Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б,

Орчуулагч Б.Б,

Шүүгдэгч Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Ү-д  холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, БНХАУ-ын Өвөр Монголын Жирэм аймагт төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, У ХХК-д барилгын материал нийлүүлэх ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 настай хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 6-р хороонд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Ү гадаад паспортны дугаар ...,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ү иргэний үнэмлэхийн дугаар: ... нь Ч нэртэй байхдаа Монгол Улсын иргэн Д.Б-тэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр Замын Шалган нэвтрүүлэх боомтоор Замын-Үүд эрээний чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний ... дүгээр вагоны ... дугаар купений люке хэсэгт болон ширээний дор 21,920,000 төгрөгийн үнэ бүхий түүх, соёлын дурсгалт зүйл болох Босоо Майдар бурхан /Жанрайсаг суурьтай/, Очирваань бурхан, Зэс гуутай найман Намсрай бурхан, Дамжин бурхан /зурмал/, Ногоон Дарь-Эх /зурмал/, Намсрай бурхан /зурмал/, Тойниг дэа /Хандын чуулган зурмал/, Гомбо бурхан /Дармафоло зурмал/, Додэжаджава судар, Хаш тээг, эхнэр хүний зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг зэрэг 11 нэр төрлийн хязгаарласан эд зүйлийг гаалийн үзлэг шалгалтаас нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч  Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сард Хөх хотод байдаг Б гээд найз надруу залгаад Улаанбаатар хотын их дэлгүүрийн ард байдаг үнэт эдлэлийн дэлгүүр ороод хэдэн бурханы зураг дараад үнэ ханшийг нь судлаад надад хэлээд өг гэхээр нь би очоод 3 дэлгүүрээс 20 гаран сая төгрөгний бараа асуугаад зураг үнэ ханштай хэлж өгсөн. Тэгээд манай найз надруу банк бусаар мөнгийг нь явуулчихъя гээд би нөгөө 3 дэлгүүр лүү ороод барааг нь авсан. Тэгээд 200,000 төгрөгний хувьд бол Баянаа 200,000 төгрөг өгье чи явуулчих би Эрээнээс хүнээр тосуулаад авъя, тэгэхдээ өгнө гэсэн, тэр үгийг нь би Б эгчид дамжуулж хэлсэн. Би Б эгчтэй Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн вагонд танилцаж байсан. Тэр хүнтэй танилын холбоотой. Хэрэг болох үед би Ч нэртэй байсан. Би 2018 онд Монгол Улсын иргэнтэй гэрлээд хүүхэдтэй болоод нэрээ сольсон. Би 2 долоо хоног судлаад зураг хөргийг нь явуулаад нилээдгүй хугацааг өнгөрөөсөн юм. Тэгээд 12 сарын 20-ны үеэр авсан байх бүгдийг сайн санахгүй байна... Дэлгүүрт зарж байсан болохоор хил гаалиар гаргахгүй байна гэж бодоогүй... Би гэм буруугаа хүлээж байна. Санаандгүй хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн  мэдүүлэг,  

Сэжигтэн Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2015 оны 07 сард Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлд гоо сайхны бараагаа аваад явж байхад Х гэдэг залуутай нэг купенд таараад танилцаж байсан. Надаас юу хийдэг талаар асуухад би хүнсний бараа болон гоо сайхны бараа гаргадаг гэж хэлж байсан. Тэгээд надаас та зураг гаргаж чадах уу гэхэд нь мэдэхгүй юм дараа холбогдоё гээд би утсны дугаараа өгч байсан. 2016 оны 01 сард Х над руу залгаад зураг өгөөд явуулъя гэхээр нь ямар зураг юм гэхэд зүгээр зураг байгаа гэж хэлсэн. Тэр үед би Замын-Үүдэд байсан. .. М, Б 2-т өгчих тэгээд вагоноор миний бараануудтай хамт хийгээд явуулчих гэж хэлсэн... 1 сарын 26-ны өдөр бараа болох гоо сайхны бараа болон Х-н өгч явуулсан 2 боодол бүхий зүйлийг тосч авсан... 1 сарын 27-ны өглөө Замын-Үүд Эрээний чиглэлийн вагонд ачаагаа авч орж суусан. Ачаа маань нийт 5 хэсэг болсон Х-с авсан зүйл нь 2 хэсэг зүйл байсны урт гонзгой зүйлийг нь купены /люке/ таазны тагийг онгойлгон хийсэн, нөгөө хэсгийг нь ширээний доод талд байрлах тулгуур төмөр дээрх хагас босоо дэгээ төмөр дээр тээглүүлэн байрлуулсан байсан. Паспорт дээр штамб дарагдаад удаагүй байхад энгийн хувцастай болон гаалийн байцаагч нар нуусан зүйлийг маань олсон... Х-тай ярих үед би таньд эдгээр зүйлсийг гаргахад чинь 200,000 төгрөг өгнө гэж хэлсэн... Ч нь Х мөн юм...” /1хх-ийн 204-205/ гэсэн мэдүүлэг,

- Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Надтай Б эгч яриад нэг хүн юм авчирч өгнө, би машины дугаарыг хэлсэн, чамд очоод өгнө, тэрийг хамт скочдоод тээшинд өгөөд явуулаарай гэсэн юм. Тэр хүн надтай утсаар холбогдоогүй шууд вокзал дээр тээшний вагон дээр ирээд ууттай зүйлийг өгсөн юм. Танихгүй хүн байсан. Царайг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан эрэгтэй хүн байсан. Цэнхэр ууттай зүйл байсан, дотор нь нэг урт гонзгой зүйл байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 156-157/,

- Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд “...надад юу авч явж байгаагаа болон хаашаа явж байгаагаа хэлдэггүй, нутаг руугаа явах санаатай байна гэдэг. Тэгээд уут болон цүнхэнд хийсэн ачаагаа 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн ойр байрлах Гоо сайхны салон руу аваачиж өгдөг. Нэг 40 гаран насны эмэгтэй гарч ирж авдаг, хааяа Х өөрөө оруулж өгдөг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 01 сарын 20-ны үеэр Х над руу залгаад нисэх рүү явахаар боллоо, маргааш манайд хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд гэрийнх нь гадаа очоод зогсоолд нь машинаа тавьчихаад гэр рүү нь ороод чемодан болон ууттай зүйлийг аваад гарч машиндаа хийгээд Х-н гэрээс гарцгаасан. Тэгээд 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн ойр байрлах гоо сайхны салон руу Х ууттай зүйлээ бариад орсон. Тэгээд удалгүй гарч ирээд нисэх рүү явсан. Саяхан цагаан сарын өмнөхөн 19 дүгээр хороололд ууттай зүйл өгсөн хүн маань алга болчихлоо гэсэн, тэрнээс хойш холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг /1xх-ийн 158-159/,

- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2016 оны 1 сард юм байна. 4-5 ширхэг бурханы зургууд байсан, бас босоо бурхан, жижиг суурьгүй бурхан байсан. Тэд нарыг нийт 10,000,000 төгрөгөөр надаас Х худалдаж авсан. Х хэлэхдээ манай найз миний явуулсан зургуудыг хараад авъя гээд, тэгээд авах гээд ирлээ гэж хэлж байсан... Х ганцаараа ирж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 160-161/,

- Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Х сая цагаан сарын өмнө над дээр орж ирээд лангуунаас юм харж байгаад Хаш тээг худалдаж авсан. Үнийн хувьд 500,000 600,000 төгрөгөөр авсан байх, сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 162/,

- Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “… Х 2016 оны 01 дүгээр сард над дээр ирсэн, надад нэг бурханы тохой байсан юм. Тэгээд хүнд үзүүлээдэхье гээд тэр тохойг, 4-5 ширхэг шавар дугуй дүрстэй бурхадыг нийт 200,000-300,000 төгрөгт авсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 163-164/,

- Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсэд зөрчлийн байцаагчаар ажиллаж байсан. Тухайн өдөр буюу 2016 оны 01 сарын 26-ны өглөө Замын-Үүд Эрээний чиглэлийн вагонд Тагнуулын байгууллагатай хамтран шалгалт хийхэд иргэн Д.Б-н авч явсан ачаанаас 26 ширхэг бүхий шашны эд зүйлийг илрүүлсэн. 4 ширхэг даавуун зурмал бурхныг купены дээд талыг /люке буюу дээврийн таг/ онгойлгоход боолттой байдалтай нуусан байсан. Үлдсэн эд зүйлийг купены ширээн доор байрлах тулгуур төмөр дээр тээглүүлэн тавьсан байсан... би 6 дугаар купенд зорчиж явсан Д.Б гэгч эмэгтэйгээс та улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлтэй юу гэж асуухад үгүй байхгүй гэж хариулсан. Тэгээд 6 дугаар купенд үзлэг хийж байхад тагнуулын ажилтан люкны дээд талд байрлах тагнаас зурмал бурхан гаргаж ирсэн. Тэгээд Б-с танд өөр эд зүйл байгаа юу гэж асуусан чинь байхгүй гэж хариулсан. Тэгээд тагнуулын ажилтан үйлчлэгчийн өрөө рүү дагуулж ороод удалгүй гарч ирснээ Б ширээний доод талд байрлах тулгуур төмөр дээрээс бурханы гар бүхий зүйл гаргаж ирсэн. Б деклараци бөглөөгүй байсан. Ямар ч байсан би амаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл байгаа эсэх талаар асуухад байхгүй гэж хариулсан. Гаалийн тухай хуулинд гаалийн декларацийг амаар болон бичгээр авч болно гэж заасан байдаг” гэсэн мэдүүлэг /1xх-ийн 153-154, 213-214/,

- Иргэний нэхэмжлэгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Монгол Улсын хилээр түүх соёлын дурсгалт зүйлийг 2 жилийн хугацаатайгаар Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгох лиценз буюу зөвшөөрлөөр гардаг. Зөвшөөрлөөр гаргасан эд зүйлийг 2 жилийн дотор буцаан авчирах үүргийг хилээр нэвтрүүлсэн иргэн, албан тушаалтан, байгууллага хариуцдаг. Эдгээрийг 2014 оны 05 дугаар сард батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль түүнийг дагалдсан журамд зохицуулсан байгаа. Арилжааны зорилгоор түүх соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэхийг хориглодог...” гэсэн мэдүүлэг /2xx-ийн 38-39/,

- Шинжээч С.У, С.Б нарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт /1хх-ийн 183-184x/,

- Гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1xx-ийн 7-14/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1xx-ийн 32-37/,

- Гар утас болон эд зүйл, бичиг баримтанд үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн  тухай тэмдэглэлүүд /1xx-ийн 38-44/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1xх-ийн 152/,

- Шинжээч Э.О, Г.Э, Б.И нарын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт /2хх-ийн 80-81/,

- Шинжээч Ш.Э, Г.П, Д.Г, Д.А, Ч.Т нарын 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд:

 1. “Босоо Майдар бурхан, суурьтай” нь 10 см өндөртэй. Бүтэн гуулин цутгамал. Алтан шармал. 19-р зууны. Ур хийц сайн хийгдсэн, нарийн чимхлүүр хээтэй. Долнуур хийцийн хэлбэр маягтай. Долнуур гэдэг нь Монгол урчуудын хийц юм.

2. “Очирваань бурхан” нь 4 см өндөртэй. Гуулин, алтан шармал, цутгамал хийцтэй. Маш нарийн ур хийцтэй. Монгол хийцтэй. 19-р зууны дунд үед хамаарах.

3. “Зэс гуутай 8 намсрай бурхан” нь 13,5 см өндөртэй, 9,2 см өргөнтэй. Зэс хөөмөл, гуутай, нүүрэндээ мөнгөн түрхмэлтэй. Дотроо 8 намсрай бурхныг товгор байдлаар, сац хэвэнд шавраар хэвлэж шатааж бэхжүүлсэн. Хийц-Сац хэвэнд гаргасан, өнгө ялгаж будсан, цууралттай. Дүрс нь их нарийн тод гарсан. Хэв сайтай. Сац хэвний хувьд музейд байдаггүй ховор хэв байна.

4. “Дамжин бурхан” нь 23,5 см өндөртэй, 17,5 см өргөнтэй. Материал нь даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. Шүтээн зураг байна. Ямаа хөлгөлсөн Дамжин бурхан. 20-р зууны эхэнд орох. Хуажин хийцийн шүтээн зураг, хүрээ захгүй. Ур хийц сайн. Ар талд нь бичиг тэмдэглэгээ байхгүй.

5. “Ногоон Дарь эх”-ийн зурагны хэмжээний өндөр нь 36 см, өргөн нь 26 см. Цэнхэр хүүсэн хүрээтэй. Дээр доороо модон тогттой. Материал нь-даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. Хадгалалт сайтай. Хийц дунд. 20-р зууны эхэн үед хамаарах. 21 дарь эх зурагдсан байна.

6. “ Намсрай бурхан” нь 32,5 см өндөртэй, 29 см өргөнтэй. Материал нь даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. Хийц дунд. Хадгалалт дунд зэрэг, мөн угаагдсан маягтай. 20-р зууны эхэн үеийг төлөөлсөн. Ардаа хөрөнгө үсэгтэй.

7. “Хандын чуулган” нь 20,5 см өндөртэй, 16,5 см өргөнтэй. Материал нь даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. Ур хийц сайн. 20-р зуунд багтах. Ягаан бэхээр ардаа бичсэн.

8. “Дармафола” нь 43 см өндөртэй, 37,5 см өргөнтэй. Материал нь даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. 20-р зууны эхэн үед орох. Хадгалалт дунд, сэв ихтэй. Хуажин нь сайн. Ур хийц сайн. 2 бүчтэй, Нүүрний хөшиг-Шалхавчтай.

9. “Додэжаджава судар” нь 22 см урттай, 7 см өргөнтэй. Ар, өвөртөө улаан торгон хавтастай. Нүүрэндээ төвд үсгээр Ум маани бад мэ хум гэсэн хатгамал үсэгтэй. Бээжин модон бар. Хуудас холилдсон, 2 судар. Гадуураа улаан торгон баримтагтай. 20-р зууны үеийн. Додэжаджава судар байна.

10. “Хаш тээг” нь өндөр нь 6 см, өргөн нь 4,3 см, зузаан нь 1,5 см. Хятад хийцийн цагаан хаш. Дээрээ хятад ханзаар Хосбаяр гэж бичсэн. Мөн Сарьсанбагваахай сийлсэн. Бүсний хэсэг нь элэгдэж урагдсан. 20-р зууны үед орох. Ур хийц хадгалалт сайтай.

11. “Эхнэр хүний зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг” нь 2 хэсгээс бүрдсэн. Том нь 11,5 см урттай, 6 см өргөнтэй, 1 см зузаантай. Жижиг нь 5,5 см урттай, 5,5 см өргөнтэй, 1 см зузаантай. Зэс хөөмөл, алт шармал, шигтгээ байхгүй. Ур хийц сайн. 20-р зууны үеийнх тус тус хамаарч байна.

-Түүх соёлын дурсгалт зүйлд хамаарч буй эдгээр эд зүйлс нь соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл юм.

-“Хаш тээг”, “Эхнэр хүний зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг” зэрэг нь угсаатны эд зүйл, харин бусад эд зүйл нь шашны эд зүйлд хамаарна.

-Эдгээр эд зүйлс нь түүх соёлын дурсгалт зүйлийн ердийн дурсгалт зүйлд хамаарна.

Шинжээч бид шинжилгээ хийж түүх соёлын дурсгалт зүйлд хамруулж байгаа шалтгаан нь:

1. Түүхэн он цагаар нь буюу тухайн дурсгалт хэдийд бүтээгдсэн байдлыг биетээр үзэж тогтоосон. Ингэж тогтоохдоо Шинжээчдийн туршлага, мэргэжлийн ур чадвар, бусад ижил төстэй дурсгалтай харьцуулж он цагийг тогтоолоо.

2. Ур хийцийг тодорхойлохдоо тухайн дурсгалыг хаана хэдийд хийгдсэн, дахин давтагдашгүй байдал зэргийг нь харгалзан өөрсдийн туршлага дээр үндэслэн тогтоосон.

3. Материалыг 20-р зууны эхэн үед бүтээгдсэн бусад бүтээлүүдтэй жишиж өөрсдийн туршлагыг үндэслэж гаргасан.

4. Тухайн бүтээлүүдийн ховор байдлыг харгалзаж түүх соёлын дурсгалт зүйл хамааруулан үзлээ. Эдгээр бүх шинж байдлыг хамтатган үзээд шинжээч бид түүх соёлын дурсгал болохыг нь тогтоож байна” гэсэн дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургууд/ 2хх-ийн 172-177/,

- Шинжээч Н.Б, Б.Д, Д.С нарын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд: “1. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Э.О, Г.Э, Б.И нарын гаргасан шинжээчийн дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ш.Э, Г.П, Б.Г, Д.А, Ч.Т нарын гаргасан 1 дугаартай  шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. 11 ширхэг зүйлс нь түүх, соёлын дурсгалт зүйлс мөн, харин үнэт болон хосгүй үнэт зэрэглэлд хамаарахгүй.

3. 19-20 дугаар зууны эхэн үед хамаарна, шинж тэмдгийн талаар Ш.Э, Г.П, Б.Г, Д.А, Ч.Т нарын дүгнэлтэд тодорхой дурдсан.

4. Түүх, соёлын ердийн дурсгалт зүйл.

5. Шинжилгээнд хүргүүлсэн 11 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийн зах зээлийн үнэ үнэлгээ нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 21,920,000 төгрөг“ гэсэн 01 тоот дүгнэлт /2xх-ийн 227-228/,

- Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...Босоо Майдар бурхан 9,600,000 төгрөг, Очирваань бурхан 3,000,000 төгрөг, Зэс гуутай найман Намсрай бурхан 1,000,000 төгрөг, Дамжин бурхан /зурмал/ 120,000 төгрөг, Ногоон Дарь-Эх /зурмал/ 1,600,000 төгрөг, Намсрай бурхан /зурмал/ 800,000 төгрөг, Хандын чуулган /зурмал/ 1,800,000 төгрөг, Дармапала /зурмал/ 2,000,000 төгрөг, Додэжаджава судар 480,000 төгрөг, Хаш тээг 800,000 төгрөг, эхнэр, хүний зүүлт... чимэглэлийн арын гууны толгойн чимэг 720,000 төгрөг нийт 21,920,000 төгрөг гэж үнэлгээ болон түүх соёлын дурсгалт зүйл мөн эсэхийг тогтоосон 01 тоот хурлын тэмдэглэл /2xх-ийн 229-243/,

- Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлд шинэчилсэн дансны үнэ тогтоох журам батлах” тухай 140 дугаартай тушаал, түүний хавсралт /3хх-ийн 149-160/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 30 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлүүд, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3хх-ийн 107-131, 4хх-ийн 128-139, 39-51/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гадаад поспартны хуулбар //4хх-ийн 55-61,

- ӨМӨЗО-ны хүн амын мэдээллийн /өрхийн/ тодорхойлолт, гадаад поспартны хуулбар /4хх-ийн 70-74, 78-81/ болон хэрэгт авсагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ү-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ү нь Ч нэртэй байхдаа Өвөр монголд байдаг найз Б-н гуйлтаар дэлгүүрээс шашны эд зүйл болох  21,920,000 төгрөгийн үнэ бүхий Босоо Майдар бурхан /Жанрайсаг суурьтай/, Очирваань бурхан, Зэс гуутай найман Намсрай бурхан, Дамжин бурхан /зурмал/, Ногоон Дарь-Эх /зурмал/, Намсрай бурхан /зурмал/, Тойниг дэа /Хандын чуулган зурмал/, Гомбо бурхан /Дармафоло зурмал/, Додэжаджава судар, Хаш тээг, эхнэр хүний зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг зэргийг худалдан авч  БНХАУлсын Эрээн хот руу гаргахаар иргэн Д.Б-д өгсөн, Д.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Төмөр Замын Шалган нэвтрүүлэх боомтоор Замын-Үүд Эрээний чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний ... дүгээр вагоны ... дугаар купений люке хэсэг, ширээний дор нууцсан явсан нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ү-г Ч нэртэй байхдаа Монгол Улсын иргэн Д.Б-тэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр Замын Шалган нэвтрүүлэх боомтоор Замын-Үүд эрээний чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний ... дүгээр вагоны ... дугаар купений люке хэсэгт болон ширээний дор 21,920,000 төгрөгийн үнэ бүхий түүх, соёлын дурсгалт зүйл болох хязгаарласан эд зүйлийг гаалийн үзлэг шалгалтаас нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ү гэмт хэрэг үйлдэх үедээ Ч нэртэй байсан бөгөөд 2018 оны 05 сарын 31-ний өдөр нэрээ өөрчилж Ү болсон нь хавтаст хэрэгт авагдсан ӨМӨЗО-ны хүн амын мэдээллийн /өрхийн/ тодорхойлолтоор нотлогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байх тул шүүгдэгчийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар Прокуророос зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.

Шүүгдэгч Ү-н худалдан авсан, иргэн Д.Б-д Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээр өгсөн шашны эд зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл болох нь шинжээч Э.О, Г.Э, Б.И нарын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт, шинжээч Ш.Э, Г.П, Д.Г, Д.А, Ч.Т нарын 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, шинжээч Н.Б, Б.Д, Д.С нарын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээ болон түүх соёлын дурсгалт зүйл мөн эсэхийг тогтоосон 01 тоот хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Түүх соёлын дурсгалт зүйл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8, 6.1.11-т зааснаар соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл байх бөгөөд энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11-т зааснаар “соёлын  биет өвийг  хилээр нэвтрүүлэх ... зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгодог, мөн түүх соёлын ердийн дурсгалт зүйл нь Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хилээр тарифийн бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалтанд багтдаг байх тул шүүгдэгчийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ү нь бусадтай бүлэглэн түүх соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, сэжигтэнээр Д.Б-н “... 2016 оны 01 сард Х над руу залгаад зураг өгөөд явуулъя гэхээр нь ямар зураг юм гэхэд зүгээр зураг байгаа гэж хэлсэн... 1 сарын 26-ны өдөр бараа болох гоо сайхны бараа болон Х-н өгч явуулсан 2 боодол бүхий зүйлийг тосч авсан... 1 сарын 27-ны өглөө Замын-Үүд Эрээний чиглэлийн вагонд ачаагаа авч орж суусан. Ачаа маань ний 5 хэсэг болсон Х-с авсан зүйл нь 2 хэсэг зүйл байсны урт гонзгой зүйлийг нь купены /люке/ таазны тагийг онгойлгон хийсэн, нөгөө хэсгийг нь ширээний доод талд байрлах тулгуур төмөр дээрх хагас босоо дэгээ төмөр дээр тээглүүлэн байрлуулсан байсан. Паспорт дээр штаба дарагдаад удалгүй байхад энгийн хувцастай болон гаалийн байцаагч нар нуусан зүйлийг маань олсон... Х-тай ярих үед би таньд эдгээр зүйлсийг гаргахад чинь 200,000 төгрөг өгнө гэж хэлсэн... Ч нь Х мөн юм...” гэсэн, гэрч Т.М-н “...Надтай Б эгч яриад нэг хүн юм авчирч өгнө, би машины дугаарыг хэлсэн, чамд очоод өгнө, тэрийг хамт скочдоод тээшинд өгөөд явуулаарай гэсэн юм. Тэр хүн надтай утсаар холбогдоогүй шууд вокзал дээр тээшний вагон дээр ирээд ууттай зүйлийг өгсөн юм. Танихгүй хүн байсан. Царайг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан эрэгтэй хүн байсан. Цэнхэр ууттай зүйл байсан, дотор нь нэг урт гонзгой зүйл байсан...” гэсэн, гэрч Ц.М “...Хамгийн сүүлд 2016 оны 01 сарын 20-ны үеэр Х над руу залгаад нисэх рүү явахаар боллоо, маргааш манайд хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд гэрийнх нь гадаа очоод зогсоолд нь машинаа тавьчихаад гэр рүү нь ороод чемодан болон ууттай зүйлийг аваад гарч машиндаа хийгээд Х-н гэрээс гарцгаасан. Тэгээд 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн ойр байрлах гоо сайхны салон руу Х ууттай зүйлээ бариад орсон. Тэгээд удалгүй гарч ирээд нисэх рүү явсан...” гэсэн, гэрч Д.О “...2016 оны 1 сард юм байна. 4-5 ширхэг бурханы зургууд байсан, бас босоо бурхан, жижиг суурьгүй бурхан байсан. Тэд нарыг нийт 10,000,000 төгрөгөөр надаас Х худалдаж авсан. Х хэлэхдээ манай найз миний явуулсан зургуудыг хараад авъя гээд, тэгээд авах гээд ирлээ гэж хэлж байсан... Х ганцаараа ирж авсан...” гэсэн, гэрч Ц.Б “...Х сая цагаан сарын өмнө над дээр орж ирээд лангуунаас юм харж байгаад Хаш тээг худалдаж авсан. Үнийн хувьд 500,000 600,000 төгрөгөөр авсан байх...” гэсэн, гэрч Г.Б “… Х 2016 оны 01 дүгээр сард над дээр ирсэн, надад нэг бурханы тохой байсан юм. Тэгээд хүнд үзүүлээдэхье гээд тэр тохойг, 4-5 ширхэг шавар дугуй дүрстэй бурхадыг нийт 200,000-300,000 төгрөгт авсан санагдаж байна...” гэсэн, гэрч Л.А “...Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсэд зөрчлийн байцаагчаар ажиллаж байсан. Тухайн өдөр буюу 2016 оны 01 сарын 26-ны өглөө Замын-Үүд Эрээний чиглэлийн вагонд Тагнуулын байгууллагатай хамтран шалгалт хийхэд иргэн Д.Б-н авч явсан ачаанаас 26 ширхэг бүхий шашны эд зүйлийг илрүүлсэн. 4 ширхэг даавуун зурмал бурхныг купеы дээд талыг /люке буюу дээврийн таг/ онгойлгоход боолттой байдалтай нуусан байсан. Үлдсэн эд зүйлийг купены ширээн доор байрлах тулгуур төмөр дээр тээглүүлэн тавьсан байсан... би 6 дугаар купенд зорчиж явсан Д.Б гэгч эмэгтэйгээс та улсын хилээр нэврүүлэхийг хориглосон эд зүйлтэй юу гэж асуухад үгүй байхгүй гэж хариулсан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 30 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлүүд, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Ү-г бусадтай бүлэглэн түүх соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү-г Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан бусадтай бүлэглэн түүх соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4 хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар шүүгдэгч Ү-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү-д урьд авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.Н