Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00040

 

         ТЗ  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 411 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар магадлалтай,

ТЗ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

Ажлын хөлсний үлдэгдэл, алдангид нийт 14.222.609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ширнэнжавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ширнэнжав, өмгөөлөгч Э.Нямжав, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ТЗ  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Сэлэнгэ аймгийн Засаг даргатай 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ерөө бүсийн зам засварын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг ажлыг 2015 оны 07 дугаар сарын 20-нд эхлүүлж гэрээнд заасан нөхцөл, гэрээт хугацааны дагуу чанарын өндөр түвшинд зам засварын ажлыг 100% өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусган 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр улсын комисс хүлээн авсан. Талууд гэрээний тусгай нөхцлийн 48.0-д Урьдчилгаа төлбөр олгохгүй ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд 1 дэх санхүүжилт гэрээний үнийн дүнгийн 40 хувийн санхүүжилт, ажлын 80 хувьд хүрэхэд 2 дахь санхүүжилт олгож ажлыг бүрэн хүлээлгэн өгсний дараа сүүлийн санхүүжилт 20 хувийг олгоно, мөн гэрээний 40.0-д Төлбөр хийх хугацаа нь төлбөрийн мэдэгдэл өгснөөс хойш 14 хоног байна, мөн гэрээний 46.0-д Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь, нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувь байна гэж тохиролцсон. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар нь гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд гэрээний үнийн дүнгийн 40 хувийн санхүүжилтыг олгох байтал ажил хүлээлгэн өгснөөс хойш бүтэн 3 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 47.292.770 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 44.978.721 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 34.828.281 төгрөг, мөн өдөр 515.098 төгрөгийг тус тус шилжүүлж үлдэгдэл 2.000.000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 2.000.000 төгрөг,  гэрээний  тусгай нөхцлийн 46.0-д зааснаар алдангид 12.222.609 төгрөг нийт 14.222.609 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү. Алдангийг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож байгаа гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны аймгийн орон нутгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Ерөө бүсийн зам засварын ажил 154.450.000 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр тендер зарлагдаж хамгийн бага үнийн санал ирүүлсэн ТЗ ХХК-тай Ерөө бүсийн зам засварын ажлыг гүйцэтгэх гэрээг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 142.320.509 төгрөгөөр хийлгэхээр гэрээ байгуулсан. Үүнээс: Зураг төсвийн үнэ 2.705.639 төгрөг, Техник хяналтын зардал 2.575.492 төгрөг байхаар тусгагдаж ТЗ ХХК нь Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГ-тай захиалагчийн хяналт тавих гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг тус газарт шилжүүлэн өгсөн байдаг. Захиалагч аймгийн Засаг даргын тамгын газар нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хяналтын зардлыг Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГ-т олгох байсан боловч ТЗ ХХК-нд олгосон байдаг. Засаг даргын тамгын газар нь төсвийн хүндрэлээс шалтгаалан эхний санхүүжилтийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 47.292.770 төгрөгийг олгож үлдэгдэл санхүүжилтийг 2016 он дамжуулан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 44.978.821 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 31-нд 34.828.281 төгрөгийг зураг төсөв, захиалагчийн хяналтын зардлаас бусад гэрээнд заасан санхүүжилтийг олгож дууссан. Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай 81 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу гэрээг байгуулж, хэрэгжүүлдэг. Гэрээний ерөнхий нөхцлийн заалтуудын үг, үсэг, агуулгыг өөрчилж үл болно гэж заасан байдаг. Мөн тус бүлгийн 46.0-д Алданги гэсэн ойлголтыг тодорхойлсон бөгөөд 46.1-д гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй. Захиалагч нь алдангийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутган авч болно. Алданги төлсөн нь гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагыг хөндөхгүй байхаар журамласан тул тус компаний нэхэмжилсэн 12.222.609 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төсвийн тодотголд оруулсан учир төлнө гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 411 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 346 дугаар зүйлийн 346.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас 3.000.000 төгрөг гаргуулан ТЗ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.222.609 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 411 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТЗ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 12.222.609 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ширнэнжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04 -ний өдрийн 32 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "Гэрээ дүгнэсэн протокол" үйлдэгдсэн боловч энэхүү протоколд Захиалагч талыг төлөөлж эрх бүхий этгээд болох Засаг даргын Тамгын газрын дарга гарын үсэг зураагүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “... захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер захиалагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Иймээс “Гэрээ дүгнэсэн протокол” нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр болоогүй юм. Иймд бидний хооронд 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Ерөө бүсийн зам засварын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний 5 дахь заалт, гэрээний тусгай нөхцлийн 46.0, 48.0 заалтууд болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги болох 12.222.609 төгрөгийг хариуцагчаас гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ТЗ  ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 14.222.609 төгрөг шаардахдаа ажлын хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөг, алданги 12.222.609 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч алдангийг эс зөвшөөрч, маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Ерөө бүсийн зам засварын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх ба гүйцэтгэгч ТЗ  ХХК нь гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин захиалагч ажлын хөлсийг бүрэн төлсөн эсэх, алданги төлөхөөр тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд ажлын хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төлөөгүй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрчээ.  

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийн алдангийг хангахдаа хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэхгүй байна. 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т заасан бөгөөд мөн зүйлийн 232.6-т “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон.

Хэргийн 6 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 46.0-д “нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувь байна. Алдангийг ажил гүйцэтгэх үе шатны графикаар тооцох бөгөөд нийт алдангийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувьд хүрсэн тохиолдолд гэрээ цуцлагдах үндэслэл болно” гэж заасан, нэхэмжлэгч уг заалтыг үндэслэн алданги шаарджээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан бөгөөд гэрээний дээрх заалт нь алдангийг хэрхэн тооцох, ямар тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл болохыг зохицуулсан агуулгатай байна.

Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, тодруулбал ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд анз төлөхөөр талууд тохиролцсон нь тодорхой бус, гэрээнд энэ талаар тусгагдаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй болно.

Анхан шатны шүүх “...гэрээний тусгай нөхцлийн 46.0 дах заалт нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн атлаа 1.000.000 төгрөгийн алданги тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангид нэхэмжилсэн 12.222.609 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ширнэнжавын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 210.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ