Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0336

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  “Хм.М” ХХК-ийн

                                   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э-Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Хм.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.3.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хм.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгосон “Х.М” гэсэн нэрийн баталгаажуулалт, түүний дагуу “Т.Т.Т” ХХК-ийн нэрийг сольж, “Х.М” болгож өөрчилсөн бүртгэлийн тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Хм.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд “Х.М” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан тухайд.

“Э.Ү” ТӨҮГ-аас “Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендер зарласан бөгөөд “Хм.М” ХХК нь тус тендерт оролцох эрхээ хасуулсан бөгөөд тухайн тендерт “Х.Т.Т” ХХК, “Х.М” ХХК-иуд оролцож “Х.М” ХХК хамгийн сайн үнэлгээг авч шалгарсан.

“Х.Т.Т” ХХК нь “Хм.М” ХХК-тай удаан хугацааны туршид хамтран ажиллаж байгаа бөгөөд “Э.Ү” ТӨҮГ-аас зарласан “Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийг хүчингүй болгуулахаар “Х.Т.Т” ХХК-иар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргуулж байсан.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Х.Т.Т” ХХК-ийн нэхэмжлэлээр “Э.Ү” ТӨҮГ-т холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, тус захиргааны хэрэгт манай “Х.М” ХХК гуравдагч этгээдээр татагдан оролцсон.

“Х.Т.Т” ХХК-ийн нэхэмжлэлээр “Э.Ү” ТӨҮГ-т холбогдуулан үүссэн захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр “Хм.М” ХХК-ийн үндсэн ажилтан, хуульч албан тушаалтай М-ын Б-Ө/РД:ГР90042213/ оролцож, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус хэргийн баримтуудтай танилцаж, мөн өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон.

Гэвч “Хм.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөн М.Б-Ө-г томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар болсон.

Өөрөөр хэлбэл удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа “Х.Т.Т” ХХК, “Хм.М” ХХК-иудыг М.Б-Ө төлөөлж байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Х.М” ХХК-ийн нэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч М.Б-Ө нь мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх хугацаанаас тооцож үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлж “Хм.М” ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Энэ талаар нэхэмжлэгч “Хм.М” ХХК нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргахдаа “...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар захирамжаас анх Монгол Улсад “Х.М” ХХК гэх хуулийн этгээд бүртгэлтэй болохыг мэдсэн...” гэж бодит бус тайлбар гаргаж байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд.

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна”, 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж тус тус заасан бөгөөд Хуулийн этгээдийн өөр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэх үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн эттээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10-т тодорхой зохицуулсан.

“Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10-т “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй”, 3.10.1-д “Хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Төмөр” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Төмөр групп”, “Төмөр консерциум”, “Төмөр холдинг”, “Төмөр корпораци” гэсэн нэрийг”, 3.10.2-т “Төрийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно Монгол, МН, Эм Жи Эл, МЖЛ, Мон, МНЖ зэргээр “Монгол” гэсэн утга санаагаар ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Төмөр” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Төмөр МН”, “Төмөр Монгол”, “Мон төмөр”  гэсэн нэрийг” гэж компанийн нэр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй байх  тохиолдлуудыг заасан.

Үүнээс үзвэл Монгол Улсын хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтын санд “Х” гэдэг нэр дангаараа бүртгэгдээгүй, бүртгэгдэх боломжгүй.

Учир нь “Х/Hyundai нэрийг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х.М” ХХК албан ёсоор оюуны өмчийн онцгой эрхтэй эзэмшдэг тул өнөөдрийг хүртэл “Х” гэдэг нэр дангаараа Монгол Улсын хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтын санд бүртгэгдээгүй байгаа.

Иймд “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10.1, 3.10.2-т тус тус заасны дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд “Х” гэх үг орсон хуулийн этгээдийн оноосон нэр авч болохоор байх бөгөөд гагцхүү Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х.М” ХХК-иас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Х” нэрийг үйл ажиллагаандаа ашиглаж болохоор байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас гуравдагч этгээдэд “Х.М” гэх оноосон нэрийг өгсөн нь хууль зөрчөөгүй.

Үүний дагуу манай “Х.М” ХХК нь Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х.М” ХХК-ийн албан ёсны эрхтэйгээр, итгэмжлэлийн дагуу одоогоор 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Хыюндай/Hyundai нэр, логог үйл ажиллагаандаа ашиглах эрхтэй байгаа болох нь Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х.М” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр тодорхой нотлогдоно.

Харин анхан шатны шүүх “...сертификат гэх баримт нь зөвхөн “Х” нэрийн ачааны автомашин борлуулах албан ёсны төлөөлөгч болохыг нотолж улмаар уг үйл ажиллагаанд холбогдуулан олгосон баримт бичиг байх бөгөөд түүнийг 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосноос...” гэж нэхэмжлэгч “Хм.М” ХХК-д хамаарах Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х.М” ХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтыг гуравдагч этгээд “Х.М” ХХК-д хамаарах нотлох баримт мэтээр буруу дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Хм.М” ХХК, гуравдагч этгээд “Х.М” ХХК-иуд нь Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х.М” ХХК-ийн хүнд даацын ачааны автомашиныг худалдан борлуулах онцгой эрхтэй компаниуд бөгөөд манай “Х.М” ХХК нь зах зээлд шинээр гарч ирж буй компани юм.

Тодруулбал Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х.М” ХХК-ийн хүнд даацын автомашиныг худалдан борлуулах онцгой эрхийг Монгол Улсын зах зээлд “Хм.М” ХХК 10 гаруй жилийн хугацаанд нь дангаар эзэмшиж байсан бөгөөд одоо зах зээлд шинээр гарч ирж буй “Х.М” ХХК-ийг хууль, шүүхийн байгууллагад шалгуулах, нэхэмжлэл гаргах зэргээр байнгын шахалт дарамт үзүүлж, зах зээлээс шахан гаргах арга хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй байна.

Өнөөдрийн байдлаар “Х” гэх үг орсон нэр бүхий хуулийн этгээд Монгол Улсад нэлээдгүй байхад зөвхөн “Х.М” ХХК-ийн нэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч “Хм.М” ХХК “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгосон “Х.М” гэсэн нэрийн баталгаажуулалт, түүний дагуу “Т.Т.Т” ХХК-ийн нэрийг сольж, “Х.М” болгож өөрчилсөн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 

Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь “Хм.М” ХХК, англиар “H.m.gLLC” оноосон нэртэйгээр анх 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гадаад худалдаа, туслах эрхлэх үйл ажиллагаа нь автомашины сэлбэг худалдаа, автомашины засвар үйлчилгээ, автомашины засвар үйлчилгээний түр сургалт чиглэлээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг бүртгэл хүчин төгөлдөр бөгөөд тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин гуравдагч этгээд “Х.М” ХХК нь анх “Т.Т.Т” ХХК нэртэйгээр 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс барилгын засвар чимэглэл, цэцэрлэгжүүлэлт, гадаад худалдааны үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй үйл ажиллагаа явуулж байгаад 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр оноосон нэрээ өөрчилж, компанийн гэрчилгээг дахин шинээр авахаар хүсэлтээ холбогдох баримтын хамт Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандсаны дагуу хариуцагчаас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Т.Т.Т” ХХК нэрийг өөрчлөн “Х.М” ХХК болгон бүртгэж, баталгаажуулсан, дээрх үйл баримтуудтай талууд маргаагүй байна.

1. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэх гомдлын тухайд.

Гуравдагч этгээдээс “...“Х.Т.Т” ХХК, “Хм.М” ХХК-иудыг М.Б-Ө төлөөлж байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Х.М” ХХК-ийн нэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч М.Б-Ө нь мэдсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж гомдлын үндэслэлээ тайлбарладаг.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Н-488 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсаны хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11/9401 дүгээр албан бичгээр “... компанийн нэртэй холбоотой асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх” тухай мэдэгдэж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Дээрхээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, 14.1.1-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх тухайд.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх, хуулийн этгээдийн нэрийн сан хөтлөх, тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, хүчингүй болгох, лавлагаа олгох зэрэг үндсэн чиг үүрэгтэй бөгөөд 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна бусад хуулиар хориглоогүй, мөн кирилл үсгээр илэрхийлэгдсэн байх шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахаар байна.

Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.1-д зааснаар улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаар тогтоосон шаардлага, хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулахаар, 3.10-д зааснаар хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан, төрийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно Монгол, МН, Эм Жи Эл, МЖЛ, Мон, МНЖ зэргээр “Монгол” гэсэн утга санаагаар ялгаж бичсэн, баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй зэрэг тохиолдлуудад баталгаажуулахгүй байхаар тусгайлан зохицуулсан. 

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заасан бөгөөд гуравдагч этгээдээс “Т.Т.Т” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2009 онд бүртгэгдсэн “Хм.М” ХХК-ийн бүртгэлээс сүүлд буюу 2020 онд “Х.М” ХХК хэмээн нэрээ өөрчилсөн, ийнхүү бүртгэлийг өөрчлөн баталгаажуулсан хариуцагчийн үйл ажиллагаа дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгджээ гэж үзэхээр байна. 

Анхан шатны шүүх анхдагч баталгаажуулалт хийгдсэн нэхэмжлэгчид эрх зүйн хувьд түрүүлж хамгаалалт үүссэн, “Х.М” гэх нэрийн баталгаажуулалт нь нэхэмжлэгч компанийн “Хм.М” гэх оноосон нэртэй дуудлагын хувьд давхардсан буюу “Х” болон “Монгол” гэх үгнүүд нь утга агуулга, дуудлагын хувьд давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

 Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Шинээр, эсхүл өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах, эсхүл хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргана”, 13.2-т “Энэ хуулийн 13.1-д заасан этгээд нэр авах хүсэлтийг биечлэн, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.1.1-д “Нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар” гэж заасныг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан нь маргаанд төдийлөн хамааралгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтад холбогдох үйл баримттай талууд маргаагүй тул эдгээр заалтуудыг хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах гомдолд “... анхан шатны шүүх “...сертификат гэх баримт нь зөвхөн “Х” нэрийн ачааны автомашин борлуулах албан ёсны төлөөлөгч болохыг нотолж улмаар уг үйл ажиллагаанд холбогдуулан олгосон баримт бичиг байх бөгөөд түүнийг 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосноос...” гэж нэхэмжлэгч “Хм.М” ХХК-д хамаарах Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х.М” ХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтыг гуравдагч этгээд “Х.М” ХХК-д хамаарах нотлох баримт мэтээр буруу дүгнэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн...” гэх тухайд. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х.М” ХХК-иас нэхэмжлэгч “Хм.М” ХХК-д хаягласан  2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн огноотой Гэрчилгээ[1] гэх баримт бичгийг гуравдагч этгээд “Х.М” ХХК-д хамаарах нотлох баримт мэтээр бичсэн нь буруу боловч энэ алдаа нь “....шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох” давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгээс “13.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад хуулийн зүйл заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 225-р хуудас