| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01306/и |
| Дугаар | 1436 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1436
Хэргийн индекс: 135/2016/01306/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын өргөө баг *** тоотод оршин суух Б*** М*** /регистрийн дугаар *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг *** тоотод оршин суух Х*** З*** /регистрийн дугаар ***/-д холбогдох,
“535,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М***, хариуцагч Э.З*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.ММ*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний сайн таньдаг ах З*** 5 дугаар сарын эхлээд гадаад улсаас буюу Лондон хотоос ирсэн. Тэгээд над дээр ирж надтай хамт нэг хоносон. Тэгээд маргааш нь гэртээ орохдоо 150.000 төгрөг зээлж аваад, дараа дахиад тоглож байна гэж хэлээд гэрч Б*** оор 40.000 төгрөг надаас ирж авахуулсан. Тэгээд дахиж надтай холбогдоод З*** ах “утсаа ломбарданд тавих гээд явж байна” гэж хэлэхээр нь би “надад утсаа барьцаанд өгөөд мөнгө авчих гэж хэлсэн” тэгээд надаас 345.000 төгрөг авсан. Тэгээд намайг машинаараа хүн хүргээд өгчих гэж хэлээд дагуулаад явсан. Би З*** ахын хэлсэн хүнийг хүргэж өгчихөөд З*** ахын араас очтол тоглож байсан. Тэгээд надаас зээлсэн мөнгөө надад эргүүлж өгөөд “чи түрүүвчиндээ хийж байгаад, хэрэг болохоор гаргаж өгөөд байгаарай” гэж хэлсэн. Маргааш нь барьцаанд тавьсан утсан дээрээсээ хүнд зураг үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд надаас утсаа аваад явсан. Иймээс нийт 535.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.
Хариуцагч Э.З*** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Би Лондонгоос 5 сард ирээд найз нартайгаа гадуур уулзсан. Тухайн үед баар, буудал хэсч байгаад тэр оройноо хоносон. Тэгээд тэр болгоны тооцоог би өөрөөсөө гаргаж байсан. Надад 500.000 төгрөг байсан. А.ММ*** хүртэл бид нартай хамт хоносон. Тэгээд өглөө нь би гэртээ орох гэсэн чинь А.ММ*** гэртээ яаж хоосон орох вэ дээ гээд ломбардныхаа хажуугийн дэлгүүрээс чихэр, жимс авч өгсөн. Би тухайн үед 150.000 төгрөг авсан гэдгээ мэдэхгүй байна. Надад “та одоо улаан мөнгөгүй болчихсон юм чинь” гэж хэлээд надад мөнгө байсан. Тэр мөнгө хэлэн төгрөг байсаныг би мэдээгүй. Энэ мөнгийг би А.ММ***эс зээлсэн гэж бодоогүй. М.Б*** оор би “хөзөр тоглож байна” гэж хэлээд ММ***эс 40.000 төгрөг авахуулсан нь үнэн. А.ММ*** надаас 150.000 төгрөгөө нэхсэн. Тэгхээр нь би 2 уулаа Г*** тай мөрийтэй тоглъё тэгээд хэн хэн нь мөнгөө өсгөх боломжтой гэж хэлээд бид хоёр Г*** тай тоглосон. Тухайн үед А.ММ*** өөрийнхөө цүнхнээс мөнгө гаргаж өгч байсан. Надад огт мөнгө өгөөгүй. Г*** бид хоёрыг хожоод, надад цаана нь 200.000 төгрөг үлдсэн байсан тэрийг хүртэл Г*** хожоод авчихсан. Би Г*** т 6-7 сая төгрөг алдсан байдаг. Би Г*** ыг цагдаад өгч байсан. тэгээд Г*** би 6 сая төгрөг аваагүй ээ 2 сая төгрөг авсан гэж цагдаад мэдүүлэг өгөөд, тэр мөнгөнөөсөө надад 1.000.000 төгрөгийг өгдөг. Тэгээд цагдаа мөрийтэй тоглоом тоглох гэсэн зүйл анги байхгүй гэж хэлээд тэр хэргийг хаасан байсан. Би бол ММ***эс мөнгө аваагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.ММ*** нь “ ...2016 оны 05 дугаар сарын эхээр хариуцагч Э.З*** нь гэртээ юм авах гэсэн юм гэхээр нь түүнд 150,000 төгрөг өгсөн. Түүний хойш 3 хоногийн дараа Э.З*** нь мөрийтэй тоглож байна, мөнгө дутаад байна гээд утсаар ярихаар нь 40,000 төгрөг өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 345,000 төгрөгийг тус тус өгсөн. Иймд хариуцагч Э.З*** эс 535,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Э.З*** нь “...Би гадаадаас ирээд найз нартайгаа найргиж хоносон. Маргааш нь гэртээ орох гэсэн чинь мөнгөгүй болчихсон байсан учир А.ММ*** надад дэлгүүрээс юм авч өгсөн. Яг хэдэн төгрөгөөр юм авсныг би мэдэхгүй. би тоглож байгаад мөнгө дутаад 40,000 төгрөгийг А.ММ***эс авсан нь үнэн. Сүүлд авсан 345,000 төгрөгийг бид хоёр цуг явж тоглоод хүнд алдсан. Алдсан хүнээсээ А.ММ*** нэхэх ёстой...” гэж маргасан болно.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч Э.З*** нь нэхэмжлэгч А.ММ***эс 2016 оны 05 дугаар сард гэртээ хүнсний зүйл авах зорилгоор 150,000 төгрөгийг, мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 40,000 төгрөг, 345,000 төгрөгийг тус тус зээлж авсан болох нь гэрч Б*** ийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-т “Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй”, 486.2-т “Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч А.ММ*** шүүх хуралдаанд “...Э.З*** утсаар “би тоглож байна мөнгө дутаад байна...” гээд Б*** ийг явуулж надаас 40,000 төгрөг авсан. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр надаас 345,000 төгрөг зээлж аваад намайг түрийвчиндээ мөнгөө хийчих гээд надаар машинаа бариулаад мөрийтэй тоглосон. Тоглохдоо намайг түрийвчнээс мөнгө гаргаж өгөөд байгаарай гэж хэлсэн...” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд уг тайлбараас үзэхэд нэхэмжлэгч А.М*** ийг хариуцагч Э.З*** д мөрийтэй тоглоход нь зориулж зээл олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс нэхэмжлэгч А.М*** нь мөрий тавихад нь зориулж олгосон нийт 385,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй болно.
Харин хариуцагч Э.З*** д 150,000 төгрөгийг нэхэмжлэгч А.М*** зээлдүүлсэн болох нь гэрч Б*** ийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Э.З*** эс 150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.ММ***д олгож, нэхэмжлэгчийн үлдэх 385,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаан дээр талууд гэрч асуулгах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч А.М*** ий гэрч асуулгах хүсэлтийг хангаж, хариуцагч Э.З*** гэрч асуулгах хүсэлтдээ гэрчээр асуулгах Г*** ын хаяг, овог нэрийг тусгаагүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 486 дугаар зүйлийн 486.2-д зааснаар хариуцагч Э.З*** эс 150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.ММ***д олгож, нэхэмжлэгчийн үлдэх 385,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.М***эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.З*** эс улсын тэмдэгтийн хураамж 5,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА