Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С, 

Хохирогчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ... ажилтай , ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон 450 /дөрвөн зуун тавь/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Б овогт Л.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн орчим  Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, каргоны уулзвар дээр ... улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 12.4-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр орой 18 цагийн орчимд ажил тараад Н даргыг хүргэж өгөөд гэрт нь ороход нойлын өрөөнд нь ус халаагуур байрлуулж өгөх гэсэн чинь сэлбэг нь дутаад байхаар нь төвд байдаг “Ж” нэртэй барилгын материалын дэлгүүр орж хэрэгтэй сэлбэгийг аваад буцаад Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “К” нэртэй тээврийн үйлчилгээ явуулдаг газрын зүүн талын засмал замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ утсаар ярьж байсан нэг эмэгтэй хүн цаашаа хараад явж байхаар нь гэрлээрээ дохиод замын голд зогсчих болов уу гэтэл зогсохгүй шууд урдуур ороод ирэхээр нь машины тоормосыг гишгэтэл машины баруун талын хамар хэсгээр явган зорчигчийг мөргөж явган зорчигч машины баруун талын дугуйны хажуу талд унасан. Тэгээд би машинаас буугаад ирэхэд тухайн явган зорчигч босоод ирэхээр нь миний дүү гайгүй юу цагдаа, эмнэлэг дуудах уу гэж асуухад гайгүй зам дээр унасан байсан цүнхийг авч өгөөд машинд суулгах гэсэн чинь миний гар утас алга байна гэж хэлээд бид хоёр гар утсыг нь хайж байхад эмэгтэй би гар утсаа олчихлоо гэж хэлээд нөгөө эмэгтэйг хажуу талаас нь түшээд машины хойд талын суудалд суулгасан. Тэгээд эмнэлэг орох уу гэж асуухад би хүргэнийдээ очно гээд М хорооллын гадаа очтол хүргэн гэх хоёр залуу гарч ирсэн. Тэгээд нөгөө хоёр залууг суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Миний буруу гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би нэхэмжилсэн мөнгийг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-85/,

- Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2019 оны 11 сарын 15-ны 19 цаг 20 минутанд Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт карго нэртэй тээврийн үйл ажиллагаа явуулдаг хашаанд орж Улаанбаатар хот руу явах ачаагаа өгч дуусаад 19 цаг 30минутын орчимд танил эгч А-н гар утас руу залгаж би ачаагаа өгч дуусчихлаа та ирээд авах юм уу эсвэл ахыг явуулах уу гэж асуухад за гэж хэлсэн. Тэгээд би зам гараад хүлээгээд байж байх санаатай каргоны хашаанаас гараад хойд талаар нь явдаг засмал замын баруун талын хөвөөгөөр урагшаа чигээрээ 30-50м явж байгаад машины хөдөлгөөнийг хоёр тийшээ харж байгаад засмал замыг баруунаас зүүн тийшээ чигээрээ гараад засмал замын зүүн талын 1 дүгээр эгнээг гарах гэж байхад урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудлын машин хурдтай ирээд миний баруун сүүжний дээд тал руу машины баруун талын хамар хэсгээр мөргөх үед засмал замын зүүн талын хөвөөн дээр шидэгдэж унасан. Тухайн үед машинд мөргүүлж унахдаа миний биеийн дух, хамар, эрүү, зүүн талын гарын алга шалбарсан. Тэгээд намайг мөргөсөн машины жолооч машинаас бууж ирээд ахын дүүгийн бие гайгүй юу эмнэлэг орох уу гэж асуухаар нь за гэж хэлээд мөргүүлэх үед миний гар цүнхнээс асгарсан эд зүйлийг түүж аваад машины хойд талын суудал дээр суугаад эмнэлэг явах замдаа өөрийн төрсөн эгч болох П, танил эгч А-н гар утас руу өөрийн гар утсаар залгаж зам тээврийн осолд ороод эмнэлэг явж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

- Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд: “Би цаашаа карго руу орох гээд явж байтал ард автомашин тоормослох чимээ гарах үед нь би эргээд хартал надтай зөрсөн хүн машинд мөргүүлээд унаж байгаа нь тухай автомашины гэрэлд харагдсан. Би буцаад очих гэтэл жолооч нь бууж ирээд босгож аваад машиндаа суулгаад явчихсан. Тэгээд би карго руу орсон. Улсын дугаар нь харанхуй дээрээс нь хол байсан болохоор сайн харагдаагүй марк нь цайвар өнгийн гранд марк-2 байна гэж харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/,

- Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/58 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. М.Б-н биед умдаг ясны доод салаанд дотор ялтас хэсгээр бяцарсан хугарал, духны баруун хэсэгт, хамрын үзүүрт зулгаралт, зүүн гарын бугуйн ар хэсэгт өнгөц зулгаралт, эрхий хуруу орчимд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр үүснэ.

3.  Дээрх гэмтлүүдийн нь умдаг ясны доод салаанд дотор ялтас хэсгээр бяцарсан хугарал нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, духны баруун хэсэг, хамрын үзүүрт зулгаралт, зүүн гарын бугуйн ар хэсэгт өнгөц зулгаралт, эрхий хуруу орчимд зулгаралт гэмтлүүд нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 21/,

- Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Б-н 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар дүгнэлтэд:

1. Жолооч Л.Б нь TOYOTA mark-II маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн /Тээврийн хэрэгслийн хурд/ын 12.2-д зааснаар Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлэг /явган зорчигчийн үүрэг/-ийн 5.6-д зааснаар Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Жолооч Л.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангиллын ... дугаартай жолооны үнэмлэх хүчинтэй үнэмлэхтэй байна.

4. TOYOTA mark-II маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан иргэн Л.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 12.4 гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон.

5. Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэргийн газрын үзлэгийн схем зурагтай танилцахад TOYOTA mark-II маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Л.Б нь Тээврийн хэрэгсэлийн ослын газарт авагдсан тээврийн хэрэгсэлийн тоормосны мөрөөр доорх томъёог ашиглан тодорхойловол: 24.6 ба 22 метр тоормосны мөртэй байгааг тооцож хурдыг тодорхойлбол 66,13км/ц хурдтай явсан байх магадлалтай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/,

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/17 дугаар дүгнэлтэнд:

1. тээврийн хэрэгсэлийн байдлыг шалгаж үзэхэд тээврийн хэрэгсэл бүрэн байна.

2. хэвийн ажиллагаатай байна.

3. техникийн хувьд бүрэн байгаа болно.

4. Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52/,

- Хохирогчийн талаар нотлох баримтууд болох өвчний түүх, сэргээн засах эмчилгээний карт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, зээлийн дансны хуулга /хх-ийн 22-30/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 96-104/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Б-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Дээрх нотлох баримтуудаар Л.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн орчим  Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох каргоны уулзвар дээр ... улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.2,12.3, 12.4-д заасныг зөрчсний улмаас явган зорчигч М.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Л.Б-г 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн орчим  Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг каргоны уулзвар дээр ... улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, замын хажуугаар явж байсан явган зорчигч М.Б-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Л.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Б-н “...  засмал замыг баруунаас зүүн тийшээ чигээрээ гараад засмал замын зүүн талын 1 дүгээр эгнээг гарах гэж байхад урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудлын машин хурдтай ирээд миний баруун сүүжний дээд тал руу машины баруун талын хамар хэсгээр мөргөх үед засмал замын зүүн талын хөвөөн дээр шидэгдэж унасан. Тухайн үед машинд мөргүүлж унахдаа миний биеийн дух, хамар, эрүү, зүүн талын гарын алга шалбарсан...” гэсэн, гэрч Г.М “...Би цаашаа карго руу орох гээд явж байтал ард автомашин тоормослох чимээ гарах үед нь би эргээд хартал надтай зөрсөн хүн машинд мөргүүлээд унаж байгаа нь тухай автомашины гэрэлд харагдсан... Улсын дугаар нь харанхуй дээрээс нь хол байсан болохоор сайн харагдаагүй марк нь цайвар өнгийн гранд марк-2 байна гэж харсан...” гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/58 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Б-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно. 

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах зүйтэй байна.

Хохирогч М.Б нь “шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний зардалд гарсан 1,050,000 төгрөгийг төлсөн, одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, биеийн байдал бүрэн эдгээгүй, цаашид гарах зардлыг нэхэмжлэх тул Иргэний шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийн хувьд хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хор уршиг арилаагүй байгаа тул хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.Б нь 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч М.Б нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.Н