| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0020/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Л.С,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.О-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж, ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, Б овогт Б.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын гаалийн хяналтын бүсийн тээврийн хэрэгслийн хяналтын гарах чиглэлд зорчигч тээврийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн доод хэсэгт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгүүдэд зааснаар хязгаарласан бараа болох 120 кг малын махыг нууж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ БНХАУлсын Эрээн хотод малын махны үнэ өндөр байдаг гэж сонсоод 2019 оны 11 сарын 06-ны өдөр Замын-Үүд сумын Их Уул нэртэй махны дэлгүүрээс 4 гулууз ямааны мах болон ямааны 2 гуя худалдаж авсан. Миний худалдаж авсан мах нийт 120 кг болж байсан ба 1 кг махыг 5,500 төгрөгөөр буюу нийт 660,000 төгрөг болж байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 сарын 07-ны өдөр хилээр гарах гэсэн боловч гаалийн хяналт шалгалт чанга байсан тул гарч чадаагүй. Маргааш нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн доод тал буюу рамны доод талд 3 шуудайд хувааж хийсэн махыг боож тогтоон хилээр гарах гэж яваад гаалийн улсын байцаагч М гэх хүн машин шалгасан тэгээд баригдсан... Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх 2 сарын өмнө найз Г.Г-с 1,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/,
- Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ЗамынҮүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх 1-р гаалийн хяналтын бүсийн тээврийн хэрэгсэл шалгах гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг шалгах үед Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан барааг тээврийн хэрэгслийн тэнхлэг доод талд нуусан байсныг илрүүлж зөрчлийн материал бүрдүүлж прокурорын байгууллагад шилжүүлсэн. Уг хориглосон хязгаарласан бараа болох ямааны 120 кг махыг тээврийн хэрэгслийн доод тал буюу тэнхлэгийн доод талд нуусан байсан. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага хагас боловсруулж, баглаа боодолтой гаргана...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2019 оны 08 дугаар сард тухайн тээврийн хэрэгслийг 1,000,000 төгрөгөөр зарж борлуулсан одоо тухайн тээврийн хэрэгсэл манай найз Б.О-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би нэг танихгүй хүнээс 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Яг хэзээ худалдаж авч байсан талаар сайн санахгүй байна. Тухайн хүнээс худалдаж аваад бичиг баримтыг нь шилжүүлэх гэсэн боловч тухайн хүн яаралтай БНСУлс руу яваад буцаж ирээд шилжүүлнэ гээд одоо хүртэл ирээгүй байгаа. Мөн тухайн хүнээс машин авахдаа бичиг баримтгүй авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Шинжээч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн ямааны махыг Монгол Улсын хилээр гаргах гэж байсан иргэн эрх бүхий байгууллагаас олгосон экспортын гэрчилгээ болон бусад дагалдах бичиг баримтгүй хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан. Мөн Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно гэж заасан байдаг тул хувь хүн экспортлохыг хориглосон байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27x/,
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд хүргүүлж буй махны гаднах өнгө, биет байдал, өөхөн давхарга зэргээс үзэхэд бог малын мах буюу ямааны мах байна.
2. Гарал үүсэл тодорхойгүй, зориулалтын агуулахад хадгалаагүй, сав баглаа боодол нь зориулалтын бус, шинэлэг байдлаа алдаж өнгө, үнэр орсон, механик болон үс, шороо тоосоор бохирлогдсон нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.
3. ...Цаашид хүнсний хэрэгцээнд ашиглах боломжгүй тул зохих журмын дагуу яаралтай устгах шаардлагатай...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31x/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20/,
- “А” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээнд: “ямааны мах 120 кг нь 480,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-42-44/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/ зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.О нь БНХАУ-ын Эрээн хотод зарж ашиг олох зорилгоор Замын-Үүд сумын Их-Уул гэх махны дэлгүүрээс 120 кг ямааны мах худалдан авч өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн доод хэсэгт нууж улсын хилээр гарах гэж байсан нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.О-г Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгүүдэд зааснаар хязгаарласан бараа болох 120 кг малын махыг нууж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг хангасан байхаас гадна мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь амьтны гоц халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “ импортлогч улстай тохиролцсон хорио цээрийн нөхцөл, эсхүл цээрийн талаархи Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, олон улсын байгууллагаас гаргасан стандарт, удирдамж, зөвлөмжид нийцсэн байх, мөн хуулийн 11.1.2-д “экспортын шаардлага хангаж буйг эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх” гэсэн шаардлагыг хангасан байхыг шаарддаг байна. Гэтэл шүүгдэгч Б.О нь 120 кг ямааны махыг улсын хилээр нэвтрүүлэхдээ дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.
Шүүгдэгч Б.О нь хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч П.М “... 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ЗамынҮүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх 1-р гаалийн хяналтын бүсийн тээврийн хэрэгсэл шалгах гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг шалгах үед Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан барааг тээврийн хэрэгслийн тэнхлэг доод талд нуусан байсныг илрүүлж зөрчлийн материал бүрдүүлж прокурорын байгууллагад шилжүүлсэн. Уг хориглосон хязгаарласан бараа болох ямааны 120 кг махыг тээврийн хэрэгслийн доод тал буюу тэнхлэгийн доод талд нуусан байсан...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох ямааны махыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг бусдад учруулаагүй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан болно.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О-н авч явсан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 120 кг ямааны мах нь шинжээчийн дүгнэлтээр “...гарал үүсэл тодорхойгүй, зориулалтын агуулахад хадгалаагүй, сав баглаа боодол нь зориулалтын бус, шинэлэг байдлаа алдаж өнгө, үнэр орсон, механик болон үс, шороо тоосоор бохирлогдсон нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй... Цаашид хүнсний хэрэгцээнд ашиглах боломжгүй тул зохих журмын дагуу яаралтай устгах шаардлагатай...” гэсэн байх тул усгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О-н гэмт хэрэг үйлдэхдээ эзэмшиж явсан ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Х.П гэж хүний нэр дээр бүртгэгдсэн боловч иргэн Г.Г нь 1,500,000 төгрөгөөр худалдан авч өөрийн эзэмшилдээ байлгаж байгаад шүүгдэгч Б.О-д 1,000,000 төгрөгөөр худалдсан, Б.О нь үнийг төлж, эзэмшиж, ашиглаж байгаа шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон гэрч Г.Г болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111 дүгээр зүйлийн 111.2.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь шүүгдэгч Б.О гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокурорын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 5/02 тогтоолоор ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, шүүгдэгч Б.О-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байх ба шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдэхдээ ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул битүүмжлэлийг хүчингүй болгож, ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг “А” ХХК нь 500,000 төгрөгөөр үнэлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.О-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Замын-Үүд дэх Гаалийн агуулахад хадгалагдаж байгаа 120 кг ямааны махыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар прокурорын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.О-н эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн 500,000 төгрөгний үнэтэй тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н