Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 114/2018/0002/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: T- нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б- холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б-гийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  50/0002 дугаартай  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                               Т-

Хариуцагч                                                                                  Б- нар оролцов.

                                                           ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Т- шүүхэд болон шүүх хуралдаанд дээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б- намайг “*******” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2017 оны 05 дугаар сарын борлуулалтын орлогоос орж ирсэн мөнгөнөөс дутсан 403.1 сая төгрөгт байгууллагын удирдлага болон нягтлан бодогчийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.14, 1.24, 1.25-д зааснаар 400 000 төгрөгөөр торгохоор 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №50/0002 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт: 1.14-т “Гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй”  гэсэн заалтыг зөрчсөн гэж намайг гүйцэтгэх удирдлага гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Хоёрдугаарт: 1.24-т нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй гэсэн байна. Энэ нь намайг мэргэжлийн нягтлан бодогч биш байж энэ ажлыг хийсэн гэж үзэж байгаа юм байна.

Компаний Санхүүгийн газарт манай салбарыг хариуцсан мэргэжлийн нягтлан бодогч байдаг бөгөөд миний бие уг нягтлан бодогчийн өгсөн зааварчилгааны дагуу салбарын борлуулагч нарын өдөр тутмын борлуулалтын тайланг хүлээн авч, бараа материалын хөдөлгөөн, гүйлгээг хийж программ дээр хийдэг бөгөөд борлуулалтын бэлэн мөнгөний тооцоог борлуулагч нар өөрсдөө хариуцаж тушаадаг. Зээлийн борлуулалтыг худалдааны төлөөлөгч нар хариуцдаг. Тухайн харилцагчид зээл өгөх эсэхийг худалдааны төлөөлөгч нар шийддэг. Надаар санхүүгийн ажил давхар хийлгэж байгаа энэ ажлыг эрхлэгчийн ажлаас салгаж өгөхийг удирдлагууддаа удаа дараа хэлж, шаардлага тавьж байсан болно. Мэргэжлийн нягтлан бодогч томилон ажиллуулах эрх нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал, тамгын газарт байгаа.

Гуравдугаарт: 1.25-д “Ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “ерөнхий нягтлан бодогч гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг хэлнэ, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д мэргэжлийн нягтлан бодогч гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг хэлнэ гэжээ.

Гэтэл Т- миний бие Мэргэжлийн нягтлан бодогч биш. 1986 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын материалын технологич мэргэжлээр төгссөн инженер хүн. “*******” ХХК-ийн ерөнхий захирлын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 409 тоот тушаалаар “*******” ХХК-ийн Дархан бөөний төвийн эрхлэгчээр томилогдон 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажиллаж байсан ба намайг ерөнхий нягтлан бодогчоор томилсон тушаал шийдвэр байхгүй, намайг ажиллах хугацаанд тийм тушаал гаргаж танилцуулаагүй.

Салбар хариуцан ажиллаж байсны хувьд компаний ажлын шаардлагаар Санхүүгийн Газрын орон нутгийн салбар хариуцсан нягтлан бодогчийн удирдлага заавар зөвлөмжөөр ажиллаж байсан. энэ хугацаанд сар бүр /сард 1-2 удаа/ компаний  санхүүгийн газрын нягтлан бодогч нар, дотоод хяналтын газрын аудиторууд биечлэн ирж хяналтын тооллого шалгалтыг тогтмол хийж байсан бөгөөд алдаа дутагдал, зөрчил гарч байгаагүй ба миний ажлыг шалгаад ажиллаж байсан байдлыг буруу зөрүү байна гэж тодорхойлж байгаагүй харин Эрдэнэт салбартай харьцуулан зааврын дагуу зөв ажиллаж байна гэж сайшааж байсан болно.

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1-д Аж ахуйн нэгж, байгууллага гэсэн байгаа тул Аж ахуйн нэгж, байгууллагад шийтгэл оногдуулах хуулийн заалт байтал  надад шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэрэгт Прокурорын газраас ирүүлсэн “*******” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын нягтлан бодогч T- гаргасан зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар холбогдох материалыг хүргүүлэв гэсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/764 тоот албан бичгийн дагуу бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б- миний бие 10 дугаар сарын 25-ны өдөр гомдлын дэвтэрт бүртгэн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан. Улсын ерөнхий прокурорын баталсан ЗШША-1 магт Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлийг хөтөлсөн.

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Прокурорын газарт бүртгүүлэн 171800159 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Т-г Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 209 тоот өрөөнд дуудсан хугацаанд ирэхэд

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын баталсан ЗШША-6 маягт “ Хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай тэмдэглэл”-ийг үйлдэж, 161 хуудас бүхий хэргийн материалтай танилцуулсан. Т- нь ЗШША-6 маягтын тэмдэглэл, хэргийн материалтай танилцаад гаргасан санал хүсэлт хэсэгт тайлбар бичээгүй болно.

- “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн 3 дугаар бүлгийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Холбогдогчийн эрх”, 3 дугаар хэсэг “Холбогдогчийн үүрэг”-ийг танилцуулсан.

- Мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг эрх бүхий албан тушаалтны тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэснийг танилцуулсан.

- Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралт /маягт 1/-ээр шийтгэлийн хуудсаар 400,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

Нэгдүгээрт: Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-т “Гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй” гэсэн заалтад гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч гэсэн хоёр албан тушаалтны үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох бөгөөд T- ажлын байрны тодорхойлолт, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1.5-т Ажилтны ажлын байр буюу албан тушаалын нэр хэсэгт: Салбарын эрхлэгч, нябо гэж заасныг үндэслэн нягтлан бодогч нь үүргээ биелүүлээгүйгээс хариуцлага тооцох үндэслэл болсон.

Хоёрдугаарт: Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24-т “нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй” тохиолдолд зөрчил гэж үзлээ.

 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “Мэргэжлийн нягтлан бодогч гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээ төгссөн хүнийг, Нягтлан бодон бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “Мэргэшсэн нягтлан бодогч” гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг хэлнэ. Т- мэргэжлийн нягтлан бодогч биш байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24 дэх заалтаар хариуцлага тооцсон.

Гуравдугаарт: Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т “Ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т “Ерөнхий нягтлан бодогч” гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг” хэлнэ гэж заасан байна.

T- АПУ трейдинг ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтыг үндэслэн нягтлан бодогчид хариуцлага тооцсон.

Нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах нягтлан бодогчийг ерөнхий нягтлан бодогч гэдэг нэрээр заасан.

Нэхэмжлэл дээр надаас зөрчил гарсан талаар ямар нэг мэдүүлэг ,тайлбар аваагүй нотлох баримт гаргаж өгөх, шалгуулах эрхээр хангаагүй, ямар ч хамааралгүй хуулийн зүйл заалтаар торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байна гэсэн байна.

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын баталсан ЗШША-6 маягт “Хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай тэмдэглэл” –ийг үйлдэж, 167 хуудас бүхий хэргийн материалтай танилцуулсан. Т- нь ЗШША-6 маягтын тэмдэглэл, хэргийн материалтай танилцаад гаргасан санал хүсэлт хэсэгт тайлбар бичээгүй болно.

 Хэргийн баримтыг судлахдаа цаг хугацаа их шаардсан ба ажлын байдал, яагаад борлуулагч мөнгө дутааж ашиглах болсон, төв компаний хяналт, бусад салбарын тухай, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэхийг илүү чухалчилдаг байсан, нягтлан бодогч салбарын эрхлэгч хоёрыг зэрэг хийхэд хүндрэлтэй байдаг байсан, салбар Хаан банкны данс байдаггүй тул борлуулагч хувийн дансаараа мөнгө авдаг байсан, компьютер хүрэлцээ муутай тул борлуулагч нь салбарын эрхлэгчийн компьютер дээр сууж тайлан мэдээгээ шивэхдээ эрхлэгчийн мэдээ тайланг зассан байсан гэх мэт мэдүүлгүүдийг авсан. Бичихэд цаг хугацаа их шаардах байсан тул ярьж тайлбарласан бүх зүйлийн гол агуулгыг бичиж хэргийн материалд хавсаргасан.

Анхан шатны баримтад засвар оруулсан, борлуулагч байгууллагын мөнгийг хувийн дансаараа оруулдаг байсан, харилцагч нартай тооцоо нийлээгүй, өөрийн мэдээ тайлан бэлтгэдэг компьютер дээр борлуулагчийн тайлан мэдээг хийлгэдэг, нярвын тайлан борлуулагчийн тайланг анхан шатны баримтуудтай тулгаж тайлан гаргадаггүй байсан зэрэг  үйл ажиллагаануудад хяналт алдагдсан, ажлын байрын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж, хууль журмыг хэрэгжүүлж ажиллаагүй. Борлуулагчийг олон жил сайн ажилласан итгэл хүлээсэн хүн гэдгээр хандаж байснаас хяналт суларсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 50/0002 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Юмжав овогтой Таванжин нь “Апу трейдинг” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь  салбарын эрхлэгч, нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2017 оны 5 дугаар сарын борлуулалтын орлогоос орж ирсэн мөнгөнөөс дутсан 403.148.256 төгрөгт байгууллагын удирдлага болон нягтлан бодогчийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй, гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.18 зүйлийн 1.14, 1.24, 1.25 дахь хэсэгт заасныг үндэслэн шийтгэлийн хуудасны  шийдвэрлэх хэсгийн нэг дэх заалтаар: T- гаргасан удирдлага, болон нягтлан бодогчийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.18 зүйлийн 1.14, 1.24, 1.25 дахь хэсэгт заасны дагуу 400 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэл оногдуулж, хоёрдох заалтаар: Оногдуулсан шийтгэлийн 400.000 төгрөгийг Төрийн сангийн 100190000941 тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д ”Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.

1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.

1.3 дугаар зүйлийн 2-т ”Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж

Мөн  хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих, 11.18 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ээс 1.25-д  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн энэ хуульд  шийтгэл оногдуулахаар заасан зөрчлүүдийг дурджээ.

Нэхэмжлэгч  Юмжав овогтой Таванжин “*******” ХХК-ийн ерөнхий захирлын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ”Ажилд томилох тухай” 409 тоот тушаалаар “*******” ХХК-ийн Дархан бөөний төвийн эрхлэгчээр анх  2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилогдон  2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажиллахдаа салбарын эрхлэгч, нягтлан бодогчийн ажлыг давхар хийдэг байсан нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1414 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 4 дүгээр сарын борлуулалтын тайлан, авлагын товчоо, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй, бараа материалын тайлан, шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа төдийгүй, салбарын нягтлан бодогчийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын ..., нягтлан бодогч нь “...үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах”  үүргийг хуулиар хүлээсэн боловч “Апу трейдинг” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь  салбарт борлуулагчаар ажиллаж байсан Г.Энх-Амгалан 2017 оны 5 дугаар сарын борлуулалтын орлогоос орж ирэх 403.148.256 төгрөгийг дутаасан үйлдэлд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй  болох нь  2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариуцагчийн бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгч T- Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-т заасан “...нягтлан бодогч нь..., үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй”  зөрчилд нь энэ хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т “... бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр...” торгоно” гэж заасны дагуу 400 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэл оногдуулсан нь  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин хариуцагч нь  Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.24-т “нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж буруутгаж байгаа хэдий ч  энэхүү зөрчилд нь торгуулийн шийтгэл оногдуулсан болох нь “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 50/0002 дугаартай шийтгэлийн хуудсаар нотлогдохгүй байх тул энэхүү үндэслэлийг хянах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс намайг  Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-т  заасан “Гүйцэтгэх удирдлага” гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй,  11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т заасан “Ерөнхий нягтлан бодогч биш байхад энэхүү хуулийн заалтаар дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь хууль бус,  Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйл нь надад ямарч хамааралгүй, аж ахуйн нэгж, байгууллагад л хамаарах заалт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ээс 1.25-д  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн энэ хуульд  шийтгэл оногдуулахаар заасан зөрчлүүдийг дурдсан байх бөгөөд 1.1-ээс 1.24-дэх хэсэгт заасан зөрчил тус бүрд нь торгох шийтгэлийг бичээгүй ч хамгийн сүүлийн зөрчил буюу 1.25-т “Ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж шийтгэл бичигдсэн нь 1.1-ээс 1.24-дэх хэсэгт заасан зөрчилд мөн адил хамаарах заалт юм.

Хариуцагч нь “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 50/0002 дугаартай шийтгэлийн хуудсанд баримталсан хуулийн заалтуудыг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14,  1.24, 1.25 гэж бичих байтал, 11.18 зүйлийн 1.14, 1.24, 1.25 гэж бичсэнг дурдах нь зүйтэй байна.

Дээрхи байдлаас дүгнэхэд “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б-гийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай”  50/0002 дугаартай  шийтгэлийн хуудасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ   нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.18 зүйлийн 1 дэх хэсгийн 1.14, 1.25-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т-гээс Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б- холбогдуулан гаргасан  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б-гийн “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  50/0002 дугаартай  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлагатай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

    

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ