Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 01

 

    Эвлэрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 4-21 тоотод оршин суух, иргэн Ж.Б-ийн “Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Завхан сум хариуцсан газрын даамлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдох, захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь.

      Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : “Ж.Б миний бие 2015 онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын тушаал Завхан сум хариуцсан газрын даамлаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга надад урьдчилан мэдэгдэхгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсгийг зөрчиж захиргааны шийдвэр гаргасан. Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй.

        Завхан Завхан сумын газрын даамлын ажил шалгах ажпын хэсгийн танилцуулгыг үндэслэн ажпаас халсанд гомдолтой байна. миний хувьд ажпын цагаар иргэдээс гаргасан өргөдөлийн дагуу газрын хэмжилт хийдэг. Зарим тохиолдолд бусад ажлаа хийж амждаггүй ба ажпын бус цагаар сууж ажпаа хийх гэхэд Тамгын газрын дарга Т.Тамир ажлын цагаар ажлаа хийж байхгүй яасан юм гэж хэлээд Тамгын газрын байрыг цоожлоод намайг оруулдаггүй байсан. Мөн намайг шалтгаангүйгээр ажил тасалдаг гэх мэтээр сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг ГХБХБГ-т албан тоот ирүүлсэн ба би энэ үед өвчтэй байсан ба энэ тухайгаа тамгын гзрын даргад мэдэгдсэн. Энэ мэтээр сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг намайг ажлаас халуулах гэж ГХБХБГ-ын даргад байнгын албан тоот явуулдаг байсан. Манай албанаас 8 дугаар сард Фотомониторонгийн судалгаа гаргах албан даалгавар ирсэн. Тэр үед Тамгын газрын даргад судалгаа гаргахад унаа хэрэгтэй байна гэж танилцуулахад та нарын ажил надад хамаагүй гэх мэтээр гадуурхаж байсан. Ийм байдлаар намайг ажил хийх боломжоор хангаж, хамтран ажиллах дургүй байсан.

      Иймээс уг тушаалыг хучингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандсан боловч ажлаас халах тухай тушаалыг үндэслэлтэй гэж хариу ирүүлсэн тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Иймд Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дœгээр сарын 19-ний өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож Завхан сум хариуцсан газрын даамлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Б нь хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж байсан бөгөөд түүнд өмнө нь сануулах арга хэмжээ авч Завхан сумын Засаг даргын тамгын газарт Ж.Б-ийн ажилд хяналт тавьж өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах хүсэлтийг тавьж хамтран ажиллаж байсан боловч Ж.Б-ийн ажлын үр дүн сайжраагүй.

       2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан сумын газрын даамал Ж.Б-ийн ажпыг шалгах ажлын хэсгийн хурал болсон. Хурал дээр Ж.Б-ийн ажлын үр дүн хангалтгүй байсан тул ажпын хэсэг шүүмжилж ажпаас чөлөөлөх санал гаргаж ажлаа хүлээлгэн өгөхөд бэлтгэл байдлыг хангах хэрэгтэй байна гэхэд Ж.Б нь "Миний хувьд өөрөө ажлаа өгье гэж бодож явсан. Бүх шалгалтаа алдаа дутагдалтай муу өгсөн би мэдэж байгаа. Завхан суманд амьдрахад орон байр, орчин нөхцөл үнэхээр хүнд байгаа болохоор би өөрөө ажиллаж чадахгүй гэж хэлсэн".

       Ингээд удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Ж.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэл болсон учраас ажлаас нь халах тушаал гаргасан юм.

     Шүүх дээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх дээр нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нөгөө талаас хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

      1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох маргаан бүхий захиргааны акт буюу 2017 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/22 дугаар тушаалыг хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга хүчингүй болгох замаар өөрчилж, нэхэмжлэгч Ж.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан үндэслэлээр эрхэлж байсан албан тушаал болох Завхан сум хариуцсан газрын даамлын ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахаар,

    Нэхэмжлэгч Ж.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т үндсэн шаардлага болох тушаалыг хариуцагчаар өөрчлүүлэн гаргуулсантай холбоотойгоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох урьд эрхэлж байсан Завхан сум хариуцсан газрын даамлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах маргаанаа дуусгавар болгохоор тохиролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

     Шүүх дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагуудын талаар “хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох замаар өөрчлөлт оруулах, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагаа татаж авах” гэх агуулгатай эвлэрлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, уг эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

        Нэг. Хуульд харшлаагүй байх.

      Нэхэмжлэгч Ж.Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8 дахь хэсэгт заасан эрхийг Б.Т-д итгэмжлэлээр олгосон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”,  хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: “... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй” гэсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т: “нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж гарын үсгээ зурсан байна” гэх хуулийн шаардлагад нийцүүлж, бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулийн хүрээнд байна гэж шүүх үзлээ.

          Хоёр. Бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр хэн нэгнийг татаагүй бөгөөд шүүхэд хандан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд байхгүй байна. Иймд хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

      Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулжээ. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй тул мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

   Шүүхэд хэргийн оролцогчдод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ.

      1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарын шүүх дээр байгуулсан эвлэрлийг баталж, иргэн Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдох 124/2017/0046/з дугаар индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ОЮУНГЭРЭЛ