Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/85

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт Мт холбогдох 1921007640090 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, ээж, дүү нарын хамт .......................................... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................... овогт М. /РД: .................../

 

Шүүгдэгч М нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Зүүн хотон” гэх газар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд хамтран амьдрагч А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

  Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна“ гэв.

 

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Харин 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд М над руу утсаар залгаад Цэгчийнд хүрээд ир гэхээр нь очиход Ц эгчтэй архи уугаад сууж байхаар нь би хамт архи уусан. ...Би Мыг унтсан хойно нь ээж Н рүү утсаар залгаж юу хийж байна гэж асуутал М сэрэнгүүтээ алцганасан муу гичий, хэнтэйгээ утсаар яриад байдаг юм гээд миний толгойны орой хэсэг рүү мотоциклийн хамгаалах малгайгаар нэг удаа цохиж, үснээс зулгааж газар унагаад чирж, гараараа хаа таарсан газраа цохиж байгаад М мотоциклоо унаад яваад өгсөн. ...Зодуулсандаа гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 12-13 тал/

 

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 700 тоот дүгнэлтэд:

 

1.А-ийн биед толгойн дагзны хуйханд шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагзны хуйхны шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн, баруун шууны зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22 тал/

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21 тал/

Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч М нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Зүүн хотон” гэх газар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд хамтран амьдрагч А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 700 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

  

Шүүгдэгч Мт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.    

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Мын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ............... овогт Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Мын ........................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ