Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1395

 

Хэргийн индекс 135/2015/00978/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, *** тоотод оршин суух, А*** Б*** / регистрийн дугаар ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, *** тоотод оршин суух, Э*** Б*** /регистрийн дугаар ***/,
*** ХХК-ний хувьцааг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** , хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Зохигчид анх компанид хүн тус бүр тэнцүү хэмжээний хөрөнгө оруулах, ийнхүү хөрөнгө оруулсныхаа төлөө комапний хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмших тухай тохиолцсон талаар маргадаггүй байдлаас үзэхэд маргаан бүхий бэлэглэлийн гэрээ нь талуудын компанид 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллах тохиролцоог халхавчилсан хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Өөрөөр хэлбэл халхавчлуулж буй хэлцэл нь хөрөнгө нийлүүлж хамтран ажиллах гэрээ, халхавчилж буй хэлцэл нь бэлэглэлийн гэрээ байгаа нь дүр үзүүлэн хийсэн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн шинжийг агуулдаг ба энэ талаар талууд маргадаггүй юм.
...Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг 
Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр хууийн этгээдийн хувьцааг шилжүүлэн авч байгаа нь “хуулийн этгээд байгуулахгүй байх” хамтран ажиллах гэрээний хуулиар зохицуулсан шаардлагыг зөрчиж байгуулсан болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл халхавчилж буй хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчи төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна. 
Иймд талуудын хооронд байгуулгдсан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан бэлэглэлийн гэрээ, халхавчлуулж буй хэлцэл болох хамтран ажиллах гэрээний аль аль нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. 
2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А.Б*** , Д.Б*** нартай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч нараас компаний хувьцааг буцааж гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэжээ.


Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний нөхөр А.Б*** , Д.Б*** нар нь нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр болж компани байгуулах гэхэд З.Б*** нь надад *** ХХК байгаа уг компанид хөрөнгө оруулалт хийгээд хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмшиж үйл ажиллагаа явуулъя гэхээр нь зөвшөөрч, 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч З.Б*** нь компаний үйл ажиллагааг танилцүүлахгүй, компанийг болон биднийг их хэмжээний өрөнд оруулсан. Хамтарч компани байгуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй....” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Б*** нь “...2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А.Б*** той байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн *** ХХК-ний хувьцааг буцаан гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар 
Зохигчид болох Д.Б*** , А.Б*** нар нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “*** ” ХХК-ний хувьцаа бэлэглэх гэрээ байгуулж, бэлэглэлийн гэрээгээр “...Компаний гишүүн З.Б*** би компаний дүрмийн сангийн өөрийн эзэмшлийн хувийг 33,3 хувь буюу 333,000 төгрөгийн хувьцааг компаний гишүүн А.Б*** т бэлэглэж байна. 
Бэлэглэж байгаа хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж байгаа болно.
Компаний гишүүн А.Б*** нь дээрх хувьцааг бэлгэнд авснаар дүрмийн сангийн 1/3 хувийг эзэмших эрхтэй...” гэж тохиролцсон байна. /хх-4/
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлнэ” гэж заасан. 
Зохигч талууд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор, *** ХХК-ны үйл ажиллагаанд тус бүр 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн тулд дээрх бэлэглэлийн гэрээг байгуулж, А.Б*** ыг хувьцаа эзэмшигч болгосон болох нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1185 дугаартай шийдвэр болон зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул талуудын хооронд бодитоор Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. 
Өөрөөр хэлбэл талууд хамтран ажиллах, компанид хөрөнгө оруулалт хийх зорилгоор бэлэглэлийн гэрээг хийсэн нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул энэхүү бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. 
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т  “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардаж болно”, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Б*** нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн *** ХХК-ний хувьцааг хариуцагч А.Б*** аас авахаар шаардлага гаргах эрхтэй болно.
 Иймд Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл болох 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн *** ХХК-ний 33,3 хувийн буюу 333,000 төгрөгийн хувьцааг А.Б*** аас гаргуулан З.Б*** д олгох нь зүйтэй байна. 


Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д заасныг баримтлан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул уг гэрээний дагуу шилжүүлсэн *** ХХК-ний 33,3 хувийн буюу 333,000 төгрөгийн хувьцааг А.Б*** аас гаргуулан З.Б*** д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс  20534 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 10,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА