Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1437

 

Хэргийн индекс 135/2015/00978/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, *** тоотод оршин суух, И*** Б*** /регистрийн дугаар *** 3/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум өөрийн байр *** банк /утас *******, *******/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *** дүгээр байрны ** тоотод оршин суух, Б*** н Н*** /регистрийн дугаар *** /
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороолол 7 дугаар хэсэг *** тоотод оршин суух Б*** О*** /регистрийн дугаар ***/ нарт холбогдох,
“Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*** , хариуцагч *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*** , Т.Г*** , хариуцагч Г.Н*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...... нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартаа:
“...С.Б*** миний бие 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн Дархан сумын 9 дүгээр баг *** тоот 3 өрөө орон сууцыг Г.Н*** д Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн. Тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2015 онд  Сум дундын 7 дугаар шүүхэд Г.Н*** д холбогдуулж нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн ба тус иргэний хэрэг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.06.30-ны өдрийн *** дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.09.07-ны өдрийн *** дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2015.11.10-ны өдрийн *** дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж С.Б*** миний бие Г.Н*** тэй байгуулсан 2012.08.16-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож” шийдвэрлэсэн. 2012.08.16-ны өдрийн тус хүчин төгөлдөр бус Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үр дүнд С.Б*** миний бие өөрийн өмчилж, амьдарч байсан одоо ч амьдарч байгаа Дархан сумын 9 дүгээр баг *** тоот 3 өрөө орон сууцнаасаа хөөгдөж гарахад хүрээд байгаа юм. 
Учир нь Г.Н*** , түүний хүү Д.О*** нар нь *** банкны Дархан салбартай 2014.09.01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээ байгуулж миний байрыг шилжүүлсэний улмаас *** банкны Дархан салбар Дархан сумын 9 дүгээр баг *** тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож намайг болон миний гэр бүлийн гишүүдийг минь байрнаас гаргуулах шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлээд байна. Гэтэл 2012.08.16-ны өдөр С.Б*** , Г.Н*** бид 2-ын дунд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа билээ. 
Иймд иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу 2012.08.16-ны өдөр С.Б*** , Г.Н*** бид хоёрын дунд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах” хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн Г.Н*** , Д.О*** нар болон *** банкны Дархан салбартай 2014.09.01-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “2014.09.01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу “С.Б*** ыг Дархан сумын 9 дүгээр баг *** тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, *** банкны Дархан салбарт орон сууцны өмчлөх эрхийг С.Б*** руу шилжүүлэхийг даалгах тухай” болгон тодруулж байна” гэв.

Хариуцагч *** банкны Дархан салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбартаа:
“...Иргэн С.Б*** нь тус банк болон иргэн Г.Н*** , Д.О*** нартай 2014.09.01-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул дараахи тайлбарыг гаргаж байна. 
Иргэн С.Б*** нь 2012.08.16-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол *** тоот 3 өрөө орон сууцыг иргэн Г.Н*** д худалдаж иргэн Г.Н*** нь 2012.08.30-ны өдөр “*** банк”-тай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан 31.920.000 /гучин нэгэн сая есөн зуун хорин сая/ төгрөгийн зээлийг авсан ба уг төлбөр нь иргэн С.Б*** ын *** банкны *** тоот харилцах дансанд гүйлгээ хийгдэн орсон юм.
Иргэн Г.Н*** нь зээлээ цаг хугацаандаа төлөөгүйн улмаас банк шүүхэд хандаж, 2014.12.08-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн *** тоот захирамжаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Мөн иргэн С.Б*** нь 2012.08.16-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ба энэ нь гурван шатны шүүхээр явж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон боловч Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.11.10-ны өдрийн *** тоот тогтоолоор хянахдаа Хэдийгээр шүүх С.Б*** , Г.Н*** нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон боловч энэ шийдвэр *** банкны эрх ашигт нөлөөлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Манай банк иргэн С.Б*** ыг орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж 2015.03.11-ний өдрийн 231 тоот шүүхийн шийдвэр, 2015.04.20-ны өдрийн 66 тоот магадлал, 2015.06.18-ны өдрийн *** тоот тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн. 
Иргэн С.Б*** нь дээрх тогто*** шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулсан ба дээд шүүхийн 2016.03.01-ний өдрийн *** тоот тогтоолоор барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлдөггүй тул С.Б*** нь С.Н*** д холбогдуулан “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон ч уг эд хөрөнгөд ноогдуулсан барьцааны үүрэг хэвээр байхаас гадна зээлийн үүргийг барьцааны зүйлээр хангахаар тохиролцсоны үндсэн дээр орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хангаж шийдвэрлэсэн.
Мөн иргэний хуулийн 56.5 энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй... гэж заасан байдаг бөгөөд иргэн С.Н*** нь худалдан авсан орон сууцаа буцаан өгөх боломжгүй бол мөнгө хэлбэрээр үүрийг гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд, иргэн С.Б*** нь энэхүү төлбөрийг иргэн Д.О*** гээс гаргуулахаар нэхэмжилж Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.06.30-ны өдрийн *** тоот шийдвэр гарч Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэх албаар ажиллагаа хийгдэж байгаа болно. 
Иймээс манай банкны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Н*** , Д.О*** нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Г.Н*** миний бие нь 2012.08.16-ны өдөр С.Б*** ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр багийн *** тоот 3 өрөө орон сууцыг “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээний дагуу шилжүүлэн авсан.
Хаан банкны эдийн засаг С.Б*** Хаан банкны эдийн засаг Б.Г*** нар нь 2012.07 сард миний хүү Д.О*** д гялгар уутны үйлдвэрийн бизнест хамтран ажиллах санал тавьж хамтран ажиллахаар болсон байсан. Ингээд Д.О*** гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр багийн 1-72 тоот 3 өрөө байрыг Эрэл банкинд 30 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Зээлээ гуравуулаа тэнцүү хувааж төлөхөөр тохиролцсон байсан 2012.07.26-ны өдөр Эрэл банкнаас авсан мөнгөө аваад С.Б*** , Б.Г*** , Д.О*** гурав гялгар уутны үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмж авахаар 07 дугаар сарын 27-ны өдөр Хятад улс явж үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад 15 сая төгрөг дутаж байсан. Ийм учраас Хятадаас ирсний дараа 8 сарын эхээр надад хүү маань С.Б*** ах таны нэр дээр байраа шилжүүлэн зээл авья гээд байна гэхээр би өөрөө Хаан банкинд 15 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан учраас боломжгүй яагаад ч орон сууц худалдан авах гэрээ хийхгүй байх гэдгээ хэлсэн С.Б*** үүнийг маш сайн судалсан байсан танай ээж л боломжтой юм байна гэдгийг хэд хэдэн удаа хэлсэн, гуйгаад байхаар нь чадах л юм бол хамаагүй гээд зөвшөөрсөн. 
Энэ үед С.Б*** Хаан банкинд удаан жил ажилласан квотоор Улаанбаатар хотод байр авахаар хөөцөлдөж байсан. Ингээд бичиг баримтаа бүрдүүлсээр байгаад 2012.08.31-ний өдөр *** банкнаас орон сууц худалдах, худалдан авах зээлийн гэрээний дагуу С.Б*** ын ордер миний нэр дээр шилжсэн С.Б*** ын дансанд *** банкнаас 31,920,000 төгрөг орсон. 
9 дүгээр сарын 01-нд С.Б*** , Д.О*** хоёр дахин Эрээн явсан энэ мөнгөний 15 сая нь үйлдвэрийн тоног төхөөрөмжинд зарцуулагдсан Зээл төлөлт хийхдээ 15 сая төгрөгийн зээлийг С.Б*** , Б.Ганхүү, Д.О*** 3 хувааж төлөлцдөг байсан болохоос байрны зээлээр авсан бүх мөнгөө Д.О*** д өгөөгүй. С.Б*** нь сар бүр 200,000 төгрөг Б.Г*** , Д.О*** хоёр 140,000 төгрөг хувааж төлдөг байсан. Үйлдвэрлэлд оруулсан 15 сая төгрөгийн зээлийг хуваалцаж төлж байсны баримт юм.
Зээлийн эргэн төлөлтийг 2012.09.27-ны өдрөөс 2013.02.27-ны хүртэл хугацаанд нь төлөлт хийсэн байсан 2013.03 сараас сар болгон хугацаа хэтэрсэн зээл төлөлт хийсэн ба 2013.05 сар, 06 сарын төлөлтийг бүр хийгээгүй *** банкны шаардлагаар би 7 дугаар сарын 19-ний өдөр 1,100,000 төгрөг төлсөн С.Б*** , Б.Г*** , Д.О*** 3 төлөх ёстой байсан боловч төлөөгүй бүр сүүлдээ зээлээ төлөхөө больсон. Сар болгоны хугацаа хэтэрсэн зээл байнга нэхэгдэж, орон гэрээр хүртэл ХХБ-ны эдийн засагч нар ирдэг, байнгын дарамттай тайван байх чадахаа больсон. ХХБ-аас удаа дараа анхааруулга зэмлэл сануулга авч байсан тэр болгоныг утсаар тухайн үед Б*** од хэлж байсан утсаа авахгүй тохи*** *** мессеж хүртэл бичдэг байсан 2014.06 сар, 07 сар, 08 сарын зээл төлөлт хийгдээгүй улмаас дахин дахин ХХБ-наас дуудаж зээл төлөхийг шаардаж байсан. Энэ тухай өөрт нь болон эхнэр нь олон удаа хэлсэн байгаа зээл төлөлт хийгдэхгүй байнга хугацаа хэтэрсэн төлөлттэй байсан учраас Г.Н*** би ХХБанкинд Найдваргүй зээлдэгч болж бүртгэгдсэн. Одоо болтол өөр ямар ч банкнаас зээл авах боломжгүй хохирч байна. 
Ингээд 2014.08.30-нд С.Б*** од ХХБанкны мэдэлд байрыг чинь өглөө гэдгээ хэлсэн тухайн үед зээл төлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй, зээлээ төлөхгүй, харилцан ярилцаж санал сэтгэгдэлээ ойлголцохгүй байсан учраас 2014.09 сард ХХБанкны мэдэлд өгсөн надад өөр арга байгаагүй. Сар болгон зээлээ хугацаанд нь төлж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан С.Б*** өөрөө банкны эдийн засагч хүн шүү дээ.
2012.07.26-ны өдөр миний амьдарч байсан Д.О*** гийн эзэмшлийн 3 өрөө байрыг  тавьж 30 сая төгрөг Эрэл банкнаас авахдаа зээлийн төлөлтөө О*** , Б*** , Ганхүү 3 тэнцүү хувааж сар болгон 700,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байсан боловч 08 сард С.Б*** , 09 сард Д.О*** , 10 сард Б.Г*** зөвхөн хүү төлсөн 11 сард үндсэн зээл, зээлийн хүү 2.150.000 төгрөг зээл төлж байсан. Зээлээ төлж чадахгүй байсан учраас хамтарч Netcapital банкнаас Д.О*** гийн нэр дээр хамтарч 2013.02.28-ны өдөр 6.100.000 төгрөгийн зээл авсан гурвуулаа сар болгон 650,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч төлөлцөөгүй Д.О*** дангаараа төлж байсан. Орон сууцны зээл болон Netcapital банкны зээлээ хугацаандаа төлөгдөж чадаагүй өрөнд их хэмжээгээр орсон тул Д.О*** өөрийн амьдарч байсан 3 өрөө байраа 2013.09 сард зарж Эрэл банкны 37,781,964 төгрөг, Netcapital банкны 7,659,000 төгрөгийн зээлийг төлсөн баримтууд байгаа нийт 45,440,964 төгрөг.
Байраа зарсны улмаас өөрсдөө 2013.09 сараас 2014.02 сар хүртэл орох оронгүй ам бүл 5, хүү, бэр, 2 ач охины хамт айлаар амьдарсан. Энэ үед Б*** , Ганхүү 2 хэн ч санаа зовж яаж байгааг асууж байгаагүйд гомдолтой байдаг. 
С.Б*** , Б.Г*** , Д.О*** 3 хамтран тохиролцсоны улмаас шинээр барьсан 8*16 хэмжээтэй үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийг О*** гийн нэр дээр бүртгүүлж, С.Б*** , Б.Г*** нартай хамтран тэдний санаачлагаар төсөл бичсэн 2013.09 сард төслийн зээл авсан. Авсан мөнгөө үйлдвэрийн барилгын ажилд зарцуулагдсан барилгын материалын тооцоог гаргасан байгаа.
Банкны ажилтны нэр төртэй холбоотой, зээл болгоныг Д.О*** гийн нэр дээр авч байсан төслийн зээл авсан үедээ Д.О*** санхүүгийн хувьд давуу болсон тул банкны өрийг ганцаараа төлнө гэж тохиролцож байсан гэж урьд шүүх хурал дээр Б*** ын хэлдэг үнэхээр худлаа. Харин ч Д.О*** өөр байгаа бүх зүйлээ тэр битгий хэл орон сууцаа хүртэл алдсан. С.Б*** , Б.Г*** хоёртой танилцахаас өмнө 3 өрөө байртай, машинтай өр зээлгүй байсан. Одоо орон сууцны урт хугацааны зээлийн байранд амьдарч байна. Төслийн зээлийг ч одоо болтол төлж байгаа.
С.Б*** нь Д.О*** гээс 38,000,000 төгрөг нэхэмжилж шүүхэд өгсөн Шүүхийн шийдвэрээр Д.О*** энэ мөнгийг төлөх шийдвэр гарсан. Д.О*** тэй холбоотой данс карт бүх зүйл хаагдсан учраас одоо орон сууцны зээл болон төслийн зээлээ хугацаанд нь төлж чадахаа больсон. С.Б*** ын хуурамч баримт нотолгоо заль мэх банкны мэргэжилтний ур чадвар нөлөөлсөн гэж үзэж байна. Уг нь С.Б*** үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авахад 15 сая төгрөг л оруулсан хүн дээ. 
Эхнээсээ үйлдвэрлэл явуулах санал гаргаж энэ бүхнийг эхлүүлсэн эзэн нь Хаан банкны эдийн засагч С.Б*** , Б.Г*** нар боловч өөрсдөө уг үйлдвэрийн тоног төхөөрөмж ямар байдгийг ч мэдэхгүй зарим эд анги нь дутуу, хоцрогдсон тоног төхөөрөмж Хятад улсаас оруулж ирчихээд одоо болохоор хамтарч ажиллахгүй гээд бүх өр зээл хохиролоо Д.О*** д тулгаж үлдээсэн Д.О*** үнэхээр хохирч үлдсэн хүүхдийн гэнэн цайлган сэтгэлээр С.Б*** ах тоглож, Д.О*** гийн амьдралыг үнэхээр хохироосон.
Монгол банкинд данслагдсан найдваргүй зээлдэгч нэрийг арилгахыг С.Б*** оос шаардаж байна. Би насаараа хохирмооргүй байна. Би хүнд сайн санаж явснаас өөрөө ингэж хохирно гэж бодоогүй.
Д.О*** д ноогдуулсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шүүхэд өргөдлөө гаргана” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
   ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч С.Б*** нь хариуцагч *** банк, Г.Н*** , Д.О*** нарт холбогдуулан “*** банк, Г.Н*** , Д.О*** нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай” шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн Дархан сумын 9 дүгээр баг *** тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Б*** ыг тогтоож, *** банкны Дархан салбарт орон сууцны өмчлөх эрхийг С.Б*** руу шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан боловч шүүх хуралдаан дээр *** банкны Дархан салбарт орон сууцны өмчлөх эрхийг С.Б*** руу шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно.
Хариуцагч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 
Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн*** дугаартай шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай маргадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай тогтоолоор    “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар С.Б*** , Г.Н*** нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрын 143 тоот 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож шийдвэрлэжээ. /хх-6-8/
Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай захирамжаар “...хариуцагч Г.Н*** нь үүргийн гүйцэтгэл 36,500,229 төгрөгийг барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол *** тоот 39,0 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. 
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай захирамж болон *** банк, Г.Н*** нарын хүсэлт зэргийг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрны 43 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *** банкны Дархан салбарыг бүртгэж, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 000366523 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.
Нэхэмжлэгч С.Б*** нь “хариуцагч Г.Н*** , Д.О*** , *** банкны Дархан салбар нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар буюу дээрх орон сууцны өмчлөгчөөр С.Б*** ыг  тогтоолгохоор” нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Хариуцагч Г.Н*** , Д.О*** , *** банкны Дархан салбар нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээгээр “...2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12/405, 12/405/1 тоот, ЗГ, ЗБГ, гэрээг тус тус байгуулан 31,920,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан Г.Н*** , Д.О*** нар нь тус тус банкнаас зээлсэн. Уг зээлийн үлдэгдэл болох нийт 30,780,774 төгрөг 63 мөнгөний зээлийн үлдэгдлийг хангуулахаар үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлийн 000158961 тоот гэрчилгээний дугаар бүхий, улсын бүртгэлийн Ү-2003008820 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 2 дугаар байр 143 тоот 39,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлэхээр ” тохиролцсон байна. 
 
Хариуцагч Г.Н*** , Д.О*** , *** банкны Дархан салбар нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээ нь :- “шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон С.Б*** , Г.Н*** нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрын 143 тоот 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. 
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 43 дугаар зүйлийн 43.2.3-д “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохи*** *** хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заажээ.
2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь хариуцагч нарын тайлбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэр зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардаж болно”, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний үр дагаварыг арилгуулахаар шаардлага гаргасан.
2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэхүү гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө бусдын эзэмшилд шилжээгүй, ямар нэгэн үр дагавар гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар буюу дээрх орон сууцны өмчлөгчөөр С.Б*** ыг  тогтоолгохоор” гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *** дугаар зүйлийн *** .2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б*** ын гаргасан хариуцагч Г.Н*** , Д.О*** , *** банкны Дархан салбарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б*** оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА