| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0007/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б,
Шүүгдэгч Д.А, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С аймгийн У суманд төрсөн, ... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 5-17 насны 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, В овогт Г.А,
Монгол Улсын иргэн, Б аймгийн С суманд төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, соёлын ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Б аймгийн Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан гэх, Б овогт Д.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь Д.А-тэй бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ховор, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйл болох Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтаны жагсаалтанд багтсан Халиун бугын чив 2 ширхэг, засаа 4 ширхэг зэргийг биедээ нууж, гадаад улсад гаргасан,
Шүүгдэгч Д.А нь Г.А-тай бүлэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ховор, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйл болох Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтаны жагсаалтанд багтсан Халиун бугын чив 2 ширхэг, засаа 4 ширхэг зэргийг гадаад улсад гаргасан, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын гудамжны ... тоотын гадна талд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу 3 хоног хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 11 сарын 15-ны өдөр 13 цагийн үед танил Д.А манайд гэрт ирээд “энэ ууттай юмыг улсын хилээр гаргаад өгчих” гэхлээр нь би юу юм бэ гэсэн чинь наадхи чинь зүгээр үхрийн бөөр байгаа юм гэж хэлээд 200 юань өгнө гэхлээр нь би зөвшөөрөөд доторхи эд зүйлийг нь хараагүй гадуур нь битүү скочоор ороосон зүйл байхаар нь гэдсэндээ хийгээд скочоор ороогоод тухайн өдрийн маргааш нь буюу 2018 оны 11 сарын 16-ны өдөр Монгол улсын хил дээр 12 цаг өнгөрч байх үед боомтын үүдээр ороод иртэл Гаалийн байцаагч Н гэх эмэгтэй намайг шалгаад миний гэдсэнд боосон байсан ууттай эд зүйлийг мэдчихээд гаргаад тавь задал гэхлээр нь задалсан чинь муухай үнэртэй муудсан махнй үнэр үнэртэж байсан... Тэгээд би Д.А рүү яриад хил дээр баригдчихлаа, гадаад паспортаа хураалгачихлаа гэж хэлсэн. А надад хэлэхдээ би чиний гадаад паспортыг аваад өгнө таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Наад хураалгасан эд зүйлийг чинь 50,000 төгрөгөөр торгуулаад авчихдаг юмаа гэж хэлсэн... Би хүүхэддээ гутал авах гээд урагшаа гарах гэж байсан 200 юань бас нэмэх юм бол болох байх гэж бодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,
- Шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байх Өвөрмонгол хүн болох А гэж дууддаг эмэгтэй энэ юмыг БНХАУ-ын Эрээн хотруу гаргаад өгчих хүн байна уу? гэхлээр нь мэдэхгүй байна хүнээс асууя гэсэн чинь чи ямар ч байсан аваад үлдчих чамтай холбогдоё гэж хэлээд боодолтой битүү скочоор ороосон дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй зүйлийг надад өгсөн. Би тухайн эд зүйлийг юу байгааг асуугаагүй, ингээд би тухайн эд зүйлийг аваад Төмөр замын гудамж ... тоотод байсан гэрийнхээ гадаа байсан шавар зуурдаг банн дээр тавиад дээгүүр нь төмпөн хөмрөөд тавьчихсан юм. Тэгээд 3 хоногийн дараа А-д хэлэхдээ 200 юань өгнө гэсэн энэ эд зүйлийг хилээр гаргаад өгчих гэсэн чинь Г.А аваад мах зөөдөг хүмүүс гэдсэндээ боогоод гарчихдаг юм байна лээ би яадаг юм бэ боогоод гарах гээд үзье гэж хэлэхээр нь болох юм уу? наадах чинь хүний эд зүйл болохгүй юм гэж хэлж л байсан шүү дээ гэсэн чинь гайгүй биздээ гэж байсан. А надруу утсаар яриад би хил дээр баригдчихлаа гэхлээр нь балай юм аа, хүний юм хураалгачихлаа гэж хэлсэн... Хүнд тус болох гээд ийм юм болчихлоо хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113/,
- Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... уг хэрэгт 2 эр бодь гал буюу 2 тооны халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээгээр нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,
- Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн дүгнэлтэнд: “... Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг засаа, чив нь Бугын овгийн бугын төрөлд хамаарах халиун бугын эр бодгалийн засаа чив мөн болно. 2 ширхэг халиун бугын засаа чив нь өмхийрч муудсан чанарын шаардлага хангахааргүй болсон байна. 2 ширхэг халиун бугын засаа, чив нь 2 бодгаль эр амьтных болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20/,
- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 32-34/,
- Г.А, Д.А нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52, 121-122/,
- Г.А, Д.А нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, оршин газрын тодорхойлолт /хх-ийн 53-55, 118-120/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримт зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А, Д.А нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Д.А нь БНХАУ-ын иргэн А-н гуйлтаар хар боодолтой 2 хэсэг зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр авч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын гудамжны ... тоотын гадна талд байлгаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.А-д өгч улсын хилээр гаргавал 200 юань өгөхөөр тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.А нь биедээ нууж улсын хилээр гарах гэж байгаад гаалын хяналтын үзлэгээр илэрсэн. Гаалийн хяналтын байцаагч Г.А-н биедээ нуусан хар боодолтой зүйлийг задлуулж үзэхэд Халиун бугын 4 ширхэг засаа, 2 ширхэг чив байсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Г.А-н биедээ нуусан засаа, чив нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан Халиун бугын түүхий эд болох нь Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Г.А, Д.А нарыг бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ховор амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйл болох Монгол Улсын Засгын газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан Халиун бугын чив 2 ширхэг, засаа 4 ширхэг зэргийг нууж, гадаад улсад гаргасан мөн Д.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын гудамжны ... тоотын гадна талд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу 3 хоног хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Г.А, Д.А нар нь бүлэглэн ховор амьтны түүхий эд зүйлийг гадаад улсад гаргасан, Д.А нь ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.А, Д.А нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулж байх тул түүнийг ховор амьтны түүхий эд зүйл болох Халиун бугын засаа, чивийг гадаад улсад гаргасан, Д.А-г хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А, Д.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тэдний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.А, Д.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн халиун бугын чив 2 ширхэг, засаа 4 ширхэг нь шинжээчийн дүгнэлтээр өмхийрч муудсан чанарын шаардлага хангахааргүй болсон гэх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.А нь экологи эдийн засгийн үнэлгээг нэмэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх боловч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж, 37.1-д “амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, 37.2-д “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж тус тус заажээ. Иймд шүүх хуулиас гадуур нөхөн төлбөрийн хэмжээг буруулах боломжгүй юм. Д.А-н хадгалсан, Д.А-тэй улсын хилээр нэвтрүүлсэн халиун бугын чив 2 ширхэг, засаа 4 ширхэг нь Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 2 бодгаль эр амьтных гэсэн байх бөгөөд Засгийн Газрын 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын нэг дүгээр хавсралтад халиун бугын эр бодгалийн экологи эдийн засгийн үнэлгээ 6,600,000 төгрөг гэж үнэлсэн байна. Иймд Г.А, Д.А нараас халиун бугын 2 эр бодгалийн үнэ нийт 13,200,000 төгрөгийг хоёр дахин өсгөж тогтоосонтой тэнцэх хэмжээ буюу 26,400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.А, В овогт Г.А нарыг бүлэглэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эд зүйлийг гадаад улсад гаргасан, Д.А-н ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүгдэгч Д.А, Г.А нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн халиун бугын чив 2 ширхэг, засаа 4 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Амьтны тухай хуулийн 37.1, 37.2-т зааснаар шүүгдэгч Д.А-с 13,200,000 төгрөгийг, шүүгдэгч Г.А-с 13,200,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н