Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн Ч суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.Б,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоот өөрийн гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан 6 ширхэг бугын сүүл, 6 ширхэг бугын ясан эвэр зэрэг эд зүйлийг гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2017 оны 10 дугаар сарын 07-ний өглөө намайг гэртээ байж байсан чинь танил А эгч надруу залгаад 5 бондгор мах байгаа тэрийг Эрээн хотруу аваад ороод ир хөлсөнд нь 200 юань өгнө” гэхлээр нь “Тэгээ тэг” гэсэн чинь намайг очоод вокзал дээрээс очоод авчих гэхлээр нь би “очиж чадахгүй, та хүргээд ирвэл авая” гэсэн чинь “за тэгвэл дүүгээ явуулъя’ гэсэн, тэгээд удалгүй манай хаалгыг нүдээд А-н дүү нь гээд нэг залуу орж ирээд “энийг А эгч өгүүлсэн юм аа” гэхлээр нь “аан за за” гэж хэлээд гэрийнхээ үүдний буланд тавиулсан, тэгээд А бид 2 цай ууж байгаад наад хайрцагаа задалчих талыг нь хөргөгчинд хийчих, бусдыг нь хил рүү аваад явъя гэж хэлсэн чинь А нь энэ чинь “Мах биш байна, эвэр байна” гэхлээр нь “Өө ямар сонин юм бэ?’ гэж хэлээд “наадхаа гаргаад хая” гээд аваад гарах гэж байтал өөдөөс цагдаа нар ороод ирсэн. А эгчийг таньдаг юм. Эрээнд таарсан бүүр ядарчихсан явж байхаар нь тус больё л гэж бодсон. Тэрнээс ийм юм байсан гэдгийг мэдсэн бол авахгүй байх байсан. Гэм буруугаа ойлгож байгаа дахиж хүнийг бодож юм авч болохгүй юм байна гэдэг сургамж авлаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/,

- Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2017 оны 10 сарын 08-ны өдөр 07 цаг 20 минутын үед гэртээ Төмөрзамын гудамжинд эхнэр З-н хамт унтаж байхад 50 орчим насны эмэгтэй байшингийн цонх тогшихоор нь босох гэхэд гэрлүү өөрөө ороод ирсэн. А-н дүү мөн үү гэж надаас асуусан. Тиймээ гэж хэлэхэд А-т юм өгч явуулсан гэсэн юм гэхээр нь наанаа тавьчих гэж хэлсэн. Хүн ирж авна шүү гээд үлдээгээд явсан юм. Тэгээд өглөө 07 цаг 40 минутын үед гэрээсээ гараад ажил руугаа очоод байж байхад А эгч ... дугаарын утаснаас ... дугаарын утас руу залгаад нэг хүн хайрцагтай юм танайд тавьсан уу 2 хайрцагтай юм байна уу гэсэн, тэгэхдээ ганцхан хайрцагтай юм байна гэж хэлэхэд утсаа таслаад 5 минутын дараа эргэж залгаад дотор нь нэгийг нь хийчихсэн юм байна гэж хэлсэн. Чи гэртээ байгаа юм уу? Гэртээ байвал хүн ирвэл таксины 10,000 төгрөг өгчихөөрэй гэсэн. Би ойлгохдоо өглөө авчирч хайрцагтай зүйл өгсөн хүнд мөнгө өгөх юм байна гэж бодсон. Би гэртээ алга ажил дээрээ байна гэж А эгчид хэлсэн. Тэгвэл ажлаасаа миний дүү гараад такси бариад гэрээсээ хайрцагтай юм аваад “Б” газрын ертөнцийн зүгээр зүүн талд байдаг айлруу хүргээд өгчих гэж хэлсэн. Ажил дээрээсээ Х гэж ажлын залуугаа гуйгаад саарал өнгийн Соната 5 маркийн машинтай гэрээс очиж эд зүйлээ авчихаад нөгөө айлруу очоод би ганцаараа Ц.Б гэсэн нэртэй хүн байна уу гээд “Б” ХХК-ийн зүүн талын байшинд ороход тийм байна гэхээр нь А эгч юм өгч явуулсан юм гээд өгчихөөд хайрцагтай эд зүйлээ өгчихөөд гарч яваад цагдаагийн байгууллагын ажилчидад саатуулагдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2017 оны 10 сарын 07-ны өглөө ажил дээр Т ахын ажил дээр хүлээж байсан. Т ах ирээд ажил онгойлгоод бид 2 ороод байж байхад Т ах нэг хүнтэй утсаар яриад чиний машинтай гэрээс хүнээс хайрцагтай юм аваад айлд хүгэж өгөөдхий гэж хэлээд бид 2 гарсан. Хайрцагтай эд зүйлийг аваад “Б” руу очоод зүүн талын 72-р байранд очиж зогсоход Т ах хайрцагтаа эд зүйлээ оруулж өгчихөөд гарч ирсэн. Удалгүй цагдаагийн алба хаагчид бид нарыг саатуулж шалгасан. Тухайн хайрцагтай эд зүйл юу байсныг нь би мэдэхгүй . Хамт Тулгаа ах юманд явчихаад ирье гэхээр нь л хамт явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд: Би 2017 оны 10 сарын 07-ны өдөр би БНХАУ-ын Эрээн хотод байсан бөгөөд Ц гэж дууддаг БНХАУ-ын иргэн Өвөрмонгол эмэгтэй над руу тухайн үед хэрэглэж байсан хятад утасны дугаар луу залгаад /одоо дугаараа мартсан байна/ Замын-Үүд суманд таньдаг хүн байна уу? 1 боодолтой эд зүйл байгаа тэрийг явуулах гэсэн юмаа гэхээр нь Замын-Үүд суманд амьдардаг эгчийнхээ хүүхэд болох А.Т руу ... утсаар түүний ... дугаар луу яриад 1 боодолтой зүйл байгаа тэрийг авчих гэсэн чинь тэгье тэгье авчихаад яах юм бэ? гэхлээр нь миний дүү өөр дээрээ байлгаж байхгүй юу даа гэсэн чинь би одоо ажилтай шүү дээ гэхлээр нь би өөрийн танил Б-н утасны дугаарыг өгөөд түүнд аваачаад өгчих гэж хэлсэн чинь А.Т нь удалгүй “Б-д аваачаад өгчихлөө” гэж хэлсэн юм... Ц гэх Өвөрмонгол эмэгтэй Замын-Үүдэд ямар ч байсан байлгаж бай авна гэхээр нь түр Б-г аваад байж бай гээд хадгалуулчихсан юм... Ц нь надад хэлэхдээ тухайн эд зүйлийг аваад ороод ирэх хүн байна уу би хөлсөнд нь 200 юань өгнө гэхээр нь би Б-д түүнийг нь дамжуулж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76/,

 - Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... уг хэрэгт 6-н бодьгал буюу 6 тооны халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээгээр нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91/,

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/,

- Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн  шинжээчийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн дүгнэлтэнд: “... Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг бугын сүүл, 6 хэсэг бугын ясан эвэр гэх зүйлүүд нь Бугын овгийн бугын төрөлд хамаарах халиун бугын эд эрхтэнүүд мөн болно. Нэг төрөл зүйлийн зургаан бодгаль амьтны эд эрхтэн болно... 6 хэсэг бугын ясан эвэр гэх зүйлүүд нь эр бодгаль амьтных болно. Бугын сүүл гэх зүйлээр эр, эм, төлийн алин болохыг тогтоох боломжгүй... 6 ширхэг бугын сүүл, 6 хэсэг бугын ясан эвэр гэх зүйлүүд 6 бодгаль амьтных болно... халиун бугын эд эрхтэнүүд мөн бөгөөд Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсаралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн... Халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6,600,000 төгрөг, эм бодгаль нь 7,500,000 төгрөг байдаг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20/,

-  Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Мал эмнэлэгийн хяналтын байцаагчийн  2018 оны 06 сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-99/,

- Ц.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /93-96/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Д.А нь БНХАУ-ын иргэн Ц-н гуйлтын дагуу Ц.Б руу мах байгаа Эрээн гарахдаа аваад ир хөлсөнд нь 200 юань өгье гэхэд нь зөвшөөрсөн ба Д.А нь дүү А.Т руу ярьж, А.Т нь Ц.Б-нд аваачиж өгсөн. Ц.Б нь Эрээн хот руу авч гарахаар гэртээ байлгаж байгаад хөргөгчинд хийхээр задлахад бугын эвэр сүүл байсныг мэдсэн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгын Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоот өөрийн гэртээ Монгол Улсын Засгын газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан 6 ширхэг бугын сүүл, 6 ширхэг бугын ясан эвэр зэрэг эд зүйлийг гэртээ хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Ц.Б-н гэртээ хадгалсан 6 хэсэг эвэр, 6 сүүл нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан Халиун бугын түүхий эд болох нь Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн  дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч А.Т, Д.А, П.Г нарын мэдүүлгүүд, Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн  шинжээчийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулж байх тул түүнийг ховор амьтны түүхий эд зүйл болох Халиун бугын сүүл, эвэрийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч “... 6-н бодьгал буюу 6 тооны халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээгээр нэхэмжилнэ” гэх боловч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан... этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Ц.Б-с амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн халиун бугын 6 хэсэг эвэр, 6 ширхэг сүүл нь Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Мал эмнэлэгийн хяналтын байцаагч, шинжээчийн 2018 оны 06 сарын 14-ний өдрийн дүгнэлтээр  эвэр нь үзүүррүүгээ нарийн ясжсан тугалмай нь хугарсан, бор шаргал өнгөтэй, бугын ясан эврийн бүтэц өөрчлөлтгүй, 6 ширхэг сүүл нь ялзарч муудсан шингэн зүйл гоожсон, өмхий үнэртэй... устгах шаардлагатай гэсэн байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн халиун бугын 6 хэсэг эвэр, 6 ширхэг сүүл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч М.Б-н нэхэмжлэлийн шаардлага болох 39,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвийн үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн  өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Б.Н