Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 0260

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Н.Ундрах,

иргэдийн төлөөлөгч Т.Энхбаатар,

хохирогч Ц....,

шүүгдэгч Н...., түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н....т холбогдох эрүүгийн 1908 05444 1742 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, ахын хамт, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо,  ...тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны  өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 3 сарын хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Бөхцагаан овогт ...ийн ... /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ...тоотод “Хамаатан садан хүндэлсэнгүй, гэрт архи уулаа” гэх шалтгааны улмаас хохирогч Ц....гийн цээжин тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг /хх7-16/, хохирогч Ц....гийн мэдүүлэг /хх22-27/, гэрч Б....гийн мэдүүлэг /хх32/, гэрч Н....ын мэдүүлэг /хх34/, гэрч Б....ийн мэдүүлэг /хх37-38/, гэрч Б....ын мэдүүлэг /хх42/, гэрч Г....гийн мэдүүлэг /хх44/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12567 дугаартай дүгнэлт /хх49-50/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5980, 5982, 6436, 5148, 5979 дугаартай дүгнэлтүүд /хх54, 67-68, 70-71, 76, 79-80, шүүгдэгч Н....ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх88/, хохирогч Ц....гийн гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх179/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Н....ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Ц.... хутгалагдсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх2/

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг /хх7-16/

3. Хохирогч Ц....гийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн гэрээсээ гараад ...багийн найз ... буюу ... шинэ газар авч буусан. Найз нөхдөө дайлж байгаа хоёулаа очье гэж хэлээд бид хоёр ... гэрт нь очиход ... болон түүний эхнэр, эхнэрийн дүү нар гээд хүмүүс байсан. Бид хоёр тэднийд 2 шил архи хувааж ууж байхад эхнэрийнх нь хамаатнууд ирсэн тэр үед ... намайг одоо болсон гээд гаргах гээд байсан. Би гарахгүй хэсэг суусан хамаатнууд нь явсаны дараа ... надад уурлаж бид хоёр маргалдаж байтал ... миний зүүн талын цээжинд нэг удаа хутгалах үед би ухаан алдаад унаад эмнэлэг дээр хагалгаанд ороод сэрсэн. Бид хоёр зодоон цохион бол хийгээгүй архиндаа согтоод бага зэрэг л маргалдсан өөр юм болоогүй. Бид хоёр маргалдах үед ... миний зүүн талын цээж хэсэгт нэг удаа шар иштэй хутгаар хутгалчихсан өөр цохиж зодсон зодоон болсон асуудал байхгүй. ...эмнэлэгт 14-15 хоног эмчлэгдээд гарсан эмчилгээнд нийтдээ 815.000 төгрөгний баримтаар зардал гарсан байгаа, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх22-27/

4. Гэрч Б....гийн “...... манайд халамцуу байдалтай ирсэн, хамтран амьдрагч ...ийн хундгалж өгсөн архийг уучихаад дахин нэмж архи нэхээд байсан тэгээд манай хамтран амьдрагч ... түүнийг хэд, хэдэн удаа гаргаад явуулсан боловч дахин орж ирээд хүнд хундгалж өгсөн архийг авч уугаад байсан чинь ... уурлаад чи манай гэр орныг доромжлоод байгаа юм уу гэж хэлээд  маргалдаж байхдаа махан дээр байсан шар иштэй хутгыг аваад ...г нэг удаа хатгачихаад ... тэр хутгаа хашаа давуулаад хаячихсан. Би ...д тухайн үед түргэн дуудаж өгч явуулсан. ... гаднаас ирэхдээ л халамцуу байдалтай орж ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх29-32/,

5. Гэрч Б....ийн “...Хүргэн ах Н.... хутгалуулдаг ...д хандаж “Чи миний ах дүү нарыг хүндэлсэнгүй, бүдүүлэг зан гаргалаа гэж уурлаж босч ирээд  махан дээр байсан шаргал иштэй хутгыг аваад  тэр залууг босоод ир гээд очсон би хажууд нь байсан учраас хутгаар яахнав, зүгээр байгаач гэсэн чинь тэр залуу өөдөөс нь босоод ирэхэд зүүн талын эгэм орчим курткыг нь зүсчихлээ гэж бодсон чинь тэр залуу хойшоо суугаад цус гарахаар нь түргэн дуудаач хутгалсан байна ш дээ гээд цусыг нь гараараа  дарсан. Би түргэн иртэл цусыг гараараа дарж тогтоосон. Тухайн үед сандарсан байсан учраас хүргэн ах Н.... хутгаа хаана хийснийг мэдэхгүй. Би тухайн үед хутгалуулсан хүний цусыг нь дараад, түргэн дууд Н.... хүн хутгалчихлаа гэж орилсон...” гэсэн мэдүүлэг /хх37-38/

6. Гэрч Б....ын "...Манай хамаатан садан явсны дараа ..., ... хоёр маргалдаж муудалцаж байснаа ... махан дээр байсан хутгыг шүүрч аваад ...гийн цээжинд нэг удаа хутгалчихсан. Гартаа хутга бариад зогсож байсан хутгыг нь хэн булааж авсаныг мэдэхгүй байна. ...гийн цээжнээс хутгалуулсан газраа цус гараад эхлэх үед эгч ... бид хоёр ээлжлэн цусыг нь дарах үед ... эгч түргэн дуудаж байсан удалгүй түргэн ирээд би гарч очиж авч ирсэн. ... мах огтолж байсан хутгыг шүүрч аваад нэг удаа цээжинд нь хатгачихсан...” гэсэн мэдүүлэг /хх42/

7.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12567 дугаартай “...Ц....гийн биед цээжний хөндийд нэвтэрч уушги гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /800мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх49-50/

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 5982 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хуванцар оруулгатай 12 см иштэй 26 см урттай хутган дээр хүний цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Шаргал өнгийн хуванцар оруулгатай 12 см иштэй 26 см урттай хутган дээрх цус нь АВО системээр 0/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт  /хх67-68/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 6436 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн Ц....гийн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна” гэсэн дүгнэлт /хх70-71/,

10. Шүүгдэгч Н....ийн яллагдагчаар өгсөн “...Би ...тэй маргалдаж байхдаа тавгийн идээний дэргэд махан дээр байсан шаргал  иштэй хоолны хутгыг аваад ...гийн зүүн эгэм орчимд нэг удаа хутгалчихаад хутгаа хашаа давуулаад шидчихсэн. Шинжээч эмчийн дүгнэлтээр ...д тогтоогдсон гэмтлийг би шар иштэй хутгаар нэг удаа хатгаж байхдаа түүнд учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ...гээс уучлалт гуйсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх88/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Н....:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н...., түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.... нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 2-35 тоотод шинэ гэр барьсаны ёслол хийсэн. Тухайн өдөр хохирогч Ц.... нь согтууруулах ундааны зүйл ууж агсам тавьж, архи нэхэж уусанд шүүгдэгч уурлан хохирогчийн цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулжээ.

Энэхүү үйл баримт нь хохирогч Ц....гийн “...... намайг одоо болсон гээд гаргах гээд байсан. Би гарахгүй хэсэг суусан хамаатнууд нь явсаны дараа ... надад уурлаж бид хоёр маргалдаж байтал ... миний зүүн талын цээжинд нэг удаа хутгалах үед би ухаан алдаад унаад эмнэлэг дээр хагалгаанд ороод сэрсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б....гийн “...... манайд халамцуу байдалтай ирсэн... дахин нэмж архи  нэхээд байсан тэгээд ... ... уурлаад чи манай гэр орныг доромжлоод байгаа юм уу гэж хэлээд маргалдаж байхдаа махан дээр байсан шар иштэй хутгыг аваад ...г нэг удаа хатгачихаад, тэр хутгаа хашаа давуулаад хаячихсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Б....ийн "...Хүргэн ах Н.... хутгалуулдаг ...д хандаж “Чи миний ах дүү нарыг хүндэлсэнгүй, бүдүүлэг зан гаргалаа гэж уурлаж босч ирээд  махан дээр байсан шаргал иштэй хутгыг аваад зүүн талын эгэм орчим курткыг нь зүсчихлээ гэж бодсон чинь тэр залуу хойшоо суугаад цус гарахааар нь түргэн дуудаач хутгалсан байна ш дээ гээд цусыг нь гараараа дарсан...” гэсэн мэдүүлэг болон гэрч Б...., Г...., Н.... нарын мэдүүлэг, цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5982, 6436, 5148, 5979 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ц....гийн эрүүл мэндэд “...цээжний хөндийд нэвтэрч уушги гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус хуралт...” бүхий амь биед аюултай хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12567 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэм буруутай үйлдлээ ухамсарлаж, хутга ашиглан хүний эрүүл мэндэд хохирол, хор уршигийг зориуд хүсч учруулсан нь тогтоогдож байна.

Тиймээс шүүхээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг /хутга/ хэрэглэн хүндрүүлэн бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогч Ц.... нь шүүх хуралдаанд 815.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, биеийн байдал зүгээр болсон гэж мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Н....ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус байдлаас шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан журмыг хэрэглэн доод хэмжээгээр ял оногдуулах саналыг гаргасан.

Хохирогч Ц.... гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд миний согтуурхсан нөхцөл байдлаас шалтгаалсан, хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас хохирогч Ц.... нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж агсам, согтуу тавьсан нь хохирогч болон гэрч Б...., Б.... нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс шүүгдэгч Н....ийн үйлдэлд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”, 1.4 “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдлаас хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болон дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н....т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н....т 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н....т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХБААТАР

                                         ШҮҮГЧ                                    Б.ДАШДОНДОВ

                                         ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ