Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/88

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шинжээч эмч Ж.Жаргалан

Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт Бд холбогдох 1921008400015 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 26-26 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл:Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, .......................... овогт Б. /РД: ...................

Шүүгдэгч Б нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн орчим хохирогч Э-г өөрийн нөхөртэй хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь өвчүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой “Нарлаг” дэлгүүрийн гадна манай нөхөр, Э хоёр машин дотроо сууж байсан. Энхцэцэг мэдүүлэгтээ “Б машины хаалга онгойлгоод цохисон” гэсэн байсан. Тийм зүйл болоогүй. Би машины хаалгыг онгойлгоод нөхөртөө “хоёулаа хүнгүй газар очоод ярилцъя аа” гэхэд “чамтай юу ярьдаг юм бэ?” гэж хэлээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би уурлаад нөхөртөө гар хүрсэн. Тэр үед Э ирээд нөхөр бид хоёрыг салгахад манай нөхөр цааш зугтаагаад явчихсан. Тэгээд Э миний гар утсыг булаах гэж оролдохоор нь би үснээс нь зулгаасан юм. Би Э-г өшиглөөгүй. Гэтэл Дашхүү байцаагч “би чиний камерт бичигдсэн бичлэгийг үзсэн” гэж хэлэхээр нь би Э-ийг өшиглөөгүй гэж андуурсан юм байхдаа гэж бодоод өөрийгөө өшиглөсөн гэж бодсон. Гэвч би Э-ийг өшиглөөгүй. Харин үснээс нь зулгаасан” гэв.

 

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би машинаас бууж очоод тэр хоёрыг больцгоо, учир зүйгээ олж ярилцъя гэж хэлсэн. Тэр үед Б эхнэрээсээ зугтаад гүйгээд яваад өгсөн. Тэгтэл Б намайг үгийн зөрүүгүй үсдэж аваад намайг хойш нь гэдийлгэж газар унагаасан. Намайг унасан үед Б миний цээж рүү 2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн ба үргэлжлүүлж миний толгой болон нуруунд зангидсан гараараа цохисон. Намайг зодож байхдаа Б та хоёр ингэх гээд байсан юм, би та хоёрыг заавал алнаа гээд бахираад байсан. ...би бариачид 10 хоногийн төлбөр гэж 200.000 төгрөг өгсөн, Улаанбаатар хот руу явсан нэг талын зардал болох 40000 төгрөг, ... эм тариа, рентген зураг, шинжээчид үзүүлсэн мөнгө, нийт 300000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 16-18, 19-20/

 

Шинжээч эмч Ж.Жаргалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 254 дугаартай Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 254 дугаартай тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар дүгнэлт гаргасан. Хохирогч Э-ийн биед 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор биед нь үзлэг хийсэн. Үзлэгээр цээжний ар хэсэг болон өвчүүний хэсэгт эмзэглэлтэй гэдэг нь тогтоогдсон. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Э-ийн цээжний рентген зургаар “өвчүүний хоёрдугаар үеэр хугарал тодорхойлогдоно” гэсэн эмчийн бичигтэй байсан. Гэмтлийн зэргийг тогтоож байгаа үндэслэл нь рентген зурагын хариу буюу өвчүүний хугарал юм. Өвчүүний хугарал 30 хоногоос дээш хугацаанд эдгэрдэг юм. Иймд Э-д учирсан гэмтлийг  хүндэвтэр гэмтэлд тооцсон. Гэмтэл авсан хүн бүхэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Эмнэлэгт гэмтэл авсан хүн бүрийг хүлээн авах боломжгүй юм. Гэмтлийг эрүүл мэндийг сарьнуулсан хугацаагаар нь гэмтлийн зэргийг тогтоодог. Би нотлох баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан. Өвчүүний хугарал эдгэрлийн хугацаагаараа 28 хоног ба түүнээс дээш хоног байх тул гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна. Ердийн нөхцөлд эмчилгээ хийлгэхгүйгээр өвчүүний хугарал өөрөө эдгэх боломжтой. Гэхдээ гэмтэл авсан хүний нас, хүйснээс яаж хугарсан байдал зэргээс хамаарч цаг хугацааны хувьд өөр өөр байна гэв.

 

Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө дүү охин Ундралыг эмнэлэгт эргэж очиж уулзана гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд орой 19 цагийн орчимд манай ээж Э манайд ирсэн бөгөөд царай нь баргар бие нь өвдсөн байдалтай байсан. Би ээжээсээ юу болсон талаараа асуухад “Би Б гэх хүүхэнтэй хэрэлдээд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед ээж маань надад амьсгалахад цээжээр өвдөөд байна гэж хэлээд хэвтэж чадахгүй байсан. ...Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө ээж маань эмнэлэгт үзүүлээд ирэхдээ өвчүү маань хугарсан байна гээд надад хэлсэн. Би ээжээс яг юу болсон талаар дэлгэрүүлж асуухад ээж Б миний цээж рүү өшиглөөд байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

 

Гэрч Я.Энхзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Э-ийн цээжний рентген зургийг авч, Э-ийн биед үзлэг хийж, зовиур шинж тэмдгүүд зэргийг үндэслэж цээжний өвчүүний 2-р үений түвшинд дунд хэсгээр далд хугаралтай байгааг тогтоосон. Рентген зургийг харж уншихад шинэ гэмтэл болох нь тогтоогдсон. Рентген зургийг харж уншихад шинэ гэмтэл болох нь тогтоогдсон, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл бол биш. ...Уг гэмтэл цээж рүү хүчтэй цохиж, өшиглүүлэх үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 747 тоот дүгнэлтэд: “1. Э-ийн биед өвчүүний далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 37/

 

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 33-35/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36 /

-Рентген зураг /задгай 1 хуудас/

-Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн орчим хохирогч Э-ийг өөрийн нөхөртэй хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь өвчүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э гэрч А, Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, рентген зураг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 747 тоот дүгнэлт, шинжээч эмч Ж.Жаргалангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

  

Шүүгдэгч Бд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.   

 

Шүүгдэгч Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй байна.

 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба “хохирогч нь 300.000 төгрөг нэхэмжилнэ гэж” мэдүүлсэн байх боловч хохирлын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хохирогч Э нь эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдвэл зохино.

 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 1 ширхэгийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бгийн .................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3-3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч .................. овогт Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч нь эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 1 ширхэгийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бгийн ................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ