Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт П.С-д холбогдох эрүүгийн 2003000270042 дугаартай хэргийг 2020 оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2 дугаар хороонд тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт П.С,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.С нь 2019 оны 12 сарын 21-ний өдрийн 09 цаг 10 минутын үед Улаанбаатар-Хөх хот чиглэлийн Олон Улсын суудлын 447 дугаар галт тэргээр зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарлалт тогтоосон үхрийн ястай 16 кг мах, хонины ястай 78 кг мах, нийт 94 кг махыг галт тэрэгний 1 дүгээр вагоны ... дугаар купений тээшний таазанд нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч П.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... 2 жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод номын дэлгүүрт ажиллаж байхад М гэх эрэгтэйтэй хамт ажиллаж байсан. М цагаан сар болох гэж байгаа, монгол мах идэж үзмээр байна намайг аваад ирээч, ирэхээр нь мөнгийг нь өгье гэхээр нь авч явсан юм. Тээш тавьдаг хэсгийн дээр байдаг аюулгүйн хайрцаг дотор 4-г нь хийсэн байсан 2-г нь 2 давхрын орон дээр хөнжилний ард нуусан байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

- Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2019 оны 12 сарын 20-ны өдөр Улаанбаатар-Хох хотын чиглэлд аялах суудлын 477 дугаартай вагонд ажил аван үүрэг гүйцэтгэсэн... 2019 оны 12 сарын 21-ний өглөө Замын-Үүд өртөө орж ирэн Гаалийн шалгалт орж ирэхэд 9, 8, 7 дугаар купенд зорчин явсан хүмүүсээс түүхий мах гарлаа гээд дээрх зорчигчдын билетийг надаас аван тэдгээр хүмүүсийг ачаатай нь хамт авч буусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

- Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би томилогдсон хуваарийн дагуу 2019 оны 12 сарын 21-ний өдөр Улаанбаатар-Хөх хотын 477 дугаар вагонд Гаалийн хяналт шалгалт хийсэн. Вагон луу ороход тус вагоны 2 үйлчлэгч бүх зорчигчдод гаалийн товч мэдүүлэг буюу деклараци тарааж өгсөн байсан. Би гаалийн хяналт шалгалт хийхдээ зорчигч тус бүрээс гаалийн товч мэдүүлгийг авч шалгахад “хориглосон, хязгаарласан бараагүй” гэж мэдүүлсэн ба шалгахад зорчигчийн гар цүнх болон тээшинд хориглосон, хязгаарласан бараа байхгүй байсан. Тагнуул болон Хилийн цэргийн ажилтнуудтай хамт вагоны эд ангийг шалгахад эд ангиудыг лацадсан байсан ба онгойлгон шалгахад люкны дээд талаас жижиг уут, гар цүнхэнд савласан үхэр болон хонины махнууд гарч ирснийг хойшлуулашгүй ажиллагаа явуулан эд зүйлийг хураан авч тэмдэглэл хөтлөн уг махыг авч явсан 9 дүгээр купены зорчигч П.С гэдэг хүнээс мэдүүлэг аван Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газарт харьяалал тогтоолгохоор шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

- Эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15- 18/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 19/, 

- Нийслэлийн мал эмнэлэгийн газрын шинжээчийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 16 дугаар дүгнэлтэнд: “Шинжилгээнд иргэн П.С гэх гялгар ууттай маханд шинжилгээ хийлээ.

1. Хураагдаж ирсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.  

2. Манай лабораторийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу мэдрэхүйн эрхтэний шинжилгээ, чанах сорилоор шинжилгээ хийхэд хохины мах гэх зүйл нь хонины мах, үхрийн мах гэх зүйл нь үхрийн мах болохыг тодорхойллоо.

3. Дээрх дээжинд МЭАЦМШ-г MNS 1161:2002, 4373:96 MNS ISO 2917:2000 стандартаар шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангаж байна. Шинжилгээний дүнг хавсралт 1-д хавсаргав...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30/, 

- Нийслэлийн мал эмнэлэгийн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудасанд: “...гадны элдэв бохирдолгүй, элдэв амт үнэргүй... стандартын шаардлагад тэнцсэн, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим мөрдөх” гэсэн хавсралт /хх-ийн 29/,

 - “А” ХХК-ийн үннэлгээний дүгнэлтэнд: Хонины ястай мах 1 кг 5,000 төгрөг, 15 кг 75,000 төгрөг, үхрийн ястай мах 1 кг 7,000 төгрөг, 77 кг 539,000 төгрөг бүгд 614,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-35/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/ зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч П.С нь БНХАУ-ын иргэн М гуйлтаар үхэр болон хонины мах худалдан авч Хөх хот руу аваачиж өгөхөөр Улаанбаатар-Хөх хот явах чиглэлийн галт тэрэгэнд сууж явсан ба махаа галт тэрэгний 1 дүгээр вагоны 8 дугаар купений тээшний таазанд нуусан байсан нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Тээврийн прокурорын газрын прокуророос шүүгдэгч П.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг хангасан байхаас гадна мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь амьтны гоц халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “ импортлогч улстай тохиролцсон хорио цээрийн нөхцөл, эсхүл цээрийн талаархи Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, олон улсын байгууллагаас гаргасан стандарт, удирдамж, зөвлөмжид нийцсэн байх, мөн хуулийн 11.1.2-д “экспортын шаардлага хангаж буйг эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх” гэсэн шаардлагыг хангасан байхыг шаарддаг байна. Гэтэл шүүгдэгч П.С нь тогтоосон үхрийн ястай 16 кг мах, хонины ястай 78 кг мах, нийт 94 кг махыг улсын хилээр нэвтрүүлэхдээ дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.

Шүүгдэгч П.С нь хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.Э “...2019 оны 12 сарын 21-ний өглөө Замын-Үүд өртөө орж ирэн Гаалийн шалгалт орж ирэхэд 9, 8, 7 дугаар купенд зорчин явсан хүмүүсээс түүхий мах гарлаа гээд дээрх зорчигчдын билетийг надаас аван тэдгээр хүмүүсийг ачаатай нь хамт авч буусан...”  гэсэн, гэрч Б.Н “...Би томилогдсон хуваарийн дагуу 2019 оны 12 сарын 21-ний өдөр Улаанбаатар-Хөх хотын 477 дугаар вагонд Гаалийн хяналт шалгалт хийсэн... Тагнуул болон Хилийн цэргийн ажилтнуудтай хамт вагоны эд ангийг шалгахад эд ангиудыг лацадсан байсан ба онгойлгон шалгахад люкны дээд талаас жижиг уут, гар цүнхэнд савласан үхэр болон хонины махнууд гарч ирснийг хойшлуулашгүй ажиллагаа явуулан эд зүйлийг хураан авч тэмдэглэл хөтлөн уг махыг авч явсан 9 дүгээр купены зорчигч П.С гэдэг хүнээс мэдүүлэг аван Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газарт харьяалал тогтоолгохоор шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгүүд, эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн мал эмнэлэгийн газрын шинжээчийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 16 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.С-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох үхэр, хонины махыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг бусдад учруулаагүй болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.С нь үхрийн ястай 16 кг мах, хонины ястай 78 кг мах, нийт 94 кг мах авч явсан ба үхэр, хонины махнаас тус бүр 1 кг-ыг шинжилгээ хийлгэхээр Нийслэлийн мал эмнэлэгийн газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар үхрийн ястай 15 кг мах, хонины ястай 77 кг мах, нийт 92 кг махыг тооцсон уг мах нь Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд /хөлдөөгчинд/ хадгалагдаж байгаа бөгөөд Нийслэлийн мал эмнэлэгийн газрын шинжээчийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 16 дугаар дүгнэлтээр “стандартын шаардлага хангасан”, А ХХК-ний үнэлгээгээр “хонины ястай мах 15 кг 75,000 төгрөг, үхрийн ястай мах 77 кг 539,000 төгрөг бүгд 614,000 төгрөг” гэх тул улсын орлого болгохоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт П.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт П.С-г дөрвөн зуун тавин нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 614,000 төгрөгний үнэтэй хонины ястай мах 15 кг, үхрийн ястай мах 77 кг нийт 92 кг махыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.Н