| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0047/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Ө сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хувиараа хөдөлмөр эрхлэх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт М.Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 12 сарын 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбай буюу вокзал дээр Г.И-н баруун гарын алгыг иртэй төмрөөр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Вокзал дээр хот руу явах гэж байгаа жолооч нар байсан, тэр үед тоглоом, шоглоом хийгээд И-н толгойн ар хэсэг рүү мөргөчихсөн юм. Гэтэл тэр эргэж хараад миний нүүр рүү цохьчихоод гүйгээд явсан. Тэгээд эргэж ирэхэд би гутлынхаа түрийнд байсан төмрийн хөрөөний хугархайг гаргаж ирсэн байсан, тэгээд намайг цохих үед гар нь зүсэгдсэн байсан. Би машинаа янзалж байгаад тэр төмрийн хөрөөний хугархайг гутлын түрийндээ хийсэн байсан юм. Хүний биед гэмтэл учруулсан нь миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна. И-н хувьд эмчилгээний баримт хэрэгт өгөөгүй боловч эхлээд 200,000 төгрөг, дараа нь 200,000 төгрөг нийт 400,000 төгрөгийг хохиролд төлж барагдуулсан гэв “ гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/
Хохирогч Г.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг 10 минутын орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбай буюу вокзал дээр хүмүүстэй юм яриад зогсож байхад миний толгойн дагз руу нэг хүн гараараа чанга цохиж би эргээд хартал Э гэх хүн зогсож байсан ба би яаж байна гэж хэлэхэд Э-г хойш нь түлхэхэд тухайн хүн доошоо тонгойгоод гутлынхаа түрүүнээс хутга мэт иртэй төмөр зүйл гаргаж ирээд яасан овоо пизда вэ гэж хэлээд миний хэвлийн хэсэг рүү нөгөө иртэй төмөр мэт зүйлээр хатгах үед би баруун талын гараар хаасан чинь гарны алганы дотор тал руу нэг удаа зүсчихсэн. Тэгээд нөгөө Э гэх хүн гар чинь зүгээр үү гэж хэлээд, миний машинд суу эмнэлэг явна гэж хэлээд би машинд нь суухад Б гэх хүн машиныг нь унаж явж байсан. Тэгээд эмнэлэг орж эмчид үзүүлж 5 оёдол тавиулсан. С эмч миний гарыг үзээд мэсний зүйлээ чиний гарыг зүссэн байна гэж хэлээд цагдаагийн алба хаагч дуудсан. Мөн миний гарыг эмч үзээд шөрмөс нь тасарсан байна гэж хэлж чи Улаанбаатар хот явах шаардлагатай гэж хэлсэн....надад Э 200.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш надад ямар нэг мөнгө өгөөгүй. ... 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин Улаанбаатар хот явж “С” нэртэй эмнэлэгт гараа үзүүлэхэд миний гарны шөрмөс нь тасарсан байсан гэж хэлсэн. Тэгээд би Э гэх ахтай уулзаад учир байдлаа хэлсэн чинь маргааш хамт хот явахаар болоод тэрнээс хойш утсаа аваагүй....Миний гарыг зүссэн болохоор хутга байна гэж бодсон. Би яг юу байсан талаар анзаарч хараагүй. Иртэй төмөр мэт зүйл байсан”, “ Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцсан санал хүсэлт байхгүй. Надад учирсан хохирлын ямар нэг баримт байхгүй боловч надад 400,000 төгрөгийн хохирол бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Хохирлын талаар ямар нэг санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/
Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай нөхөр миний гар утас руу залгаад хаана байна гэж асуугаад би цагдаа дээр байна, хүрээд ир гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад би хүний гар зүсчихлээ гэж хэлсэн. ...Тэгээд нөгөө хүндээ эмчилгээний зардал өгөх гэсэн юм гэж хэлээд зээлэнд өгөх гэж байсан 200.000 төгрөгийг Х буудлын эсрэг талд байрлах Д эмийн сангийн гадаа зогсоод манай нөхөр эмчилгээний мөнгө гээд нөгөө хүндээ оруулж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа нөхрийн хамт нөгөө гараа зүсүүлсэн гэх залуутай нөхрийн машин дотор уулзаад юу болсон талаар асуухад И гэх залуу танай нөхөр талбай дээр миний гарыг зүсээд, бид хоёр эмнэлэг орж боолт хийлгээд, цагдаа орж цагдаагийн алба хаагч нартай уулзаад ах нь чиний эмчилгээний зардлыг гаргаж өгнө гэж хэлээд бид хоёр эвлэрээд гомдол саналгүй гэж хэлээд гарч ирсэн талаар ярьсан. ...Манай нөхөр даруухан ямар нэг муухай зан авир байхгүй. Хүүхдүүдтэйгээ тоглож, зурагт үзээд хэвтэж байдаг. Найз нөхөдтэйгээ их тоглоом хийж ярьдаг. Манай нөхөр ажил төр боломжоо хараад найз нөхөдтэйгээ хаяа нэг тааруулаад хэрэглэдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар нэг муухай зан авир гаргаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбай буюу вокзал дээр 16 цагийн өнгөрч байхад машин дотор сууж байгаад гарч ирэхэд М.Э миний машиныг бариад эмнэлэг хүргээд өгчих би И-н гарыг зүсчихлээ гэж хэлсэн. Би тэгээд Э-н машинд суугаад И нөгөө талын урд суудал дээр суугаад Э арын суудал дээр суугаад тэр хоёр эмнэлэг дээр бууж үлдсэн. Тэгээд би машиныг нь талбай дээр унаж ирээд Э-н эхнэрт нь машиныг нь өгсөн. Би яг юугаар зүссэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Э И-н гарыг зүсчихлээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 04-ний өдрийн “1. Г.И-н биед баруун гарын алганд шархнаас үүссэн сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байна.
3. Г.И-н биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/32 тоот дүгнэлт /хх-ийн17-18/
2019 оны 12 сарын 16-ны өдрийн амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын 000427 дугаартай хуудас /хх-ийн 19/
Шүүгдэгч М.Э-н регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 33/
Шүүгдэгч М.Э нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37/
Шүүгдэгч М.Э-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан “ М.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хохиролд 400,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо хохирол төлбөргүй, хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт/хх-ийн 48/
Хохирогч Г.И-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан “ Миний бие М.Э-с хохирлын мөнгө болох 400,000 төгрөгийг бэлнээр авсан болно. Надад гаргах гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбай буюу вокзал дээр байхдаа хохирогч Г.И-тай таарамжгүй байдал үүсгэн түүний баруун гарын алгыг төмрийн хөрөөний хугархайгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “ ...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасантай шүүгдэгчийн үйлдлийг уялдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хохирол байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч С.Т, М.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2019 оны 12 сарын 16-ны өдрийн амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын 000427 дугаартай хуудас /хх-ийн 19/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 04-ний өдрийн Г.И-н биед хөнгөн гэмтэл учирсан талаар дүгнэсэн 04/32 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Э-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Э нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.И-д 400,000 төгрөг эмчилгээний зардалд төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн “ надад 400,000 төгрөгийн хохирол бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Хохирлын талаар ямар нэг санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй байх тул түүнд хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Э нь 400,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Э нь хохирогч Г.И-д эмчилгээний зардалд 400,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсаныг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц