Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга О.У,

Улсын яллагч Э.Б, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт оршин суух, урьд 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сум дундын 8 дугаар шүүхийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар суллагдсан, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181. дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар 07 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,  2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэл ялтай, хэрэг хариуцах чадвартай. Б овогт Ж.Б;

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 31-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-ний шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “В” бааранд хүмүүс зодолдоод байна гэх дуудлагын дагуу очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.О-г “В” гэх нэртэй баарнаас тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд авчирсан байхад нь “зүгээр байхад баарнаас авчирлаа” гэж уурлан албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж улмаар хүч хэрэглэн эсэргүүцэн нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орой хамаатныхаа хүн болох Б-тэй Сайншанд сумын нутаг дэвсгэрт байдаг “В” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тухайн үед бид хоёр 1 шил архи, пиво зэрэг авсан санагдаж байна. Тэгээд тэрийгээ ууж байгаад баарны гадаа гарахад нэг танихгүй залуу миний нүүр рүү гараараа 1 удаа цохьчихоод зугтсан юм. Би тэр хүнийг танихгүй, ямар учраас намайг цохьсныг нь мэдэхгүй. Ингээд би буцаад баар руу орж байхад Б гартаа тоосго барьсан байхаар нь би тэрийг нь аваад дотогш ороод тек хагалчихсан юм. Намайг баарны үүдэнд зүгээр байхад хүн цохьсон болохоор би уурандаа л ширүүн зан ааш гаргасан байсан. Энэ бол миний буруу байсан. Б тэр тоосгыг хаанаас авсныг мэдээгүй. Намайг бааранд орсон байхад Б хүмүүстэй муудалцаад байхаар нь салгачихаад байж байхад цагдаа нар ирээд намайг гавлаад аваад явсан. Би цагдаа нартай хэл амаараа муудалцсан зүйл байгаа. Ингээд намайг эрүүлжүүлэх баривчлах байранд авчираад гараас татаад байхаар нь би гараа татаж авах гэж байгаад цагдаагийн нүүр рүү 1 удаа цохьчихсон. Ийм л зүйл болсон. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Цагдаагийн алба хаагч нарыг зодож барьсан зүйл байхгүй ээ. Миний өөрийн буруугаас болж л ийм зүйл боллоо. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би гэр бүл зохиож байгаа эхнэр маань 4 сартай жирэмсэн урьд нь хийсэн алдаагаа дахиж давтахгүй ээ. Учир нь миний амьдрал дөнгөж эхэлж байгаа учраас цаашдаа хичээх болно. Би одоо өөртөө маш их дүгнэлт хийж байгаа цаашдаа гэр бүлээ үр хүүхдээ бодоод дахин ийм алдаа гаргахгүйн төлөө хичээх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 195-196/,

- Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 09 цагаас 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 03 цаг хүртэлх хугацаанд хөдөлгөөнт эргүүлд буюу Шанд 112 чиглэлд үүрэг гүйцэтгэх томилгоотой байсан. Тухайн өдөр намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд иргэн Т-с шөнө "В” бааранд хүмүүс зодолдоод байна, гэсэн утгатай дуудлага Шанд10 буюу цагдаагийн газраас ирүүлсэн юм. Дуудлагын дагуу В бааранд очиход тухайн баарны текных нь тал нь хагараад унасан, шалаар хагарсан стакан, хагарсан шил гээд замбараагүй болсон байсан ба баарны хамгаалагч буюу дуудлага өгсөн гэх Т тэнд байсан Ж.Б гэх хүнийг заагаад энэ хүн залуучуудтай муудалцаад чулуу барьж орж ирээд тек хагалчихсан гэж хэлсэн. Тэгэхэд Б гэх залуу нь бааранд үүдний хэсгийн сандал дээр сууж байхаар нь би тэр залуу дээр очоод та ямар учраас агсан согтуу тавиад байгаа юм, баарнаас гаръя гээд дагуулаад гарах гэхэд өөдөөс салаавч гаргаад би хүнд зодуулчихаад байна, чамд хамаагүй пизда минь гээд гарахгүй байсан. Би түүнд цагдаагийн газар очоод учраа олж болно гэсэн боловч явахгүй, гарахгүй гэсэн тэгэхээр нь би гарнаас нь татаад суудлаас нь босгоход Б гэх хүн эсэргүүцээд хүч хэрэглэхээр нь аюулгүй байдлыг хангах үүднээс гав хэрэглэсэн. Ингээд шаардлага биелүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлээд байхаар нь гарыг нь ард нь гавлах гэхэд Б өөрөө за за болилоо, би ардаа биш урдаа гавлуучихъя гэхээр нь түүний гарыг нь урд нь гавлаад баарнаас авч гарсан. Эргүүлийн машинд суулгаад явж байхад замдаа надруу “чамайг ажилгүй болгоно оо, пизда минь хамт шоронд явна аа, шоронд чамайг бандидана, пизда минь” гээд байсан. Эрүүлжүүлэх, саатуулах байранд Б надруу салаавч гаргаад нүүрэн дээр тулгаад байхаар нь би түүнийг цаашаа зогс гээд гарыг нь доош нь болгосон чинь шууд миний нүүр рүү гараараа нэг удаа хүчтэй цохьчихсон. Б нь миний нүүр рүү цохьсноос болж миний уруул язраад цус гарахаар нь би амаа дараад доош суусан. Санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24, 156-157/,

- Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 05 дугаар сарын 31-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө ... манай цагдаагийн газарт Б, Б гэх хүмүүсийг эрүүлжүүлэх байранд авчирсан юм. Зөрчил гаргасан гэх хүмүүс нь нилээн согтуу байдалтай байсан бөгөөд Б гэх залуу нь О рүү чам шиг муу бацаан Дорноговьд намайг ингэх болоогүй шүү гээд байсан мөн пизда минь гэх мэтээр орж ирсэн цагаасаа л О рүү дайрч давшлаад байсан. Эрүүлжүүлэх, баривчлах байранд оруулж ирэхээр нь би согтолтыг шалгах гээд драгер багаж авах гэж байхад Б нь явган сууж байгаад босч ирээд гэнэт л ухасхийгээд гавтай гараараа О-н нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. О нүүрээ дараад суусан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-33/,

- Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд:“... 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой намайг бааранд ажлаа хийж байхад миний зүс мэдэх манай Сайншанд сумын залуу болох Б нь халамцуу байдалтай орж ирсэн. Б нь хэсэг байж байгаад гараад явчихсан. Намайг байж байгаад камерын хяналт руу харахад Б нь баарны гадаа хүмүүстэй муудалцаад байгаа харагдахаар нь би цагдаад дуудлага өгчихсөн юм. Манай бааранд 2 цагдаа орж ирж таараад Б-г аваад явах гэхэд Б нь цагдаатай явахгүй гээд эсэргүүцсэн. Б-г хамт гаръя гэхэд нь нөгөөх нь цуг явахгүй гээд эсэргүүцсэн. Тэгээд л цагдаа нар Б-тай ноцолдож байж гавлаад гарсан. Тухайн үед Б цагдаа нар зодлоо, хүч хэрэглэлээ гээд л байсан, үнэндээ бол цагдаа нар зөв шаардлага тавиад л зөв харьцаад болохгүй болохоор нь гавлаад аваад гарсан...” гэсэн мэдүүлэг./хх-ийн 37-40/,

- Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...тухайн өдрийн орой 00 цаг өнгөрч байхад цагдаагийн газраас “В” бааранд хүмүүс хоорондоо зодолдоод байна, гэх утгатай дуудлага өгсний дагуу очсон. Б-г баарнаас аваад гарах гэхэд тэр О-н өөдөөс салаавч гаргаад бид нарыг пизданууд минь, лалрууд, гичий гэх мэтээр хараагаад шаардлага биелүүлэхгүй, явахгүй гэсэн. Сүүлдээ биднийг авч явах гэхэд Б нь миний хантаазнаас зуураад байсан. Ер нь ойртсон хүнийг л түлхээд зуураад эсэргүүцээд байсан тэгэхээр нь бид түүнийг авч явах гэж хүч хэрэглэсэн юм. Ингээд бид нар цагдаагийн газар луу явж байхад Б нь жолоо барьж явсан дэд ахлагч О рүү салаавч гаргаад бас л харааж зүхээд хүндрэл учруулаад байсан. Бид нар цагдаагийн газарт ирээд Б-г эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгээд өгөх гэж байхад Б нь мөн л О рүү “хоёулаа хамт шоронд явна, би чамайг шоронд бандидна, хараарай чи бол амжихгүй шүү, чи надтай гадуур уулзаарай” гэсэн... үргэлжлүүлээд О-н нүүрэнд нь тулгаж салаавч хүртэл гаргасан. Б нь иймэрхүү зүйл ярьж байгаад гэнэт л О-н нүүр рүү нь гавтай байсан 2 гараараа 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-43/,

- Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Цагдаа нар тэр хүнийг авч явах гэхээр нь нөгөөх нь явахгүй эсэргүүцээд, цагдаа нарыг ч тоохгүй баараар сэлгүүцээд явахгүй байсан. Тэгсэн чинь цагдаа нар гав гаргаж ирээд тэр залууг авч явах гээд хэсэг ноцолдоод дарж унагаад гавлаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Д гүйж гарч ирээд О цохиулчихлаа” ерөнхий жижүүрийг дуудъя гээд гүйж байсан. Би эрүүлжүүлэх байрлуу ороход О жижүүрийн өрөөнд уруул нь язраад цус гарчихсан, хавдсан байдалтай сууж байсан. О-г бид нар эмнэлэг рүү авч явж үзүүлж оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-47/,

- Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 05 дугаар сарын 31-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Намайг үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу шөнө В бааранд согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна” гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсэн дуудлагыг шалгуулахаар эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, дэд ахлагч Д.О, Д нарт өгсөн юм. О дуудлага авсан тухайгаа буцаж мэдэгдсэн. О нь Б гэгч нь намайг зүгээр байж байхад цохьчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 158-159/,

- Ж.Б биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 /,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 02/0291 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-53/,

- Ж.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-79/ болон бусад хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хэрэгт хураагдаж ирсэн камерийн бичлэг зэргийг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Ж.Б, Д.Б нар нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “В” бааранд орж архи уусан улмаар Ж.Б нь баарны гадаа хүмүүстэй муудалцаж байсныг баарны хамгаалагч Д.Т камераас харж цагдаа руу дуудлага өгсөн. Ж.Б нь гаднаас орж ирэхдээ гартаа чулуу барьж орж ирээд баарны текийг хагалж дээр нь байсан пиво, архины хундага хагарсан байдалтай байхад дуудлагын дагуу Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.О, Э.М, Г.Д нар бааранд орж ирсэн. Ж.Б-д шаардлага тавиад цагдаа руу авч явах гэхэд  эсэргүүцсэн улмаар Ж.Б-д гав хэрэглэн эрүүлжүүлэх саатуулах байранд авчирсан. Ж.Б нь хохирогч Д.О-н тавьсан шаардлагыг эсэргүүцэж баарнаас эрүүлжүүлэх, саатуулах байр хүртэл хэл амаар доромжилж, улмаар биед нь халдаж гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ж.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 31-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-ний шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “В” бааранд хүмүүс зодолдоод байна гэх дуудлагын дагуу очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.О-г “Виктория” гэх нэртэй баарнаас тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд авчирсан байхад нь “зүгээр байхад баарнаас авчирлаа” гэж уурлан албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж улмаар хүч хэрэглэн эсэргүүцэн нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Ж.Б нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, улмаар нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Д.О “... дуудлага өгсөн гэх Т тэнд байсан Ж.Б гэх хүнийг заагаад “энэ хүн залуучуудтай муудалцаад чулуу барьж орж ирээд тек хагалчихсан” гэж хэлсэн. Тэгэхэд Б гэх залуу нь бааранд үүдний хэсгийн сандал дээр сууж байхаар нь би тэр залуу дээр очоод “та ямар учраас агсан согтуу тавиад байгаа юм, баарнаас гаръя” гээд дагуулаад гарах гэхэд өөдөөс салаавч гаргаад “би хүнд зодуулчихаад байна, чамд хамаагүй пизда минь” гээд гарахгүй байсан. Би түүнд цагдаагийн газар очоод учраа олж болно” гэсэн боловч явахгүй, гарахгүй гэсэн Тэгэхээр нь би гарнаас нь татаад суудлаас нь босгоход Б гэх хүн эсэргүүцээд хүч хэрэглэхээр нь аюулгүй байдлыг хангах үүднээс гав хэрэглэсэн... эргүүлийн машинд суулгаад явж байхад замдаа надруу “чамайг ажилгүй болгоно оо, пизда минь хамт шоронд явна аа, шоронд чамайг бандидана, пизда минь” гээд байсан. Эрүүлжүүлэх, саатуулах байранд Б надруу салаавч гаргаад нүүрэн дээр тулгаад байхаар нь би түүнийг цаашаа зогс гээд гарыг нь доош нь болгосон чинь шууд миний нүүр рүү гараараа нэг удаа хүчтэй цохьчихсон...” гэсэн, гэрч Э.Э-н “... Б, Б гэх хүмүүсийг эрүүлжүүлэх байранд авчирсан юм. Зөрчил гаргасан гэх хүмүүс нь нилээн согтуу байдалтай байсан бөгөөд Б гэх залуу нь О рүү “чам шиг муу бацаан Дорноговьд намайг ингэх болоогүй шүү” гээд байсан мөн “пизда минь” гэх мэтээр орж ирсэн цагаасаа л О рүү дайрч давшлаад байсан... Б нь явган сууж байгаад босч ирээд гэнэт л ухасхийгээд гавтай гараараа О-н нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон...” гэсэн, гэрч Д.Т “...Намайг байж байгаад камерын хяналт руу харахад Б нь баарны гадаа хүмүүстэй муудалцаад байгаа харагдахаар нь би цагдаад дуудлага өгчихсөн юм. Манай бааранд 2 цагдаа орж ирж таараад Б-г аваад явах гэхэд Б нь цагдаатай явахгүй гээд эсэргүүцсэн. Б-г хамт гаръя гэхэд нь нөгөөх нь “цуг явахгүй” гээд эсэргүүцсэн...гэсэн, гэрч Г.Д “...Б-г баарнаас аваад гарах гэхэд тэр О-н өөдөөс салаавч гаргаад бид нарыг “пизданууд минь, лалрууд, гичий” гэх мэтээр хараагаад шаардлага биелүүлэхгүй, явахгүй гэсэн... Ингээд бид нар цагдаагийн газар луу явж байхад Б нь жолоо барьж явсан дэд ахлагч О рүү салаавч гаргаад бас л харааж зүхээд хүндрэл учруулаад байсан. Бид нар цагдаагийн газарт ирээд Б-г биеэ зүй бус авч явсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгээд өгөх гэж байхад Б нь мөн л О рүү “хоёулаа хамт шоронд явна, би чамайг шоронд бандидна, хараарай чи бол амжихгүй шүү, чи надтай гадуур уулзаарай” гэсэн... үргэлжлүүлээд О-н нүүрэнд нь тулгаж салаавч хүртэл гаргасан. Б нь иймэрхүү зүйл ярьж байгаад гэнэт л О-н нүүр рүү нь гавтай байсан 2 гараараа 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлгүүд болон  Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 02/0291 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, бусдын эрүүл мэндэд хөндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол болон түүний хүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ж.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлж хамтран амьдрагч Б.Ц-н Х банкин дахь дансанд мөнгө хийдэг болох нь дансны хуулгаар тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй үлдсэн байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг тус тус нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.О нь хохирлын талаар нотлох баримтаа хэрэгт хавсаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь 26 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй тул 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ж.Б-г хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,800,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,300,000  /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 3,300,000 төгрөгийн торгох ял, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ял болох 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь дээрх торгуулийн болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлыг 1 хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б цагдан хоригдсон 26 хоногийг 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцсугай.

7. Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.Н