Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01106

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00107 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 711 дүгээр магадлалтай,

Б.М-ийн нэхэмжлэлтэй

БХОМ УТҮГ, МАУУХ И  ТББ, Ц.П- нарт холбогдох,

Засварын зардалд 26.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М-, өмгөөлөгч Т.Б, хариуцагч И  ТББ-ийн төлөөлөгч Ц.П-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.П- нь Монголын уламжлалт ёс заншил, соёл, сургалт сурталчилгааны Богд хаан-2 төв байгуулж, Монголын түүхэн дурсгалт байшин, соёлын биет өвийн нэг болох Богд хааны Номын өрөөний 178 м.кв байшинг сэргээн засварлах ажлын хүрээнд та өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгэж өгөөч, Нийслэлийн төсөв зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дээрх байшинг сэргээн засварлах бодлого баримталж байгаа гэсэн хүсэлт гаргасан. Тухайн үед Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.П- нь МАУУХ И  ТББ байгуулчихсан өөрөө тэргүүнээр нь ажилладаг, гүйцэтгэх захирлаар нь Ч.Батжаргал гэх хүн ажилладаг ба Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар 664 м.кв газрыг Түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар эзэмшдэг, 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан ба Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтыг хариуцах зорилгоор өмчлөгчийг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны газар, хамгаалагчийг төлөөлж И  гэх ТББ-ын хооронд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Ц.П-гийн дээр дурдсан хүсэлтийн дагуу миний бие соёлын ажилтны хувьд Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх хэсэгт заасан соёлын талаарх иргэний үүргээ биелүүлэх зорилгоор Ц.П-тэй ямар нэг гэрээг бичгээр хийлгүйгээр итгэлцлийн үндсэн дээр хүсэлтийг нь хүлээн авч, тус байгууламжийн гаднах болон доторх хэсгийн засварыг хийж гүйцэтгэсэн бөгөөд засварын зардалд нийт 26.800.000 төгрөгийг зарцуулсан. Энэхүү засварын зардлыг үнэн зөв, бодит үндэслэлтэй болохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, прокурорын газарт Ц.П- шалгагдах үед Хөрөнгө эстимэйт ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосон. Дээрх засварын зардал 2010-2012 онд эргэн төлөгдөх байсан ч тухайн үед тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд би холбогдох зардлаа эгүүлэн авах хүсэлтээ тухайн үеийн Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зэрэг албан тушаалтнуудад гаргаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар тогтоолоор Богдын зуны ордон, мужааны байрыг Удирдлагын академийн үндсэн хөрөнгийн блансанд бүртгэлтэй байсныг Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд шилжүүлсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин Засгийн газрын тогтоол гарч дээрх тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж Богдын зуны ордон, Богдын торгон цэргийн байр, Дондогдуламын сэрүүн лавринг Удирдлагын академийн блансаас БХОМд блансаас блансанд шилжүүлсэн.

Иймд одоогийн БХОМн өмчид бүртгэлтэй Богд хааны номын өргөөг сэргээн засварлахад өөрийн хөрөнгөөр зарцуулсан 26.800.000 төгрөгийг БХОМ, иргэн Ц.П-, И  ТББ-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БХОМ УТҮГ-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Богд хааны торгон цэргийн байр 2010 онд буюу иргэн Б.М-ийн засвар хийх үед Удирдлагын академийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн өмчийн барилга байсан. Тухайн үед мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага нь өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах үүрэгтэй. 2010 онд Удирдлагын академиас өөрийн балансанд бүртгэлтэй барилгад өөр хуулийн этгээд засвар үйлчилгээ хийх үед дээрх хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Удирдлагын академи буюу үндсэн эзэмшигч эс бөгөөс Төрийн өмчийн хорооноос үүрэг даалгавар авалгүй, эрх үүргийн харилцаа үүсгэлгүй Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан Ц.П- албан тушаалаа ашиглан шийдвэр гаргаснаар иргэн Б.М-ийг хохироосон байна. Засварын ажлыг сэргээн засварлах зураг төсөвгүй хийсэн нь тухайн үед мөрдөж байсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төсөл, төсвийн дагуу гэрээгээр гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн. Богд хааны торгон цэргийн байр нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 157 дугаар тогтоолоор БХОМд балансаас балансад шилжсэн. Нэхэмжлэлд дурдсан үйл явдал энэ шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө боловч иргэн Б.М-тэй энэ барилгын асуудлаар ямар нэгэн эрх, үүрэг байхгүй, гэрээ хэлцэл байгуулж үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн үеийн эзэмшигч Удирдлагын академи, хэлцэл хийсэн иргэн Ц.П- нар хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч МАУУХ И  ТББ болон иргэн Ц.П- нарын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие 2005-2013 оны хооронд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргаар ажилласан бөгөөд 2002 онд ардын урлагаа, уламжлалт өв соёлоо хадгалж хамгаалах И  ТББ-г зорилго нэгт нөхдүүдтэйгээ байгуулсан. 2007 оноос тус ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Төрийндээд, Д.Баасанжав нарын идэвхи зүтгэл санаачилгаар Удирдлагын академийн баланст бүртгэлтэй төрийн өмч болох Богд хааны сэрүүн ордон, Номын өргөөг устаж үгүй болох аюулаас хамгаалж авч үлдэх үүднээс тухайн үед тэнд амьдарч байсан айлуудад газар, гэр, хашаа барьж өгөх зэргээр нийгмийн асуудлыг шийдвэрлэж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор албан ёсны хамгаалагч байгууллага болж өнөөдрийг хүртэл хамгаалж ирсэн. Төрөөс соёлын өвийг хамгаалах хөрөнгө, мөнгө хомс, манай газар 5 мэргэжилтэнтэй нийслэлийн соёлын салбарыг бүрэн хариуцдаг тул хүн хүч дутмаг байсан үед төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн хүрээнд ТББ-ын хүчийг ашиглан Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 148, 357, 464 тоот захирамж гаргуулан кадастр хийлгэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулж хамгаалалтын бүс тогтоолгон хашаа барьж манаачтай болгож устаж үрэгдэх аюулаас хуулийн дагуу хамгаалж чадсан. Энэ үед манай газрын харьяа байгууллага Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирлаар томилогдсон Б.М- дээрх обьектыг сонирхон Ардын урлагийн сургалт судалгааны төв болгон сэргээн засах, төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмтэй, хүүхэд залуучуудад соёл ёс заншлаа дээдлэн суралцдаг газар болгох гэж байгааг мэдээд 2009-2010 онд тэрээр, би хөрөнгө оруулж засаад үйл ажиллагаанаасаа оруулсан хөрөнгөө эхний ээлжинд гаргаж авья гэсэн саналыг удаа дараа тавьж байсан. Ингээд иргэн Б.М-ийн тавьсан саналыг дэмжиж, зураг төсөв хийлгэж холбогдох байгууллагаар батлуулах, санхүүгийн хяналтан дор хөрөнгө оруулж засварлаж болох юм хэмээн санал солилцож байх хооронд шууд дур мэдэж засвар эхэлсэн. Энэ үед миний бие соёлын өв хариуцсан мэргэжилтэн М.Отгончимэгийг явуулж газар дээр нь шалгуулж зураг авахуулан баримтжуулж ажлыг нь зогсоох оролдлого хийсэн боловч тойроод айлын хаусууд шахаж барьсан, тоос шороо бужигнасан, барилгын материалууд буулгасан нөхцөл хүнд байсан. Ингээд 2011-2013 онуудад Б.М- дулаан бохирын асуудлыг шийдүүлэхээр судалж байна, хөөцөлдөж байна, айлуудтай тохиролцож байна гэсээр цаг хугацаа өнгөрөөсөн ба 2013 оны 10-11 дүгээр сард миний бие БНХАУ-д эмчлүүлж ажиллаж байгаад ирэхэд зогсоо зайгүй мессеж бичиж, одоо дулаан бохирын асуудлыг шийдэх гэж байна, оршин суугчид шугам хоолойг янзлахад 1 тэрбум төгрөг нэхэж байна, яаралтай уулзмаар байна гэснээр миний бие очиж Номын өргөөний хажуу байрныхан болон Нийслэлийн дулааны газрын хүмүүстэй хамтран уулзсан. Б.М- засвар хийсэн боловч хэдэн төгрөг оруулсныг мэдэхгүй, хууль ёсны хамгаалагч байгууллага нь И  ТББ байгаа гээд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг хууль ёсны бичиг баримтыг хавсарган төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлж болохгүй тухай мэдэгдсэн. Дээрх Номын өргөө 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар тогтоолоор Удирдлагын академийн балансаас Боловсрол соёл шинжлэх ухааны яамны балансад шилжсэн. Б.М- дээрх асуудлыг хариуцан хамгаалагч байгууллагатай хамтран зохих байгууллагад албан ёсоор тавьсан бол аль хэдийн шийдэгдэх байсан. Бид Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд болсон ажлын хэсгийн хурал дээр Б.М- нь тухайн үедээ зөвшөөрөл аваагүй ч соёлын өвийг сэргээж зассан тул оруулсан хөрөнгийг нь олгож өгөх тухай санал хэлж байсан. 2016 онд шат шатны прокурорын тогтоол гарч намайг болон И  ТББ-ыг холбогдолгүй болохыг тогтоосон байтал дахин миний нэр төр, алдар гавьяа, цаг зав, эрүүл мэнд, ажил төрлийг алдагдуулж санаатайгаар гүтгэн гутаан доромжилж буйд гомдолтой байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00107 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХОМ УТҮГ, Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэх И  сан ТББ нараас 26.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мижүүрт олгож, Ц.П-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 291.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХОМ УТҮГ, Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэх И  сан ТББ нараас улсын тэмдэгтийн хураамжид 291.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 711 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И  ТББ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй болсон. Ц.П- нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагдаж шалгагдсан бөгөөд түүнийг гомдол гаргаж шалгуулсан хүн нь иргэн Б.М- би өөрөө юм. Ц.П- нь дээрх эрүүгийн хэрэгт гэрчээр оролцож гэрчийн мэдүүлэг өгөөгүй ба гомдол гаргаж өөрийгөө болон намайг шалгуулаагүй болно. Нэхэмжпэгчийн зүгээс хэрэгт 50 гаруй хуудас баримт бичиг, материалыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад нотлох баримт бүрэн бүрдээгүй гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээгүй. Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Богд хааны зуны ордны зарим барилгыг Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд хамруулсан байдаг бөгөөд уг үл хөдлөх хөрөнгөөс Номын өргөөг газрын хамт Нийслэлийн Засаг даргын захирамжаар МАУУХ И  ТББ-д гэрээний үндсэн дээр эзэмшүүлж, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 01 дугаартай гэрээг байгуулж байсан ба уг гэрээнүүд хавтаст хэргийн 30-35 дугаар хуудсанд авагдсан. Тухайн үед уг Номын өргөө нь Удирдлагын академийн эзэмшилд бүртгэлтэй мужааны цехийн зориулалтаар ашиглагдаж байсныг И  ТББ нь дээрх гэрээний үндсэн дээр эзэмшиж, урсгал засвар үйлчилгээг өөрсдөө хариуцан хийх үүргийг хүлээсэн гурвалсан гэрээ байгуулж тохирсон байсан. Энэхүү үүргээ биелүүлэх зорилгоор тус ТББ-ын тэргүүн Ц.П- нь эхэлж Б.М-т дээрх засварын ажлыг гүйцэтгүүлэх саналыг тавьсан байдаг. Уг санал нь өөрийнхөө хөрөнгөөр эхлээд засчих, дараа нь нийслэлээс таны оруулсан хөрөнгийг гаргаж өгнө гэдэг аман тохиролцоо байдаг. И  ТББ нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа ч уг 6 номын өргөөнд засвар хийсэнтэй болон зардлын үнийн дүнгийн талаар зохигчид маргаагүй байдаг. Хариуцагч И  ТББ-ын тэргүүн Ц.П- нь анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй тайлбар татгалзлаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй. Номын өргөөний засварын ажлыг эхлүүлсэн нээлтийг тэмдэглэж зохион байгуулсан арга хэмжээн дээр И  ТББ-ын тэргүүн Ц.П- өөрөө хүрэлцэн ирж оролцсон надад баярласан талархсанаа илэрхийлж байсан бөгөөд тухайн үеийн фото зураг хэрэгт авагдсан. Дээр дурьдсан үндэслэлүүдээс үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын гол үндэслэл нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдсэрлэсэн гэсэн үндэслэл заасан. Гэтэл нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх бөгөөд И  ТББ нь уг үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс И  ТББ болон Б.М- нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарсан шийдвэр болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.М- нь Богд хааны номын өрөөний байшинг засварласан зардалд 26.800.000 төгрөгийг БХОМ УТҮГ, МАУУХ И  ТББ, Ц.П- нараас гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар БХОМ УТҮГ, МАУУХ И  ТББ-с дээрхи мөнгийг гаргуулж, Ц.П-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ба магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэхийг тогтоох нотлох баримт бүрдээгүй буюу хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй  гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх, үүссэн бол хэн нь ямар эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээхийг тогтоосны дараа нэг талаас нэхэмжлэгч үүргээ  биелүүлж, шаардлага гаргах эрх үүссэн, нөгөө талаас хөлс төлөх үүрэгтэй эсэхийг  дүгнэх учиртай.

Маргааны зүйл болсон Богд хааны номын өрөөний байшинг Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал болохыг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор баталгаажуулсан, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот гэрээгээр өмчлөгчийг төлөөлж Нийслэлийн өмчийн газар, хамгаалагчийг төлөөлж Нийслэлийн соёл урлагийн газар, эзэмшигчийг төлөөлж МАУУХ И  сан ТББ-тай гурвалсан гэрээ байгуулсан, дараа нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор тухайн байшинг Удирдлагын академийн балансаас БХОМ УТҮГ-т шилжүүлсэн баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх барилга төрийн эсхүл орон нутгийн өмчийн алинд нь хамаардаг, аль байгууллагын зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр уг хөрөнгөд засвар хийх эрх зүйн үндэслэл бий болсон, нэхэмжлэгч хэнтэй хэрхэн тохиролцсон буюу хариуцагч нарын эрх зүйн байдлын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх байдлаар маргааны эрх зүйн үндэслэлд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 711 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 291.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ