Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 00092

 

    2020          03             25                                          2020/ШЦТ/92

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Ч.Б-, Ү.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-, Ч.Б-, Ү.Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2038000940107 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б.Б.

2. Монгол Улсын иргэн, Н.Н.

3. Монгол Улсын иргэн, Ч.Б.

4. Монгол Улсын иргэн, Ү.Ц.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг Балчиргант гэх газарт орших Хөвсгөл нуур буюу Улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүйгээр амьтан буюу хадран нэртэй загас 138 ширхэг, зэвэг нэртэй 4 ширхэг загас агнаж, амьтны аймагт 1.516.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Балчиргант гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг ургаа мод огтолж, экологи эдийн засагт 123.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нар нь бүлэглэн хоол хүнсэндээ хэрэглэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг Хөвсгөл нуурын Улсын тусгай хамгаалалттай нутаг “Балчиргант” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хадран нэртэй загас 138 ширхэг, зэвэг нэртэй 4 ширхэг загас агнаж, амьтны аймагт 1.516.000 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Б- ганцаараа гал түлж дулаацах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Балчиргант” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг ургаа мод огтолж, экологи эдийн засагт 123.120 төгрөгийн хохирол учруулан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9, 13-17 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 25, 28 дугаар хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 31-32, 35-36 дугаар хуудас/,

- Хохирогч Г.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгууллагын даргын баталсан удирдамжаар Хөвсгөл нуурын зүүн эргээр байгаль хамгаалагч Д.Б-, Н.Н-, Ж.А-, Б.Г-, Г.Г-, жолооч А.О- нарын хамт ажиллахаар гарсан. Хяналт шалгалтаар ажиллахдаа Хөвсгөлийн байгалийн цогцолбор газар Балчиргант гэх нэртэй газар Хатгал тосгоны иргэн Б-, Н.Н- нар гэр бүлийн хамт Хөвсгөл далайн нуурын эрэг, модны захад майхан барьчихсан, нуурын захад хоёр мотоцикль байрлаж байсан. Бид нарыг очиход майхны ойролцоох газраар загасны эд эрхтэн ясыг шувуу дутуу идээд орхичихсон харагдаж байсан. Б.Б-т загасны тор хаана байгааг асуухад нуурын усанд цооног хийж тороо тавьсан газраа зааж өгсөн. Уг торыг өөрөөр нь татуулж ирээд хурааж авна гэж хэлсэн. Тэгээд нуурын мөсөн дээрээс ирэхэд цуг явсан шалгалтын бүрэлдэхүүн хөлдөөсөн шуудайтай загас майхны хажуугаас гарч ирсэн талаар хэлсэн. Уг шуудайтай загаснуудыг тоолж үзэхэд хадран загас 138 ширхэг, зэвэг загас 4 ширхэг байна. Тухайн газраас эд мөрийн баримтаар загасны тор 2 ширхэг, төмөр лоом 1 ширхэг, 138 ширхэг хадран загас, 4 ширхэг зэвэг загас хураан авсан. ...Н.Н-, Б.Б- нарын загас барьж, мод унагааж бэлтгэсэн газар бол улсын тусгай хамгаалалтын бүсэд багтана. Уг газраас загас барих, мод бэлтгэх эрхийн бичиг гэж байхгүй. Хориглосон бүсэд ордог” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Гэрч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэгдсэн удирдамжийн дагуу Хөвсгөл нуурын зүүн эрэгийн Хайч гэх нэртэй газраас шалгалтын ажлыг эхлүүлсэн. Дээд Балчиргант гэх газар очиход майхан барчихсан, нуурын захад хоёр гурван дугуйт мотоцикль, нуурын захад мод унагаасан, унагаасан модны хажууд хөрөөдсөн цахилгаан хөрөө нь байсан. Майхны хаалгыг нээхэд дотор хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нар талхаа барьчихсан сууж байсан. Майхны баруун урд хэсэгт модны хажууд шуудайтай загас байсан. Уг загасыг барьж үзэхэд бага зэрэг царцсан байдалтай хоорондоо бол наалдаж хөлдөөгүй байсан. Улсын байцаагч Ж.А-тай нийлээд шуудайтай загасыг тоолж үзэхэд 138 ширхэг хадран загас, 4 ширхэг зэвэг загаснууд байсан. Манай улсын байцаагч Б.Г- хөрөөг нь хурааж авах гээд нуурын хажууд тавьчихаад тор татах гээд нуурын мөсөн дээр гарчихсан хойгуур нь мотоцикль дээр даруулчихсан юм. Тэгээд тэр чигтээ мотоциклио унаад зугтаасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэгдсэн удирдамжийн дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэй Хөвсгөл нуурын зүүн эргээр мэдээллийн дагуу Мотын шанаа, Балчиргант хүртэл явсан. Мотын шанаа, Балчиргантын зааг хэсэгт майхан барьчихсан газарт очиход Х, Т нар гэр бүлийн хамт дөрвүүлээ байсан. Ажлын бүрэлдэхүүн уг газрын ойр хавиар явж үзэхэд шуудайтай загас барьсан байхыг илрүүлсэн. Мөн газарт нуурын захад ургаа хуурай мод унагааж богино хэмжээтэй тайрсан байсан. Тайрсан модны хажууд цахилгаан хөрөө байсан. Уг байдлыг зураг дарж баримтжуулсан. Загас барих хэрэгсэл болох торыг нуурын уснаас Т-р нь татуулж гаргасан. Тухайн газраас 138 ширхэг хадран загас, 4 ширхэг зэвэг загас, төмөр лоом, торыг хураан авсан. Мод унагаасан газраас хөрөөг авчраад майхны хажууд тавьчихаад тор татах гээд нуурын мөсөн дээр гарчихсан хойгуур мотоцикль дээрээ даруулчихсан байсан. Уг хөрөө нь мустанг нэртэй, хужаа цахилгаан хөрөө байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

- Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч мэргэжилтэн нарын хамт Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу хяналт шалгалт хийж явах хугацаанд хууль бусаар загас агнаж байсан иргэдийг газар дээр нь илрүүлсэн. Уг зөрчил гарсан газар Модтын шанаа гэх газарт болсон. Далайн эрэг дээр нэг майхан барьсан дөрвөн иргэн мотоцикльтой байж байсан. Б.Б-, хуулийн мэргэжилтэн А-, жолооч А.О-, байгаль хамгаалагч Н.Н-, улсын байцаагч Б.Г- нарын хамт загас барихаар далайд тавьсан торыг татуулж авсан. Тор татах үед цооллогоос хоёр загасны тор, мөс цоолдог төмөр лоом нэг ширхэгийг хурааж машинд ачсан. ...Манай ажлын хэсгийг очиход загас агнасан, шуудайд хийсэн байдалтай байсан. ...Б.Б-, Н.Н- нар гэр бүлээрээ явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

- Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын даргын баталсан хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Хөвсгөл нуурын зүүн эрэг буюу урд хэсгээр байгаль хамгаалагч нарын хамт хяналт шалгалт хийж ажиллах үед Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд байрлах Модтын шанаа гэх газар очиход Хатгал тосгоны иргэн Т- буюу Б.Б-, халзан гэж дууддаг Н.Н- нар нуурын эрэг дээр хоёр эхнэрийн хамт загас барьж байгаа байдалтай майхан барьж отоглосон байсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж үзлэг шалгалт хийхэд 25 килограммын шуудайны тал хэсгээр хадран гэх нэртэй загас, зэвэг гэх нэртэй загас дөрвөн ширхэг байсан. ...Мөн майхан барьсан нуурын эрэг дээр байсан түлшний зориулалтаар далайн зах хэсэгт нэг ширхэг босоо хуурай мод унагаасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

- Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... Хөвсгөл нуурын зүүн эрэг буюу урд хэсгээр байгаль хамгаалагч нарын хамт хяналт шалгалт хийж ажиллах үед Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд байрлах Модтын шанаа гэх газар очиход Хатгал тосгоны иргэн Тодоо буюу Б.Б-, халзан гэж дууддаг Н.Н- нар нуурын эрэг дээр хоёр эхнэрийн хамт загас барьж байгаа байдалтай майхан барьж отоглосон байсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж үзлэг шалгалт хийхэд 25 килограммын шуудайны тал хэсгээр хадран гэх нэртэй загас, зэвэг гэх нэртэй загас дөрвөн ширхэг байсан. ...Мөн майхан барьсан нуурын эрэг дээр байсан түлшний зориулалтаар далайн зах хэсэгт нэг ширхэг босоо хуурай мод унагаасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зэвэг, хадран гэх хоёр төрлийн загас, ...нэг ширхэг лоом байсан. ...Далайн зах дээр байсан түлшний зориулалтын хуурай босоо мод унагаасан, хоёр гурван ширхэг бөөрөнхий модыг хагалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Д-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020/2 дугаартай: “...Хөвсгөл хадран загасны экологи эдийн засгийн үнэлгээ 1 ширхэг нь 5.000 төгрөг буюу 138х5.000=690.000 төгрөг. Шөвгөр хоншоорт зэвэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ 1 ширхэг нь 17.000 төгрөг буюу 4х17.000=68.000 төгрөг болно. Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Хөвсгөлийн хадран 1 ширхэг нь 5.000 төгрөг буюу 138х5.000=690.000 төгрөг байхаар тогтоосон хэмжээг хоёр дахин өсгөж тооцоход 690.000х2=1.380.000 төгрөг, шөвгөр хоншоорт зэвэг 1 ширхэг нь 17.000 төгрөг буюу 4х17.000=68.000 төгрөг байхаар тогтоосон хэмжээг хоёр дахин өсгөж тооцоход 68.000х2=136.000 төгрөгөөр дээрх үйлдлийн улмаас учирсан хохирлыг тус тус тооцож гаргаж байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-77 дугаар хуудас/,

- Хөвсгөлийн аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер шинжээч Г.Б-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай “Уг мод нь хэрэглээний хуурай мод мөн. Уг мод бэлтгэсэн гэх газар нь 1-р мужид хамаарна. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газарт хамаардаг бөгөөд хамгийн сүүлд Улсын их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хамгаалалтанд авсан байна. ...экологи эдийн засгийн үнэлгээ 41.040 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “ойн санд учруулсан хохирол 123.120 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл нуураас загас агнахаар Б.Б-, түүний эхнэр Ч.Б- болон өөрийн эхнэрийн хамт тус тусдаа мотоцикльтой нуурын зүүн урд хэсэг Модтын шанаа гэх газарт очсон. Очоод нуурын мөсийг цоолж гурван цооног гаргаж загас барих хоёр ширхэг тор тавиад нуурын захад майхнаа барьж тэндээ унтсан. Өглөө босоод тороо бид дөрөв татаж гаргаж ирэхэд 100 гаруй загас баригдсан байсныг Б.Б- бид хоёр торноос нь загасаа салгаж агнаад тороо эргээд нуурын цооног руу тавьсан. ...Би өөрийнхөө эзэмшлийн Мустанг маркын тээврийн хэрэгслээр явсан. ...Уг газраас загас агнахыг хориглосон байдгийг мэднэ. Гурил будааны мөнгө төгрөг олох зорилгоор л загас агнасан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Ү.Ц-, найз Н.Н-, түүний эхнэр Ч.Б- нарын хамт Хөвсгөл нуураас загас барихаар тус тусдаа хоёр мотоцикльтой явсан. Нуурын Модтын шанаа гэх газар очоод майхнаа барьж байрласан. Нуурын мөсыг Н.Н- бид хоёр тоолж гурван цооног гаргасан. Цоолсон цооногт хоёр тор тавьсан. Тэр оройдоо гал түлэх түлээгүй учраас нуурын захаас хуурай хатчихсан нэг мод унагаасан. Уг модыг түлэхэд бэлэн болгож хөрөөдсөн байсан. Тэгээд бид нар майхандаа амраад өглөө нь тавьсан тороо бүгдээрээ татаж гаргаж ирэхэд нилээн их загас баригдсан байсан. ...Би өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркын улсын дугааргүй тээврийн хэрэгслээр явсан. ...Уг газраас ан агнах, мод бэлтгэхийг хориглосон байдгийг мэднэ. Хоол ундгүй болчихоод загас агнахаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 116-118 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Ү.Ц-, найз Н.Н-, түүний эхнэр Ч.Б- нарын хамт Хөвсгөл нуураас загас барихаар тус тусдаа хоёр мотоцикльтой явсан. Хөвсгөл нуурын Балчиргант нэртэй газар очоод майхнаа барьсан. Нуурын мөсөн дээр загас барихаар цооног нүх гурвыг гаргаж бэлдээд хоёр тор тавьсан. Тороо тавьж хоноод өглөө нь босоод тавьсан хоёр тороо татаж гаргаж ирэхэд нэлээд их загас баригдсан байсан. ...Уг газраас ан агнах, мод бэлтгэхийг хориглосон байдгийг мэднэ. Хоол тэжээлээ бэлтгэхийн тулд л загас агнасан. Ямар нэгэн ашиг хонжоо олохоор яваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ү.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр Б.Б-, найз Н.Н-, түүний эхнэр Ч.Б- нарын хамт Хөвсгөл нуураас загас барихаар тус тусдаа мотоцикльтой явсан. Хөвсгөл нуурын Балчиргант нэртэй газар очоод майхнаа барьж байрласан. Очсон өдрөө манай хоёр эрэгтэй нуурын мөсийг цоолж цооног гаргаж загас барих тор тавьсан. Галын түлээгүй болохоор нуурын захаас хуурай мод хазайчихсан байхаар нь манай нөхөр Б.Б- унагааж хөрөөдсөн. ...өглөө нуурын усанд тавьсан тороо татаж гаргаж ирэхэд 100 гаруй ширхэг загас баригдсан байсныг торноос бид дөрөв салгаж шуудайд хийж авчихаад дахин тороо нуурын усанд хийж орхичихоод майхандаа ирээд байж байхад нуурын тусгай хамгаалалтын газрынхан ирсэн. ...Уг газраас ан агнах, мод бэлтгэхийг хориглосон байдгийг мэднэ. Үр хүүхдээ тэжээхийн тулд л загас агнасан” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нарын “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ын “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, амьтан агнасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Н-ийн хувийн байдлыг тодорхойлсон:

  • Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 142 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 143 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Н.Н-, Ч.Б- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 144 дүгээр хуудас/,
  • Н.Н-ийн Б,, Н.Н-ийн Д нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 145-146 дугаар хуудас/,
  • Н.Н-ийн Б-н амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 189-212 дугаар хуудас/ зэрэг,

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон:

  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 130, 186 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 131 дүгээр хуудас/,
  • Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132 дугаар хуудас/ зэрэг,

Шүүгдэгч Ч.Б-н хувийн байдлыг тодорхойлсон:

  • Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 135 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ч.Б-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 143 дугаар

хуудас/,

  • Шүүгдэгч Ч.Б-, Н.Н- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 144 дүгээр хуудас/,
  • Н.Н-ийн Б-, Н.Н-ийн Д- нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 145-146 дугаар хуудас/,
  • Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны: тодорхойлолт /хх-ийн 149 дүгээр хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 150 дугаар хуудас/ зэрэг,

Шүүгдэгч Ү.Ц-ийн хувийн байдлыг тодорхойлсон:

  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 134 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Ү.Ц-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 135 дугаар хуудас/,
  • Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136 дугаар хуудас/,
  • Ү.Ц-ийн Х-, Ү.Ц-ийн Г-, Ү.Ц-ийн А- нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 137-139 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 135 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын экологи, байгаль орчин, хууль зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан агнах, мод бэлтгэх гэмт хэргүүдийг үйлдэж, экологийн тэнцвэрт байдалд халдаж экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан” байх шинжээр илрэх бөгөөд уг үйлдлийн улмаас заавал хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм.

Шүүгдэгч нар нь Монгол улсын Үндсэн хууль, Амьтны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоол, Эрүүгийн хуульд тусгайлан заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, мод бэлтгэн байгаль орчинд хор хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдэх боломжтой байсан хэдий ч хууль эрх зүйн мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдлаасаа болж шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан /хадран нэртэй 138 ширхэг загас, зэвэг нэртэй 4 ширхэг загас/ агнаж,  уг гэмт хэргийг санаа зорилгын хувьд болгоомгүй хэлбэрээр, 

Шүүгдэгч Б.Б- нь Монгол улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоол, Эрүүгийн хуульд тусгайлан заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд /1 ширхэг ургаа хуурай мод огтолж/ мод бэлтгэж, уг гэмт хэргийг мөн адил болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.

Дээрх гэмт хэргүүдийг дээр дурдсан нөхцөл байдалд санаатай болон болгоомжгүй аль ч хэлбэрээр үйлдэгдэх боломжтой бөгөөд шүүгдэгч нарын анхнаасаа тууштай өгсөн мэдүүлэг дээр үндэслэн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нар нь бүлэглэн хоол хүнсэндээ хэрэглэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг Хөвсгөл нуурын Улсын тусгай хамгаалалттай нутаг “Балчиргант” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хадран нэртэй загас 138 ширхэг, зэвэг нэртэй 4 ширхэг загас агнаж, амьтны аймагт 1.516.000 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Б- гал түлж дулаацах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Балчиргант” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг ургаа мод огтолж, экологи эдийн засагт 123.120 төгрөгийн хохирол учруулан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн тус тус үйлдсэн болох нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9, 13-17 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 25, 28 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 31-32, 35-36 дугаар хуудас/, хохирогч Г.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Д-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020/2 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-77 дугаар хуудас/, Хөвсгөлийн аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер шинжээч Г.Б-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 85-86 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 111-113 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 116-118 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/, шүүгдэгч Ү.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 126-128 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын  “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр нотлогдоно.  

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, акт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гомдол мэдээлэл хүлээн авсан баримт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнээр Монгол улсад ховордсон ан амьтныг цаашид хадгалан үржүүлэх боломжийг хангах, байгалийн үзэсгэлэнт нутгийн унаган төрхийг хамгаалах зорилгоор төрийн эрх барих дээд байгууллагаас хамгаалалт тогтоосон газар нутагт Амьтны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан тогтоомжуудыг зөрчиж, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн гэмт халдлагыг үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын хувьд амьтны аймагт 1.516.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Н.Н- 758.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 188/ шүүх хуралдаанд гаргаж өгсөн, шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Амаржаргалтай 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, амьтны аймагт учруулсан хохирлоос өөрт ногдох хэсэг болох 758.000 төгрөг, экологи-эдийн засагт учруулсан 123.120 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 450.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 185/, үлдсэн 431.120 төгрөгийг 2020.05.01-ний өдөр 215.560 төгрөгийг, 2020.06.01-ний өдөр 215.560 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ /хх-ийн 183-184/ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж хуульд зааснаар шийдвэрлэв.     

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зарим шүүгдэгчийн хувьд нэг үйлдлээр 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч тус бүр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй, бага насны хүүхдүүдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, 2

гэр бүлийн гишүүд зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, өрх гэрээ тэжээн тэтгэх зорилгоор үйлдсэн байх тул шүүгдэгч тус бүрийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсуудаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нарт тус бүр 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал,

 шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “Шүүгдэгч нарын хувийн байдал, мөн үйлдсэн гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргаж байна. 

Шүүхээс шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийг гүйцэтгэгч гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д  “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохироо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх” гэсэн заалтуудыг тус тус журамлан гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, нас, хүйс, хувийн байдал зэргийг тус тус харгалзан

Шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас,

шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Кубань маркын цагаан өнгийн цефгүй моторт хөрөө 1 ширхэг, мөн битүүмжлэгдсэн Мустанг маркын улаан өнгийн мотоцикль 2 ширхэгийг шүүгдэгч Б.Б-, Н.Н- нарт буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хадран нэртэй загас 138 ширхэг, зэвэг нэртэй 4 ширхэг загасыг устгасан болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр лоом, 2 ширхэг загасны торыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж байна.

Шүүгдэгч Н.Н-, Б.Б-, Ч.Б-, Ү.Ц- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-, Н.Н-, Ч.Б-, Ү.Ц- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б-, Н.Н-, Ч.Б-, Ү.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялаас тус тус чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Кубань маркын цагаан өнгийн цефгүй моторт хөрөө 1 ширхэг, мөн битүүмжлэгдсэн Мустанг маркын улаан өнгийн мотоцикль 2 ширхэгийг шүүгдэгч нарт буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хадран нэртэй загас 138 ширхэг, зэвэг нэртэй 4 ширхэг загасыг устгасан болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр лоом, 2 ширхэг загасны торыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Н.Н-, Ч.Б-, Ү.Ц- нарт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ