны үйлдвэрийн ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Малчины ...тоотод оршин суух хаягтай, урьд
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулсан. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 179 дугаартай захирамжаар 10 сар 27 хоногийн өмнө хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Боржигин овгийн ... овогтой ... /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.... нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ийн автобусны буудлын орчим нийтийн тээврийн автобус дотор иргэн Э....ын үүргэвчнээс зөөврийн комьпютерийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаар дуудлага өгсөн тухай лавлагааны хуудас /хх2/, хохирогч Э....ын мэдүүлэг /хх8/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх18-20/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх23-24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар диск 1 ширхэгийг тооцсон тогтоол /хх26-27/, шүүгдэгч А....ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх50, 51, 52, 54, 55-71/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч А....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Иргэн Э....ын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад хулгайлах гэмт хэргийн талаар дуудлага өгсөн тухай лавлагааны хуудас /хх2/,
2. Хохирогч Э....ын “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Андуудын автобусны буудлаас Орбитын чиглэлийн автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Москва хороолол руу явах замд миний хажуу талд зогсож байсан хүн цүнх чинь онгойчихсон байна гэж хэлэхээр нь цүнхээ шалгатал дотор нь байсан нөөтбүүк алга болсон байсан...саарал өнгийн Тошиба маркын i3 үзүүлэлттэй нөөтбүүк байсан...” гэсэн мэдүүлэг /хх8/,
3. Хөрөнгийн үнэлгээний тайланд хулгайд алдсан зөөврийн комьпютерийг 500.000 төгрөгөөг үнэлсэн үнэлгээ /хх18/,
4. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх23-24/,
5. Шүүгдэгч А....ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа тараад гэр рүүгээ Орбит чиглэлийн автобусанд сууж явж байгаад 30 орчим насны нэг эрэгтэй хүн үүргэвч үүрчихсэн цаашаа хараад зогсож байхад нь цүнхнийг нь нээхэд саарал өнгийн нөөтбүүк гарч ирсэнийг нь авсан. 32-ын автобусны буудал дээр би буусан. Дараа нь цагдаад баригдаад тэр нөөтбүүкийг хохирогчид буцаагаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх44/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч А.... нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ийн автобусны буудлын орчим нийтийн тээврийн автобус дотор хохирогч Э....ын үүргэвчнээс зөөврийн комьпютерийг нууцаар авсан учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэлэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-аас хохирогч Э....ын хулгайд алдсан зөөврийн комьпютерийг 500.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч А....ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, хохирогчийн үүргэвчнээс зөөврийн комьпютерийг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эд зүйлийг биет байдлаар буцаан өгч хохирлыг барагдуулсан, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч А....т нь бусдад учруулсан хохирол буюу зөөврийн комьпютерийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч А....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогтой ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А....т 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.... нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР