Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 20

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                         Даргалагч шүүгч                                           Б.Батзориг

                         Шүүгчид                                                         С.Оюунцэцэг

                                                                                                Г.Давааренчин

                Оролцогчид:

                         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                         Б.Цогням

                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор А.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Ж.Оюунчимэгт холбогдох “зээлийн төлбөр 9.706.950 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч А.Отгонбаяр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Иргэн А.Отгонбаяр миний бие иргэн Ж.Оюунчимэгтэй 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй, алданги тооцохгүйгээр зээлдүүлэх гэрээг бичгээр үйлдэж, түүнд 5.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болно. Гэвч Ж.Оюунчимэг зээлээсээ 500.000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг гэрээний дагуу буцааж төлөөгүй өнөөг хүрлээ.

Иймд хариуцагч Ж.Оюунчимэгээс үлдсэн зээл 4.500.000 сая төгрөг, зээлийн хүү 5.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 206.950 төгрөг, бүгд 9.706.950 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Зээлдэгч Ж.Оюунчимэг нь мөнгө зээлдүүлэх хүсэлтийг анх А.Отгонбаярт гаргасан. Зээлдүүлэгч А.Отгонбаяр хариуд нь хүүтэй мөнгө зээлдүүлэх санал өгсөн. Үүнийг Ж.Оюунчимэг хүлээн зөвшөөрч, бичгээр гэрээ үйлдэж гарын үсэг зурсан байгаа. Үндсэндээ 5 сарын хугацаатай 5 сая төгрөг зээлсэн. Энэ гэрээний гол нөхцөл нь Иргэний хуульд заасан хүү, хугацааг тодорхой заасан. Гэрээг заавал бичгээр хийнэ гэсэн нь хуулийн дагуу нийцэж байгаа. Анх гэрээ байгуулсанаас хойш өнөөг хүртэл 2 жил өнгөрсөн байна. Зээл төлсөн байх хугацаа 1 жил 1 сараар хэтэрсэн байна. А.Отгонбаяр Ж.Оюунчимэгээс 500.000 төгрөг хүлээн авсанаа хүлээн зөвшөөрдөг. Харин 1.000.000 төгрөгийг аваагүй гэдэг. Зүгээр л А.Отгонбаяр хүүхдийн хувцас зараад өгөөч гэж Ж.Оюунчимэгт хандсан байгаа юм. Ж.Оюунчимэг энэ хувцасны мөнгийг л өгсөн. Энэ хувцасны мөнгийг зээлийн мөнгөтэй хольж хутгамааргүй байна. Нийтдээ нэхэмжлэлийн шаардлага бол 9.706.950 төгрөгийг Ж.Оюунчимэгээс гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.

Хариуцагч Ж.Оюунчимэг анхан шатны шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“…Иргэн Ж.Оюунчимэг миний бие нь иргэн А.Отгонбаяртай 2014.05.23-наас 2014.10.23-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй 5 сая төгрөгийг зээлсэн нь үнэн. Энэ хугацаанд би 1 сая төгрөгийг төлсөн.

А.Отгонбаяр сар болгон надаас мөнгөний хүү гээд 200.000 төгрөг авч байсан. Хувцасны мөнгийг би тооцоогүй. Миний ойлгож байгаагаар гэрээнд заасны дагуу хугацааны хүүг тооцъё гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 5 сарын хугацааны хүү өгнө гэж бодож байгаа. Тэгэхээр 7.500.000 болж байгаа. Үүнээс 1.000.000 төгрөгийг өгсөн учраас үндсэндээ 6.500.000 төгрөг өгнө гэж бодож байна...шүүх хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өөлд овогт Жамъянгийн Оюунчимэгээс 6.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ж.Оюунчимэгээс 118.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Отгонбаярт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

“...Талууд анхнаасаа зээлийн гэрээ байгуулахдаа анз /алданги/ төлөхгүй байхаар тохиролцсон, нэхэмжлэгч алданги төлөх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, байхад  шүүх анзыг хүү гэж тооцон хасч тооцсоныг буруу гэж үзэж байна. Хариуцагч Ж.Оюунчимэг нь анхан шатны шүүх хуралдаан дээр сард 20 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэрээг бичгээр хийсэн, 5 сарын хугацааны хүүг төлөх тухай хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасаар байхад хүүг хасч тооцсон нь үндэслэлгүй юм.

Иймд Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 208 тоот шийдвэрт үндсэн зээлийн 5 сая төгрөгнөөс 1 сая төгрөгийг авсан тул 4 сая төгрөгийг, зээлийн хүүгийн 5 сая төгрөг нийт 9 сая төгрөгийг оногдох улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар өөрчлөлт оруулж өгөхийг хүсье...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...А.Отгонбаяр нь Ж.Оюунчимэгт 5 сая төгрөгийг зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтласан нь үндэслэлгүй юм. А.Отгонбаяр мөнгөө зээлдүүлэхдээ хүү тооцсон, харин алданги тооцоогүй. Нэхэмжлэл гаргахдаа ч алданги тооцоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  А.Отгонбаяр нь хариуцагч Ж. Оюунчимэгт холбогдуулан зээл, зээлийн хүү 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч Ж.Оюунчимэг нь нэхэмжлэгч А.Отгонбаяраас  5.000.000 төгрөг зээлж, зээлийн хүүд сар бүр 200.000 төгрөг төлсөн.  Одоо зээл болон хүүд нийт 6.500.000 төгрөг төлөх ёстой гэж маргасан байна.  

2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус зээлийн гэрээгээр талууд  үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөх эсэх талаар тохиролцоогүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд анз төлөх талаар талууд тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа анзын талаар огт дурьдаагүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний хүүг анз гэж үзэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хүүг 50 хувиар хасч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “...шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана...”, 118 дугаар зүйлийн 118.4-т “...үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар зохих дүгнэлт хийх, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...”,  282 дугаар зүйлийн 282.1-д “...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно...”, 282 дугаар зүйлийн 282.3-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэж заасны дагуу талуудын гэрээгээрээ сарын 20 хувийн хүү төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч А.Отгонбаярын  гэрээний үүрэг болох үндсэн зээл болон 5 сарын хугацааны хүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 сарын 21-ны өдрийн 208 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Ж.Оюунчимэгээс 9.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Отгонбаярт олгосугай.” гэж,

2 дахь заалтын:

“...118.950 төгрөг гаргуулж” гэснийг “...206.950 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн    59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ                                   Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧИД                                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                      Г.ДАВААРЕНЧИН