Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 0259

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Г....э,

иргэний хариуцагч Б....,

шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б....од ихолбогдох эрүүгийн 2003 00010 0047 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин Цэргийн ...оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Мянганыхан овгийн ...ын ... /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын зам, “Цээлийн үндэс” хүнсний дэлгүүрийн урд замд 2019 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 01 цаг 24 минутын үед  “Toyota Passo” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас О....жолоочтой “Hyundai Sonata-6” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 17 настай Г....ий эрүүл мэндэд хүнд хохирол, “Hyundai Sonata-6” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.970.000 төгрөгийн шууд, нийт 3.240.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-16/, шүүх эмнэлгийн шинжээчийн 752, 757, 758 дугаар дүгнэлтүүд /хх72-73, 75-77/, шүүхийн шинжилгээний тусгай шинжилгээний газрын 293 дугаар дүгнэлт /хх69-81/, тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 38 дугаар дүгнэлт /хх95-96/, хохирогч Г....ий мэдүүлэг /хх23-27/, иргэний нэхэмжлэгч О....ийн мэдүүлэг /хх35-37/, иргэний хариуцагч Б....ын мэдүүлэг /хх48-49/, гэрч Б....ийн мэдүүлэг /хх51-52/, гэрч Б....гийн мэдүүлэг /хх54-55/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх110/, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх19-20/, “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан /хх84/ шүүгдэгч Б....ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, эд хөрөнгөтэй эсэхи дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх117, 109, 116/ холбогдох баримтуудыг шинжлэн судлуулав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Б....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1.         Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-5, 7-8, 10-16/,

2. Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх19-20/

3. Хохирогч Г....ий “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз ...этай хамт түүний аав болох ...гийн ажил болох “Монос” ХХК-ний гараж дотор Huyndai Sonata-6 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь янзалж байсан. Тэгээд тэндээс 23-н цаг өнгөрч байхад бид 3 найзын аавтай хамт ажилладаг хүнийг нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар сургуулийн ар талд нь буулгаад буцаад харих гээд явж байтал гэнэт түр тар хийгээд явсан тэгээд нэг мэдсэн миний хамарнаас цус гарчихсан машинаас би бууж байсан. Толгойдоо хүнд гэмтэлтэй гэсэн онош гарсан, замын түгжрэл байхгүй гадаа цас орж байсан, зам хальтиргаатай байсан, гомдолтой байна, эмчилгээний төлбөрөө гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх24-25/

4. Иргэний нэхэмжлэгч О....ий “...Би өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад өөрийн төрсөн аав ..., найз ...э нарын хамтаар 23-н цаг өнгөрч байхад аавтай хамт ажилладаг хүнийг нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар дунд сургуулийн ар талд нь буулгаад буцаад харих гээд явж байтал гэнэт гэрэл гялбаад ороод ирсэн. Тэгтэл нэг машин миний урдуур орж ирээд мөргөсөн байсан. Буцаж явж байхад миний машины дугуй хагараад машинаа автобусны хармаа руу оруулж байгаад засах санаатай явж байхад осол болсон. Би тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн нийт үнэлгээгээр 3.240.000 төгрөг болсон. Осол аваараас болж надад ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Гомдолтой байна. 1.265.654 төгрөгийн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх35-37/

5. Гэрч Б....ийн “...удалгүй ... манай гэрт ирээд 0.75 л Хараа архи авчираад бид хоёр уусан. Нэг сэртэл би ...ын машины ар талд суусан явж байсан санагдаж байна. Тэрнээс хойш яг юу болсон эсэхийг санахгүй байна. ... машин барьж явсан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх51-52/

6. Гэрч Б....гийн “...тэгээд ажлын залууг гэрт нь хүргэж өгөөд буцаж явтал машинтай мөргөлдсөн, надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй, дугуй нь хагарсан болохоор автобусны зогсоолд орж солих санаатай явж байсан тийм болохоор нээх хурдтай явах ч боломж байгаагүй” гэх мэдүүлэг /хх54-55/

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 752 дугаартай “Г....ий биед духны хөндийн урд хана төв хэсэгт цөмөрсөн, мөн арын хананаас эхлэлтэй frontal crest хүртэл үргэлжилсэн зөрөөгүй хугарал, духны дэлбэнгийн урд хэсэгт жижиг хатуу хальс дээрх цусан хураа, баруун элхэгийн хөндийн дээд хана, 2 талын нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархи доргилт, дух, хамар, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх75-77/

8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 757 дугаартай: “Б....н биед хамарт зулгаралт, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх72-73/

9. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 293 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.... гэсэн хаягтай цусанд 2.0 промилли спиртын агууламж илрэв, согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх79-81/

10. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 38 дугаартай “...Тoyota Passo маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/... согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Hyundai Sonata маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О....нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх95-96/

11. “Ашид билгүүн” ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний “Hyundai Sonata” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.970.000 төгрөгийн шууд, нийт 3.240.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх84-90/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б....: 

Шүүгдэгч Б.... гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд, шүүгдэгч Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 01 цаг 24 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын зам, “Цээлийн үндэс” хүнсний дэлгүүрийн урд замд “Toyota Passo” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа О....жолоочтой “Hyundai Sonata-6” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

Энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч О....ийн “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар дунд сургуулийн ар талд нь буулгаад буцаад харих гээд явж байтал гэнэт гэрэл гялбаад ороод ирсэн. Тэгтэл нэг машин миний урдуур орж ирээд мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г....ийн “...гэнэт түр тар хийгээд явсан тэгээд нэг мэдсэн миний хамарнаас цус гарчихсан машинаас би бууж байсан. Толгойдоо хүнд гэмтэлтэй гэсэн онош гарсан...” гэх мэдүүлэг болон гэрч Б...., хохирогч Б.... нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Ослын улмаас тухайн үед автомашинд сууж байсан хохирогч Г....ийн биед “...духны хөндийн урд хана төв хэсэгт цөмөрсөн, мөн арын хананаас эхлэлтэй frontal crest хүртэл үргэлжилсэн зөрөөгүй хугарал, духны дэлбэнгийн урд хэсэгт жижиг хатуу хальс дээрх цусан хураа, баруун элхэгийн хөндийн дээд хана, 2 талын нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархи доргилт, дух, хамар, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 752 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн хохирогчтой хамт зорчиж явсан Б....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /Шинжээчийн 757 дугаар дүгнэлт/, иргэний нэхэмжлэгч О....ийн “Hyundai Sonata-6” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.970.000 төгрөгийн шууд хохирол нийт 3.240.000 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээний байгууллагын дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдлоо.

 Шүүгдэгч Б....ыг зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний цуснаас авсан дээжид шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 293 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн Б.... гэсэн хаягтай цусанд 2.0 промилли спиртын агууламж илрэв, согтолтын дунд зэрэгт хамаарна” гэж мөн гэрч Б...., шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч магадлагаа гаргасан байх бөгөөд тус магадлагаанд “Тoyota Passo маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. “Hyundai Sonata маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ... овогтой ...нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж  тодорхойлжээ.

Шүүхээс мөрдөгчийн магадлагаа нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоон, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнг үндэслэл бүхий дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.

Дээр дурдсанаар шүүгдэгч Б.... нь замын хөдөлгөөнд согтуугаар оролцож, эсрэг урсгалд орж, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин эсрэг урсгалаар зорчиж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн осол гаргаж, хохирогч Г....ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч согтуурсан байдал нь осол гарах нөхцлийг бий болгосон байх бөгөөд хохирол, хор уршигийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр учруулжээ.   

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Г....ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Г....ий эрүүл мэндэд болон иргэний нэхэмжлэгч О....ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна.

Хохирогч Г....э нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтаар “Toyota Passo” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Б....ын нэр дээр байдаг бөгөөд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрлийг шүүгдэгч Б....од /нөхөр/ олгосон нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан бөгөөд тус хэрэгт тээврийн хэрэгслийн эзэмшигч Б....ыг иргэний хариуцагчаар татан оролцуулжээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч ... өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Иргэний хариуцагч Б.... нь 3.700.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О....болон Б.... /ослын улмаас хөнгөн хохирол учирсан/ нарт төлсөн нь талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Тиймээс гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч О....ийн тээврийн хэрэгсэлд учирсан 3.240.000 төгрөгний хохирлын нөхөн төлсөн, мөн шүүгдэгчээс Б.... /хохирол нэхэмжлээгүй/, О....нарт эрүүл мэндийн хохиролд 460.000 төгрөгийн хохирол төлсөн гэж дүгнэлээ.

Харин иргэний нэхэмжлэгч О....нь тээврийн хэрэгсэлд хохирол учирсан төлбөрөөс гадна өөрийн эрүүл мэндэд хохирол учирсан зардалд нийт 1.265.654 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд бодитой хохирол, хор уршиг учирсан тохиолдолд түүнийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэг хүлээхээр байна.

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 758 дугаартай дүгнэлтэд “...О....ий биед зүүн өвдөгний үеэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн тул гэмт хэргийн улмаас хохирол учраагүй, хөдөлмөрийн чадвар алдагдаагүй гэж дүгнэв.  

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч О....ийн өөрийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шалгахаар шинжилгээ хийлгэсэн нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж дүгнэн шүүгдэгчээс төлсөн 460.000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 805.654 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Б....од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад  зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

Хохирогч Г....э улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбоотойгоор “хорих ял оногдуулахгүйгээр шийдэж өгнө үү” гэх санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан нөхцлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор, тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр тус тус шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ослын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б....ын В, С ангиллын 638212 дугаарын жолооний үнэмлэх 1 ширхэгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, №02411631 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б....од буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б....ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүнгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний нэхэмжлэгч О....ээс гаргасан иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г....э нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй түүний 638212 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, №02411631 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б....од буцаан олгож шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР