| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00820/и |
| Дугаар | 1413 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1413
Хэргийн индекс: 135/2016/00820/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, усны *** тоотод оршин суух, Т*** О*** /регистрийн дугаар ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, *** тоотод оршин суух, Х*** Э*** /регистрийн дугаар ***/-т холбогдох,
" 11,445,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Я*** , хариуцагч Ж.Э*** , хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Я*** нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Иргэн Ж.Э*** нь 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.О*** тэй зээлийн гэрээ барьцааны гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хувийн хэрэгцээндээ зориулан авсан.
Зээлдэгч Ж.Э*** нь 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.О*** тэй байгуулсан “Зээлийн гэрээ” “Барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын гд*** г-2*** 6, гд-*** 1 Y-*** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул, Дархан сум, 5-р баг, Хөтөлийн *** тоот хаягт байршилтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.
Одоогийн байдлаар зээлдэгч Ж.Э*** нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс 8 сая төгрөгийг хэсэгчлэн төлсөн байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Ж.Э*** тай утсаар болон аман хэлбэрээр удаа дараа зээл болон зээлийн хүүгээ төлөхийг шаардаж байсан боловч элдэв тайлбар тавьсаар өдийг хүрлээ. Иймд зээлдүүлэгч А.О*** миний зүгээс 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан дээрх гэрээг дангаар цуцалж Ж.Э*** аас үндсэн зээл 7 000 000 төгрөг, 3 сарын хүү зээлийн хүү 630 000 төгрөг, алданги 3 815 000 төгрөг нийт 11 445 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ...”
Хариуцагч Ж.Э*** нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Ж.Э*** миний бие нь А.О*** ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би А.О*** ээс 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээл авч, тухайн үед 8 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн бас хүнээр өгч явуулж байсан. Энэ А.О*** нь манай дүүгийн эхнэр буюу бэр маань байсан учраас бид нар хоорондоо заавал гарын үсэг баримт шаардаж байгаагүй.
А.О*** ээс зээлсэн 15 000 000 төгрөгнөөс 14 200 000 төгрөгийг дансанд нь буцааж өгч байсан. Харин А.О*** дүүгээс минь салснаас хойш биднээс мөнгө нэхэх болсон. Миний тооцоогоор бол би авсан бүх мөнгөө төлж дуусгасан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ...”
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О*** нь хариуцагч Ж.Э*** т холбогдуулан үндсэн зээл 7,000,000 төгрөг, 3 сарын хүү 630,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 3,815,000 төгрөг, нийт 11,445,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Ж.Э*** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Зохигчдын хооронд 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулсан бөгөөд талууд зээлийн гэрээгээр “...зээлдүүлэгч А.О*** нь зээлдэгч Ж.Э*** т 15,000,000 төгрөгийг 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Ж.Э*** нь заасан хугацаанд дурьдсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ.
Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй...” гэж,
Барьцааны гэрээгээр “...15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд Дархан сумын 5 дугаар баг Хөтөлийн *** тоот газар , хувийн сууц зэрэг үлд хөдлөх хөрөнгийг барьцаалж байна...” гэж тус тус тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “282 дугаар зүйлийн 282.3-т “ 232 дугаар зүйлийн 232.3-д” гэж зааснаар зохигч талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч Ж.Э*** нь нэхэмжлэгч А.О*** ээс 15,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хариуцагч Ж.Э*** шүүх хуралдаанд “...2012 оны 7 дугаар сард Улсын их дэлгүүр дээр уулзаж 8 сая төгрөг А.О*** т өөрийнх нь гарт өгсөн, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Р*** гэж хүнээр 40 уут боовыг А.О*** т хүргэж өгсөн байдаг. Хамгийн сүүлд 756,000 төгрөг өгөөд А.О*** тэй тооцоо дууссан. 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 358,000 төгрөгийн бэлэн мөнгө авч байсан, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 378,000 төгрөгийн хэвийн боовыг А.О*** надаас авч явж байсан. Би зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. А.О*** нь манай дүүтэй хамт амьдарч байсан учир би мөнгө өгөхдөө гарын үсэг зуруулж авдаггүй байсан. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж маргадаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн гаргасан дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “...Ж.Э*** нар нь гэрээ байгуулснаас хойш 5-6 сарын дараа 8 сая төгрөгийг А.О*** т бэлнээр өгсөн. Ж.Э*** нь А.О*** ийн данс руу зээлийн хүү 450,000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн, бэлнээр 3 удаа өгсөн. А.О*** нь нэг л удаа зээлийн төлбөрт 100 ширхэг боов авч байсан. Зээлийн хүүг Ж.Э*** нь хэзээ бэлнээр, дансаар шилжүүлж өгсөн нь тодорхой бус байгаа... Ж.Э*** нь хэд хэдэн удаа А.О*** т зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байдлаа хэлж, түүний хүсэлтээр төлөх хугацааг хойшлуулж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна” гэж маргасан болно.
Зохигчдын гаргаж буй дээрх тайлбараас үзэхэд хариуцагч Ж.Э*** нь зээлийн төлбөрт хэзээ хэдэн төгрөг төлж байсан нь тодорхойгүй, нийт хэдэн төгрөг зээлийн төлбөрт өгсөн нь тогтоогдохгүй ба гагцхүү хариуцагч 8 сая төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримт нь дээр маргадаггүй болно.
Гэрч Д.Р*** нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ж.Э*** ын зарж байсан боовноос 40 уут А.О*** т аваачиж өгсөн талаар мэдүүлдэг боловч түүний мэдүүлгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогддоггүй болно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”, 76 дугаар зүйлийн 76.1-д “ хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу зохигчдын хооронд 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “ Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасны дагуу зохигчид нь барьцааны гэрээгээ бичгээр хийсэн боловч Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 156.3-т “ энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэгч А.О*** нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргах эрхгүй болно.
Иймээс нэхэмжлэгч А.О*** ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 156 дугаар зүйлийн 156.3-д заасны баримтлан нэхэмжлэгч А.О*** ийн гаргасан “хариуцагч Ж.Э*** аас зээлийн төлбөр 11,445,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА